Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/02251

 

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2019/02251

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 13-р хороо, 0а хэсэг гудамжны 00 тоотод оршин суух Ш овогт М. Э /РД: НА00000000/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 13-р хороо, 1 хэсгийн 6 байрны 8 тотод оршин суух Т овогт С. А /РД: ОЭ00000000/-д холбогдох

4 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13-р хороо, шувуун фабрикт байрлах С.Агийн өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үед С.А 2 хүүхдээ солонгос явуулна, тус бүр 5 000 000 төгрөг байршуулах шаардлагатай байна. Үлдэх мөнгийг 8 хувийн зээлд хамруулж өгнө гэсэн. Бидний тохиролцоогоор дээрх орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авах байсан. 2016 оны 11 сард А орон сууцаа худалдахаа больсон би урьдчилгаанд өгсөн 10 сая төгрөгөө байраа зараад өгнө гэж баталгаа гаргаж, 2016 оны 11 сарын 28-нд бичиж өгсөн. Үүнээс хойш 2017 оны 8 дугаар сард 4 500 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 11-нд дансаар 1 000 000 төгрөгийг нийт 5 500 000 төгрөгийг буцаан өгсөн. Иймд үлдэх 4 500 000 төгрөгийг нэхэхээр өгөхгүй байх тул түүнээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С.А шүүхэд гаргасан хариу тайлбар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүргийн 13-р хорооны 4-р хэсгийн 6-р байрны 8 тоото байрыг иргэн М.Этай тохиролцон 35 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгөх байсан боловч увуулан цувуулан өгч би хүүхдүүдээ солонгос явуулах болоод яаралтай мөнгө хэрэг болж машинаа хүртэл барьцаанд тавьсан. 2016 оны 8 сард М.Эгээс 25 сая төгрөгөө нэхэмжилсэн боловч 8 хувийн зээл бүтэхээр болно гээд өгөхгүй, сүүлдээ маргаан үүссэн. Ингээд би 2016 оны 11 дүгээр сард цагдаад өргөдөл өгч байраа суллуулах шаардлага тавьсан. Би 10 сая төгрөгөө авч байж гарна гээд байсан. Тэгээд байр зарах зарын дагу очсон хүмүүсийг буцаагаад явуулдаг байсан тул би цагдаад дахин хандсан. Ингээд 2017 оны 01 дүгээр сард байрыг суллаад гарсан байсан. 2017 оны 7 дугаар сард би байраа зараад түүний ээжид 4 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн, 2018 оны 5 дугаар сард 1 000 000 төгрөгийг данс руу нь хийж утсаар холбогдож хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл бүтэн жил гаруй миний орон сууцанд амьдарсан тул түрээсийн төлбөрт тооцно, мөн өмгөөлөгчийн хөлсөнд 1,5 сая төгрөг төлсөн тул тэр мөнгөө суутган нийт 4,5 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна, мөн урьдчилгаагаа ч цувуулж өгсөн, энэ хүнд одоо ямар ч төлбөр тооцоо байхгүй гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч М.Э хариуцагч С.Ад холбогдуулан эрээнээс татгалзсаны 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Дараах үндэслэлүүд тогтоогдлоо:

Хариуцагч С.А нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 13-р хороо, 4-р хэсгийн 6-р байрны 8 тоот байрлах орон сууцыг нэхэмжлэгч М.Эд худалдахаар талууд харилцан тохиролцож эхний ээлжинд 10 000 000 төгрөгийг урьдчилгааг шилжүүлсэн байна.

Ийнхүү С.А өөрийн орон сууцаа М.Эд шилжүүлж, М.Э үнийг нь төлөхөөр харилцан тохиролцож, Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 иргэний эрх үүргийг үүсгэх зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн хэлцэл байгуулагдаж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.

Гэвч зохигч гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулаагүй нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичиг өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж заасантай нийцээгүй төдийгүй, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэж заасны дагуу тэдний хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Харин М.Э тухайн орон сууцыг зээл авч үлдэх төлбөрийг төлөхөөр хариуцагч С.Атэй тохиролцсон байсан нь биелэгдээгүй тул өмнөх өгсөн урьдчилгаа 10 сая төгрөгөө буцаан авах орон сууцыг буцаан чөлөөлөхөөр болсон нь гэрээнээс татгалзсан нөхцөл гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар М.Э орон сууц худалдан авахаар төлсөн 10 000 000 төгрөгөөс дутуу авсан 4 500 000 төгрөгөө хариуцагч М.-гээс шаардах эрхтэй тул түүнээс гаргуулах нь зүйтэй.

Хариуцагч М.А өөрийн орон сууцандаа хариуцагч М.Э-г жил гаруй байлгасан, иймд түрээсийн төлбөрт суутгаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж байх боловч уг орон сууцыг ашигласны төлбөрийн талаар урьдчилан тохиролцсон зүйл байхгүй гэж зохигчийн тайлбарлаж байгаагаар болон 2016 оны 5 сарын 17, 11, 28-ны өдрүүдэд 10 төгрөгийг буцааж өгөх талаар баталгаа гаргаж /5, 6-р хуудас/ байснаар түүний татгалзлын үндэслэл үгүйсгэгдэж байна.

Мөн нэгэнт гэрээнээс татгалзаж, өгсөн төлбөрөө буцаан шаардаж буй шаардлагад харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох сөрөг нэхэмжлэлийг гаргаагүй бөгөөд түрээсийн төлбөрт суутгах болон 10 сая төгрөгийг цувуулж өгснөөр өөрт хохирол учирсан гэж тайлбарлаж байгаа түүний тайлбарууд дээрх гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар буюу буцаан өгөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл биш юм.

Иймд хариуцагч С.А-гээс худалдах худалдан авах гэрээ байгуулахаар урьдчилгаанд төлсөн 4 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.А-гээс 4 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Э-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А-гээс 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Эд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Ц.УРАНГУА