Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2020/01527

 

 

 

 

 

 

 

 

2020                06              03  

                                    183/ШШ2020/01527

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Ч групп ХХК,

 

Хариуцагч: Х  банк ХХК,

 

Хариуцагч: Х санд тус тус холбогдох,

 

Х  банкны буруутай үйл ажиллагааны улмаас Ч групп ХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ...................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч групп ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:”... Манай компани хорио цээрийн бүс бүхий мах боловсруулах үйлдвэрийн төслийг Ж сангийн банкаар дамжуулан олгох төсөлд шалгарсан бөгөөд 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зээлээ судлуулахтай холбоотой бүх материалаа Х  банкинд хүргүүлсэн. Бидний зүгээс зээл судлуулах хугацаа 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр дуусаж байгаа талаар сануулахад “зээлийн судалгаа удаашралтай байгаа тул заасан хугацаандаа судлагдаж амжихгүй байгаа, нийт зээлүүдийн хугацааг сунгуулах хүсэлтээ Ж санд хүргүүлж байгаа бөгөөд энэ хүсэлтэд танай төсөл орж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 14-ны өдөр мессежээр уучлаарай татгалзсан гэсэн хариуг ирүүлсэн. Зээлийн эдийн засагч болон холбогдох хүмүүстэй нь уулзаж ямар үндэслэлээр татгалзсан болох тухай асууж албан ёсоор бичгээр авахыг хүссэн боловч тодорхой мэдэхгүй байна бичгээр хариу өгөх боломжгүй байна гэсэн аман хариуг хэлсэн. Улмаар бид бичгээр хариугаа өгөхийг шаардсаны эцэст 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр хариу өгсөн. Энэхүү албан бичигт ямар шалгуурт тэнцэхгүй байгаа тухай тодорхой бус зөвхөн шалгуурыг бүрэн гүйцэт хангаагүй гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэж байна. Манай компанийн хувьд төрөөс зээл олгохоор шийдвэрлэгдсэн бүх шаардлагыг хангасан байхад ямар ч үндэслэлгүйгээр банк зээл олгохоос татгалзаж байгааг ойлгохгүй байна. Мөн Х  банк нь зээлдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж журамд заасан 30 хоногийнхоо дотор дүгнэлт гаргаагүйгээс болж цаг алдаж өөр банкаар зээлээ судлуулж болох байсан бодит боломжийг алдагдуулсан. Өнөөдрийн байдлаар бусад зээлдэгчид 2 дахь банкаараа зээлээ судлуулж байхад манай компани Х  банкны хариуцлагагүй байдлаас болж энэхүү боломжоо алдсан. Энэхүү нөхцөл байдалд хүргэсэн гол шалтгаан нь Х  банкны эдийн засагч нь “болно удахгүй гаргана” гэж амаар хэлж бидэнд итгэл төрүүлж байсантай холбоотой юм. Иймээс Х  банк өөрийн буруутай үйл ажиллагаандаа хариуцлага хүлээж манай компанийг хохиролгүй болгох ёстой гэж үзэж, Х  банканд манай төслийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Төсөл сонгон шалгаруулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр Банкаар дамжуулан тэргүүн ээлжинд санхүүжигдэх төслүүдийн жагсаалтад багтсан SМЕ-00616 кодтой Ч групп ХХК-ийн төслийг Х  банкины буруутай үйл ажиллагааны улмаас бусад банкаар дахин 1 удаа судлуулах боломжгүй болсон. Иймд Ж сантай гэрээний үндсэн дээр санг төлөөлж бидний зээлийн судалгааг хийсэн Х  банкины буруутай үйл ажиллагааны улмаас Ч групп ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж, хохирсон болохыг тогтоолгож, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SМЕ- 00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэжээ.

 

Хариуцагч Х  банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ”...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Х  банкны гүйцэтгэх захирлын хамтарсан ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Банк нь шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь бие даан хариуцна”, мөн тус гэрээний 5.6-д банк нь “Төсөл сонгон шалгаруулах хороо болон аймгийн дэд хорооны хурлаас дэмжигдсэн төсөл нь банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаах эрхтэй” байхаар гэрээнд тусгасан. Энэхүү төсөл нь Ж сангийн арилжааны банкуудаар дамжуулан олгох зээлд шалгарсан ч арилжааны банк нь зээлийн эргэн төлөлтийн хугацаанд үүсэж болох эрсдлийг өөрөө бүрэн хариуцдаг учраас бүтээгдэхүүний журамд заагдсан бичиг баримт, холбогдох материалууд дээр үндэслэж зээлийн судалгааг гүйцэтгэдэг бөгөөд журмын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг. Тус төслийн хувьд төсөл хэрэгжихэд шаардлагатай эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд материалын санхүүжилт нь тодорхойгүй, санхүүжилтийн эх үүсвэр нь бусад бизнесийн үйл ажиллагааны орлогоосоо хэт хамаарал ихтэй, энэхүү төслийн санхүүжилтээр бий болгох махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэлгээ болон аль үйлдвэрээс худалдан авах гэж байгаа зэрэг нь тодорхойгүй, худалдан авалттай холбоотой ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй, компанийн бизнесийн түүхийг судлахад өмнө нь махны үйлдвэрлэл эрхэлж байсан туршлага байхгүй зэрэг хүчин зүйлс, шалтгаанууд нь татгалзах гол үндэслэл болсон. Мөн санхүүгийн судалгаа хийхэд ашиглагддаг баримт, материалуудыг цувуулж өгсөөр хамгийн сүүлийн материалыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн нь зээлийн судалгаа удаашрах бас нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Зээлийн судалгааны явцад Ч групп ХХК-ийн хүсэлтээр Ж сангаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1546 дугаартай албан мэдэгдлээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан зээлийн шийдвэр гаргуулахаар сунгасан бөгөөд банкны хувьд уг хугацаанд багтаж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн баасан гаригт шийдвэрийг гаргаад, улмаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн даваа гаригт энэ талаар харилцагчид утсаар мэдэгдсэн. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Банк нь иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болохоор хуульчилснаас үзэхэд төрөөс зээл олгохоор шийдвэрлэсэн бүх шаардлагыг Ч групп ХХК нь хангасан хэдий боловч Х  банкны өөрийнх нь болзол нөхцөлийг хангаагүй тохиолдолд зээлийг олгох боломжгүй бөгөөд энэ нь зээл хүссэн харилцагч болгонд зээлийг олгоно гэсэн үг биш юм. Ч групп ХХК-ийн хүсэлтээр банк зохих зээлийн судалгааг явуулж, судалж үзэхэд банкны өөрийн зээлийн бүтээгдэхүүний болзол, нөхцөлийг хангахгүй байсан тул зээл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү зээлийн үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, банкны өөрийн дүрэм, журмыг зөрчөөгүй хуулийн дагуу хийгдсэн үйлдэл болно. Иймд Ч групп ХХК-ийн Х  банкны буруутай үйл ажиллагааны улмаас Ч групп ХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Ж сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-119 дугаар тушаалыг хавсралтаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт, хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг батласан.Тус журмын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Х  банкны хооронд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр №19/08/01 дугаартай “Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт “ ..Банк нь шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь бие даан хариуцна", мөн гэрээний 5.6 дах хэсэгт “...Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хорооны хурлаас дэмжигдсэн төсөл нь Банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаах эрхтэй байна...” гэж зохицуулсан тул сангийн зүгээс төслийн шалгаруулалттай холбоотой асуудлыг хариуцах боломжгүй байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Улсын төсөв нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог тул тухайн зээлийг дахин санхүүжүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч групп ХХК нь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагч Х  банк ХХК-д холбогдуулан “...SМЕ-00616 кодтой төслийг баталгаажуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг оролцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа Х  банкны буруутай үйл ажиллагааны улмаас Ч групп ХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай гэж өөрчилжээ.

 

Иргэд, хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь иргэний эрх зүйн хамгаалалтын нэг арга бөгөөд иргэний эрх зүйн хамгаалалтын энэ арга нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг. Бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоход тухайн шийдвэр хууль болон бусад эрх зүйн хэм хэмжээнд нийцээгүй болох нь тогтоогдсон байхыг шаардахаас гадна уг шийдвэр нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн нь нотлогдсон байх учиртай.

 

Эдгээр хоёр урьдчилсан нөхцөл хамтдаа бий болсон тохиолдолд бусдын эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох замаар зөрчигдсөн эрхийг сэргээх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан шаардлага Иргэний хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасантай нийцсэн, Х  банк ХХК-ийн зээл олгохоос татгалзсан шийдвэр, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төслийг санхүүжүүлээгүй явдал нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн байхыг үгүйсгэхгүй ч дээрх байгууллагуудын гаргасан шийдвэр хууль болон холбогдох эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн төсөл Ж сангийн банкаар дамжуулан олгох төсөлд шалгарсан, ...төрөөс зээл олгохоор шийдвэрлэгдсэн бүх шаардлагыг хангасан байхад ...Х  банк ХХК  үндэслэлгүйгээр зээл олгохоос татгалзсан” гэж тайлбарласан.

