Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 01815

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01815

 

 

                                         “Чойбалсан  групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01527 дугаар шийдвэртэй, Ч.ГХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.Б ХХК, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХСд тус тус холбогдох Х.Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ч.ГХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SME-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наран, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгч Ч.ГХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.ГХХК хорио цээрийн бүс бүхий мах боловсруулах үйлдвэрийн төслийг ЖДҮХСгийн банкаар дамжуулан олгох төсөлд шалгарсан бөгөөд 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаатай зээлээ судлуулахтай холбоотой бүх материалаа Х.Б ХХК-д хүргүүлсэн. Зээл судлуулах хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дуусаж байгаа талаар сануулахад “зээлийн судалгаа удаашралтай байгаа тул заасан хугацаандаа судлагдаж амжихгүй, нийт зээлүүдийн хугацааг сунгуулах хүсэлтээ ЖДҮХСд хүргүүлж байгаа бөгөөд энэ хүсэлтэд танай төсөл орж байгаа” гэсэн тайлбарыг өгсөн. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мессежээр уучлаарай татгалзсан гэсэн хариуг ирүүлсэн. Зээлийн эдийн засагч болон холбогдох хүмүүстэй нь уулзаж ямар үндэслэлээр татгалзсан тухай асууж албан ёсоор бичгээр хариу авахыг хүссэн боловч тодорхой мэдэхгүй байна, бичгээр хариу өгөх боломжгүй гэх аман хариу хэлсэн. Улмаар бид бичгээр хариугаа өгөхийг шаардсаны эцэст 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр албан бичгээр хариу өгсөн. Энэхүү албан бичигт ямар шалгуурт тэнцээгүй нь тодорхой бус, зөвхөн шалгуурыг бүрэн гүйцэд хангаагүй гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэж байна. Манай компанийн хувьд төрөөс зээл олгохоор шийдвэрлэгдсэн бүх шаардлагыг хангасан байхад ямар ч үндэслэлгүйгээр банк зээл олгохоос татгалзаж байгааг ойлгохгүй байна. Мөн Х.Б ХХК нь зээлдэгч миний эрх зүйн байдлыг дордуулж журамд заасан 30 хоногийн дотор дүгнэлт гаргаагүйн улмаас цаг алдаж өөр банкаар зээлээ судлуулж болох байсан бодит боломжийг алдагдуулсан. Өнөөдрийн байдлаар бусад зээлдэгчид 2 дахь банкаар зээлээ судлуулж байхад Ч.ГХХК нь Х.Б ХХК-ийн хариуцлагагүй байдлаас болж энэхүү боломжоо алдсан. Энэхүү нөхцөл байдалд хүргэсэн гол шалтгаан нь Х.Б ХХК-ийн эдийн засагч нь “болно, удахгүй гаргана” гэж амаар хэлж бидэнд итгэл төрүүлж байсантай холбоотой. Иймээс Х.Б ХХК өөрийн буруутай үйл ажиллагаандаа хариуцлага хүлээж Ч.ГХХК-ийг хохиролгүй болгох ёстой гэж үзэж Х.Б ХХК-д манай төслийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байсан. Төсөл сонгон шалгуулах хорооны 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр Банкаар дамжуулан тэргүүн ээлжинд санхүүжигдэх төслүүдийн жагсаалтад багтсан SME-00616 кодтой Ч.ГХХК-ийн төслийг Х.Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас бусад банкаар дахин 1 удаа судлуулах боломжгүй болсон. Иймд ЖДҮХСтай гэрээний үндсэн дээр санг төлөөлж бидний зээлийн судалгааг хийсэн Х.Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ч.ГХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж, хохирсон болохыг тогтоолгож, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SME-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж байна гэжээ.

