Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2020/03645

 

 

 

 

 

            2020        10          21

                                 101/ШШ2020/03645

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

НэхэмжлэгчП.Ч-ийн гаргасан,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

7,500,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч, Б.А, гэрч У.Л, нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч П.Чийг Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучилж өгөхөөр тохирч 7,500,000.00 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн “Х банк” ХХК-ийн дансаар хүлээж авсан байдаг. Тухайн ажил нь бүтэхгүй болсон тул чамайг Япон улсад зуучилж өгөх ажил бүтэлгүйтсэн, чиний мөнгийг би өөрийн хэрэгцээндээ авч хэрэглэсэн нь үнэн, 2019 оны 08 дугаар сард 2,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгч үлдэх 5,000,000.00 төгрөгийн үнийн дүнд зээлийн гэрээ байгуулсан.

 

Ингээд хариуцагч Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч П.Чоос 5.000.000.00 төгрөгийг хүүгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлсэн ба тохирсон хугацаанд мөнгийг эргүүлэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор бичгээр гэрээ хийсэн.

Б.Б нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул үндсэн зээл 5,000,000.00 төгрөг, алданги 2,500,000.00 төгрөг буюу нийт 7,500,000.00 төгрөг гаргуулан П.Чт олгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2017 оны 12 дугаар сарын сүүлээр манай ажлын танил УИХ-ын гишүүн н.Н-ийн бие төлөөлөгч туслах н.Ж гэдэг хүн манай өрөөнд орж ирэхдээ миний найз Япон улсад ажиллах хүч гаргадаг тул ажиллах хүсэлтэй хүн байвал холбож өгөөч гэсний дагуу арван жилийн ангийн хүүхдийн хүргэн ах болох П.Чийг н.Ж-ын найз н.С гэх хүнтэй холбож өгсөн.

 

н.С нь П.Чийг японд ажиллах хүч зуучлах зорилготой Г гэх компани дээр дуудан уулзаж үйл ажиллагааг нь танилцуулснаар хоорондоо тохиролцож, П.Ч нь тус улсад ажилд зуучлуулан ажиллахаар болж, зуучлалын хөлсийг Г компанид төлж, гэрээ байгуулаад япон хэлний сургалтанд хамрагдсан юм. Харин зуучлалын хөлсөө төлөх үед  н.С мөнгөө Б.Бгийн дансаар явуул гэж П.Чт хэлсний дагуу надтай эргэн холбогдсон.

 

Би, яагаад ингэж байгаа тухай н.Соос асуутал тэр хэлэхдээ “ах нь олон хүн зуучладаг тийм болохоор чиний явуулсан холбож өгсөн хүмүүсийг тодорхой мэдэж чадахгүй байна, иймдээс чи өөрийн дансаар мөнгийг нэгтгэж над руу явуулах юм бол би чиний явуулсан хүн гэж мэдээд санхүүг нь тооцоход амар байх болно, мөн чамайг хүн олж өгч байгаагийн хувьд шагнамаар байна тэгэхээр эхлээд зуучлалын мөнгийг дансандаа аваад над руу залгаж байгаад би чамайг шагнаж буй мөнгийн өөрийн дансандаа үлдээж, бусад мөнгөө над руу явуулаарай” гэж тайлбарласан.

 

Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр П.Ч болон н.Г гэх хоёр хүнээс мөнгө хүлээж авсан ба нэхэмжлэгч нь Х банк” ХХК-ийн  данснаас миний дансанд 7,500,000.00 төгрөгийг шилжүүлсэн. Үүний хүрээнд би н.Соос асуутал П.Ч болон н.Г хоёрын тус тусын 5,000,00.00 төгрөгийг нийлүүлээд нийт 10,000,000.00 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлээд үлдсэн мөнгийг нь чамд шагнал болгож үлдээе гэж хэлсэн. Би тэр дариуд нь 10,000,000.00 төгрөгийг н.Сын дансанд шилжүүлсэн. Ингэснээр П.Чийн 7,500,000.00 төгрөгийн 2,500,000.00 төгрөг нь намайг шагнасан мөнгө болсон.

 

Гэвч Г компани нь хүмүүсээ зуучилсангүй гэсэн үндэслэлээр П.Ч нь мөнгөө нэхэж эхлэсэн бөгөөд би өөрт хамаарах 2,500,000.00 төгрөгийг эргүүлэн өгөхдөө 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдер 1,000,000.00 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,500,000.00 төгрөг, нийт 2,500,000.00 төгрөгийг П.Чийн 5135468527 тоот данс руу шилжүүлсэно.

 

Харин н.Сод шилжүүлсэн 5,000,000.00 төгрөгийг түүнээс  нэхсэн боловч өгөөгүй ба одоог хүртэл холбогдоогүй. Үүний улмаас би 2018 оны 12 дугаар сард н.Сыг дуудан П.Чтой уулзуулсан бөгөөд тэр 2 үлдсэн 5,000,000.00 төгрөгийн асуудлыг намайг оролцуулахгүй шийдэхээр болсон. Гэтэл үүнээс хойш н.С мөнгөө төлөөгүй, утсаа авалгүй зугтаагаад олдохгүй байгаа. Тийм учраас 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр П.Ч над дээр ирж уулзахдаа н.С мөнгийг нь өгөхгүй маш хэцүү байна, бас гэр бүлийн асуудал байгаа тухай ярьсан, эхнэрээ авч хөдөө явах гэсэн чинь эхнэр нь мөнгөө олж авч байж явна гээд уурлаад байгаа тул хөдөө ажил нь хэцүүдэж байна, мөн н.Сыг олтол эхнэрийнхээ сэтгэлийг амраах үүднээс надтай зээлийн гэрээ байгуулчихая гэж гуйсан. Миний бие дургүй байсан боловч П.Ч нь миний арван жилийн дотны найзын маань хүргэн ах тул би гэр бүлийн асуудлыг нь хүндэтгэн үзэж зээлийн гэрээнд нь гарын үсэг зурсан болно.

 

Энэхүү гэрээгээр 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид зээлдүүлсэн гэх утга агуулгатай. Уг зээлийн гэрээнд зээлдүүлэгчээс мөнгийг гардуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, талууд үүргээ бодитойгоор биелүүлснээр дуусгавар болохоор заасан байдаг. Өөрөөр хэлбэл, 2019 оны 08 дугаар сарын         19-ний өдрөөс хойш 5,000,000.00 төгрөгийг гардуулсан тохиолдолд бодитоор зээлийн гэрээ байгуулагдана гэсэн нь Иргэний хуулийн 282.4-т зааснаар зохицуулагдах ёстой.

 

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дансаар шилжүүлсэн 7,500,000.00 төгрөгийг нөхөж зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарладаг. Г ХХК-тай гэрээ байгуулж кассын орлогын баримт гэх 2 баримтыг дээрх компаниас нэхэмжлэгчид олгосон боловч нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар өгөөгүй. Гэвч уг үйл баримтыг У.Л гэх хүн гэрчиллсэн. Уг 5,000,000.00 төгрөг нь зээлийн гэрээний төлбөр бус харин Г ХХК болон П.Ч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний төлбөр байсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэв” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад          

  ҮНДЭСЛЭХ нь

 

Нэхэмжлэгч П.Чоос хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,000,000.00 төгрөг, алданги 2,500,000.00 төгрөг, нийт 7,500,00.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүхээс энэ хэрэгт 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тэрээр хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Гэвч шүүх, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч П.Ч 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Бтэй зээлийн гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хүүгүй зээлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан байх боловч гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлээгүй тохиолдолд түүнд зээлийг буцаан төлөх үүрэг үүсэхгүй юм.

 

            Тодруулбал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаас үзэхэд зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх учиртай.

 

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар талууд 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч П.Ч 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Б.Бгийн “Х банк” ХХК дахь дансанд 7,500,000.00 төгрөгийг шилжүүлж, хожим 2,500,000.00 төгрөгийг буцаан авсан байна.

 

Гэтэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, мөн талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч У.Л-ийн мэдүүлэгт тус тус дурдсанаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч П.Чийг Япон улсад явахад нь зуучлах зорилгоор түүнээс 7,500,000.00 төгрөгийг “Г” ХХК-нд өгөх зорилгоор авчээ.

 

Иймээс хариуцагч Б.Бг 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр авсан 7,500,000.00 төгрөгийг ашиглах буюу зээлэх зорилгоор бус, харин нэхэмжлэгч П.Чийг Япон улсад явахад нь зуучлахаар авсан гэсэн үйл баримт тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй байна.

 

Тус хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 410.2-т “Хөлс, шагналын хэмжээг харилцан тохиролцоогүй бол тогтсон нийтлэг жишиг хэмжээгээр тохиролцсон гэж үзнэ” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч П.Чийг Япон улс руу явахаар төлөвлөсөн байсныг хариуцагч Б.Б мэдээд түүнийг тухайн улсад суралцах, ажиллахаар явах хүмүүсийг зуучилдаг “Г” ХХК-тай холбож, үүний хөлсөнд уг компаниас нэхэмжлэгчийн өгсөн 7,500,000.00 төгрөгөөс 2,500,000.00 төгрөгийг авсан байна.

 

Гэтэл зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч П.Ч нь Япон улс руу явж чадаагүй тул хариуцагч Б.Б нь зуучлалын хөлсөнд авсан 2,500,000.00 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгч, үлдэх 5,000,000.00 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгнө гэж тохирсон байна. Өөрөөр хэлбэл, талууд зуучлалын гэрээний зорилго биелэгдээгүй учраас гэрээгээ цуцалж, өгсөн болон авсан зүйлээ харилцан буцаахаар тохирчээ.

 

Гэвч хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагч Б.Бг энэхүү 5,000,000.00 төгрөгийг “Г” ХХК-нд өгсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг тус компаниас авах ёстой гэж маргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс уг үйл баримтыг тодруулахаар хариуцагчийн хүсэлтээр тус компаниас үүнтэй холбоотой нотлох баримт бүрдүүлэх, У.Л, н.Ж нарыг гэрчээр оролцуулж, үзлэг хийхээр шийдвэрлэсэн.

 

Ингээд шүүхээс “Г” ХХК-нд үйл ажиллагаа явуулдаг хаягаар нь нотлох баримт бүрдүүлэх тухай шүүхийн захирамжийг хүргүүлсэн боловч уг компани нь дээрх хаягт байдаггүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гэрч н.Жаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд цахим орчинд хийсэн үзлэгээр нэхэмжлэгч П.Ч болон хариуцагч Б.Б нар “Г” ХХК-нд 5,000,000.00 төгрөгийг өгсөн гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч Б.Б нь талуудын маргаж буй 5,000,000.00 төгрөгийг н.С гэж хүнд өгсөн гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно” гэж зааснаар хариуцагчийг уг 5,000,000.00 төгрөгийг “Г” ХХК-нд өгсөн гэж үзэхгүй, хариуцагч тал н.Сыг тухайн компанитай холбоотой гэсэн тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч тал талуудын маргаж байгаа 5,000,000.00 төгрөгийг “Г” ХХК-нд өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй, харин нэхэмжлэгчид буцаан өгөхөөр гэрээ байгуулсан нь түүнийг уг мөнгийг түүнд буцаан өгөхийг зөвшөөрсөн гэх дүгнэх үндэслэл болж байна.

 

Иймд, нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Б.Бгээс Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг үндэслэн 5,000,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 2,500,000.00 төгрөгийн хамт нэхэмжилсэн боловч нэгэнт тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн талаархи тохиролцоог хүчинтэй гэж үзэхгүй.

 

Учир нь, тус хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ” гэж зааснаар алданги нь гэрээний харилцаа үүсч, хүчин төгөлдөр байгаа тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болж чадах бөгөөд нэгэнт зохигчдын дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги гэж 2,500,000.00 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй.

 

Нөгөө талаар зохигчид Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1- “Үүрэг дараахь үндэслэлээр дуусгавар болно” гээд 236.1.3-д “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж, мөн 236.2-т “Энэ хуулийн 236.1.3-т заасан тохиолдолд өмнөх үүргийн харилцаа дуусгавар болно” гэж тус тус зааснаар хариуцагч Б.Бгээс зуучлалын гэрээний дагуу нэхэмжлэгч П.Чт буцаан өгөхөөр тохиролцсон 5,000,000.00 төгрөгийг тийнхүү зээлийн гэрээ болгон өөрчилсөн бол тухайн зуучлалын гэрээний харилцаа дуусгавар болж, шинээр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж болох хэдий ч талууд анхнаасаа зуучлалын гэрээгээр шилжүүлсэн 5,000,000.00 төгрөгийг буцаан өгөх зорилготой байсан ажээ

 

Тайлбарлавал, зохигчид өмнөх гэрээний үүргийг солихоор тохиролцсон бол энэ талаар ойлгомжтой тодорхой тохиролцсон байхын сацуу тэд шинээр үүсэх гэрээний зорилгыг ухамсарлаж, эрх, үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо илэрхийлсэн байх учиртай юм. Гэвч талууд гагцхүү зуучлалын гэрээний дагуу өгсөн 5,000,000.00 төгрөгийг буцаан өгөхөөр тохиролцсон учраас үүргийг сольсон гэж дүгнэх боломжгүй байна.

 

Иймд,  шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 5,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Бгээс 5,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,000.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 94,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МАНДАЛБАЯР