Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01343

 

 

......ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/01686 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ......ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ......... нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 46,426,313.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Л.Энх-Орхоны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

......ХХК нь ......... нартай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2105022389 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгосон. Зээлдэгч нар удаа дараа зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр хийлгүй хугацаа хэтрүүлсэн тул зээлийн гэрээний үүргээ биелүүлж төлбөр барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлж төлбөр төлөөгүй. Зээлдэгч ......... нар нь 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 35,972,423.17 төгрөг, зээлийн үндсэн хүү 10,370,832.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,058.58 төгрөг, нийт 46,426,313.89 төгрөгийн төлбөртэй байна. Иймд ......... нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 46,426,313.89 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ш.Өнөрбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ш.Өнөрбат нь ......ХХК-тай 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 40,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дуусна. Ш.Өнөрбат нь Төв аймгийн Зуун мод суманд байрлах Манзушир өргөө нэртэй 1000 айлын орон сууцны хороололд баригдах 90 айлын орон сууцны барилгыг барихад зориулж 40,000,000 төгрөг зээлсэн. Гэвч барилгын ажил цар тахлын улмаас удааширч барилга ашиглалтад ороогүй тул уг барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч Тэгш сувдан ХХК ажлын хөлс төлөөгүй. Дээрх давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн тул ......ХХК-д зээл төлөлтөө хойшлуулах хүсэлт гаргаж байсан. Ш.Өнөрбат нь зээлийн төлбөрт 15,800,119.27 төгрөгийг төлсөн ба тул үндсэн зээл 40,000,000 төгрөгөөс хасаж үлдэгдэл 24,199,880.73 төгрөгийг төлнө.

Талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээнд банкийг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсгээ зураагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагч Л.Энх-Орхоны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Ш.Өнөрбат нь ......ХХК-аас зээл авахад Л.Энх-Орхон хамтран зээлдэгчээр оролцсон. Л.Энх-Орхон мөнгөн хөрөнгийг ашиглаагүй, Ш.Өнөрбат бизнесийн үйл ажиллагаандаа ашигласан. Л.Энх-Орхон нь банктай гэрээ байгуулах үед эрх бүхий этгээд гарын үсэг зурж байгаа гэж бодсон ч тухайн этгээд банкийг төлөөлөх эрхгүй болохыг сүүлд нь мэдсэн. ......ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд С.Буянжаргал, У.Энхтайван нар гэрээнд гарын үсэг зурсан байсан тул 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл. ......ХХК-аас 40,000,000 төгрөг зээлсэн. Зээлийн үүрэгт 15,800,119 төгрөгийг төлсөн, 24,199,880.73 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......... нараас 42,477,925 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ......ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3,948,388.95 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......... нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Л.Энх-Орхоны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16 дүгээр хороо, 16 дугаар хороолол, /13321/, Да Хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 54.88 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдаж, нэхэмжлэгч ......ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 460,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ......... нараас 440,540 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ......ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Л.Энх-Орхоны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Шүүх Хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэг нь тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгоно... ......ХХК-ийг эрх бүхий этгээдүүд төлөөлөн зээлдэгч ......... нартай гэрээ байгуулсан...хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл... гэсэн дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнд ......ХХК-ийг төлөөлж С.Буянжаргал, У.Энхтайван нар гарын үсэг зурсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт компанийг төлөөлөн гэрээ, хэлцэл хийх зэргээр компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий субъект нь гүйцэтгэх захирал байна гэж заасан. Тус банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү бүртгэгдсэн. Гүйцэтгэх захирал Д.Төмөрхүүгээс С.Буянжаргал, У.Энхтайван нарт итгэмжлэл олгоогүй тул зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзнэ. Гэтэл шүүх нэхэмжлэгчийг төлөөлөн гэрээ байгуулах эрх бүхий этгээдээс хожим дэмжин зөвшөөрсөн талаар итгэмжлэл гаргаж өгөөгүй байхад хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй баримт болох ажилд томилсон тушаал, компанийн үйл ажиллагааны журмыг урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон нотлох баримт мэтээр дүгнэж, нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарлан хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Шүүх ... тус банкны зөвлөн халамжлагчийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны үндсэн чиг үүрэгт ..., зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 1.4.2-т манлай халамжлагч, зөвлөн халамжлагч-гэж банкны зүгээс тавьсан шалгуурт тэнцсэн банкийг төлөөлж зээлийн харилцаанд орох эрх бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтныг хэлнэ... гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн зүгээс Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан итгэмжлэлийг С.Буянжаргал, У.Энхтайван нарт олгоогүй. Мөн гэрээг баталж гарын үсэг зурсан этгээд болох У.Энхтайваны эрх зүйн байдлын талаар буюу компанийг төлөөлөн гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл хийх эрхтэй байсан эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол ... компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна, мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтанд ямар этгээдүүд хамаарах талаар тусгайлан дурдсан бөгөөд тэдгээр нь гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцох эрхтэй байна. Мөн зүйлийн 84.2-д Компани ... эрх бүхий албан тушаалтны жагсаалтыг компанийн дүрэмдээ заасан байна гэж тус тус зааснаар компанийн дүрэмд тусгайлан заасан этгээд компанийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурах эрхтэй. Нэхэмжлэгч шүүхэд хандан нэхэмжлэл гаргахдаа компанийн дүрмийг гаргаж өгөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс ......ХХК-ийн дүрмийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хариуцагчаас гаргуулах тухай хүсэлт гаргахад ......ХХК-аас нотлох баримтыг өөрөө гаргаж өгье гэж тайлбарласан. Гэвч ......ХХК нь компанийн дүрмээ өгөөгүй, харин С.Буянжаргалыг ажилд авах тухай тушаал, ажлын байрны тодорхойлолт, зээлийн үйл ажиллагааны ерөнхий журам зэрэг баримтыг гаргаж өгсөн. Уг баримтуудаар зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд гарын үсэг зурсан С.Буянжаргал гэх этгээд нь компанийг төлөөлөн гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулах эрхтэй гэдэг нь нотлохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Л.Энх-Орхоны өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Да хүрээ гудамж, 55а байр, 37 тоотын 55 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204101060 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Банк нь Компанийн тухай хууль болон Банкны тухай хуулийг үйл ажиллагаандаа баримталдаг. Энэхүү хуулийн дагуу дотоод үйл ажиллагаанд зээлийн гэрээний үйл ажиллагааны ерөнхий журмыг баталж мөрдлөг болгодог. Гэрээ байгуулах үед С.Энхтайванд зээлийн болон барьцааны гэрээ байгуулах эрхийг олгосон байсан. Иймд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах зүйтэй байна.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч ......ХХК нь хариуцагч ......... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 35,972,423.17 төгрөг, үндсэн хүү 10,370,832.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 83,058.58 төгрөг, нийт 46,426,313.89 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 24,199,880 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

