Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/01493

 

 

2022 04 04 101/ШШ2022/01493

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 000000000000 ХХК-ийн байр, Б ХХК-ийн /РД: 000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч:0000000000000000, А ХХК-д /РД: 00000000000 холбогдох

17.949.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А ХХК нь 2020 оны 06 сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд манай компаниас 9 удаагийн худалдан авалтаар нийт 11.966.000 төгрөгийн барилгын материал худалдан авсан. Худалдан авсан барилгын материалын төлбөрийг 2020 онд төлнө гэсэн боловч төлөлгүй, 1 жил, 6 сар болж байна.

Манай компани бараа материалыг Европын улсуудаас худалдан авч борлуулдаг бөгөөд төлбөрөө цаг хугацаанд нь авч чадаагүйгээс ханшны зөрүү, цаг хуггацааны алдагдалд орж ашиггүй ажиллахад хүрдэг.

Иймд А ХХК-иас худалдан авсан бараа материалын үнэ 11.966.000 төгрөг, гэрээний 3.3-т заасны дагуу төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутамд алданги тооцогдох ч Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 5.983.000 төгрөг, нийт 17.949.000 төгрөгийг нэхэмжилж байна.

Хариуцагч А ХХК-ийн эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эвлэрэх санал гаргах хугацаа тус компанид байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаж байж энэ асуудал яригдаж байна. Цар тахлаас болоод манай компани ч гэсэн хэцүү байдалд орсон гэв.

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Б ХХК-тай гэрээ байгуулсан талаар маргахгүй. Тус компанид гэрээний дагуу үлдэгдэл мөнгөө өгөөгүй. Нэхэмжилж буй 11.966.000 төгрөгийн тухайд маргаангүй.

Ковидоос болоод сүүлийн 2 жил үйл ажиллагаа явуулж чадаагүй, ажилчидынхаа цалинг ч өгч чадахгүй үе байсан. Одоо 04 сараас үйл ажиллагаа жигдэрнэ. Нэхэмжилж буй мөнгөнөөс 11.966.000 төгрөгийг төлнө. Алдангиа 50 хувь хасвал 2022 оны 05 сарын 04-ний дотор 14.957.500 төгрөгийг төлөөд эвлэрэх боломжтой гэв.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Н.Энхтуяад олгосон итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 04 сарын 11-ний өдрийн бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, нийлүүлэх бүтээгдэхүүний тооцоо, А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны үлдэгдлийг баталгаа, өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч А ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б.Лхагвадоржид олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 11.966.000 төгрөг, алданги 5.983.000 төгрөг, нийт 17.949.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч А ХХК-тай 2020 оны 04 сарын 11-ний өдөр Бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулан худалдагч Б ХХК нь Arkol E 255-фасадны эмульс-хүрэн өнгөтэй, Arkol E 605-фасадны эмульс-цайвар саарал өнгөтэй-8.560.000 төгрөгийн үнэ бүхий барилгын өнгөлгөө, дулаалгын материал нийлүүлэхээр,

Худалдан авагч А ХХК нь гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 2.000.000 төгрөгийг, 2020 оны 05 сарын 10-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

Дээрх 2020 оны 04 сарын 11-ний өдрийн гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 5-7 дугаар тал/

 

Хариуцагч А ХХК нь нэхэмжлэгч Б ХХК-иас 2020 оны 04 сарын 10-ны өдрөөс 2020 оны 06 сарын 11-ний өдрийн хооронд 9 удаа нийт 11.966.000 төгрөгийн барилгын материал зээлээр худалдан авсан талаараа хариуцагч А ХХК нь маргахгүй байгаа ба дээр дурдсан үйл баримт 2 байгууллагын харилцан тооцоо нийлсэн актаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 9-10 дугаар тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу худалдан авагч А ХХК нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ үнийг төлөх үүрэгтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2020 оны 04 сарын 11-ний өдрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т Төлбөрийг хугацаандаа хийгээгүй тохиолдолд төлөх ёстой үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн,232.4-т ... алданги ... гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасны дагуу төлбөрийг хугацаандаа төлөөгүй хариуцагч А ХХК алданги төлөх үүрэгтэй.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд н бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар болон хариуцлагыг хүлээх учиртай тул захиалагч тал болох А ХХК гэрээний хариуцлага хүлээнэ.

 

Хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

-Үндсэн төлбөр 11.966.000 төгрөг,

-Алданги 5.983.000 төгрөг, /гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй/

Нийт 17.949.000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 17.949.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч А ХХК-иас 17.949.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.695 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А ХХК-иас 247.695 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН