Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1312

 

Хэргийн индекс: 135/2018/01190/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хаан банкны Дархан салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум, -  тоотод оршин суух, Б- овогт С.О- ,

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Дархан сум, - тоотод оршин суух, Б- овогт С.Б- нарт холбогдох

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17 720 610,47  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаа, Б.Батчимэг, хариуцагч С.О-, С.Б-, нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарын захирал С.Энхсувд, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаа, Б.Батчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 8 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, барьцааны гэрээ байгуулах 36 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийг цалингийн зээл авсан. Зээлдэгч хуваарийн дагуу нийт 5705299 төгрөг төлсөн. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй тул барьцааны гэрээний дагуу зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж үндсэн зээл 16,706,488,46 төгрөг хүү 990,208,58 төгрөг, нэмэгдүүлсэн үү 23,913,53 нийт 17,720,610,20 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

            Хариуцагч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ төлбөр дээр маргах зүйл байхгүй. Шаардаж байгаа төлбөрийг төлнө.

 

Ажил тарсан хойно ажлын байранд архи үнэртүүлсэн гээд ажлаасаа халагдсан. Ажил хайхаар бага цалинтай ажил байсан учир ажил хайж явсаар өдий хүрлээ гэв.

 

            Хариуцагч С.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний хувьд энэ мөнгийн аваагүй болохоор төлөхөд хэцүү байна. Миний тэтгэврийг хаасан. Охин маань хүнд өвчтэй, тэтгэврийн мөнгөөрөө эм танг нь авдаг байсан. Надад одоо хэцүү л байна. Тухайн үедээ дүүгээ ажилтай болохоор ийм юм болно гэж бодоогүй гарын үсэг зурсан. Одоо бүгд нийлээд дүүдээ ажил олж өгөх гээд л явж байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь хариуцагч С.О-, С.Б- нарт холбогдуулан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ЗГ-201743210393 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 16 706 488,36 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 990 208,58 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 23 913,53 төгрөг нийт 17 720 610,47 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.О- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч С.Б- зээлийг авч ашиглаагүй тул төлбөрийг хариуцахгүй гэж маргаж байгаа болно.

 

Хаан банкны Дархан салбар нь зээлдэгч С.О-, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б- нартай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр №ЗГ-201743210393 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг, 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй, цалин барьцаалан олгосон, зээлийг зээлдэгч С.О-гийн 2086061988 дугаарын дансанд бэлэн бусаар шилжүүлсэн, зээлдэгч С.О-тай 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Барьцаат зээлийн БГ-201743210393 дугаартай гэрээ байгуулан, ирээдүйд орж ирэх цалин барьцаалан хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Б- гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, зээлийн буцаан төлөх хуваарь, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 7-13 дахь тал/

 

Хариуцагч нар нь зээлийн төлбөрийг графикт заасан хугацааг хэтрүүлж төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Хаан банкнаас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй, 225.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж зааснаар нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж байсан боловч хариуцагч нь үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” мөн хуулийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч С.О-гаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17 720 610 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар нь зээлдэгч С.О-, хамтран үүрэг гүйцэтгэгч С.Б- нартай зээлийн гэрээ байгуулсан боловч зээлийн төлбөрийг зээлдэгч С.О-гийн  2086061988 дугаарын дансанд бэлэн бусаар шилжүүлэхээр зээлийн гэрээнд тусгасны дагуу төлбөрийг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч С.Б-ээс шаардах эрхгүй байх бөгөөд хариуцагч С.Б-ийн  татгалзал үндэслэлтэй байна. 

 

Мөн дээрх гэрээ нь Барьцаат зээлийн гэрээ гэж байгуулагдсан боловч цалин барьцаалсан гэрээ болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас тогтоно”, 49.1-д “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж зааснаар ажилтны хөдөлмөрлөж олж байгаа орлого юм. Энэ нь тухайн хүний хөдөлмөрлөх эрхтэй салшгүй холбоотой бөгөөд энэ эрхийн дагуу олж байгаа орлогоо барьцаалж зээл авч байгаа нь түүний хувийн байдалтай салшгүй холбоотой үүрэг үүсгэж байна.

 

Иймд дээрх гэрээ нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан С.О-тай холбогдолтой болохоос бус хамтран үүрэг гүйцэтгэгчтэй холбоогүй байх тул зээлдэгч С.О-гийн хувийн байдалтай салшгүй холбоотой цалингийн зээлийн үүргийг хариуцагч С.Б-ээс шаардах эрхгүй байх тул хариуцагч С.Б-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбар, хариуцагч С.О- нарын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ-201743210393 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч С.О-гаас 17 720 610,47 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Дархан салбарт олгож, хариуцагч С.Б-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 553 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.О-гаас 246 553 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн            119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.АЛТАНТУЯА