 

Хариуцагч Х  банк ХХК ”... тус төсөл ...сангийн арилжааны банкуудаар дамжуулан олгох зээлд шалгарсан ч арилжааны банк нь зээлийн эргэн төлөлтийн хугацаанд үүсэж болох эрсдлийг өөрөө бүрэн хариуцдаг, бүтээгдэхүүний журамд заагдсан бичиг баримт, холбогдох материалууд дээр үндэслэн зээлийн судалгааг гүйцэтгэж, журмын шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй тул татгалзсан. ...Төрөөс зээл олгохоор шийдвэрлэсэн бүх шаардлагыг Ч групп ХХК нь хангасан хэдий боловч Х  банкны өөрийнх нь болзол нөхцөлийг хангаагүй тохиолдолд зээлийг олгох боломжгүй, зээл хүссэн харилцагч болгонд зээлийг олгоно гэсэн үг биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж,

хариуцагч Ж сан: ...сангийн зүгээс төслийн шалгаруулалттай холбоотой асуудлыг хариуцах боломжгүй байна. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Улсын төсөв нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог тул тухайн зээлийг дахин санхүүжүүлэх боломжгүй” гэж тус тус маргасан.

 

Хэрэгт авагдсан, Х  сангаас Х  банкинд хүргүүлсэн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1/1222 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичгээр Ч групп ХХК-ийн SМЕ-00616 кодтой 1 000 000 000 төгрөгийн дүнтэй төсөл нь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Төсөл шалгаруулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 19-ий өдрийн 03 дугаар шийдвэрээр Банкаар дамжуулан тэргүүн ээлжинд санхүүжигдэх төслүүдийн жагсаалт багтсан болох нь тогтоогдож байна.

Улмаар дээрх хүсэлт болон Ч групп ХХК-ийн хүсэлтээр, Х  банк ХХК тус компанийн төслийн материалыг судалж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15/10042 дугаар албан бичгээр “...Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Х  банкны гүйцэтгэх захирлын хамтарсан “Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ”-ний дагуу банк өөрөө шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдлийг 100 хувь бие даан хариуцдаг, ...энэхүү төсөл нь банкаар дамжуулан олгох зээлд шалгарсан ч арилжааны банкны зээлийн бүтээгдэхүүний журам, зааварт заасан шалгуурыг бүрэн гүйцэд хангаагүй” гэх үндэслэл зааж зээл олгохоос татгалзсан талаар мэдэгджээ.

 

            Х сайд, Х  банкны гүйцэтгэх захирлын хооронд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 19/08/01/1442 тоот “Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т “Банк нь шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь бие даан хариуцна”, 5.6-д “Төсөл сонгон шалгаруулах хороо болон аймгийн дэд хорооны хурлаас дэмжигдсэн төсөл нь банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаах эрхтэй”  гэж тус тус заасан байна.

 

          Дээрхээс дүгнэхэд, хариуцагч Х  банкыг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд төслийн материалыг судалж, зээлийн эрсдлийн шинжээчийн гаргасан “...зээлийн эргэн төлөлт нь шинэ бизнесийн орлогоос өндөр хамааралтай, зээлийн хүү төлөх тогтмол орлого багатай, орон сууцны орлогоос хамаарал өндөртэй байх боловч орон сууцны борлуулалтын баталгаажилт хангалтгүй” гэх дүгнэлтийг үндэслэж, зээл олгохоос татгалзсаныг буруутгах боломжгүй байна.

 

          ТүүнчлэнХ саннь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1546 тоот албан бичгээр зээл судлах хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс хуанлийн 30 хоногоор буюу 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл сунгасан, Х  банк ХХК зээл олгохоос татгалзсан талаар нэхэмжлэгчид 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул өөр банкаар судлуулах боломжийг алдагдуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

          Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.   

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бас-Эрдэнэ, өмгөөлөгч М.Азжаргал нар энэхүү шүүх хуралдааны товыг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэж гарын үсэг зурсан боловч төлөөлөгч М.Бас-Эрдэнэ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал тус шүүх хуралдааны тов мэдсэнээс хойш буюу 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн шүүх хуралдаанд оролцохоор хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авах боломжгүй байх тул, хариуцагч нарын хүсэлтээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасныг баримтлан хэргийг хэлэлцсэн болохыг дурдах нь зүйтэй.

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч групп ХХК-ийн хариуцагч Х  банк ХХК, Ж санд тус тус холбогдуулан гаргасан Х  банкны буруутай үйл ажиллагааны улмаас Ч групп ХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож, Ж санд SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.МӨНГӨНТУУЛ