1.б. ......ХХК болон ......... нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 2105022389 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, энэхүү гэрээгээр зээлдүүлэгч ......ХХК нь зээлдэгч ......... нарт 40,000,000 төгрөгийг шилжүүлэх, зээлдэгч нар 40,000,000 төгрөгийг 36 сарын хугацаанд жилийн 24 хувийн хүүгийн хамт гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөхөөр тохиролцжээ. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. (хх-ийн 4-8)

 

1.в. Зээлдүүлэгч ......ХХК нь зээлийн гэрээний дагуу 40,000,000 төгрөгийг зээлдэгч Ш.Өнөрбатад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлэн өгсөн болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдсон ба энэ талаар маргаагүй байна. (хх-ийн 15-17) Иймд нэхэмжлэгч ......ХХК нь хариуцагч ......... нараас зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.г. Зээлдэгч нар 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний төлбөрийг гэрээний хавсралтаар тогтоосон хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байна. Талууд зээлийн гэрээний 5.2.3-т зээлдэгч зээлийн гэрээ болон түүний бүрэлдэхүүн хэсэг болох зээл, түүний хүү төлөх хуваарь, гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлт, барьцааны болон батлан даалтын гэрээний заалтыг зөрчсөн бол гэрээг цуцлахаар тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй байна.

 

Хариуцагч ......... нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,027,576.83 төгрөг, зээлийн хүү 11,772,542.44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 754,080.73 төгрөг, нийт 16,554,200 төгрөг төлсөн нь зээлийн дансны хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон ба зохигч энэ талаар маргаагүй болно.

 

1.д. Талууд гэрээний 1.10-т Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүг хэсэгчлэн буюу бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд үүрэг биелэгдээгүй өдрөөс эхлэн гэрээний үүргийг биелүүлж дуустал нэмэгдүүлсэн хүүг хууль болон журамд зааснаар төлөх хариуцлага хүлээх ба нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн. Гэвч анхан шатны шүүх нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдэгчийн хүлээх хариуцлага гэж дүгнэн нэмэгдүүлсэн хүүгийн 837,139.31 төгрөгийг, зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөн байхад зээлдүүлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн үндсэн хүү 10,370,832.14 төгрөгөөс 3,111,249.64 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 42,477,925 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдлийн хувьд хэвээр үлдээх нь зүйтэй.

 

1.е. Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол (13321), Да хүрээ гудамж 55а байр, 37 тоот хаягт байрлах Л.Энх-Орхоны өмчлөлийн 54,88 м.кв орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. (хх-ийн 9-11)

 

2. Давж заалдах гомдлын талаар

 

2.а. ......ХХК-ийн зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмын 5.2.2-т Зөвлөн халамжлагч нь холбогдох зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн Манлай Дэмжигчийн баталсан маятын дагуу зээлийн төрлөөс хамааруулан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг зээлдэгчтэй байгуулж, нэг талаас банкны эрх олгогдсон албан тушаалтан (Зөвлөн Халамжлагч, Манлай халамжлагч, Манлай дэмжигч), нөгөө талаас зээлдэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарна гэж заасан байна. (хх-ийн 86-97)

 

2.б. Талуудын байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд ......ХХК-ийг төлөөлж манлай халамжлагч У.Энхтайван, зөвлөн халамжлагч С.Буянжаргал, нөгөө талаас ......... нарын үсэг зуржээ. Иймд гэрээг банкийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь зээлийн үйл ажиллагааны ерөнхий журмаар манлай халамжлагч У.Энхтайван, зөвлөн халамжлагч С.Буянжаргал нарт зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг олгосон тул зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэлд хамаарахгүй.

 

2.в. Нөгөө талаар нэхэмжлэгч ......ХХК-ийн төлөөлөгч нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд манлай халамжлагч У.Энхтайван, зөвлөн халамжлагч С.Буянжаргал нар гарын үсэг зурах эрхтэй эсэх талаар маргаагүй байхад хариуцагчийн хүсэлтээр уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагч Л.Энх-Орхоны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

2.г. Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

2.д. Харин Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар даалгаж шийдвэрлээгүй нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт ...ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж, мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.6 дахь хэсэгт ...шүүхээс томилогдсон этгээд, дуудлага худалдааг... явуулна гэж тус тус заасантай нийцээгүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөх нь зүйтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Энх-Орхоны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт найруулагын өөрчлөлт оруулах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/01686 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтын ... худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурдсугай гэснийг ...албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн зааснаар 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Н.БАТЗОРИГ