Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2022/00894

 

 

 

Ц- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01182 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц- ХХК-ийн хариуцагч С.У-д холбогдуулан гаргасан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 7,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Ц- ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь төрийн өмчийн хөрөнгийг удирдах улсын үйлдвэрийн газартай байгуулсан 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 02/18-01 тоот, 2018 оны 06 сарын 25-ны өдрийн 02/18-02, 2018 оны 10 сарын 01-ний өдрийн 02/18-03 тоот байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 2-р байр хаягт байх 5 давхар угсармал орон сууцыг эзэмших, түрээслүүлэх үйлчилгээ явуулах эрхийг олж авсан юм. Манай компани 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн С.У-тай орон сууц түрээслэх, түрээслүүлэх 58 тоот гэрээ байгуулан, түрээслэгч С.У- дээрх орон сууцны 58 тоотын 3 өрөө байрыг 2018 оны 04 сарын 01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай, нэг сарын 550,000 төгрөгийн төлбөртэйгөөр хөлслөн суусан. Орон сууц түрээслэх, түрээслүүлэх 58 тоот гэрээний 2.3-т Түрээслэгч тал нь cap бүрийн 05-ны дотор түрээсийн төлбөр болох 550,000 төгрөгийг Ц- ХХК-ийн Хаан банкны 5925251969 тоот дансанд шилжүүлнэ гэж заасан боловч түрээслэгч С.У- нь гэрээний хугацаанд сүүлийн 9 сарын төлбөр төлөөгүй одоог болтол тус байранд оршин суусаар байна. Гэрээний 4.4-т хэрэв түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө гэж заасан байгаа. С.У- нь түрээсийн төлбөрийн хугацаа хэтэрсэн хоногуудын алдангийг төлөөгүй байна. С.У-ын төлөгдөөгүй төлбөр 9 сарын 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг, нийт 7,425,000 төгрөг болсон. Бидний зүгээс түрээсийн төлбөрөө гэрээнд заасны дагуу төлж барагдуулахыг удаа дараа мэдэгдэж, шаардсан боловч шаардлагыг хүлээж аваагүй учир ийнхүү шүүхийн журмаар нэхэмжилж байна. Иймд орон сууцны хөлсөнд С.У-ас 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг нийт 7,425,000 төгрөг гаргуулж биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ц- ХХК-ийн орон сууцны түрээс төлбөр 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг бүгд 7,450,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайх энэ байранд 2017 оны 06 сард орсон. Тухайн үед Энхүүд ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 17-нд 1 жилийн хугацаатай гэрээг манай нөхөр Т.Батболд хийсэн. Гэтэл уг гэрээний хугацаа дуусаагүй байхад Ц- XXК-аас танихгүй хүмүүс хэд хэдэн удаа ирж гэрээ хийхийг шаардах, гэрээ хийхгүй бол гаргана гэх зэргээр дарамталсан. Миний бие 70-80 хувийн сонсголын алдагдалтай, хүний ярьж байгааг бүрэн сонсдоггүй байсан. Гэтэл хэдэн танихгүй хүмүүс ирж гэрээ хийхийг шаардсан. Тухайн үед би сонсголын бэрхшээлтэй учир юу яриад байгааг нь ч сайн ойлгоогүй маш их айсан учир шокын байдалд орсон. Нөхөр маань хөдөө явсан байна ирэхээр нь уулз гэхэд гэрээнд зурахыг шаардаад өөдөөс өгөөд байсан. Би тухайн гэрээтэй танилцаагүй. Уг байрны түрээсийг хаана хэнд төлөх, байрны өмчлөгч нь хэн болох талаар хэн нэгэн ирж надад ямар нэгэн баримт үзүүлээгүй, мэдэгдээгүй. Энэ байр Ц- ХХК-ийн өмч мөн эсэхийг мэдэхгүй байна. Манай гэр бүл уг байранд анх ороход шалнаасаа дулаан алддаг, өрөөнүүдийн дээрээс ус алдсан, ванны өрөөний болон гал тогооны өрөөний холигч эвдэрсэн, ханын цаас, шалны хулдаас нь хуучирч муудсан байсныг бид өөрсдийн зардлаар байранд бүрэн засвар хийж янзлаад амьдарч байна. Энхүүд ХХК-тай гэрээтэй байх үед байрны засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, харуул, сантехникийн үйлчилгээг компани өөрөө бүрэн хариуцдаг байсан. Одоо бол манай оршин суугчдын эрх ашгийг хамгаалах холбоо айл бүрээс сарын 35,000 төгрөгийн төлбөр авч өөрсдөө бид орцны цэвэрлэгээ, харуулын үйлчилгээ, орцны засвар, гадаах талбайн хашаа, тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, байшингийн дээвэр, сантехник зэргийн засвар үйлчилгээгээ санхүүжүүлж байна. Тухайлбал: Бид өөрсдийн зардлаар байрныхаа дээврийг засаж, орцны хаалгаа төмөр хаалгаар сольж чиптэй болгож, гадаах камерыг шинээр тавьсан, машины зогсоолыг цэгцэлсэн, гадаах талбайн хашаагаа засаж будсан, тоглоомын талбайгаа сэлбэх зэрэг ажлыг өөрсдийн зардлаар хийсээр ирсэн. Сантехникийн үйлчилгээг айлууд өөрсдөө төлбөрөө төлж хувь хүнээр гүйцэтгүүлж байна. Ц- ХХК манай байрны оршин суугчдад болон манай гэрт ямар нэгэн үйлчилгээ үзүүлж байсан удаагүй. Зөвхөн төлбөрөө төлөхийг шаардаж айлгаж дарамталж ирсэн. Бид орон сууц хөлсөлж суусан төлбөрөө төлөхгүй гэж хэлээгүй, харин төлөх ёстой этгээдэд төлмөөр байна гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч С.У-ас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 7,425,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 133,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.У-ас улсын тэмдэгтийн хураамжид 133,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц- ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а.Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших 2 дугаар байр нь бүхэлдээ ОХУ-ын өмч. Гэтэл Ц- ХХК нь хууль ёсны итгэмжлэлгүйгээр орон сууцыг хөлслүүлэх гэрээ байгуулах, хөлсийг нэхэн авах эрхгүй. Хэрэгт ОХУ-аас Ц- ХХК-д олгосон хууль ёсны итгэмжлэл байхгүй. ОХУ-ын эрх бүхий этгээд Монгол хэлээр олгосон 7-р талд байгаа тодорхойлолтыг шүүх шийдвэрийн үндэслэлд уг орон сууцны хууль ёсны эзэмшигч мэтээр дурьдсан байна. Энэ тодорхойлолт нь монгол хэлээр бичигдсэн учир итгэмжлэлийн хуульд заасан шаардлагыг хангахгүй юм.

