Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Х Б ХХК-ийн Дархан салбарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01190/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1312 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Дархан салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч  С.О-

                    С.Б- нарт холбогдох

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17.720.610,47 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэгийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Дархан салбараас:

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр С.О-, С.Б- нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай олгосон юм. Зээлдэгч хуваарийн дагуу нийт 5.705.299 төгрөг төлсөн. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн учир зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй гэж гэрээг хугацаанаас өмнө цуцалж үндсэн зээл 16.706.488,46 төгрөг хүү 990.208,58 төгрөг, нэмэгдүүлсэн үү 23.913,53 нийт 17.720.610,20 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С.О-гаас:

Энэ төлбөрийн хувьд маргах зүйл байхгүй. Шаардаж байгаа төлбөрийг төлнө. Ажил тарсан хойно ажлын байранд архи үнэртүүлсэн гээд ажлаасаа халагдсан. Ажил хайхаар бага цалинтай ажил байсан учир ажил хайж явсаар өдий хүрлээ гэж тайлбар гаргасан байна.

            Хариуцагч С.Б-ээс:

Миний хувьд энэ мөнгийг аваагүй болохоор төлөхөд хэцүү байна. Миний тэтгэврийг хаасан. Охин маань хүнд өвчтэй, тэтгэврийн мөнгөөрөө эм танг нь авдаг байсан. Тухайн үедээ дүүгээ ажилтай болохоор ийм юм болно гэж бодоогүй гарын үсэг зурсан. Одоо бүгд нийлээд дүүдээ ажил олж өгөх гээд л явж байгаа гэж тайлбарлажээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1312 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар, хариуцагч нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-201743210393 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.О-гаас 17.720.610,47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Дархан салбарт олгож, хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.553 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-гаас 246.553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батчимэг давж заалдсан гомдолдоо:

            Банкны зүгээс хамтран зээлдэгч С.Б-ээс зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж шүүх дүгнэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хаан банкны Дархан салбар болон С.О-, С.Б- нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-201743210393 дугаартай зээлийн гэрээний 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь үндсэн үүрэг гүйцэтгэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээх”-ээр зээлийн гэрээнд заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б-ээс банк зээлийн гэрээний үүргийг шаардах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Учир нь хамтран зээлдэгч нь банкны зээлийн гэрээний нөхцөл шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан байгаа нь уг зээлийн гэрээний үүргийг өөрийн биеэр биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б-т холбогдох банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нь хүчингүй болгож, С.Б-ээс зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Дархан салбар нь хариуцагч  С.О-, С.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17.720.610,47 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч  С.О- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч харин хариуцагч С.Б- шаардлагыг эс зөвшөөрч зээл аваагүй, харин өөрийн дүү С.О-гийн банкнаас авсан цалингийн зээлд хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч С.О-гаас 17.720.610,47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-ийн Дархан салбарт олгож, хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч тал хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б-т холбогдох банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг нь хүчингүй болгож, С.Б-ээс зээлийн гэрээний үүргийг хангуулах шаардлагыг хангаж өгнө үү гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Хэргийн баримтыг хуульд заасан журмын дагуу бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Зохигчдын хооронд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр цалин болон бусад хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байгуулагдаж 20.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй олгосон байна.

Зээлийн гэрээний 2.1.7-д зээлийн гэрээний хугацааг зээл олгосон өдрөөс тоолно гэж заасан ба зээл 20.000.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч С.О-гийн эзэмшлийн дансаар бэлэн бусаар олгожээ.

Зээлийн төлбөрт нийт 5.705.299 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй.

Хариуцагч С.О-г нэхэмжлэгч талаас цалингаа барьцаалж цалингийн зээл авахад нь  эгч  С.Б- хамтран үүрэг гүйцэтгэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зуржээ.

Зээлийн мөнгө С.О-гийн дансанд орсон байх ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны гол зүйл нь С.О-гийн авах цалин байна.

Зээлийн гэрээнд С.О-гийн ирээдүйд орж ирэх цалингийн орлогоос гадна түүний зурагт, угаалгын машин, хөлдөөгч гэх хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан, барьцааны гэрээний 2.7.2-т “барьцааны зүйл нь дундын өмчлөлийн хөрөнгө бөгөөд хөрөнгийг дараах этгээдүүд дундаа хамтран өмчилдөг болно” гэсэн хэсэгт хариуцагч С.Б-ийн нэр, регистрийн дугаар бичигдсэн байх боловч С.Б-ийн эд хөрөнгө, орлогын байдлыг тогтоогоогүй, зээлийн эрсдэлийг урьдчилан тооцох хуульд заасан арга хэрэгслийг ашиглаагүй, мөн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө тухайн гэрээнд барьцаалсан гэх боловч ямар эд хөрөнгө барьцаалснаа тодорхойлоогүй байна.

Бусдын цалингийн зээлийн гэрээнд банкны шаардлагаар хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурсан явдал нь хариуцагч С.Б-ийг цалингийн зээлийн төлбөр төлөгч гэж шууд үзэх үндэслэл болохгүй юм.

С.Б- дүү С.О-гийн цалингийн зээлийг хамтран авах болон төлөх талаар Хаан банкны Дархан салбарт бичгээр хүсэлт гаргаж өгөөгүй энэ талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч банкнаас зээлдэгч нартай байгуулсан зээлийн стандарт гэрээ нь дэндүү жижигхэн бичвэртэй бөгөөд зээлдэгчид ач холбогдол бүхий түүнийг үүрэгжүүлсэн заалтуудыг хамтран зээлдэгч уншиж ойлгосон, түүнд банкны зүгээс тайлбарлаж ойлгуулсан зэрэг нь тодорхойгүй байгааг дурдвал зохино.

Шүүхийн дүгнэлт шийдлийг  буруутгах эрх зүйн үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг ханахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246.553 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

            4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ОЮУНЦЭЦЭГ