Шүүх | Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбарамын Энхжаргал |
Хэргийн индекс | 135/2018/00694/и |
Дугаар | 23 |
Огноо | 2019-02-13 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 23
Б.М-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хэргийн индекс: 135/2018/00694/и
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б.М-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч “М-Ө” ХХК-д холбогдох
“31.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг
Нэхэмжлэгч Б.М-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн
Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цагаандарь, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.
Нэхэмжлэгч Б.М-өөс:
Манай компани нь Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороололд үйлчилгээний зориулалттай нийт 838,87 м.кв талбай бүхий подвольтой нэг давхар барилга барьсан юм. “М-Ө” ХХК нь тус барилгын подволь болон 1 давхрын 419,435 м.кв талбай бүхий тал хэсгийг 240.000.000 төгрөгөөр худалдахаар 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №011 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу “М-Ө” ХХК нь 32.262.200 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг банкнаас зээл авч 2016 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлөх ёстой байсан боловч банкнаас нэмэлт барьцаа хөрөнгө шаардаж, зээл нь бүтэхгүй болсон. Ингээд үлдэгдэл төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тул объектыг чөлөөлж өгөхийг шаардахад сонгууль болж байна. Манай компани ид ашиг олдог үе учраас түрээсэлье гэж хэлээд 1 сарын 3.500.000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцон манай байранд үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилгыг суллаж өгсөн.
Иймд “М-Ө” ХХК 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулж, ашиг олсон байдаг тул 1 сарын түрээсийн төлбөрийг 3.500.000 төгрөгөөр тооцож, нийт 31.500.000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цагаандариас:
“М-Ө” ХХК Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол нэхийгийн байрны зүүн талд орших подвольтой 1 давхар ногоон барилгын тал хэсгийг буюу 209.7 м.кв талбай бүхийг байрыг авахаар болж иргэн Б.М-тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан цагаасаа гэрээний үүргээ биелүүлж, гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог хийж урьдчилгаа төлбөрт 32.262.200 төгрөг төлсөн бөгөөд банкнаас зээл авч үлдэгдэл төлбөрийг хийх талаар Б.М-тэй тохиролцсон байсан. Үлдэгдэл төлбөр хийх хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр дуусах байсан. Манай компани хугацаа дуусахаас өмнө 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Худалдаа хөгжлийн банкинд хандаж зээл хүссэн өргөдөл гаргасан ба банкнаас зээлийн судалгаа хийх үед хариуцагч Б.М- ярьж тохирсноосоо буцаж уг барилгын доорх газраа зарахгүй, барьцаанд тавихгүй гэснээс болж гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон. Барилга газартайгаа хамт байж үл хөдлөх хөрөнгө болох бөгөөд газраас салмагц мөн чанараа алдах тул бид худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан. Гэрээний урьдчилгаа төлбөрт өгсөн 32.262.200 төгрөгийг Б.М- буцаан өгсөн бол тэр өдөр нь байрнаас гарах боломжтой байсан. Гэтэл энэ мөнгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.
Б.М- болон бидний хооронд уг барилгыг түрээслэх эсэх талаар ямар нэгэн яриа хөөрөө хийж, гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй.
Нэхэмжлэлд бичсэн шиг бидний зүгээс сонгууль болж байна, манай компани эд ашиг олдог үе учраас нэг сарын 3.500.000 төгрөгөөр түрээсэлье гэж хэлсэн удаа байхгүй. “М-Ө” ХХК-ийг уг байранд үйл ажиллагаа явуулж ашиг олсон гэж 31.500.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “М-Ө” ХХК-аас 31.500.000 төгрөг гаргуулах тухай Б.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.М- давж заалдсан гомдолдоо:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
Нэг. Хариуцагч “М-Ө” ХХК нь “2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд манай үйлчилгээний зориулалттай талбайд үйл ажиллагаа явуулж ашиг олсон байдаг тул нэг сарын түрээсийн төлбөрийг 3.500.000 төгрөгөөр тооцож нийт 31.500.000 төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг “М-Ө” ХХК, түүний захирал Ц.Батцэнгэлд холбогдуулан гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгүүдэд зааснаар гаргасан байдаг. Талуудын хооронд үүссэн харилцаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл байхад тус шүүхийн зүгээс гэрээний эрх зүйн харилцаа гэж үзэн Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 тус тус заалтууд буюу гэрээнээс татгалзсантай холбогдон үүсэх хохирол гэж нэхэмжлэгч тал шаардлагаа гаргасан мэтээр тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч “М-Ө” ХХК-ийн санаачилгаар гэрээнээс татгалзаж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 011 тоот худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон байхад шүүхийн зүгээс тус гэрээний үүрэг дуусгавар болоогүй, тухайн байрыг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшсэн нь үндэслэлгүй хөрөнгөжсөн үйлдэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь тухайн эрх зүйн харилцааг буруу дүгнэсэн байна.
2016 оны 1 дүгээр сарын 15-аас 2016 оны 10 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацаанд “М-Ө” ХХК нь Б.М-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үндэслэлгүйгээр эзэмшиж, үйл ажиллагаа явуулан ашиг олж байсан. Эдгээр үйл баримт нь хэрэгт авагдсан “М-Ө” ХХК-ийн 2016 онд үйл ажиллагаа явуулж, татвар төлж байсан талаарх Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн баримт, мөн 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “М-Ө” ХХК нь иргэн Ганзулаар гражийн зориулалттай байсан талбайг үйлдвэрлэлийн зориулалттай болгон засварлахаар барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулан ажлын хөлсийг төлж байсан нь бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар тус тус хангалттай нотлогдож байхад эдгээр нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.М- хариуцагч “Мон- Өртөөчин” ХХК-иас 31.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Зохигчид 2016 оны 01 дүгээр сарын 15-нд худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Б.М- нь ...подвалтай 1 давхар барилгын зарим хэсгийг худалдах, “М-Ө” ХХК эд хөрөнгийн үнэ 240.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх, урьдчилж 32.262.200 төгрөгийг төлсөн, үлдэх төлбөрийг банкнаас зээл авах журмаар төлөхөөр тохирсон..., худалдан авагч гэрээнээс татгалзжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ “..хариуцагчтай түрээсийн гэрээг амаар тохирч байгуулсан гэж, мөн байранд нь байхдаа үйл ажиллагаа явуулж ашиг олсон ...” гэж тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар талууд түрээсийн гэрээний буюу үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртэйгөөр эзэмших, ашиглах гэрээний тохиролцоо хийсэн нь тогтоогдоогүй байна.
Харин худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч урьдчилгаа мөнгө төлж, улмаар үл хөдлөх хөрөнгийг гэрээнээс татгалзах хүртэл хугацаанд эзэмшиж байсан үйл баримт тогтоогдож байна.
Худалдах, худалдан авах гэрээний харилцаа нэг тал татгалзсанаар дуусгавар болж түүний үр дагаврыг нэг тал нэхэмжлэл гаргаснаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хоёр талын гэрээнд гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшигч буцааж өгсөн байна.
Харин гэрээ биелснээс олсон ашиг гэдэг нь Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шим гэж ойлгогдоно.
Иймд гэрээнээс татгалзсан хугацаанд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшихдээ олсон орлогыг ашиг гэж үзэх боломжгүй.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг дүгнэхдээ Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэснийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм.
Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй болохыг зохицуулсан зохицуулалт болно.
Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад тулгуурлан, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнэсэн байх тул, нэхэмжлэгчийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй байх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1123 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.М-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315.450 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.НАРАНГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ОЮУНЦЭЦЭГ
С.ЭНХЖАРГАЛ