Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/00143

 

2022 01 03

101/ШШ2022/00143

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ч.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: БЗДЗД холбогдох

 

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,829,780 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх, захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 136 хоногийн цалингийн зөрүү 3,439,712 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 133 дугаар дунд сургуульд бага боловсрол хариуцсан сургалтын менежерээр ажиллаж эхлэсэн. Ийнхүү сургалтын менежерээр ажиллаж байхад Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Б\60 дугаар захирамжаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хуулийн хэлтсийн дарга Мөнгөншагай нь 17:05 минутад цагт ирж уулз хэмээн дуудуулсан. Заасан цагт нь очтол танай сургууль хэл ам ихтэй байна. Чи үүрэг гүйцэтгэгч учраас ажлаа хүлээлгэж өг, өргөдлөө бичээд маргааш өглөө 9 цагт авчирч өг гэсэн. Нэхэмжлэгч энэ ажилд томилогдоод яг 1 сар болж байна. Үүний 14 хоногт нь коронагаар өвдсөн хүний 1 дүгээр хавьтагч болж 14 хоног тусгаарлагдсан. Гэхдээ энэ хугацаанд төрийн ажлыг цалгардуулаагүй хийх ёстой бүх ажлыг цаг хугацаанд нь хариуцлагатай хийж гүйцэтгэсэн. Эдгээр хэл ам хийж, гарын үсэг цуглуулж өгөөд байгаа хүмүүс ажлаа хийдэггүй сул цалин аваад явах сонирхолтой хүмүүс. Тиймээс ажил хийлгэх шаардлагыг тавихаар эсэргүүцэж байгаа юм. Энэ дотор юун дээр гарын үсэг зурснаа ч мэдэхгүй хүмүүс зөндөө байгаа. Зөвшөөрөх боломжгүй байна гэж хэлээд гарсан.

Ингээд маргааш өглөө нь очихгүй байтал маргааш үдээс хойш нь өргөдлөө өгөхийг шаардаж, маргааш өглөө 10 цагт ир сонсох ажиллагаа хийнэ гэсэн. Тэр цагт нь яваад очтол Сонсох ажиллагааны тэмдэглэл гэсэн бичиг уншиж өгсөн. Яагаад, юуг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэж байгаа вэ, дүгнэлтийг чинь үзье гэхэд байхгүй чи харин өөрөө гаргаад ир гэж илт доромжилсон агуулгатай үг хэллэгийг хэрэглэж байсан. Ингээд өнөөдрийн дотор хариу тайлбараа авчирч өг гэхэд тухайн өдөр нь өгөх гэсэн боловч Баянзүрх дүүрэгт сэжигтэй тохиолдол илэрсэн шинжилгээ авч байгаа гээд гадны хүн хүлээж авахгүй оруулахгүй байсан тул өөртэй нь утсаар ярьж хэлсэн ба хэлснийх нь дагуу маргааш өглөө нь үүдний цагдаад нь дугтуйлан өгч хүргүүлсэн.

Үүнээс хойш огт чимээгүй байж байгаад 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн үдээс хойш, хуулийн хэлтсийн дарга н.Мөнгөншагайгаар ахлуулсан ажлын хэсэг гэнэт орж ирээд ажлаа хүлээлгэж өг, Ч.Оюунтуяаг томилж байна гэж хэлээд 2021 оны 5 дугаар сарын 10-ны Б\92 тоот тушаалыг уншиж танилцуулаад шууд ажил хүлээлцсэн.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх гэж заасны дагуу чөлөөлдөг.

Миний бие энэ ажлыг хийх 2 сарын хугацаанд багш нарын гарын үсгийг цуглуулсан бага ангийн сургалтын менежер Ж.Отгонтөгс, нийгмийн ажилтан Д.Ариунаа, дундын менежер С.Нямтуяа, Отгонтөгсийн нөхөр багш н.Аптансүх, эмч Х.Гангамаа нар дараах газруудад өгч намайг шалгуулсан. Үүнд,

1.                БЗД-ийн боловсролын хэлтсийн дарга Ганбаттай байнга хов байдлаар харилцаж дарамт үзүүлж байлаа. Энэ Ганбат нь байнга буруутгах гэж оролдож, ажлын байрны дарамт үзүүлж байсан.

