Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 22

 

Д Д С Т-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01186/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхжаргал даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д Д С Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Б-т холбогдох

“Дулааны төлбөр 4.264.361 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Хариуцагч М.Б-ын давж заалдсан гомдлыг үндэслэн

          2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Нарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч М.Б-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Д Д С Т-аас:

Хэрэглэгч Солонгос бөс барааны дэлгүүрийн захирал Д.С-, М.Б- нар нь 2013 оноос Дархан-Уул аймаг, Дархан сум, 12-р баг, 6 хороолол, 16 давхар байрны нэгдүгээр давхарт Солонгос бөс барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба энэхүү хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөө огт төлөхгүй байгаа тул түүнээс 2013-2018 онуудын дулааны үндсэн төлбөр 4.264.361 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Уламбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д Д С Т-аас шүүхэд хандсан 4.264.000 төгрөг бол төлөөгүй дулааны төлбөр олон жил хуримтлагдаад ийм болсон. 16 давхрыг хариуцсан байцаагч сар бүр төлбөрийн мэдүүлэг өгдөг. Гэтэл дулаан төлөхгүй гэж тохирсон гээд төлбөрөө өгдөггүй юм. Доор байсан дулааны шугамыг дээшээ гаргасан гээд дулааны төлбөр төлөхгүй гэж тохирсон тэмдэглэл байдаг. Түүнийг л үндэслээд төлөхгүй гээд байдаг. Уг нь нэг жил л төлөхгүй байхаар тохирсон. Тус 16 давхарт амьдарч байгаа 180 өрхийн амьдралыг бодоод л шугамыг дээшээ гаргасан. Тус байрны 1 давхарт байрлах Жүр үр ХХК бол жил болгон дулааны төлбөрөө төлөөд явдаг бусад 3 аж ахуйн нэгж нь үгсэн хуйвалдаад төлбөрөө төлдөггүй. Хэрвээ тийм юм байсан бол дээшээ Эрчим хүчний зохицуулах газарт хандахгүй яасан юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эрчим хүчний төлбөр тооцооны тухай Эрчим хүчний зохицуулах газрын тогтоол байдаг. Үүнд: Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа бол нийт талбайн хэмжээгээр тооцно гэсний дагуу нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Б-аас:

Д Д С Т нь 16 давхрын подваль дахь өөрийн шугамаа манай 1-р давхрын байранд янз бүрийн муу арга хэрэглэж шилжүүлэн тавьсан. Бид гуйгаагүй зүгээр байхад минь элдэв заль хэрэглэн шугам оруулж гэрээ хийсэн, гэрээнд дулааны төлбөр авахгүй гэж заасан байгаа. Би Д Д С Т-ийг луйврын арга хэрэглэж байна гэж үзэж байна. Труба оруулж тавьснаар байрны үнэлгээ 20 сая төгрөгөөр буурсан. Нэхэмжлэлд тусгасан мөнгийг төлөх үндэсгүй. Манайд оруулсан шугамаа 1 сарын дотор байх ёстой газар нь шилжүүлж тавихыг шаардаж байна гэжээ. Бидэнд дулааны төлбөрөөс чөлөөлсөн зөвшөөрлийн бичиг байгаа.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Б-аас 2.671.600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д Д С Т-д олгож, 1.592.761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.179 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-аас 57.696 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д Д С Т-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Б- давж заалдсан гомдолдоо:

            "Д Д С" ТӨХК-иас 16 дугаар байрны подвальд байсан дулааны шугам хоолойг өөрчилж, миний өмчлөлийн талбайгаар өнгөрүүлэх болж дулааны төлбөр авахгүй байхаар тохирч, холбогдох ажилтнуудтай нь 2011 оны 07 сарын 19-ний өдөр хэлцэл хийснийг тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Ж- зөвшөөрч, мөн өдрөө өөрийн эрхийн хүрээнд 1/416 тоот албан бичиг үйлдэж баталгаажуулсан. Тус байгууллага бидэнтэй дулааны төлбөрөөс чөлөөлнө гэж гэрээ байгуулснаас, дулааны эрчим хүчээр хангах гэрээ хийгээгүй болно. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт "хэрэглэгч" гэж эрчим хүчээр хангах гэрээнд эрчим хүчийг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээд гэж тодорхойлсон байхад шүүх гэрээний үүрэгтэй холбож дулааны төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Дулааны шугам хаалганы доор хагарахад дотор буй хүмүүсийн амь бие аюулд өртөх ба бид ингэж бусдын эрхшээлд байж тус компанийн тоноглолыг хариуцаж байгааг анхаарч үзнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Д Д С Т нь хариуцагч Д.С- М.Б- нарт холбогдуулан дулаанаар хангасны төлбөрт 4.264.361 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг шүүх хангаж шийдвэрлэжээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С-гаас татгалзан М.Б-ыг хариуцагчаар тодорхойлжээ. Д.С-, М.Б- нар нь нэг гэр бүлийн хүмүүс.

            Хариуцагч М.Б- нь Дархан сумын 1 дугаар багийн, 6 дугаар хорооллын, 16 давхар нийтийн орон сууцны 1 давхарт 80,0 м.кв талбай бүхий хэсгийн өмчлөгч бөгөөд Бөс барааны дэлгүүрийн зориулалтаар ашигладаг.

Шүүхийн энэ шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо хариуцагч хэрэгт авагдсан дулааны төлбөрөөс чөлөөлөх тухай тохиролцоог  шүүх үнэлээгүй гэж маргажээ.

            Зохигчид дулаанаар хангаж байсан үйл баримт болон дулааны төлбөрийн хэмжээний талаар маргаагүй байна.

Дулаанаар хангагч болон хэрэглэгч нарын хооронд дулаанаар хангах тухай гэрээ байгуулагдаагүй байна.

            Харин хэргийн баримтуудаар талууд 2011 онд дулааны төлбөрөөс чөлөөлөх агуулга бүхий баримт үйлдэн зөвшилцөж байсан тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

            Нэхэмжлэгч тал 2011-2012 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангахаар дулааны шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийхтэй холбогдуулан хариуцагчийн байрны доод зооринд хүндрэл үүсэж засварыг хийх боломжгүй болсон тул хариуцагчийн өмчлөлийн байраар дамжуулан дулааны шугам оруулж засвар үйлчилгээний ажлаа хөнгөвчлөхөөр хариуцагч талд санал тавьж хариуд нь дулааны төлбөрөөс чөлөөлөх тухай тохиролцсон тухай агуулга бүхий тэмдэглэл үйлдсэнийг анхан шатны шүүх гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

Дээрх тохиролцоо нь талуудад харилцан ашигтай, дор хаяж хариуцагч талд өөрсдийн өмчлөлийн байранд дулааны шугам хоолойг байрлуулахыг зөвшөөрч, хүлцсэнээр  дулааны төлбөрөөс чөлөөлөгдөх тохиролцоо байсан бөгөөд энэ асуудлыг тохиролцсон этгээдүүд гарын үсгээ зурж баталгаажуулсныг хангагч байгууллагын гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрч 2011 оны 07 сарын 19 нь өдөр албан тоот ирүүлж байсан байна.

            Дээрх тохиролцоог 2 талын хүсэл сонирхол илэрхийлэгдсэн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Монгол улсын иргэн Үндсэн хуульд /16.3-д/ заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д өмчлөгч бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан. Өмчлөгчийн энэ хууль ёсны эрх ашиг сонирхолд аливаа этгээд хууль бусаар болон гэрээгээр тохиролцолгүйгээр саад болох халдах эрхгүй.

Иймд хууль ёсны шударга өмчлөгчийн  эд хөрөнгийг чөлөөтэй ашиглах эрхэд нийтийн эрх ашгийн үүднээс халдаж байранд нь дулааны шугам оруулж тавьсан тохиолдолд хариу төлбөртэй /буюу төлбөрөөс чөлөөлөх/ байх нь  өмчлөгчийн хууль ёсны эрх ашигт нийцнэ.

Талуудын тохиролцоог төлбөрөөс чөлөөлөгдөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 Харин уг гэрээгээр ямар хугацаагаар төлбөрөөс чөлөөлөх талаар тохиролцоогүй байхаас гадна хэргийн 22, 23 дугаар талд авагдсан баримтуудаар  хариуцагч тал уг тохиролцоогоор төлбөрөөс чөлөөлөгдсөн байхад төлбөрийн нэхэмжлэх бичиж ирүүлж байгаа болон дулааны шугам сүлжээг буцаан гаргуулсан тохиолдолд гэрээ байгуулан дулааны төлбөрөө үргэлжлүүлэн төлөх талаар дулаанаар хангагч талд мэдэгдэхэд хангагч байгууллагаас хариу ирүүлж байгаагүй байна. Иймд талуудын төлбөрөөс чөлөөлөх тохиролцоо нь шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэл хүчин төгөлдөр үргэлжилж байжээ гэж дүгнэх боломжтой.

Дээрх  бүх нөхцөл байдлыг харгалзан дулааны төлбөр нэхэмжилсэн нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д Д С Т-ийн хариуцагч М.Б-т холбогдуулан дулааны төлбөр 4.264.361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй  болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 57.700 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

       

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХЖАРГАЛ                    

                                                   ШҮҮГЧИД                                      С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                          О.НАРАНГЭРЭЛ