Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01166

 

 

 

 

 

.....-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01036 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч .....-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ....-т холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 25,200,000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

.....- нь 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр ....-тай зээлийн гэрээ байгуулж 3 сарын хугацаатай 15,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлсэн. ....- нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Гэрээний 1.1-д заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,800,000 төгрөг, нийт 16,800,000 төгрөг төлөөгүй. Алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 8,400,000 төгрөг болно. Иймд ....-аас зээлийн гэрээний үүрэгт 25,200,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

.....-ээс 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн төлбөрт 1,200,000 төгрөг төлснийг зээлийн төлбөрөөс хасаж тооцоогүй байна. Үлдэгдэл төлбөрийг тодорхой хугацаанд төлөх саналтай байна. Коронавируст цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа нь алдагдсан нөхцөл байдал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримт юм. Иймд алдангийг багасгаж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ....-аас зээлийн гэрээний үүрэгт 23,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .....-т олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч .....-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ....-аас улсын тэмдэгтийн хураамжид 273,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч .....-т олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

2019 оны 12 дугаар сард дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч Монгол улсад 2020 оны 03 дугаар сард цар тахал тархсаны улмаас эдийн засгийн эргэлт зогссон. Иймээс уг хугацаанд ....- зээлийг төлөх боломж нь хязгаарлагдсан. Гэтэл шүүх ....- уг хугацаанд зээлийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй мэт дүгнэсэн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Иймд анхан шатны шүүх алданги 7,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан. Зээлийн гэрээний хугацаа дуусаад 2 жил 3 сар өнгөрсний дараа нэхэмжлэл гаргасан. Энэ хугацаанд зээлдэгч төлбөрөө төлөөгүй. ....- Короновирус цар тахлын үе байсан гэж тайлбарласан боловч ямар бизнес эрхэлж, хэдий хэмжээний алдагдал хүлээсэн талаар баримт байхгүй. Алдангийг тооцоход 15,000,000 төгрөг боловч 1 хоногийн алданги 78,000 төгрөгөөр тооцвол нэхэмжлэл гаргах хүртэл 63,000,000 төгрөгийг төлөхөөр байсан боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон шүүхийн шийдвэрийн талаар.

 

1.а. Нэхэмжлэгч .....- нь хариуцагч ....-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,800,000 төгрөг, алданги 8,400,000 төгрөг, нийт 25,200,000 төгрөгөөс зээлдэгчийн төлсөн 1,200,000 төгрөгийг хасаж 24,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч ...Коронавируст цар тахалтай холбоотой зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон тул алдангийн хэмжээг багасгаж өгнө үү... гэж тайлбар гарган маргажээ.

 

1.б. Талуудын хооронд 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч .....- нь 15,000,000 төгрөгийг зээлдэгч ....-т зээлдүүлэх, зээлдэгч нь 15,000,000 төгрөгийг 3 сарын хугацаанд 4 хувийн хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэсэн тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэж заасан.

 

Зээлдүүлэгч .....- нь дээрх зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг зээлдэгч ....-т шилжүүлэн өгсөн үйл баримтын талаар талууд маргаагүй байна. Иймд зээлдүүлэгч .....- нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 1,800,000 төгрөг, нийт 16,800,000 төгрөгийг гаргуулахаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

1.в. Талууд зээлийн гэрээний гэрээний 1.1-д Зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх эрхтэй гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан тул нэхэмжлэгч .....- нь хариуцагч ....-аас алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагч ....- зээлийн гэрээний үүрэгт 1,200,000 төгрөгийг эхнэр Б.Өнөрцэнгэлийн дансаар дамжуулан төлсөн болох нь ХААН банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон ба үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн. (хх-ийн 29)

 

Иймд анхан шатны шүүх алдангийг зээлийн гэрээнийн хугацаа дууссан 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тооцож ....-аас үндсэн зээл 15,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 23,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч .....-т олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

2.а. Хариуцагчийн өмгөөлөгчийн ...Коронавируст цар тахалын улмаас хариуцагчийн орлого олох боломжгүй тул алданги 7,500,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулах... тухай гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь талууд зээлийн гэрээг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан тул Монгол Улсад Коронавируст цар тахал дэгдэхээс өмнө зээлийн төлбөрийг төлөх үүрэг үүссэн байна.

 

Түүнчлэн, хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгийг бизнесийн ямар үйл ажиллагаанд зарцуулсан, уг бизнесийн үйл ажиллагаа нь Коронавируст цар тахалын нөлөөнд өртсөн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй буюу алдангийн хэмжээг багасгах хэргийн нөхцөл байдлыг нотлоогүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, давж заалдах шатны шүүх алдангийг багасгах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2022/01036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгчийн урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