Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 24

 

“Х У Ц К” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01236/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1320 дугаар шийдвэртэй,

           Нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох

“Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батжаргалын давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК-иас:

          Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын 2018 оны 0018/ХТ2018/00132 тоот тогтоолын дагуу манай компаниас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа юм. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018.11.09-ний өдөр манай компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021600, Ү-2003021599 дугаарт бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хорооллын 17 дугаар байрны зоорийн давхарт байрлах, 09,10 тоотын тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийг нь 13.500.000 төгрөгөөр үнэлсэн тухай болон уг үнээс тооцон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийх гэж байгаа талаар мэдэгдлээ. Манай компанийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа бөгөөд манай хөрөнгийг үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэнд гомдолтой байна. Учир нь Дархан хотод өнөөгийн байдлаар манай авто зогсоолтой ижил байршил, хэмжээ бүхий авто зогсоолын зах зээлийн ханш нь 18-19 сая төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага манай хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн нь манай компанийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хийгдсэн дээрх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас:

Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2018/00132 дугаартай тогтоолоор “Х У Ц К” ХХК-аас 79.006.000 төгрөг гаргуулж, “Силикат” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Төлбөр төлөгч “Х У Ц К” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 17 дугаар байрны зоорийн давхарт 09,10 тоотод байрлах, 18,0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021600, Ү-2003021599 дугаартай гарашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 18070232/13 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 18070232/16, 18070232/17 тоот тогтоолоор Капитал зууч ХХК-ийг шинжээчээр томилсон. Капитал зууч ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг Дархан-Уул аймаг, Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, 17 дугаар байрны зоорын давхарт 09,10 тоотод байрлах, 18,0 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021600, Ү-2003021599 дугаартай грашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрийг 13.500.000 тогтоосон талаар 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 03/2640, 03/2639 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1320 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 17 дугаар байрны зоорийн давхрын 09, 10 тоотод байрлах авто зогсоолын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Х У Ц К ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Батжаргал давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар энэхүү гомдлыг гаргаж байна.  Нэхэмжлэгчийн зүгээс “Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагадаа манай компани өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003021600, Ү-2003021599 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.11.09-ний өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг, 13-р хорооллын 17 дугаар байрны зоорын давхарт байрлах 09, 10 тоотын тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийг нь 13.500.000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдахаар мэдэгдсэнийг эс зөвшөөрч манай хөрөнгийг үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэнд анхан шатны шүүхэд “Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүх анхны албадан дуудлага худалдаагаар санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй байна гэж үзэн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн томилсон үнэлгээгээр ахин шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр боллоо. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлан  зохигч  нарын хооронд үүссэн эрх зүйн маргааныг  хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч “Х У Ц К” ХХК  нь  хариуцагч  Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан  гэж нэхэмжлэлийг татгалзсан байна.

            Нэхэмжлэгч “Х У Ц К”  ХХК нь  Дархан-Уул аймаг дахь  сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 589 дүгээр шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 001\х 2018\00132 дугаар тогтоолоор   79.006.000 төгрөгийг  “Силикат” ХК-д төлөх үүрэг  хүлээсэн байна.

            Төлбөр төлөгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан байх ба хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь төлбөр төлөгчийн  гаргасан Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 17 дугаар байрны зоорийн давхарт байрлах 9 , 10 дугаар машины зогсоолыг төлбөрт өгөх тухай саналын дагуу   компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хурааж, дуудлага худалдаанд оруулахаар  шийдвэрлэсэн байна.

            Төлбөр төлөгч, төлбөр авагч нар нь  үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулах үнийн талаар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдийг  шинжээчээр томилж, үнэлгээний талаар дүгнэлт гаргуулжээ.

            “Капитал зууч” ХХК нь авто зогсоолыг үнэлэхдээ зах зээл дээр  худалдаалагдаж буй ижил төстэй хөрөнгийн борлуулалтын ханшийн мэдээлэлд тулгуурлан зах зээлийн жишиг үнийн хандлагын аргаар үнэлж зогсоол тус бүрийг  13.500.000 төгрөг байна гэжээ. \18 м.кв талбайн нэг м.кв-ыг 750.000 төгрөгөөр тооцсон\

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас томилогдсон шинжээчийн дээрх үнэлгээ зах зээлийн ханшнаас доогуур болсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна.

            Нэхэмжлэгч авто зогсоолын зах зээлийн үнийг 18-19 сая төгрөг болохыг  нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанаас бусад нотлох баримтаар нотлоогүй байна. Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлээр хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт  оруулахаар шийдвэрлэлээ.

            Учир нь тухайн маргаан бүхий харилцаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн  177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус илүү нарийвчилсан зохицуулалтад нийцэж байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгийг баримталсныг хууль хэрэглээний  хувьд оновчтой биш байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1320 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн  1 дүгээр заалтад  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар... гэснийг” “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн  177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

    

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