2.                БЗД-ийн ёс зүйн зөвлөлд гомдол гаргасан байсан. 2021.03.30-ны өдөр хариу тайлбарыг бичиж өгсөн. Ж.Отгонтөгс нь ёс зүйн зөвлөлийн гишүүн.

3.                АТГ-т 2 удаа өгсөн. Хариу тайлбаруудыг өгсөн.

Сургуулийн захирлын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад Ч.Оюунтуяа гэх хүнийг яагаад шууд захирлаар томилж байгаа нь мөн түүнчлэн энэ хүн захирлын албан тушаалын тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаагүй хүн байхад томилж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажлаас халж байгаа үндэслэлээ, хэл ам их гараад байгаа учраас гэж тайлбарлаж болохгүй гэж үзэж байна. Учир нь энэ зүйлээр ажлаас халахдаа ядаж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д зааснаар эхлээд халах гэж байгаа тухайгаа бичгээр мэдэгдэл өгөх хэрэгтэй санагдана.

Иймд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн томилж, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зөрүүг олгуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

Ч.Энхэцэгийг сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, тус сургуулийн сургалтын менежерээр ажиллуулсан ба захиргааны дарамтаас болж сургалтын менежерийн ажлыг Ч.Энхцэцэг цаашид хийх боломжгүй болж, өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож, ажлаасаа халагдсан. Захирлын үндсэн цалин 912,097 төгрөг, сургалтын менежерийн үндсэн цалин 842,702 төгрөг бөгөөд нэг өдрийн зөрүү цалин 25,292 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 136 хоногт тооцож, цалингийн зөрүүнд нийт 3,439,712 төгрөгийг гаргуулна. Үүнд удаан жилийн нэмэгдэл 15 хувь, улсад 16 жил ажилласан, заах аргын зэргийн 10 хувь, үр дүнгийн урамшуулал 15 хувийн нэмэгдлүүд тус тус орсон.

Дээрх цалингийн зөрүү дээр ажилгүй байсан хугацааны цалин 2,829,780 төгрөгийг нэмж, нийт 6,269,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Энхцэцэг нь ур чадвартаа тэнцэхгүй байгаа учраас ур чадвар нь тэнцсэн хүнийг буюу Ч.Оюунтуяаг ажилд авсан гэж тайлбарладаг. Хавтаст хэрэгт байгаа материалуудыг шинжлэн судлах явцад Ч.Оюунтуяа гэж хүнийг ажилд томилсон тушаал гарч ирсэн. Уг тушаал дээр Ч.Энхцэцэгийг өмнө ажилд томилсон тушаалтай адилхан байдлаар Ч.Оюунтуяаг томилсон байдаг. Энэ хоёр дээр хэн нэгэнд нь давуу байдал тогтоох байдлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийг зөрчсөн тушаал гарсан гэж үзэж байгаа. Үнэхээр энэ хүн ажил үүрэгтээ тэнцээгүй байсан бол тогтоосон баримтууд нь байх ёстой байсан. Хэргийн материал судлахад ажил үүрэгтээ тэнцээгүй гэсэн баримт гарч ирээгүй. Иймд Ч.Энхцэцэгийг ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 01/238 дугаар албан бичгээр Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэст Чулуунбаатарын Оюунтуяаг 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн тул ашиг сонирхлын мэдүүлгийг хүлээн авч хавсралтаар хүргүүлсэн байдаг. Тус бичгийн хариуг Авлигатай тэмцэг газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2021 оны 03 сарын 29-ны өдрийн 05/3573 дугаартай албан бичгээр нэр дэвшигч Ч.Оюунтуяа нь Баянзүрх дүүргийн 133 угаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх хариу ирүүлсэн. 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/93 дугаар захирамжаар Чулуунбаатарын Оюунтуяаг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нгон шалгаруулалт зарлах хүртэл хугацаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг /Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиас бусад хуулийн дагуу олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээг зохион байгуулах, албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ/-ийг үндэслэн тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна.

