Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01036

 

2022 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2022/01036

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *дугаар хороо, *дугаар байр, * тоотод оршин суух, Б* овогт Г.Н /РД:ХИ*/-ийн нэхэмжлэлтэй,

  Хариуцагч:  Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо,* дугаар хэсэг, * хотхон, * дүгээр байр, *тоотод оршин суух, Ө* овогт С.О /РД:ФД*/-т холбогдох,

  Зээлийн гэрээний үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б 

хариуцагчийн өмгөөлөгч У.Т

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Г.Нхариуцагч С.От шүүхэд холбогдуулан үндсэн зээл үүрэгт 25 200 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Г.Ннь 2019 оны 08-р сарын 30-ны өдөр хариуцагч С.Отай Зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч С.О нь зээлийн гэрээний үүргээ одоог хүртэл биелүүлээгүй. Зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 15 000 000, хүү 1 800 000 нийт 16 800 000 төгрөгний алданги нь Иргэний хуулийн 232.4 дэхь хэсэгт заасны дагуу анзийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул 8 400 000 төгрөг болж байна. Иймд Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282-р зүйлийн 282.1, 232-р зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт тус тус заасны дагуу С.Оаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг, алданги 8 400 000 төгрөг, нийт 25 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 1 200 000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн тул нийт дүнгээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэв.

2. Хариуцагч хариу тайлбартаа: 2019 оны 8 сарын 30-ны өдөр иргэн Г.Наранцэцэгтэй 15 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 3 сарын хугацаагаар байгуулж, мөнгө зээлж авч байсан. Зээлийн гэрээний үүрэгт би 1 200 000 төгрөгийн мөнгөн төлбөр төлж байсан. Гэтэл нэхэмжлэгч нь огт мөнгө төлж байгаагүй мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуульд заасан тодорхой нөхцөл хангагдсан тохиолдолд алданги тооцох, алдангийг гэрээг тодорхой хэлбэрээр хийх зэрэг шаардлагыг хуульд заасан байдаг. Мөн уг шаардлагыг хангаагүй бол алданги шаардах эрхгүй гэж хуульд заасан. Зээлийн гэрээний үндсэн мөнгөнөөс төлсөн төлбөрийг хасч үлдэх төлбөрийг тодорхой хугацаанд төлөх саналтай байна. Нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дэлхий нийтээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь алдагдсан нөхцөл байдал үүссэн, энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгах боломжтой тул шүүх энэ үндэслэлээр багасгаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс 2019.08.30-ны өдрийн Зээлийн гэрээ, 2019.08.30-ны өдрийн барьцааны гэрээ, С.Оын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудыг /хх-ийн 4-6/

4. Хариуцагчаас Б.Өнөрцэнгэлийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна./хх-ийн 29/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагаас 23 100 000 төгрөгийг хангаж, илүү нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2019 оны 08-р сарын 30-ны өдөр хариуцагч С.Отай Зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай 15 000 000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 15 000 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг, алданги 8 400 000 төгрөг, нийт 25 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч нь 1 200 000 төгрөгийг төлсөн баримтыг ирүүлсэн тул нийт дүнгээс хасаж тооцоход татгалзахгүй. гэж тайлбарлав.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

...Зээлийн гэрээний үүргээ биелүүлж 1 200 000 төгрөгийг төлсөн байхад уг мөнгийг тооцоогүй байсан. Дэлхий нийтээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь алдагдсан нөхцөл байдал үүссэн, энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. ... алдангийг багасгах үндэслэлтэй. гэв.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах байдал тогтоогдож байна.

Талуудын хооронд 2019 оны 08-р сарын 30-ны өдөр Зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр 15 000 000 төгрөгийг, сарын 4 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар зээлэхээр харилцан тохиролцож, хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон байна./хх-ийн 4/

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон Хан-уул дүүргийн 3-р хороо, Үйлдвэр, Ажилчин гудамж 185/2 тоот хаяг байршилтай 115.2 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлж авсан болон төлбөрт 1 200 000 төгрөгийг төлсөн асуудлаар талууд маргаангүй байна. /хх-ийн 5-6/

 

Нэхэмжлэгч Г.Ннь барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан байх ба мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэснээр нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, зээлийн хүү 1 800 000 төгрөг, нийт 16 800 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан гэрээний 1.1-д зээлдэгч нь гэрээний хугацаанд мөнгийг төлөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5% алданги төлнө. гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцсэн байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 11 сарын 30-ны өдрөөс алдангийг тооцож, гүйцэтгээгүй үндсэн үүргээс алдангийг тооцож, алдангид 7 500 000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн дүнгээс 1 200 000 төгрөгийг хасаж тооцоход татгалзахгүй гэж тайлбарлаж байх тул дээрх дүнг зээлийн хүүгээс хасаж тооцох үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч С.Оаас үндсэн зээлийн 15 000 000 төгрөг, хүүгийн 600 000 төгрөг /3 сарын хүү 1 800 000 - 1 200 000/, алданги 7 500 000 төгрөг, нийт 23 100 000 төгрөгийн шаардлагыг хангаж, илүү нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч ...Дэлхий нийтээр Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь алдагдсан нөхцөл байдал үүссэн, энэ нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийг багасгах боломжтой тул шүүх энэ үндэслэлээр багасгаж өгнө үү. гэж тайлбарласан хэдий уг зээлийг хувийн хэрэгцээнд авсан түүнчлэн үйл ажиллагаа нь алдагдсан гэх баримтгүй тул алдангийг багасгах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

6. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Оаас зээлийн гэрээний үүрэгт 23 100 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 283 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оаас улсын тэмдэгтийн хураамжинд 273 450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Наранцэцэгт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