Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00044

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00044

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       П.Чийн нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/03645 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Чийн хариуцагч Б.Бямбасүрэнд холбогдуулан гаргасан 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Б.Бнь П.Чийг Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр зуучилж өгөхөөр тохирч 7 500 000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Хаан банк” ХХК-ийн 5031739969 тоот дансаар хүлээж авсан. Ажил нь бүтэхгүй болсон тул 2019 оны 8 дугаар сард 2 500 000 төгрөгийг буцаан өгч үлдэх 5 000 000 төгрөгийн үнийн дүнд зээлийн гэрээ байгуулсан. 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөг хүүгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлдэн авч, тохирсон хугацаанд мөнгийг эргүүлэн өгөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцохоор бичгээр гэрээ байгуулсан. Б.Бнь тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө эргүүлэн төлөөгүй тул үндсэн зээл 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг, нийт 7 500 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн хариу тайлбарт: 2017 оны 12 дугаар сарын сүүлээр ажлын танил Япон улсад ажиллах хүч гаргадаг, хүн байвал холбож өгөөч гэсний дагуу арван жилийн ангийн хүүхдийн хүргэн ах болох П.Чийг н.С гэх хүнтэй холбож өгсөн. н.С нь П.Чийг “ГЛ” компани дээр дуудан уулзаж үйл ажиллагааг нь танилцуулснаар хоорондоо тохиролцсон.  П.Ч нь тус улсад ажилд зуучлуулахаар болж, зуучлалын хөлсийг “ГЛ” компанид төлж, гэрээ байгуулж япон хэлний сургалтанд хамрагдсан. Харин зуучлалын хөлсөө төлөх үед н.С мөнгөө Б.Б данс руу шилжүүл гэсэн. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр П.Ч, н.Гонгор гэх хоёр хүнээс мөнгө хүлээж авсан. н.С “П.Ч болон н.Гонгор хоёрын тус тусын 5 000 00.00 төгрөгийг нийлүүлээд нийт 10 000 000 төгрөгийг өөрийн 5720991212 тоот данс руу шилжүүлээд үлдсэн мөнгийг нь чамд шагнал болгож үлдээе” гэж хэлсэн. 10 000 000 төгрөгийг н.Сын дансанд шилжүүлж, 2 500 000 төгрөгийг шагнал болгож өгсөн. Гэвч “ГЛ” компани хүмүүсийг зуучлаагүй гэж П.Ч мөнгөө шаардсан бөгөөд би 2 500 000 төгрөгийг П.Чийн 5135468527 тоот данс руу шилжүүлсэн. Харин н.Сод шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг шаардсан боловч одоог хүртэл өгөөгүй. П.Ч н.Сыг олтол зээлийн гэрээ байгуулъя гэж гуйсан учраас гэрээнд гарын үсэг зурсан. Нэхэмжлэгч “ГЛ” ХХК-тай гэрээ байгуулж кассын орлогын 2 баримтыг компаниас өгсөн боловч шүүхэд нотлох баримтаар өгөөгүй. Уг үйл баримтыг У.Лхагвадорж гэрчилсэн. 5 000 000 төгрөг нь зээлийн гэрээний төлбөр бус харин “ГЛ” ХХК болон П.Ч нарын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээний төлбөр байсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Б 5,000,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135 000 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагчаас 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амгаланбаатарын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй буюу хариуцагч Б.Бнь зээлийн гэрээний үүрэгт ямар нэг төлбөр төлөх үндэслэлгүй, нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт төлбөр шаардах эрхгүй гэдгийг зөв дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 410 дугаар зүйлийн 410.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.Б 5 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж дүгнэсэн нь шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг өөрийн санаачилгаар өөрчилж, шүүх хөндлөнгийн байх зарчмыг ноцтойгоор зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт тухайн нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлж түүний үндэслэлийг нотлохоор зохицуулснаас бус шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, шийдвэр гаргах талаар зохицуулаагүй юм. Хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар нэхэмжлэгчтэй мэтгэлцэхээс бус шүүгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар шүүгчтэй мэтгэлцэх үүрэггүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхойлж, түүнийг зөвшөөрөх эсэх талаар тус шаардлага үндэслэлийн хүрээнд зохигчид мэтгэлцэж шүүх түүнийг хөндлөнгийн зүгээс хянан шийдвэрлэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах шаардлага гаргаж байхад шүүх түүнийг нь үндэслэлгүй гэж үзсэн атлаа зуучлалын гэрээний үүрэгт төлбөр гаргуулж шийдвэрлэж байгаа нь хууль хэрэглээний ноцтой алдаа болохын зэрэгцээ талуудын мэтгэлцэх эрхийг зөрсөн гэж үзэж байна. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн санаачилгаар өөрчлөн түүний хууль зүйн үндэслэлийг тодорхойлон шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчид нэхэмжлэлийн шаардлага түүний хууль зүйн үндэслэлийн талаар мэтгэлцэх шаардлагагүй юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт нэхэмжлэл түүний шаардлага үндэслэлтэй эсэх талаар зөвхөн зохигчид мэтгэлцэх талаар зохицуулсан. Гэтэл шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар мэтгэлцүүлж, тус зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа зуучлалын гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууринаас мэтгэлцсэнээс бус зуучлалын гэрээний үүрэгт төлбөр төлөх талаар мэтгэлцээгүй. Шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үндэслэлгүй гэх татгалзлын үндэслэлээ “ГЛ” ХХК-тай холбож тайлбарласнаас биш хариуцагч нь нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээ байгуулж тус үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар огт мэтгэлцээгүй. Шүүх талуудын мэтгэлцсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан дүгнэлт хийж зуучлалын гэрээний үүрэгт төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Б.Б 7 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зохигчид харилцан мөнгө өгч, авалцсан талаар маргаагүй, харин уг мөнгөн дүнг нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн дээр 7 500 000 төгрөгийг нэхэмжилж байгаа бол хариуцагч “П.Ч “ГЛ” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулж, 7 500 000 төгрөг төлсөн. 2 500 000 төгрөгөөр н.С намайг шагнасан, харин үлдэх 5 000 000 төгрөгийг н.Сын данс руу шилжүүлсэн. н.Сыг олох хүртлээ зээлийн гэрээ байгуулъя гэж гуйсан учраас гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгө өгсөн авсан зүйлгүй” гэж татгалзаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Хариуцагч нь нэхэмжлэгчийг Япон улс руу зуучлалын шугамаар явуулахаар ярилцаж, нэхэмжлэгч нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагчийн дансанд 7 500 000 төгрөг шилжүүлсэн, үүнээс хариуцагч нь 2 500 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцааж өгсөн, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч Б.Бнэхэмжлэгч П.Чоос 5 000 000 төгрөг, хүүгүй 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зээлдэн авсан тухай гэрээ байгуулсан байна. /хх6/

