Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар  101/ШШ2022/01182

 

 

 

 

 

 

 

 

                                              2022        03          16

                     101/ШШ2022/01182

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, “Ц х”ХХК /рд:/-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Харагчин овогт С.У /рд:0/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: 0 тоотод оршин байрлах, ОХУ-ын ХЧБТӨХУНГ,

 

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 7,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э-О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө., хариуцагчийн өмгөөлөгч Б., нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц х”ХХК нь ОХУ-ын ХЧБТӨХУНГ-тай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 02/18-02, 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот Үйлчилгээ үзүүлэх, тоот байршуулах гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2-р байр хаягт байх 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг олж авсан юм. Манай компани 2018 оны 03 сарын 27-ны өдөр иргэн С.Утай орон сууц түрээслэх, түрээслүүлэх 58 тоот гэрээ байгуулан, түрээслэгч С.У дээрх орон сууцны 58 тоотын 3 өрөө байрыг 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, нэг сарын 550,000 төгрөгийн төлбөртэйгээр хөлслөн суусан. Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 58 тоот гэрээний 2.3-т “Түрээслэгч тал нь cap бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 550,000 төгрөгийг “Ц х”ХХК-ийн Хаан банкны 5925251969 тоот дансанд шилжүүлнэ” гэж заасан боловч түрээслэгч С.У нь гэрээний хугацаанд сүүлийн нийт 9 сарын төлбөр төлөөгүй одоог болтол тус байранд оршин суусаар байна. Гэрээний 4.4 “хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тугамд 0.5 хувийн алданги төлнө” гэж заасан байгаа. С.У нь түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоногуудын алдангийг төлөөгүй байна. С.Уын төлөгдөөгүй төлбер 9 сарын 4,950,000 төгрөг алданги 2,475,000 төгрөг нийт 7,425,000 төгрөг болсон. Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүхийн журмаар нэхэмжилж байна. Иймд орон сууцны түрээсийн хөлс төлбөрт С.Уас 4,950,000 төгрөг, алданги 2.475.000 төгрөг нийт 7.425.000 төгрөг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ц х”ХХК-ийн орон сууцны түрээс төлбөр 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг бүгд 7,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх энэ байранд 2017 оны 6 сард орсон. Тухайн үед “Э”ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 17-нд 1 жилийн хугацаатай гэрээг манай нөхөр Т.Б хийсэн. Гэтэл уг гэрээний хугацаа дуусаагүй байхад “Ц х”XXК гэж танихгүй хүмүүс хэд хэдэн удаа ирж гэрээ хийхийг шаардах, гэрээ хийхгүй бол гаргана гэх зэргээр дарамталсан. Миний бие 70-80 хувийн сонсголын алдагдалтай, хүний ярьж байгааг бүрэн сонсдоггүй байсан. Гэтэл хэдэн танихгүй хүмүүс ирж гэрээ хийхийг шаардсан. Тухайн үед би сонсголын бэрхшээлтэй учир юу яриад байгааг нь ч сайн ойлгоогүй маш их айсан учир шокын байдалд орсон. Нөхөр маань хөдөө явсан байна ирэхээр нь уулз гэхэд гэрээнд зурахыг шаардаад өөдөөс өгөөд байсан. Би тухайн гэрээтэй танилцаагүй. Уг байрны түрээсийг хаана хэнд төлөх, байрны өмчлөгч нь хэн болох талаар хэн нэгэн ирж надад ямар нэгэн баримт үзүүлээгүй, мэдэгдээгүй. Энэ байр “Ц х”ХХК-ийн өмч мөн эсэхийг мэдэхгүй байна. Манай гэр бүл уг байранд анх ороход шалнаасаа дулаан алддаг, өрөөнүүдийн дээрээс ус алдсан, ванны өрөөний болон гал тогооны өрөөний холигч эвдэрсэн, ханын цаас, шалны хулдаас нь хуучирч муудсан байсныг бид өөрсдийн зардлаар байранд бүрэн засвар хийж янзлаад амьдарч байна. “Э”ХХК-тай гэрээтэй байх үед байрны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, сантехникийн үйлчилгээг компани өөрөө бүрэн хариуцдаг байсан. Одоо бол манай оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо айл бүрээс сарын 35,000 төгрөгийн төлбөр авч өөрсдөө бид орцны цэвэрлэгээ, харуулын үйлчилгээ, орцны засвар, гадаах талбайн хашаа, тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, байшингын дээвэр, сантехник зэргийн засвар үйлчилгээгээ санхүүжүүлж байна. Тухайлбал: Бид өөрсдийн зардлаар байрныхаа дээврийг засаж, орцны хаалгаа төмөр хаалгаар сольж чиптэй болгож, гадаах камерыг шинээр тавьсан, машины зогсоолыг цэгцэлсэн, гадаах талбайн хашаагаа засаж будсан, тоглоомын талбайгаа сэлбэх зэрэг ажлыг өөрсдийн зардлаар хийсээр ирсэн. Сантехникийн үйлчилгээг айлууд өөрсдөө төлбөрөө төлж хувь хүнээр гүйцэтгүүлж байна. “Ц х”ХХК манай байрны оршин суугчдад болон манай гэрт ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байсан удаагүй. Зөвхөн төлбөрөө төлөхийг шаардаж айлгаж дарамталж ирсэн. Бид орон сууц хөлсөлж суусан төлбөрөө төлөхгүй гэж хэлээгүй, харин төлөх ёстой этгээдэд төлмөөр байна гэв.