4.б.Белозеров Василий Владимирович Ц- ХХК-ийн хооронд байгуулсан байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдийг үндэслэн Ц- ХХК нь иргэн С.У-тай байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу нэхэмжлэл гаргасан. Дээрх гэрээнүүд нь байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрэ гэсэн нэртэй боловч гэрээний зорилго, агуулга, гэрээ бодитоор хэрэгжсэн нөхцөлөөс үзэхэд Иргэний хуульд заасан түрээсийн гэрээний шинжийг бүрэн агуулж байна. Учир нь 2 дугаар байрыг бүхэлд нь Ц- ХХК орон сууцны зориулалтаар хөлсөлж амьдраагүй, харин ашиг олох зорилгоор үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд орон сууцыг бүхэлд нь эзэмшиж, ашиглахаар өмчлөгчөес хүлээн авсан байдаг. Түрээсийн төлбөрийг урьдчилан ОХУ-д төлсөн гэдэг. Энэ орон сууцанд ямар нэгэн үйлчилгээ эрхлээгүй гэдэг. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл гэж байгаа дээрх байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулж байгаа учир Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн байж хүчин төгөлдөр болно. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ уг гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай баримт байхгүй. Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох ба энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх 8 тоот гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар мөн л хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Шүүх байршуулах үйлчилгээ үзүүлэх гэрээ түрээсийн гэрээний шинжийг агуулаагүй гэж дүгнэхдээ ямар үндэслэлээр түрээсийн гэрээ биш гэж үзэж байгаагаа хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байдлаар дүгнээгүй. Түрээсийн гэрээ биш гэдгээ нэхэмжлэгч тал нотолж чадаагүй байхад шүүх ямар ч үндэслэлгүй түрээсийн гэрээ биш гэж үзсэн.

4.в.Шүүх хуралдааны эхэнд шүүхэд нотлох баримт гаргуулах хүсэлт гаргахад гомдол гаргах эрхгүй захирамж гаргаж хурлыг үргэлжлүүлсэн. Нэхэмжлэгчийн шаардлагыг нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх өөрөө санаачлагаараа хурлыг хойшлуулж гаргуулан авдаг хирнээ хариуцагч миний нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй татгалзахдаа ямар ч хууль зүйн үндэслэлгүй давах эрхгүйгээр шийддэг. Зохигчдод ялгаатай хандахдаа нэхэмжлэгч талд давуу байдал олгож хуулийг өөрийн үзэмжээр тайлбарлан хэрэглэсэн.

4.г.Шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Баярмаа мэтгэлцэж оролцоогүй байхад шүүхийн шийдвэрт намайг өмгөөлөгчтэй оролцсон мэт бичжээ. Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие өмгөөлөгч Б.Баярмаагаас шүүх хурлыг эхлэхийн өмнө татгалзсан. Би өмгөөлөгчөөсөө татгалзах, өмгөөлөгчөө сонгох эрхтэй. Өөр өмгөөлөгч авах хүсэлтээ хэлэхэд шүүх хүсэлтийг хүлээн авахгүй, өмгөөлөгч Б.Баярмааг шүүх хурлаас гарах юм бол арга хэмжээ авна суу гэж загнасан. Өмгөөлөгч шүүх хурлаас гараагүй ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд надад хууль зүйн туслалцаа үзүүлээгүй. Миний хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг хангахгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн шүүгчид гомдолтой байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан хэлэлцээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Ц- ХХК нь хариуцагч С.У-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт нийт 7,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.а.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ манай компани нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу ОХУ-ын өмчлөлийн орон сууцыг эзэмших, бусдад түрээслүүлэх эрхтэй болсон, хариуцагч С.У- нь манай компанийн өмнө гэрээгээр хүлээсэн орон сууцны хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц- ХХК-тай гэрээ байгуулах үед би сонсголын бэрхшээлтэй байсан, зарим зүйлийг ойлгоогүй бөгөөд нэхэмжлэгч нь дарамталж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан байна. /хх-ийн 54-55-р тал/

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж, 2 дугаар байр, 5 давхар, 6,292.18 мкв талбайтай, орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204008821 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Оросын Холбооны Улс болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 11-р тал/

4.а.Нэхэмжлэгч Ц- ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц- ХХК нь дээрх орон сууцыг эзэмшиж хөлсийг өмчлөгчид төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргээр тогтоогдсон байна.

4.б.Улмаар талууд гэрээний хугацааг хоёр удаа буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байх бөгөөд уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх-ийн 12-28-р тал/. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц- ХХК нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний дагуу орон сууцны эзэмших эрхийг шилжүүлэн авч, хариуцагч С.У-тай орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан байх тул орон сууцны хөлсийг нэхэмжлэх эрхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

4.в.Нэхэмжлэгч Ц- ХХК нь дээрх гэрээг үндэслэн, хариуцагч С.У-тай 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц- ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 2 дугаар байрны 58 тоот, 3 өрөө орон сууцыг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал түрээслүүлэх, хариуцагч С.У- нь түрээсийн төлбөр 550,000 төгрөгийг сар бүрийн 05-ны дотор нэхэмжлэгч Ц- ХХК-д төлөхөөр тохиролцож, хариуцагч нь өнөөдрийг хүртэл тус орон сууцыг эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбар, орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 64-р тал/

4.г.Анхан шатны шүүх зохигчдын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээ гэж зөв дүгнэжээ.

Талуудын байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4.4-т хэрвээ түрээслэгч тал түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Ц- ХХК нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алданги нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцсэн байна.

4.д.Иймд анхан шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 9 сарын хөлс нийт 4,950,000 төгрөг, алданги 2,475,000 төгрөг, нийт 7,425,000 төгрөгийг хариуцагч С.У-ас гаргуулж нэхэмжлэгч Ц- ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний шинжийг агуулсан, талууд тус гэрээг мөн хуулийн 318.3 дах хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус, иймд орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус, анхан шатны шүүх нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэжээ.

5.а.Нэхэмжлэгч Ц- ХХК, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газрын хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрын хооронд байгуулагдсан гэрээ нь Байршуулах талаар үйлчилгээ үзүүлэх нэртэй байх боловч гэрээг хэрхэн нэрлэсэн нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй. Гэрээний агуулгаас үзвэл нэг тал нь орон сууцны эзэмшлийг шилжүүлэх, нөгөө тал нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн буюу гэрээний агуулгыг талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулан үзвэл тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар орон сууц хөлслөх гэрээг мөн хуулийн 305 дугаар зүйлд заасан дамжуулан түрээслэх эрхтэйгээр байгуулсан гэж үзэхээр байна. Иймд зохигчийн байгуулсан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэл гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.б.Нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангахгүй орхисон нь үндэслэлгүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдлын тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байгаагаас үзвэл зохигчдод нотлох баримт бүрдүүлэх, өмгөөлөгч сонгох, мэтгэлцэх эрхийг хангалттай олгосон гэж үзэхээр байна. Түүнчлэн, шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч талаас хүсэлтийн үе шатанд өөр өмгөөлөгч сонгох хүсэлтийг гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул хүсэлтийн үе шат өнгөрсөн гэх үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн шүүхийн ажиллагааг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/01182 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