Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                    

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуян

Улсын яллагч Д.Оюунбилэг

Хохирогч Д.Д-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Баянбилэг

Шүүгдэгч Д.Б-, Р.Н- нарыг оролцуулан Аймгийн Прокурорын газраас газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-, Р.Н- нарт холбогдох эрүүгийн 201722000123 тоот хэргийг 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

1. Монгол улсын иргэн, Д.Б-,

2. Монгол улсын иргэн, Р.Н-,

Шүүгдэгч Д.Б-, Р.Н- нар нь 2017 оны 02-р сарын 20-ноос 2017 оны 02-р сарын 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Яргайт гэх газарт иргэн Д.Д-ын нэг тооны үхрийг машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж 1.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүгдэгч Д.Б-,Р.Н- нар нь 2017 оны 02-р сарын 20-ноос 2017 оны 02-р сарын 21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Арбулаг сумын Яргайт гэх газарт иргэн Д.Д-ын нэг тооны үхрийг шууд санаатай шунахай сэдэлтээр машин механизм ашиглан бүлэглэн хулгайлж 1.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Д-ын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: Би цагдаагийн хүмүүстэй хамт хэргийн газарт очиж үзэхэд миний монголын нас нийлсэн бүдүүн шарыг маань нядлаад машиныхаа хажууд махыг нь бүтнээр орхисон байсан. Арьс шир нь ч гэсэн тэндээ байна лээ. ...Одоо энэ 2 хүүхдээс хохиролоо бүрэн барагдуулж авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Цаашид ахиж битгий гэмт хэрэг битгий хийгээрэй гэж хэлэх байна гэх мэдүүлэг/хх-ийн 16-р тал/

Гэрч Д.З-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэр үхэр Д.Д- гэдэг хүний үхэр байгаа юм. Би Д.Д- гуайнхны малыг харж энэ жил өвөлжиж байгаа юм. Би хэргийн газарт очиж үзсэн тэгэхэд үхрийн мах тэр чигтээ бүтнээрээ машины хажууд байна лээ гэх мэдүүлэг/хх-ийн 19-р тал/

Гэрч С.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Р.Н- надаас машиныг маань авна гэж ярьж байснаас яг зарсан зүйл байхгүй. Р.Н- миний машиныг унаж яваад хулгай хийсэн болохыг мэдсэн. Би 2016 оны 11-р сард Даваасүрэн гэж хүнээс 1 сая 300 мянган төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж аваад өөрийнхөө нэр дээр болгож авч чадаагүй байсан юм”гэсэн мэдүүлэг/хх-ийн 21-р хуудас /

Шүүгдэгч Р.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 02-р сарын 20-ны өдөр хамаатны ах болох Хоролбаатараас аксент маркын тээврийн хэрэгслийг нь 1 сая 500 мянган төгрөгөөр худалдаж авахаар ярьж тохирсон юм. Тэгээд тэр оройдоо машиныг нь аваад Арбулаг сум руу Д.Б-ийг дагуулаад явсан. Бид хоёр Мөрөнгөөс гараад явж байтал нэг хэсэг үхэртэй тааралдсан тэгэхээр нь би машинаас буусан чинь Д.Б- яах гэж байгаа юм гээд дагаад буугаад ирэхээр нь би эндээс нэг үхэр цохиод аваад орчихьё гэж хэлсэн ....Би нэг үхэр бугуйлдаж барьж аваад тэнд нь сүхээр цохиж алсан. Д.Б- барьж өгөөд би сүхээр цохиж алсан гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/,

Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Тэгээд бид хоёр нөгөө үхрээ нядлаад махыг нь машиндаа ачаад машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь машин асахаа байсан. Машинтайгаа ноцолдож байтал үүр цайгаад бид хоёр хоёулаа угаасаа Мөрөн орьё гээд замын унаанд сууж Мөрөнгийн төв рүү орж ирээд өөрсдөө цагдаа дээр ирсэн. Үхэр нядлахад бид хоёр хамт хамжиж нядалсан гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/,

Хэрэг, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-5-р тал/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-р тал/,

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 10-р тал/,

Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 25-26-р тал/  зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Д.Б-, Р.Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар бусдын  эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52, 56-р тал/-аар тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-, Р.Н- нар нь хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдснээ сайн дураараа илчилснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин бүлэглэн, машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдснийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Д.Б-, Р.Н- нарт ял шийтгэл оногдуулахдаа Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн засаг даргын, Хөвсгөл аймгийн аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40, 53-р тал/ болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж Д.Б-, Р.Н- нараас эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан ялыг оногдуулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нь 43 см, модон иш нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслахад даалгалаа.

Аксент маркийн -- улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Б-, Р.Н- нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Б-, Р.Н- нараас эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Д.Б-, Р.Н- нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Д.Б-, Р.Н- нарт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Д.Б-, Р.Н- нарын ял эдлэх засрал хүмүүжилд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Аксент маркийн -- улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Р.Н-гаас 1.300.000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн урт нь 43 см, модон иш нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сүхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Г.Түвшинтөгст даалгасугай.

8. Энэ хэрэгт хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдсугай. 9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгчид шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-, 5 Р.Н- нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Н.АРИУНЖАРГАЛ