Хариуцагч Х.Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Хаан банкны гүйцэтгэх захирлын хамтарсан ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Банк нь шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь бие даан хариуцна”, мөн тус гэрээний 5.6-д банк нь “Төсөл сонгон шалгаруулах хороо болон аймгийн дэд хорооны хурлаас дэмжигдсэн төсөл нь банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаах эрхтэй” байхаар гэрээнд тусгасан. Энэхүү төсөл нь ЖДҮХСгийн арилжааны банкуудаар дамжуулан олгох зээлд шалгарсан ч арилжааны банк нь зээлийн эргэн төлөлтийн хугацаанд үүсэж болох эрсдэлийг өөрөө бүрэн хариуцдаг учраас бүтээгдэхүүний журамд заагдсан бичиг баримт, холбогдох материалууд дээр үндэслэж зээлийн судалгааг гүйцэтгэдэг бөгөөд журмын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан үзэж шийдвэрээ гаргадаг. Тус төслийн хувьд төсөл хэрэгжихэд шаардлагатай эргэлтийн хөрөнгө буюу түүхий эд, материалын санхүүжилт нь тодорхойгүй, санхүүжилтийн эх үүсвэр нь бусад бизнесийн үйл ажиллагааны орлогоосоо хэт хамаарал ихтэй, энэхүү төслийн санхүүжилтээр бий болгох махны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэлгээ болон аль үйлдвэрээс худалдан авах гэж байгаа зэрэг нь тодорхойгүй, худалдан авалттай холбоотой ямар нэг гэрээ хэлцэл хийгдээгүй, компанийн бизнесийн түүхийг судлахад өмнө нь махны үйлдвэрлэл эрхэлж байсан туршлага байхгүй зэрэг хүчин зүйлс, шалтгаанууд нь татгалзах гол үндэслэл болсон. Мөн санхүүгийн судалгаа хийхэд ашиглагддаг баримт, материалуудыг цувуулж өгсөөр хамгийн сүүлийн материалыг 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн нь зээлийн судалгаа удаашрах бас нэг шалтгаан болсон гэж үзэж байна. Зээлийн судалгааны явцад Ч.ГХХК-ийн хүсэлтээр ЖДҮХСгаас 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/1546 дугаартай албан мэдэгдлээр 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуанлийн 30 хоногт багтаан зээлийн шийдвэр гаргуулахаар сунгасан бөгөөд банкны хувьд уг хугацаанд багтаж 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн баасан гаригт шийдвэрийг гаргаад, улмаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн даваа гаригт энэ талаар харилцагчид утсаар мэдэгдсэн. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар Банк нь иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болохоор хуульчилснаас үзэхэд төрөөс зээл олгохоор шийдвэрлэсэн бүх шаардлагыг Ч.ГХХК нь хангасан хэдий боловч Х.Б ХХК-ийн өөрийнх нь болзол нөхцөлийг хангаагүй тохиолдолд зээлийг олгох боломжгүй бөгөөд энэ нь зээл хүссэн харилцагч болгонд зээлийг олгоно гэсэн үг биш юм. Ч.ГХХК-ийн хүсэлтээр банк зохих зээлийн судалгааг явуулж, судалж үзэхэд банкны өөрийн зээлийн бүтээгдэхүүний болзол, нөхцлийг хангахгүй байсан тул зээл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү зээлийн үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хууль тогтоомж, банкны өөрийн дүрэм, журмыг зөрчөөгүй хуулийн дагуу хийгдсэн үйлдэл болно. Иймд Ч.ГХХК-ийн Х.Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ч.ГХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож, Хүнс Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХСгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А-119 дугаар тушаалыг хавсралтаар ЖДҮХСгаас урт, хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг батласан.Тус журмын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээн дэх ЖДҮХС болон Хаан банкны хооронд 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр №19/08/01 дугаартай “Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан бөгөөд гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дах хэсэгт “ ..Банк нь шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь бие даан хариуцна", мөн гэрээний 5.6 дах хэсэгт “...Төсөл сонгон шалгаруулах хороо болон дэд хорооны хурлаас дэмжигдсэн төсөл нь Банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаах эрхтэй байна...” гэж зохицуулсан тул сангийн зүгээс төслийн шалгаруулалттай холбоотой асуудлыг хариуцах боломжгүй байна. Мөн ЖДҮХС нь улсын төсвөөс санхүүжилт авч, эх үүсвэр бүрдүүлэн хөнгөлөлттэй зээл олгодог. Улсын төсөв нь Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасны дагуу тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эхэлж, тухайн оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болдог тул тухайн зээлийг дахин санхүүжүүлэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.ГХХК-ийн хариуцагч Х.Б ХХК, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд тус тус холбогдуулан гаргасан Х.Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ч.ГХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгож, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх байгууллагуудын гаргасан шийдвэр хууль болон холбогдох эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бас-Эрдэнэ, өмгөөлөгч Б.Азжаргал нар нь энэхүү шүүх хуралдааны товыг 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мэдэж гарын үсэг зурсан боловч төлөөлөгч Б.Азжаргал тус шүүх хуралдааны товыг мэдсэнээс хойш буюу 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн шүүх хуралдаанд оролцохоор хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг хүлээн авах боломжгүй...” гэж шүүх дүгнэсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “Старто” ХХК-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан бөгөөд өмнөх хуралдаан өмгөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлогдсон ба уг захиргааны шүүх хуралдаанд оролцох хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тул энэ тухай хүсэлтдээ бичиж нотлох баримтыг хавсаргаж хүргүүлсэн боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бас-Эрдэнэ нь Дорнод аймгаас ирж шүүх хуралдаанд оролцдог, мөн эхийнх нь биеийн байдал муу байсан учраас асарч байгаагаа өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн тул шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхтэй тул хурал хойшлуулах хүсэлт хүргүүлсэн гэдэг үндэслэлээр шүүх хуралдаанд тухайн өдөр ирээгүй, энэ тухай шүүгчийн туслахад мэдэгдсэн. Мөн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01527 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх талуудын хоорондын хөдөлмөрийн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Ч.ГХХК нь хариуцагч Х.Б ХХК-д холбогдуулан Х.Б ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас Ч.ГХХК-ийн эрх, ашиг зөрчигдөж хохирсон болохыг тогтоолгох, хамтран хариуцагч Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд холбогдуулан SМЕ-00616 кодтой төслийг дахин 1 удаа бусад банкаар судлуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн 11 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХСгаас Х.Б ХХК-нд хүргүүлсэн 2019 оны 8 сарын 20-ны өдрийн 1/1222 дугаар “Хүсэлт хүргүүлэх тухай” албан бичигт дурдсанаар Ч.ГХХК-ийн SМЕ-00616 кодтой 1 000 000 000 төгрөгийн дүнтэй төсөл нь ЖДҮХСгаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмын дагуу Төсөл шалгаруулах хорооны 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар шийдвэрээр Банкаар дамжуулан тэргүүн ээлжинд санхүүжигдэх төслүүдийн жагсаалтад багтсан болох нь тогтоогдсон.

 

ЖДҮХСгийн дээрх хүсэлт болон Ч.ГХХК-ийн хүсэлтээр Х.Б ХХК тус компанийн төслийн материалыг судалж, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 15/10042 дугаар албан бичгээр “... хамтарсан гэрээний дагуу банк өөрөө шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдлийг 100 хувь бие даан хариуцдаг, ...энэхүү төсөл нь банкаар дамжуулан олгох зээлд шалгарсан ч арилжааны банкны зээлийн бүтээгдэхүүний журам, зааварт заасан шалгуурыг бүрэн гүйцэд хангаагүй” гэх үндэслэл зааж зээл олгохоос татгалзсаныг буруутгах боломжгүй.

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Х.Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын хамтарсан 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 19/08/01/1442 тоот “Ерөнхий нөхцөл тохиролцох хамтран ажиллах гэрээ”-ний 5 дугаар зүйлийн 5.3-т  “Банк нь шийдвэрлэн олгосон зээл бүрийн эрсдэлийг 100 хувь бие даан хариуцна”, мөн тус гэрээний 5.6-д банк нь “Төсөл сонгон шалгаруулах хороо болон аймгийн дэд хорооны хурлаас дэмжигдсэн төсөл нь банкинд мөрдөгддөг зээлийн журам, зааварт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд төслийг буцаах эрхтэй” гэжээ.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагын зээлийг судалсан Х.Б ХХК-ийн Бизнесийн зээлийн эрсдэлийн газрын зээлийн эрсдэлийн шинжээчийн дүгнэлт, саналд “Одоогийн саналын хувьд дэмжихгүй байна. Зээлийн эргэн төлөлт нь шинэ бизнесийн орлогоос өндөр хамааралтай, зээлийн хүү төлөх тогтмол орлого багатай, орон сууцны авлагаас хамаарал өндөртэй байх боловч орон сууцны борлуулалтын баталгаажилт хангалтгүй байна.” гэж, Шийдвэрийн хураангуй  гэх баримтын зээлийн шийдвэр гэх хэсэгт “Татгалзав” гэж тус тус заасан байгаагаас үзвэл “ямар үндэслэлээр зээл олгохоос татгалзсан нь тодорхойгүй” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болжээ. /хх57,107-108/

 

            Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ЖДҮХС нь улсын төсвөөс санхүүжилт авч, хөнгөлттэй зээлийн эх үүсвэрийг бүрдүүлдэг учир Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан хийж буй тухайн хариуцагчийн татгалзлыг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

Шүүх талуудын тайлбар болоод хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо “...шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нарт 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 09.00 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, мэдэгдэх хуудаст гарын үсэг зурсан зэргээс дүгнэхэд шүүх хуралдааны товыг шүүхээс боломжит хугацаанд мэдэгдсэн болох нь тогтоогдсон. /хх-124,126/ Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

 

Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШШ2020/01527 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.  

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЗОЛЗАЯА  

                                 ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

                                                                                    Б.НАРМАНДАХ