 

Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох:

- Нэхэмжлэгч талаас гаргасан компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд, 2018 оны 03 сарын 27-ны өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ,

-Хариуцагч талаас гаргасан 2017 оны 06 сарын 16-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, Баянзүрх дүүргийн хоёрдугаар байрны  оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ын 2021 оны 10 сарын 18-ны өдрийн тодорхойлолт, фото зургууд,

-шүүгчийн захирамжаар бүрдүүлсэн ОХУ-ын ХЧБТӨХУНГ-аас олгосон итгэмжлэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

   ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ц х”ХХК нь хариуцагч С.Уд холбогдуулан орон сууцны түрээсийн төлбөрт 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг, нийт 7,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.Утай 2018 оны 03 сарын 27-ны өдөр орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулан, 0 тоот орон сууцыг 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, нэг сарын 550,000 төгрөгөөр түрээлүүлсэн. Гэвч С.У нь гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй” гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...0 нь ОХУ-ын өмчийн байр бөгөөд “Ц х”ХХК  нь төлбөр авах эрхгүй. Урд “Э”ХХК тухайн байрны төлбөрийг авдаг байсан. “Э”ХХК-ийн үйлчилгээ явуулж байсан шиг үйлчилгээг бидэнд үзүүлдэггүй. “Ц х”ХХК  нь бидэнд төлбөр авах эрхтэй болохоо албан ёсоор танилцуулж, мэдэгдээгүй. Оршин суугч нартай зүй бус харилцдаг, цэвэрлэгээ үйлчилгээ явуулдаггүй. 70-80 хувийн сонсголын алдагдалтай байхад хүчээр гэрээнд гарын үсэг зуруулсан” гэж тус тус тайлбарласан.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ОХУ-ын ХЧБТӨХУНГ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн тайлбарыг дэмжин оролцсон.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг, 0 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын холбооны улс болох нь 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газраас олгосон 000357478 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-11 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч “Ц х”ХХК нь ОХУ-ын ХЧБТӨХУНГ-тай байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэх нэртэй 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 02/18-01 тоот гэрээг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл, 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 02/18-02 тоот гэрээг 2018 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 02/18-03 тоот гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай тус тус байгуулсан байна. /хх-ийн 12-28 дугаар тал/

 

ОХУ-ын ХЧБТӨХУНГ-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газраас 131 тоот итгэмжлэлийг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар Б  олгосон байх бөгөөд дээрх гэрээнүүдийг энэхүү итгэмжлэлийн хүчинтэй хугацаанд “Ц х”ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүдтэй байгуулсан байх ба дээрх байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд хүчин төгөлдөр байна. /хх-ийн 109-110, 125-126 дугаар тал/

 

