Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02087

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2019/02087

 

 

 

М.Э -гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02251 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч М.Э -гийн нэхэмжлэлтэй,

ХариуцагчС.А - д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээний гүйцэтгэлийн үлдэгдэл болох 4 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг

ХариуцагчС.А -

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч М.Э - шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлахС.А - гийн өмчлөлийн орон сууцыг худалдан авахаар харилцан тохиролцож, урьдчилгаанд 10 000 000 төгрөгийг өгсөн юм. Тухайн үедС.А - 2 хүүхдээ Бүгд Найрамдах Cолонгос Улс руу явуулна гэсэн. Бидний тохиролцоогоор дээрх орон сууцыг 30 000 000 төгрөгөөр худалдан авах байсан. 2016 оны 11 дүгээр сардС.А - орон сууцаа худалдахаа больсон учир урьдчилгаанд өгсөн 10 000 000 төгрөгийг өгөхөөр баталгаа бичиж өгсөн. Үүнээс хойш надад 2017 оны 8 дугаар сард 4 500 000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дансаар 1 000 000 төгрөг, нийт 5 500 000 төгрөгийг буцаан өгсөн. Иймд үлдэх 4 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХариуцагчС.А - шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би М.Э -д Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 4 дүгээр хэсгийн 6 дугаар байрны 8 тоот байрыг 35 000 000 төгрөгөөр зарахаар болсон. Урьдчилгаа 10 000 000 төгрөгийг өгөх байсан боловч цувуулан өгсөн. Би хүүхдүүдээ Бүгд Найрамдах Солонгос улс руу явуулах гэж автомашинаа барьцаанд тавьсан. 2016 оны 8 дугаар сард М.Э -гээс 25 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч 8 хувийн зээл бүтэхээр болно гээд өгөхгүй, сүүлдээ маргаан үүссэн. Ингээд би байраа чөлөөлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард цагдаад өргөдөл гаргасны дагуу М.Э - нь 2017 оны 01 дүгээр сард байрнаас гарсан. 2017 оны 7 дугаар сард байраа зараад нэхэмжлэгчийн ээжид 4 500 000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 5 дугаар сард 1 000 000 төгрөгийг данс руу нь хийж утсаар холбогдож хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь бүтэн жил гаруй хугацаанд миний орон сууцанд амьдарсан тул түрээсийн төлбөрт мөн өмгөөлөгчийн хөлсөнд 1 500 000 төгрөг төлсөн учир нийт 4 500 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчС.А - гээс 4 500 000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч М.Э -д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчС.А - гээс 86 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Э -д олгохоор шийдвэрлэжээ.

 

ХариуцагчС.А - давж заалдах гомдолдоо: 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр болсон шүүх хуралдаанд миний бие өмгөөлөгчтэй оролцох, Цагдаагийн байгууллагад шалгуулж байсан 1100060160012438 дугаартай материалыг татуулах талаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй.

М.Э - нь манай 2 өрөө байранд 13 сар ямар ч үнэ хөлсгүй суусан бөгөөд сарын 250 000 төгрөгөөр мөн өмгөөлөгчийн зардлаа тооцож нийт 4 500 000 төгрөг суутган авч, 5 500 000 төгрөгийг М.Э -д хүлээлгэн өгч хоорондоо өр авлага дууссан учир би сөрөг нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсанаар сөрөг нэхэмжлэл гаргах ёстой болж байх шиг байна.

Шүүхийн шийдвэрт 2016 оны 5 дугаар сарын 17, 11, 28-ны өдрүүдэд 10 000 000 төгрөгийг буцааж өгөх баталгаа гаргасан гэсэн нь үндэслэлгүй юм. Харин байраа зарагдсаны дараа 10 000 000 төгрөг өгнө суутгах мөнгөө суутгана гэж хэлж байж байрнаасаа гаргасан. Учир нь уг хүмүүс байр заруулахгүй байрнаасаа гарахгүй хясан боогдуулаад байсан юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М.Э - нь хариуцагчС.А - д холбогдуулан Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн мөнгөний үлдэгдэл болох 4 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 6 байрны 8 тоот 34м.кв орон сууцыг худалдах-худалдан авахаар харилцан тохиролцоод М.Э - ньС.А - д урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөг өгч, орон сууцыг эзэмшилдээ авсан үйл баримт тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан төлбөр тооцоо хийсэн тухай баримт зэрэг баримтаар тогтоогдсон байна. /хх 5,62/ Энэ үйл баримтад хэн аль нь маргаангүй.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байна.

Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх, гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй байхад Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасныг тайлбарлан хэрэглэж, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь оновчгүй болсон хэдий ч энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Талууд худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хариуцагч байрны урьдчилгаа төлбөрт авсан 10 000 000 төгрөгөөс 5 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгсөн үйл баримтад маргаагүй. Харин үлдэх 4 500 000 төгрөгийг орон сууц ашигласны хөлс болон эрүүгийн журмаар нэхэмжлэгчийг шалгуулахдаа авсан өмгөөлөгчийн хөлсөд суутгасан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээнээс татгалзсанаар хэн алинд нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7 дахь дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэг үүсчээ. Хариуцагч нь нэхэмжлэгчийг 1 жил гаруй хугацаанд орон сууцыг эзэмшиж ашигласан гэх үндэслэлээр шилжүүлэн авсан мөнгөнөөс суутгана гэж маргаж байгаа нь талуудын гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхэд хамааралгүй байна. Шүүх хариуцагчийг гэрээний гүйцэтгэлийг биетээр шилжүүлэн өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй, мөн үндсэн нэхэмжлэлийн шаардлагад хамааруулан сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ шүүх хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг зөрчсөн гэж тайлбарлаж байна.

Хэргийн баримтаас үзвэл, хариуцагчийн өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулах шүүгчийн захирамж гаргажээ. /хх-21,32/ Мөн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар хариуцагчийн шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар өөрөө олж авах боломжтой гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх тэгш байх зарчимд үндэслэн явагддаг учир хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2019/02251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Ч.ЦЭНД