Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/01186/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ... дугаар баг, өөрийн байранд байрлах “Д” ТӨХК /РД: ....., утас: ...... /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ...  дугаар баг,... хороолол,  ...байр, ... тоотод оршин суух “Н” овгийн М.Б /РД:............, Утас: ........../-д холбогдох

 

“Дулааны төлбөр 4,264,361 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У- , хариуцагч М.Б- , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Д-”ТӨХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Хэрэглэгч Солонгос бөс барааны дэлгүүрийн захирал Д.С- , М.Б-  нар нь 2013 оноос Дархан-Уул аймаг, Дархан сум, ...-р баг, ... хороолол, ...давхар байрны нэгдүгээр давхарт Солонгос бөс барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байгаа ба энэхүү хугацаанд хэрэглэсэн дулааны төлбөрөө огт төлөхгүй байгаа тул түүнээс 2013-2018 онуудын дулааны үндсэн төлбөр 4,264,361 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У-  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Д” ТӨХК-аас шүүхэд хандсан 4,264,000 төгрөг бол төлөөгүй дулааны төлбөр олон жил хуримтлагдаад ийм болсон. 16 давхарыг хариуцсан байцаагч сар бүр төлбөрийн мэдүүлэг өгдөг. Гэтэл дулаан төлөхгүй гэж тохирсон гээд төлбөрөө өгдөггүй юм байна лээ. Юу гэсэн гэхээр доор байсан дулааны шугамыг дээшээ гаргасан гээд дулааны төлбөр төлөхгүй гэж тохирсон тэмдэглэл байдаг. Түүнийг л үндэслээд төлөхгүй гээд байдаг. Уг нь нэг жил л төлөхгүй байхаар тохирсон юм байна лээ. Тус 16 давхарт амьдарч байгаа 180 өрхийн амьдралыг бодоод л шугамыг дээшээ гаргасан юм байна лээ. Тус байрны 1 давхарт байрлах “Ж” ХХК бол жил болгон дулааны төлбөрөө төлөөд явдаг бусад 3 аж ахууйн нэгж нь үгсэн хувилдаад төлбөрөө төлдөггүй. Хэрвээ тийм юм байсан бол дээшээ Эрчим хүчний зохицуулах газарт хандахгүй яасан юм бэ. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Эрчим хүчний төлбөр тооцооны тухай Эрчим хүчний зохицуулах газрын тогтоол байдаг юм байна лээ. Үүнд: Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа бол нийт талбайн хэмжээгээр тооцно гэсний дагуу нэхэмжилж байна.” гэв.

Хариуцагч М.Б- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Д” ТӨХК нь .. давхарын подваль дахь өөрийн шугамаа манай 1-р давхарын байранд янз бүрийн муу арга хэрэглэж шилжүүлэн тавьсан. Бид гуйгаагүй зүгээр байхад минь элдэв заль хэрэглэн шугам оруулж гэрээ хийсэн, гэрээнд дулааны төлбөр авахгүй гэж заасан байгаа. Би “Д” ТӨХК-ийг луйврын арга хэрэглэж байна гэж үзэж байна. Труба оруулж тавьснаар байрны үнэлгээ 20 сая төгрөгөөр буурсан. Байцаагч нарын байнга дээрэлхэж доромжилсноос хань минь сэтгэл санааны өвчтэй болсон. Энэ талаар би зарга үүсгэх болно. Нэхэмжлэлд тусгасан мөнгийг төлөх үндэсгүй. Манайд оруулсан шугамаа 1 сарын дотор байх ёстой газар нь шилжүүлж тавихыг шаардаж байна.” гэжээ.

Хариуцагч М.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Бидэнд  дулааны төлбөрөөс чөлөөлсөн зөвшөөрлийн бичиг байгаа. Нэг өдөр биднийг зүгээр байж байтал өөрсдөө ирээд бидэнд туслаач төв шугамаа дээшээ оруулахгүй бол байр хөлдөх гээд байна гээд аймгийн захиргаа болон дулааны сүлжээний эрх бүхий хүмүүс хүсэлт гаргаад уулзаж тэмдэглэл үйлдээд дулааны төлбөрөөс чөлөөлнө гэсний дагуу бид зөвшөөрсөн. Тэр нь төв шугам юм. Бид энэ асуудлаар аймгийн захиргаанд хандаж байсан. Бидэнд зөвшөөрөл гэж нэг зүйл өгсөн” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь хариуцагч М.Б-, Д.С- нарт холбогдуулан дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 4,264,361 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Д.С-аас татгалзаж, хариуцагч М.Б- дулааны төлбөр 4,264,361 төгрөгийг гаргуулахаар хариуцагчийг өөрчилсөн байна.

Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 0005....... тоот гэрчилгээгээр Дархан-уул аймгийн Дархан сумын ...-р баг .. хороолол .. байр ... давхарт байрлах 80,0 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь М.Б- байх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-д зааснаар сууц өмчлөгч нь өөрийн сууцны доторхи засвар, үйлчилгээний бүх зардлыг хариуцахаас гадна мэргэжлийн байгууллагаас үзүүлсэн үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй гэж хуульчилсан байна.

Нэхэмжлэгч “Д” ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 3.1.16-д заасан дулаан түгээх зохицуулалттай хангалт эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хэрэглэгчийг хангах үүргээ биелүүлсэн, харин хэрэглэгч М.Б мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч “Д” ТӨХК-ийн дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөр 4,264,361 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Б- ...”Д” ТӨХК нь ... давхарын подваль дахь өөрийн шугамаа манай 1-р давхарт янз бүрийн арга хэрэглэж шилжүүлж тавьсан. Гэрээнд дулааны төлбөр авахгүй гэж заасан байгаа. Мөнгийг төлөх үндэслэлгүй, манайд оруулсан шугамаа 1 сарын дотор байх ёстой газар нь шилжүүлж тавихыг шаардаж байна гэж маргаж байна.

Зохигчид Дархан сумын ... дугаар багийн ... байрны подвалийн дулааны тарасыг өөрчлөн 1 давхарын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлчилгээний байраар дулаан төв шугамыг дамжин өнгөрүүлэн дулааны узельд холбох угсралтын ажлыг хийх талаар 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хэлэлцэн тохирсон /хэргийн 20 дугаар хуудас/, энэ ажлыг эхлүүлэхэд аймгийн Засаг даргын тамгын газар, Эрчим хүчний зохицуулах хорооны салбар зөвлөлөөс холбогдох хүмүүс ирсэн талаар хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Уг ажлын хүрээнд хариуцагч М.Б- өмчлөлийн Дархан сум ... дугаар баг ...хороолол ... давхарт байрлах 80,0 мкв талбайтай үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа орон сууцны хэсгээр хөндлөн дамжуулалт хийгдэн дулааны эрчим хүч түгээгдсэн, энэ талаар маргаангүй боловч хариуцагч М.Б ...энэ ажлыг хийснээр манайх дулааны төлбөр төлөхгүйгээр гэрээ хийсэн, харин ч өөрсдийн эзэмшлийн шугамыг манай өмчлөлийн байранд байрлуулсны түрээсийг төлөх ёстой. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар  зүйлийн 30.1.5-д заасан хангагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эрчим хүчний төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг төлөхөөр татгалзах, хохирол учирсан бол нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх эрхээ энэ хугацаанд хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагч М.Б- 2011 оноос хойшхи хугацаанд өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа байрны дулааны төлбөр гарсан талаар мэдэж байсан, 2014 оны 12 дугаар сарын 30, 2016 оны 03 дугаар сарын 30, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус хангагч байгууллагад хүсэлт гаргаж байсан, хэрхэн шийдвэрлэж байсан талаар хариу өгөөгүй бол Эрчим хүчний тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар албан тушаалтан, улсын байцаагчид гомдлоо гаргах, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар Эрчим хүчний  Зохицуулах хороо, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд өөрийнх нь  эрх мэдэлд хамаарах асуудлаар маргаан гаргаж шийдвэрлүүлэх, мөн зүйлийн 35.3-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй.

Мөн хариуцагч М.Б- гэрээгээр дулааны төлбөр төлөхгүйгээр шийдвэрлэсэн гэж  маргаж байгаа боловч 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 12 дугаар багийн ...-р дугаар байрны подвалийн дулааны тарасыг өөрчлөн 1 давхарын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа үйлчилгээний байраар дулаан төв шугамыг дамжин өнгөрүүлэн дулааны узельд холбох угсралтын ажлыг хийх талаар харилцан зөвшилцөхөд хариуцагч М.Б- / гэр бүл Д.С-/ тухайн үед складын зориулалтаар одоо үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа орон сууцны дулааны төлбөр тооцоо хийхгүй гэсэн санал оруулж, шийдвэрлэсэн хэсэгт ...2.2009 онд дулааны шугамыг подвалиас шилжүүлэхэд аймгийн захиргаа болон “Д” ХК, 1 давхарын аж ахуйн нэгжтэй тохирсны дагуу дулааны төлбөрөөс  чөлөөлнө... гэснээс өөрөөр эрх бүхий байгууллагын тушаал, шийдвэр гараагүй байна.

Дээрх тэмдэглэлд тусгасан ...дулааны төлбөр төлөхгүй... гэсэн нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д заасан нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо бодитой, хангалттай тодорхой илэрхийлсэн гэрээ байгуулах санал гэж үзнэ.

Иймд мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3-т зааснаар гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөл  болох гэрээний гол нөхцөл буюу ...дулааны эрчим хэрэглэсний төлбөрийг төлөхгүй байх нөхцөл ямар хугацаанд үйлчлэх, ямар үүргийг хэн гүйцэтгэх... зэргийг тусгасан  талууд гарын үсгээ зурсан гэрээ байгуулагдаагүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Нэхэмжлэлийн шаардлагад төлбөр тооцсон хугацааг 2013-2018 онуудын дулааны төлбөр гэжээ.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д ...өөр этгээдээс ямар нэгэн үйлдэл хйих буюу хйихгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-д тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хугацаа гурван жил байна... гэснийг зөрчиж шүүхэд мэдүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын 2016 оны 01 дүгээр сараас 2018 оны 10 дугаар сарын 12 хүртэлхи хугацаанд тооцсон төлбөр / 734,590 + 968,505 + 968,505/ 2,671,600 төгрөгийг хариуцагч М.Батбаяраас гаргуулан “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-д олгож, 1,592,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д  зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгох хуульсан байх тул нэхэмжлэгчээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,179 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн хангагдсан үнийн дүн болох 2,671,600 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 57,696 төгрөгийг хариуцагч М.Батбаяраас гаргуулан нэхэмжлэгч “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч М.Б-ээс   2,671,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Д” ТӨХК-д олгож, 1,592,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,179 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б-ээс 57,696 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д”ТӨХК-д олгосугай.

3. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