Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2019/00797

 

“... цамхаг констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

      Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1320 дугаар шийдвэр,

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “... цамхаг констракшн” ХХК

          Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

          Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналтын шатны 2018 оны 001/ХТ2018/00132 тогтоолын дагуу манай компаниас төлбөр гаргуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2018-11-09-ний өдөр манай компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, Дархан-Уул аймгийн Дархан сумын ...-р баг, ...-р хорооллын ...-р байрны зоорийн давхарт байрлах, .., ... тоотын тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийг нь 13,500,000 төгрөгөөр үнэлсэн тухай болон уг үнээс тооцон дуудлага худалдаанд оруулах ажиллагаа хийх гэж байгаа талаар мэдэгдлээ. Манай компанийн зүгээс уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд манай хөрөнгийг үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэн. Учир нь Дархан хотод өнөөгийн байдлаар манай авто зогсоолтой ижил байршил, хэмжээ бүхий авто зогсоолын зах зээлийн ханш нь 18-19 сая төгрөгийн үнэтэй байгаа. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага манай хөрөнгийг хэт бага үнээр үнэлсэн нь манай компанийн эрх зөрчигдөхөд хүрч байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: Хяналтын шатны 2018-01-23-ны өдрийн 001/ХТ2018/00132 тогтоолоор “... цамхаг констракшн” ХХК-с 79,006,000 төгрөг гаргуулж, “Силикат” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. “... цамхаг констракшн” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Дархан сумын ..-р баг, ..-р хороолол, ..-р байрны зоорийн давхарт .., .. тоотод байрлах, 18,0 м.кв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийг 2018-09-25-ны өдрийн тогтоолоор хураан авсан. ИХ-н 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажиллагааг зохион байгуулахад талууд үнийг харилцан тохиролцоогүй тул ШШГТХ-н 55.2.2-т зааснаар 2018-10-09-ний өдрийн 18070232/16, 18070232/17 тоот тогтоолоор “Капитал зууч” ХХК-г шинжээчээр томилсон. “Капитал зууч” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тус бүрийг 13,500,000 тогтоосон талаар 2018-11-07-ны өдөр үнэлгээний тайланг ирүүлснийг талуудад ШШГТХ-н 55.3-т заасны дагуу 2018-11-07-ны өдрийн 03/2640, 03/2639 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа бөгөөд ШШГТХ-н 42.2-т Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална гэж заасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1320 дугаар шийдвэр гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр баг .. дугаар хороолол .. дугаар байрны зоорийн давхрын .., .. тоотод байрлах авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ... цамхаг констракшн ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1320 дугаар шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4-г баримталсан байгааг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Манай компанийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018-11-09-ний өдрийн Дархан-Уул аймгийн Дархан сумын ..-р баг, ..-р хорооллын ..-р байрны зоорийн давхарт байрлах .., .. тоотын тус бүр нь 18 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус бүрийг нь 13,500,000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаагаар худалдахаар мэдэгдсэнийг эс зөвшөөрч манай хөрөнгийг үнэ цэнийг хэтэрхий доогуур үнэлсэн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд анхны албадан дуудлага худалдаагаар санал болгох эд хөрөнгийн үнийг харилцан тохиролцоогүй байна гэж үзэн “Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн томилсон үнэлгээгээр ахин шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн шийдвэр боллоо. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:       

      “... цамхаг констракшн” ХХК 2018-11-12-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      “... цамхаг констракшн” ХХК-иас 79,006,000 төгрөг гаргуулж “Силикат” ХХК-д олгох 589 дугаар шийдвэрийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-05-23-ны өдөр гаргасан, уг шийдвэрт 2018-03-13-ны өдөр 1178 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж үүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа нь тогтоогдсон байна.

     Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Дархан сум .. дүгээр багийн .. дугаар хорооллын .. дугаар байрны .., .. тоот автозогсоолыг 2018-09-17-ны өдөр битүүмжилж, 2018-09-25-ны өдөр хурааж, үнийн санал авч, үнэлгээ хийлгэхээр 2018-10-09-ний өдөр тогтоол гаргаж шинжээч томилсон байх бөгөөд эдгээр ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-д  нийцжээ.

    “Капитал зууч” ХХК автозогсоолыг 2018-11-07-ны өдрийн байдлаар тус бүрийг 13,500,000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээ тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-г зөрчөөгүй байна. 

     Нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээг эс зөвшөөрсөн үндэслэлээ баримтаар нотлоогүй тул шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ. 

    Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх  Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг тус тус хэвээр үлдээв.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 24 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