Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00520

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00520

 

 

Ө.Дий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/00115 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ө.Дий хариуцагч С.От холбогдуулан гаргасан итгэмжлэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ган-Од, Э.Цэцэглэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ө.Дий нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ө.Д нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн С.От өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, .... дүгээр хороолол, ... дугаар байрны .... тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002606 дугаартай, 000056693 тоот гэрчилгээтэй, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай нотариатаар гэрчлүүлж олгосон. “Б” ХХК нь К.Бтай зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ө.Дөөс иргэн С.От олгосон итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Ө.Дий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгож гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгосон байхад хариуцагчийн зүгээс итгэмжлэлээр олгосон нөхцөл болон хуульд заасан төлөөлөгчийн эрх үүргээ ноцтой зөрчиж итгэмжлэлийг хууль бусаар ашигласан болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн зүгээс “Б” ХХК-д өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах болон бусад байдлаар барьцааны зүйл болгох эрх олгосон итгэмжлэл өгч байсан тохиолдол байхгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Итгэмжлэлд нэр дурдагдаагүй буюу итгэмжлэл олгогдоогүй хуулийн этгээдийн авсан зээлийн гэрээний барьцаанд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгосон нь үнэн тул нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Итгэмжлэлийг 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 3 жилийн хугацаатай олгож, 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр энэхүү итгэмжлэлийн хугацаа дуусчихсан байгаа. Дуусгавар болсон итгэмжлэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иргэний хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэгэнт үр дүн гарчихсан, барьцааны гэрээ байгуулчихсан байх тул нэхэмжлэгч итгэмжлэлийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.4 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааны талаар заасан байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан гэж үзэж байна. Хариуцагч нь “Б” ХХК-ий цорын ганц хувьцаа эзэмшигч гэдгийг шүүх харгалзаж үзээсэй гэж хүсэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч С.От холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201002606 дугаарт бүртгэлтэй 000056693 тоот гэрчилгээтэй, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, төлөөлж гэрээ хийж, гарын үсэг зурах, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, зээлийн үүргийг хангахтай холбогдсон бусад эрх, мөн ЭХӨУБГ-аас лавлагаа авах бүрэн эрхийг Ө.Дөөс С.От 3 жилийн хугацаатай олгосон 124 дугаартай нотариатч 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэрчилсэн 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн итгэмжлэлийг хуульд нийцсэн бөгөөд хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 63, 64 дүгээр зүйлд зааснаар тодорхойлсон нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тэмдэглэгдсэн байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс итгэмжлэл хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд зааснаар тодорхойлж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийлгүй, илтэд өөрөөр тайлбарлаж шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг алдагдуулсан байна.

5.б. Нэхэмжлэгчийн зүгээс “Б” ХХК-д бус иргэн С.От итгэмжлэл олгож, уг итгэмжлэлийн дагуу эрх шилжүүлэн авсан төлөөлөгч бус өөр хуулийн этгээд эрх зүйн харилцаанд орж байгаа бол хэлцлийн хувьд Иргэний  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарагдах хууль зүйн зохицуулалттай.  Нэхэмжлэгчийн зүгээс “Б” ХХК-д өөрийн эд хөрөнгөө барьцаалах эрх олгосон итгэмжлэлийг олгож байгаагүй бөгөөд тус компаниас К.Бтай байгуулсан барьцааны гэрээг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн хэлцэл гэж дүгнэх бүрэн үндэслэлтэй юм. Зүй нь Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Б” ХХК-аас К.Бтай байгуулсан барьцааны гэрээний үндэслэл болсон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж шаардлага гаргаж байгааг үгүйсгэх хууль зүйн боломжгүй юм. 

5.в. Нэхэмжлэгчээс хариуцагчид итгэмжлэл олгож буй эрх зүйн харилцаанд К.Бны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй ямар  нэгэн хууль зүйн үр дагавар үүсгэхгүй. Энэ тохиолдолд итгэмжлэл хүчингүй болгуулах шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд К.Бийг гуравдагч этгээдээр татан оролцуулах хууль зүйн шаардлагагүй бөгөөд гуравдагч этгээд оролцуулахтай холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Харин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд итгэмжлэл хүчингүй болсон тохиолдолд тухайн хүчингүй болгосон итгэмжлэлийг үндэслэн “Б” ХХК-аас К.Бтай байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан тохиолдолд К.Бны эрх ашиг сонирхол хөндөгдөх хууль зүйн үр дагавар үүсэж байгааг анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэж чадаагүй байна.

5в. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа хариуцагч С.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдааны шатанд тодорхой мэдүүлсээр ирсэн бөгөөд энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн зохицуулалттай байхад шүүх тухайн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж чадаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Иймд итгэмжлэлийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх нь итгэмжлэлийг хэлцэл гэх утгаар нь тайлбарлаагүй ч гэсэн итгэмжлэлд тавигдах хууль зүйн шаардлага бүрэн хангагдсан хүчин төгөлдөр итгэмжлэл гэдгийг хангалттай тайлбарласан. Итгэмжлэлд асуудал байхгүй гэдгийг нэхэмжлэгч тал анхан шатны шүүхэд өөрөө тайлбарласан байдаг гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Ө.Д нь С.От холбогдуулан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд эс зөвшөөрч, итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон, барьцааны гэрээ байгуулагдсан тул дуусгавар болсон итгэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж маргажээ.

 

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж давж заалдах журмаар гаргасан гомдолдоо “шүүх нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсгүүдэд заасан үндэслэлтэй холбоотой хууль зүйн дүгнэлт хийгээгүй,... гуравдагч этгээд оролцуулахтай холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн,... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн зохицуулалттай байхад шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” гэжээ.

3.а. Ө.Д нь 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр С.От итгэмжлэл олгож, тус итгэмжлэлээр төлөөлүүлэгч Ө.Д өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 8-288 тоот хаягт орших 40 м.кв талбай бүхий орон сууцыг зээлийн барьцаанд тавих төлөөлөн гэрээ хийж гарын үсэг зурах, мөн барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийг хангахтай холбогдсон бусад эрх, мөн ЭХӨУБГ-аас лавлагаа авах бүрэн эрхийг С.От итгэмжлэн олгосон, итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ. Уг итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хийсэн байна.

3.б. Ө.Дөөс С.От олгосон итгэмжлэлийн дагуу “Б” ХХК болон К.Бны хооронд байгуулагдсан 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ө.Дий өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх ба зээлийн барьцааны гэрээг барьцаалуулагчийг төлөөлж С.О байгуулжээ. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болохоор заасан бөгөөд барьцааны гэрээг төлөөлөгчөөр дамжуулж хийхийг хуулиар хориглоогүй. Иймд итгэмжлэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн гэж үзэхгүй. 

4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаалахаар тус тус зохицуулсан бөгөөд уг үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэл гаргажээ.

Дээр дурьдсан баримтаар Ө.Д өөрийн өмчлөлийн эд хөрөнгийн талаархи бүрэн эрхийг С.От итгэмжлэлээр олгоход хэн нэг этгээдээс зөвшөөрөл авсан байхыг хуулиар шаардахгүй тул итгэмжлэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэхгүй.

Барьцааны зүйлийн өмчлөгч нь уг зүйлтэй холбоотой эрхээ хэрэгжүүлэх эрхтэй.  Зохих ёсоор олгогдсон итгэмжлэлтэй этгээдтэй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй талаарх гуравдагч этгээдийн тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/00115 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Ө.Дөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                ШҮҮГЧИД                           Д.НЯМБАЗАР

  

Д.БЯМБАСҮРЭН