Мөн ОХУ-ын ХЧБТӨХУНГ-ын Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч В.В.Б нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 83/19 дугаартай тодорхойлолтоор 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний хооронд “Ц х”ХХК нь дээрх гэрээнүүдийн үндсэн дээр 0 мкв талбайтай оросын өмчийг бүхий л хууль ёсны эрх, үүрэгтэй эзэмшиж, хууль ёсны хэрэглэгч байсныг үүгээр баталж байна гэжээ. /хх-7 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Ц х”ХХК нь дээрх итгэмжлэл, байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг тус тус үндэслэн хариуцагч С.Утай 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 58 дугаартай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр 0 тоот, 3 өрөө орон сууцыг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал 12 сарын хугацаагаар, сарын төлбөр нь 550,000 төгрөг, төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор төлөхөөр, төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна. /хх-64 дүгээр тал/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ гэх нэртэй байх боловч гэрээний агуулга, талуудын тайлбараас үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хариуцагч С.У нь 70-80 хувийн сонсголын алдагдалтай, ямар баримтад гарын үсэг зуруулж байгаагаа мэдэгдээгүй, хүч хэрэглэж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж маргасан боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Иймд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч С.У нь маргааны зүйл болох 58 тоот орон сууцанд одоог хүртэл амьдарч байгаа болон 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны орон сууц хөлслөн суусан төлбөрийг төлөөгүй байгаа үйл баримтад маргаагүй. Энд, нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 9 сарын төлбөр шаардсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчаас гаргаж буй “...”Цэц хүрэл” ХХК нь орон сууцны төлбөр авах эрхтэй болохоо албан ёсоор мэдэгдээгүй, уг компани манай байрны оршин суугчдад болон манай гэрт ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй, засвар, цэвэрлэгээ хийдэггүй, оршин суугчид өөрсдөө зардал гаргаж хийдэг” гэх тайлбар нь орон сууц хөлслөх гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч С.Уас нэхэмжлэгчийн шаардсан хугацааны буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 9 сарын орон сууц хөлсөлсөн төлбөр 4,950,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц х”ХХК-д олгох нь  Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.4 дэх хэсэгт “Хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг хийнэ” гэж заасантай нийцсэн, нэхэмжлэгч “Ц х”ХХК нь хариуцагч С.Уас мөнгөн төлбөрийн үүргийг хугацаандаа төлөөгүйтэй холбоотой алданги шаардах эрхтэй.

 

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасантай нийцүүлэн хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 4,950,000 төгрөгийн 50 хувь болох 2,475,000 төгрөгийг алдангид тооцон гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчаас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн Баянзүрх дүүргийн Хоёрдугаар байрны оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо ГҮТББ-ын 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 1/14 дугаартай тодорхойлолтоос үзэхэд хариуцагч нь орон сууцны ашиглалт, үйлчилгээтэй холбоотой төлбөрийг тус холбоонд төлсөн талаарх үйл баримтыг агуулсан байна. Мөн Хэргийн 128-135 дугаар талд авагдсан фото зургуудыг хариуцагч хэрэгт гаргасан. Эдгээр фото зураг, тодорхойлолтоор хариуцагч С.Уянгыг маргааны зүйл болох 58 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг хөлсөлсөн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн хариуцагч С.Уас хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн  ”Э”ХХК болон П.Б-той байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 58 тоот орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх уг баримтыг үнэлээгүй болно. Нөгөө талаар, уг гэрээ нь зохигчдын маргааны зүйлд хамааралгүй, “Ц х”ХХК-иас өмнө ОХУ-ын өмнөөс “Э”ХХК нь оршин суугч нартай байгуулж байсан гэрээ байх ба хожим ОХУ-аас “Э”ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож, “Ц х”ХХК-д оршин суугч нартай орон сууц хөлслөх эрхийг олгосон үйл баримтын талаар талууд тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс “Ц х”ХХК-ийн ОХУ-ын ХЧБТӨХУН-ын  Монгол Улс дахь Төлөөлөгчийн газартай байгуулсан байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ нь түрээсийн гэрээ ба үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол уг гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбарыг гаргасан.  Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ нь түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй байх тул энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч С.Уас нийт 7,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц х”ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.Уас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 7,425,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ц х”ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 133,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Уас улсын тэмдэгтийн хураамжид 133,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ц х”ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.БЯМБАЖАРГАЛ