Мөн нэхэмжлэгч нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 дүгээр тушаалаар тус сургуулийн Бага боловсролын сургалтын менежерээр томилогдон одоог хүртэл ажиллан цалин хөлсөө зохих ёсоор тооцуулан авч байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэнг ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүнтэй холбоотой тухайн сургуулийн хэвийн байдлыг хангах үүднээс ажиллаж байсан албан хаагчдаас захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтад орж, шалгарсан хүнийг захирлын албан тушаалд томилдог боловч Корона вирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байсан учраас сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох хэрэгтэй байсан. Ч.Энхцэцэгийг сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Үүрэг гүйцэтгэгчид тэнцэх дараагийн хүнээр Ч.Оюунтуяа гэх үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэл нь 5 дугаар сарын 10-ны өдөр Ч.Энхцэцэг ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөн тухайн өдрөө өмнө нь ажиллаж байсан сургалтын менежерийн албан тушаалд томилогдсон. 5 дугаар сарын 10-ны Б/21136 тоот захирлын тушаалаар хуучин албан тушаалд нь томилон өнөөдрийг болтол цалин хөлсийг нь олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2,829,780 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгүүлэх, захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 136 хоногийн цалингийн зөрүү 3,439,712 төгрөг, нийт 6,269,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Ч.Энхцэцэгийг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн Баянзүрх дүүргийн Засар даргын 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Б/92 дугаар тушаал нь Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т тус тус заасныг үндэслэл болгожээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар, ажилтныг ажлаас чөлөөлөхөд, ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ. гэж заасан.

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр, нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь дээр дурьдсанаар мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд тухайлан заасан зохицуулалтыг хариуцагч баримтлаагүй тул ажлаас халсан нь хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

 

 

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг нь 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдөж, мөн өдрөө тус сургуулийн захирлын Б/21 дугаартай тушаалаар бага боловсролын сургалтын менежерээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Ч.Энхцэцэг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн бага боловсролын сургалтын менежерээр ажиллахдаа үндсэн цалин нэг сард 842,702 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 15 хувь болон бусад холбогдох нэмэгдлүүд олгогдож, сард 1,221,917 төгрөгийн, нэг өдөрт 52,101 төгрөгийн цалин, тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 912,097 төгрөг, нийт 45 хувийн нэмэгдэл тооцож, сард 1,322,540.65 төгрөгийн, өдөрт 53,594 төгрөгийн цалинг тус тус авч ажиллаж байжээ.

 

Дээр дурьдсанаар тооцоход, нэхэмжлэгчийн нэг өдрийн цалингийн зөрүү 1,493 төгрөг байх бөгөөд засаг даргын захирамжаар 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш мөн оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүртэл хугацааны 136 хоногт тооцоход нийт 203,048 төгрөгийн зөрүүтэй байна.

 

Ч.Энхцэцэг бага боловсролын сургалтын менежерээр ажиллаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүртлээ дээр дурьдсанаар цалинжиж байсан ба мөн өдрөөс хойш хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан хүртэл 36 хоногийн хугацааг сургуулийн захирлын нэг өдрийн цалин 53,594 төгрөгт тооцвол 1,929,384 төгрөгийн тооцоолол гарна.

 

Нэхэмжлэгч Ч.Энхцэцэг 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс хууль бусаар чөлөөлөгдсөн нь дээр дурьдсанаар тогтоогдож, ажилд эгүүлэн тогтоогдох үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно. гэж зааснаар, менежерээр ажилласан цалингийн зөрүү 203,048 төгрөг, сургуулийн захирлын үндсэн цалин 1,929,384 төгрөг, нийт 2,132,432 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,137,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулах үүргийг хариуцагчид даалгана.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны) 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ч.Энхцэцэгийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Ч.Энхцэцэгийг урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2,132,432 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Энхцэцэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,137,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 оны46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА