Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2022/00115

 

 

 

 

 

 

 

                  2021        12          30   

            101/ШШ2022/00115

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.О  холбогдох,

 

Итгэмжлэл хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч С.Одонцэцэг, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Э.Цэцэглэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Дөлгөөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Дөлгөөн нь 2012 ны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн С.Одонцэцэгт өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол, 8 дугаар байрны 288 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002606 дугаартай, 000056693 тоот гэрчилгээтэй 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай, нотариатаар гэрчлүүлж олгосон.

Итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Ө.Дөлгөөний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг С.Одонцэцэг нь гуравдагч этгээдтэй хийх гэрээ хэлцэлдээ барьцааны үйл болгох зорилго агуулсан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Одонцэцэг нь тухайн итгэмжлэлийн дагуу бусад этгээдтэй иргэний хувьд гэрээ, хэлцэл байгуулсан зүйл байхгүй.

Гэтэл итгэмжлэл олгогдсоноос хойш 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Блюстарлит” ХХК нь Капитрон банктай №3002-2014/60 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 460,000,000 төгрөгийн зээл авахдаа №3002-2014/60В дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч Ө.Дөлгөөний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгож, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн болохыг нэхэмжлэгч Ө.Дөлгөөн 2021 оны 01 дүгээр сард анх олж мэдлээ.

“Блюстарлит” ХХК нь Капитрон банктай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулахдаа 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө.Дөлгөөнөөс иргэн С.Одонцэцэгт олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Ө.Дөлгөөний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгож гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгосон байхад хариуцагчийн зүгээс итгэмжлэлээр олгосон нөхцөл болон хуульд заасан төлөөлөгчийн эрх, үүргээ ноцтой зөрчиж, итгэмжлэлийг хууль бусаар ашигласан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс “Блюстарлит” ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах болон бусад байдлаар барьцааны үйл болгох эрх олгосон итгэмжлэл өгч байсан тохиолдол байхгүй. Нөгөө талаас хариуцагч С.Одонцэцэг нь нэхэмжлэгч Б.Дөлгөөнөөс 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлийг хууль бусаар ашигласан нь төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн эсрэг чиглэсэн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд Ө.Дөлгөөнөөс С.Одонцэцэгт 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Одонцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Дөлгөөн нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр надад өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 1 дүгээр хороолол 8 дугаар байрны 288 тоот хаягт орших эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002606 дугаартай, 000056693 тоот гэрчилгээтэй 40 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар нотариатаар баталгаажуулж олгосон. Надад тухайн итгэмжлэлийн дагуу бусад этгээдтэй иргэний хувьд гэрээ, хэлцэл байгуулж нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгох эрх олгогдсон хэдий ч итгэмжлэлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж бусад этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд нэхэмжлэгч Ө.Дөлгөөнөөс хариуцагч С.Одонцэцэг надад олгосон итгэмжлэл нь бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгосон итгэмжлэл байсан нь үнэн.

Итгэмжлэлд нэр дурдагдаагүй буюу итгэмжлэл олгогдоогүй хуулийн этгээдийн авсан зээлийн гэрээний барьцаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгосон нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна.

Өөрөөр хэлбэл, “Блюстарлит” ХХК нь 2014 оны 09 дүгээр сард “Капитрон” банкнаас 460.000.000 төгрөгийн зээл авахдаа “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж нэхэмжлэгч Ө.Дөлгөөний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгож улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь үнэн бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс “Блюстарлит” ХХК-д өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө барьцааны зүйл болгох эрх олгосон итгэмжлэл байхгүй байсан ба нэхэмжлэгчээс иргэн надад олгосон итгэмжлэл нь болно гэж ойлгоод түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг тус хуулийн этгээдийн зээлийн барьцаа болгон гэрээ хэлцэл байгуулж, итгэмжлэлийг ашигласан нь хариуцагч С.Одонцэцэг миний хууль, эрх зүйн мэдлэггүй байдлаас үүдэлтэйгээр үүссэн үр дагавар болоод байна.

Иймд нэхэмжлэгч С.Дөлгөөнөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж маргах зүйлгүй гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Итгэмжлэлийн агуулга хүрээ бол иргэн С.Одонцэцэг зээл авах харилцаанд эрх, үүрэг үүсгэж итгэмжлэл олгосон гэдэг нь талуудын тайлбараар тодорхой болж байна. Гуравдагч этгээдийн хөндөж ярьж байгаа зүйл бол Ө.Дөлгөөн барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авахдаа гарын үсэг зурахдаа энэ талаар мэдэж байсан гэж тайлбарлаж байгаа боловч Блюстарлит ХХК барьцааны гэрээ байгуулсан гэдгийг 2021 оны 01 дүгээр сард мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй гэж байгаа талаар хариуцагч С.Одонцэцэг маш тодорхой тайлбарлаж хэллээ. Гуравдагч этгээдийн зүгээс Иргэний хуулийн 63 дугаар зүйлд заасан төлөөллийн агуулгыг тайлбарлаж байх шиг байна. Энэ зүйлд маргаагүй. Гагцхүү ямар иргэний эрх зүйн харилцаанд төлөөлөх эрх олгосон юм, төлөөлөхгүй байх хязгаарлалт байгаа юм уу гэдэг харилцаа нь өөрөө хамгийн чухал асуудал байна. Нэхэмжлэгч төлөөлүүлэх эрхийг С.Одонцэцэгт олгосон. Гэхдээ ямар эрх зүйн харилцаанд төлөөлөх эрх олгосныг тайлбарлах хэрэгтэй байна. Итгэмжлэлийн харилцаанд оролцсон этгээдүүдийн хүсэл зоригийг анхаарч, хууль зүйн талаас нь дүгнэлт хийх хэрэгтэй. Асуулт хариултын шатанд хууль зүйн талаас нь дүгнэлт хийхэд зээлийн гэрээний харилцаанд С.Одонцэцэг, Ө.Дөлгөөн нар оролцоогүй. Зөвхөн Блюстарлит ХХК гуравдагч этгээдтэй гэрээ байгуулсан юм байна. С.Одонцэцэг тухайн гэрээн дээр  гарын үсэг зурсан байх боловч зээлийн гэрээний харилцаанд бие дааж оролцоогүй, тухайн компанийн гүйцэтгэх захирал итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийнхээ хувьд гэрээнд  гарын үсэг зурсан гэдэг нь тодорхой байгаа. С.Одонцэцэг нэг иргэнээс итгэмжлэл авчихаад энэ компанийн гүйцэтгэх захирал юм чинь итгэмжлэлийг юунд ч ашиглаж болно гэдэг агуулгыг хууль зүйн хувьд зөвтгөж болохгүй.

Итгэмжлэлийг хүчингүй болгосноос үүсэх үр дагавар дараа нь яригдана. Өмгөөлөгч миний бие энэ маргааныг анхнаас нь хараад эвлэрлийн журмаар шийдэгдэх боломжтой юм байна гэж харж байсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар ярилцаад барьцаанаас чөлөөлөөд шийдэгдэх боломжтой юм байна гэж бодож байсан боловч нэг талын санаачлагаар эвлэрэх боломжгүй учраас эвлэрэх асуудал болсонгүй. Уг зээлийн харилцаанд Ө.Дөлгөөний эд хөрөнгөөс гадна олон эд хөрөнгө байгаа. Харилцан ашиг сонирхолтой гэж хэлж байна. Хариуцагч түр амьдарч байгаад больчихсон, хэт нэг ашиг сонирхолтой зүйл биш юм гэдгийг гуравдагч этгээдэд илэрхийлж тайлбарласан. Энэ хэрэгт хариуцагч нэхэмжлэгч талаас гуравдагч этгээдээр Капитрон банк оролцох хууль зүйн үндэслэлгүй гэж хэлж байна. Капитрон банк ХХК-ийн  эрх ашиг хөндөгдөж байна гэж үзэж байгаа бол бие даасан шаардлага гаргах боломжтой байсан. Гэтэл Капитрон банк ХХК бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож байгаа. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Итгэмжлэлийг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай олгож, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр энэхүү итгэмжлэлийн хугацаа дуусчихсан байгаа. Дуусгавар болсон итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг хөндөгдөж байгаа талаар нотлох баримтаар хэрэгт хавсаргах ёстой байсан. Энэ үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьснаас болж нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдөж, энэ эрхээ эдэлж чадахгүй байна гэж хэлж байна. Үүнээс үзвэл нэхэмжлэлийн агуулга тодорхой бус байна. Итгэмжлэлийг бусдад дамжуулах эрхгүйгээр олгосон байгаа. С.Одонцэцэг Ө.Дөлгөөнийг төлөөлж, гэрээнд гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэгэнт үр дүн гарчихсан, барьцааны гэрээ байгуулчихсан байх тул нэхэмжлэгч итгэмжлэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 76.1, 76.4-д хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2-д заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Хариуцагч нь “Блюстарлит” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч юм гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэцэглэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд үл хөдлөх хөрөнгийг барьцаалах тухай тодорхой заасан байгаа. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасны дагуу барьцаалуулагч нь гуравдагч этгээд байж болно гэж заасан байгаа. Энэхүү зээлийн гэрээний нэг тал нь Блюстарлит ХХК байгаа. Блюстарлит ХХК-ийн зээлд С.Одонцэцэг Ө.Дөлгөөнийг төлөөлнө гэж байна. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д зааснаар талуудын ярианаас харахад С.Одонцэцэг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзсэний үндсэн дээр хэлцлийг хийсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.Дөлгөөн нь хариуцагч С.Одонцэцэгт холбогдуулан, итгэмжлэл хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.