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээ байгуулагдсан, 7 500 000 төгрөгийг зээлэх зорилгоор бус нэхэмжлэгчийг Япон улсад явахад нь зуучлахаар авсан гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгөн дүнгээс 5 000 000 төгрөгийг Япон улсад ажиллах хүч гаргадаг “Грийн лабор” ХХК-д шилжүүлсэн гэх тайлбараа хангалттай баримтаар нотлоогүй. Хариуцагчийн татгалзлын үндэслэлээ нотлохоор ирүүлсэн хэргийн 38 дугаар тал дах Хаан банкны дансны хуулгаас үзэхэд хариуцагч нь 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 10 000 000 төгрөгийн зарлага гаргасан байх боловч хүлээн авсан этгээд нь тодорхойгүй. Иймд хариуцагчийг “Грийн лабор” ХХК-д зуучлалын хөлс гэж шилжүүлсэн гэж дүгнэхэд эргэлзээтэй байна.

Нэхэмжлэгчийн шилжүүлэн өгсөн 7 500 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг хариуцагч нь зуучлалын үндсэн дээр бусдад шилжүүлэн өгсөн гэдгээ хангалттай нотлоогүй бөгөөд хэргийн нөхцөл байдлаас үзэхэд талууд зуучлалын гэрээтэй холбоотой үүргийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.1.3 дах хэсэгт зааснаар дуусгавар болгож зээлийн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 5 000 000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй.  

Зохигчид гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон байх ба шүүх алдангийн 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах гомдол гаргасан хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх нь талуудын зарчимд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/03645 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.Чт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.    

        

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                          ШҮҮГЧИД                              Б.НАРМАНДАХ

 

                                                          А.МӨНХЗУЛ