              

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8-228 хаягт оршин байрлах, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002606 дугаарт бүртгэлтэй, 000056693 тоот гэрчилгээтэй, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ хийж, гарын үсэг зурах, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, зээлийн үүргийг хангахтай холбогдсон бусад эрх мөн ЭХӨУБГ-аас лавлагаа авах бүрэн эрхийг Ө.Дөлгөөнөөс С.Одонцэцэгт 3 жилийн хугацаатай олгосон 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлийг 124 дугаартай нотариатч 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилсэн байх ба энэхүү итгэмжлэл нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд Төлөөлөгч, Төлөөлүүлэгчийн бүрэн эрхийн талаар дор дурьдсанаар зохицуулсан.

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн

63.1.-д “Итгэмжлэлээр төлөөлөхөд төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн, бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн болон хуулийн этгээд байж болно.”,

63.2.-т “Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно.”,

63.3.- “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй.”,

63.4.-т “Энэ хуулийн 63.3-т заасан үүргээ биелүүлээгүйгээс төлөөлүүлэгчид учирсан гэм хорыг төлөөлөгч хариуцан арилгах үүрэгтэй.”,

63.5.-д “Хууль ёсны төлөөлөгчийнх нь зөвшөөрлийг авалгүйгээр иргэний эрх зүйн бүрэн бус буюу хязгаарлагдмал чадамжтай иргэнээр төлөөлүүлсэн этгээд нь ийнхүү төлөөлүүлснээс бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцна.”,

 

Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн

64.1.-д “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа болон төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно.”

64.2.-т Бичгээр олгосон итгэмжлэл нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:

64.2.1.-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;”,

64.2.2.-т “хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;”,

64.2.3.-т “олгосон он, сар, өдрийг заах;”

64.2.4.-т “хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх;”

64.2.5.-д “итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах.”

64.3.- “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна.”,

64.4.-т “Цэргийн алба хаагчийн итгэмжлэлийг түүний алба хааж байгаа анги, байгууллагын удирдлага, хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно.”,

64.5.-т “Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.”,

64.6.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчөөр дамжуулан хийх хэлцлийн хэлбэрт тавигдах шаардлага төлөөлүүлэх хүсэл зоригоо илэрхийлэхэд хамаарахгүй.” гэж тус тус заасан.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ.”, 39.2.-т “Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.” гэж тус тус зааснаар Ө.Дөлгөөн С.Одонцэцэгээр уламжлуулж, хэлцэлд төлөөлөх хүсэл зоригоо илэрхийлэх итгэмжлэл олгогджээ.

 

Нэхэмжлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Блюстарлит” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулагдсан №3002-2014/60 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд №3002-2014/60В дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад барьцаа бүртгүүлснийг 2021 оны 01 дүгээр сард мэдсэн гэх ба итгэмжлэлийг хүчингүй болгуулах шаардлагыг хариуцагч С.Одонцэцэг зөвшөөрсөн.

 

Талуудын дээрх тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж дүгнэхээр байна.

 

Ө.Дөлгөөнөөс С.Одонцэцэгт 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэл нь дээр дурьдсан хэлцлийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан Иргэний хуулийн Зургадугаар бүлэгт тухайлан заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна.

 

Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.-т “Хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ эрхийг эдлэхгүй гэж тохирсон хэлцэл хүчин төгөлдөр бус байна.” гэж заасан бөгөөд зохигч талуудын хувьд, тухайлан заасан эрх олгосон итгэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурьдсанаар хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

Хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн хэлцэл буюу итгэмжлэлийг ашиглаж хийсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйлдэл нь төлөөлүүлэгчийн ашиг сонирхлоос гадуур байх нь тухайн үйлдэл хийгдэхээс өмнө бий болсон хүчин төгөлдөр хэлцэл, итгэмжлэлийг хүчингүйд болгох үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Блюстарлит” ХХК-ийн зүгээс “Капитрон банк” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №15/21 дугаартай албан бичгээр хандаж, зээлийн төлбөрөөс зарим хэсгийг төлж нэхэмжлэгч Ө.Дөлгөөний өмчлөлийн орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлж, барьцааны гэрээг дуусгавар болгон, улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзах санал тавьсныг “Капитрон банк” ХХК шийдвэрлэхээр асуудал хэлэлцэгдэж байгаа хэмээн өмгөөлөгч авах үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан, дээр дурьдсан агуулгатай “Блюстарлит” ХХК-ийн зүгээс “Капитрон банк” ХХК-д хандсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр №15/21 дугаартай албан бичиг хэрэгт авагдсан болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118, 120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан, хариуцагч С.Одонцэцэгт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002606 дугаарт бүртгэлтэй, 000056693 тоот гэрчилгээтэй, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ хийж, гарын үсэг зурах, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, зээлийн үүргийг хангахтай холбогдсон бусад эрх мөн ЭХӨУБГ-аас лавлагаа авах бүрэн эрхийг Ө.Дөлгөөнөөс С.Одонцэцэгт 3 жилийн хугацаатай олгосон, 124 дугаартай нотариатч 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилсэн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Дөлгөөний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА