Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 02

 

                  

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 06 өдөр   021/ДШМ/02        Хэрлэн сум                                  

 

Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/0002/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч, даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Прокурор Ж.Батбаатар,

Яллагдагч Б-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 490 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын эсэргүүцлээр Б-ад холбогдох эрүүгийн 1939000720158 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1988 онд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны Ерөнхий боловсролын сургуульд нярав ажилтай, ам бүл 3,  эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны 51-02 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Т овогт Б-н Б нь

2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны 96 айлын орон сууцны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр М-ийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Б-ад холбогдох 1939000720158 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Хэнтий аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид 7 хоногийн дотор гардуулна” гэснийг зөрчиж оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан байх тул хэргийг дахин прокурорт буцаах нь зүйтэй гэж үзсэн.

Оролцогчийн гомдол гаргах эрхийг хангуулахаар 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай шүүхийн тогтоол гарч байсан учир хэргийг прокурорт буцаасан захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан.

Яллагдагч Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий эхнэр М-ийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр М-ийн гар утсыг ажлын өрөөнөөс нь түүний зөвшөөрөлгүй авч түүний гар утсанд байсан хувь хүний захидал харилцааны нууцад хамаарах мессежийг уншиж, бусдад тараасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг “хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолуудыг яллагдагч Б- болон бусад оролцогч нарт танилцуулсан /2хх-н 139, 143х/.

Гэтэл яллагдагчийн өмгөөлөгч нь яллагдагчийн зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын шийдвэрийг зөвхөн өөрөө гардаж аваагүй гэсэн шалтгаанаар хэргийг удаа дараа буцаах санал гаргах, мөрдөгчөөс хэргийн материалтай танилцахыг удаа дараа мэдэгдэхэд “танилцахгүй, шүүхийн шатанд танилцана” гэх эсхүл танилцсан хэдий ч хэргийн материал танилцуулсан тэмдэглэлд гарын үсэг зурахгүй байх зэрэг үйлдлүүд гаргаж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна.

Яллагдагчийн зарим хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээр яллагдагчийн эрхийг зөрчсөн, яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргуулах нөхцөл байдал үүсээгүй, мөн Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны 96 айлын орон сууцны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр М-ийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх нөхцөл байдал үүсээгүй байхад анхан шатны шүүхээс хэт нэг талыг барьж хэргийг буцааж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Б-ад холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэхгүй удаа дараа мөрдөн байцаалтын шатанд буцаж байна. Яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй.

Хохирогч М- Б-ыг 7 удаа зодож байсан бөгөөд Б-ын эрүүл мэндэд хохирол учруулж эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл М-ийн нөхөр Б-ыг зодож байгаа бичлэг бүхий CD шүүхэд ирээгүй байсан. Уг дүрс бичлэгийг шүүхэд ирүүлээгүйгээс 2019 оны 7 дугаар сард хэрэг мөрдөн байцаалтад буцсан. Уг ажиллагааг нөхөн гүйцэтгэхээр хэрэг 7 сар мөрдөн байцаалын шатанд байсан. 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2020 оны 01 дүгээр сард 2 дахь шүүх хуралдаан болсон. Гэтэл яллах дүгнэлтэд М-ийн нөхөр Б-ыг зодсон 7 үйлдлийн 2 үйлдлийг орхигдуулснаас болж хэрэг дахин мөрдөн байцаалтын шатанд буцсан. Хэрэг 2020 оны 02 дугаар сар хүртэл мөрдөн байцаалтын шатанд байж байгаад М-ийн үйлдлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Б-ын үйлдэл дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр М-ийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан зүйл ангийг нэмж эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн байсан.  2020 оны 02 дугаар сард ирсэн хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэргээ шүүхэд шилжүүлсэн. Прокурор М- болон Б-ын зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа гадуулах ажиллагаа хийлгүй эрхийг маань хязгаарласан. Анхан шатны шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр болж оролцогчдын хуулиар олгогдсон эрх зөрчигдсөн гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаагаагүй бөгөөд тогтоолыг яллагдагчийн өмгөөлөгчид гардуулах ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан. Гэтэл прокурор хэргийг мөрдөн байцаалтад буцааж хэрэг мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 10 сар хүртэл байсан. 2020 оны 9 дүгээр сард надад хэргийн материал танилцуулахаар дуудахад нь “хэргийн материалтай танилцах шаардлагагүй, тогтоол гаргуулна биз дээ” гэж хэлсэн. Прокурорын хяналтын хугацаа 14 хоног байдаг. Гэтэл прокурор хэргээ хүлээж авснаас хойш 1 хоногийн дараа намайг мэдэгдэх хуудсаар дуудсан. Хуульд өмгөөлөгчийг мэдэгдэх хуудсаар дуудах талаар зохицуулалт байхгүй тул миний бие мэдэгдэх хуудсыг хүлээж аваагүй. Гэтэл прокурор яллагдагчийн өмгөөлөгч өөрөө тогтоол гардуулах боломж олгоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан гэж ярьж байна. Батбаатар прокурорт надад тогтоол гардуулах бүрэн боломж байсан. Гэтэл гардуулах ажиллагааг огт хийгээгүй.

Хэргийн хувьд Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр М-ийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл нь 2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Б- нь эхнэр М-т зодуулсан, биедээ гэмтэл авсан, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдалтай байсан. хохирогч М- “...тухайн үед би бэлгийн харьцаанд орохыг хүлээн зөвшөөрөөгүй, ...нөгөө өрөөндөө ороод харахад Б- гар хангалга хийгээд байж байсан” гэж мэдүүлдэг. Б- эхнэрийнхээ эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол гар хангалга хийх шаардлага байхгүй байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн гэм буруугийн асуудал бүрэн шалгагдаж тогтоогдоогүй байх тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын давж заалдах гомдлоор Б-ад холбогдох эрүүгийн хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны 96 айлын орон сууцны 2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр М-ийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 81-А дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ /2хх-н 217-220х/.

Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 06 дугаартай прокурорын тогтоолоор М-т холбогдох 2017 оны 10 дугаар сараас 2019 оны 02 дугаар сарын 03-ны хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн нөхөр Б-ыг байнга буюу 7 удаа зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн нөхөр Б-ыг 2019 оны 01 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр /2хх-н 135-139х/, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагч Б-ад холбогдох 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр М-ийг байнга буюу 3 удаа зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, мөн хувь хүний нууцад хамаарах захидал харилцааны нууцад халдсан үйлдлүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож, тогтоолуудыг Б-, М- нарт танилцуулжээ /2хх-н 140-143х/.  

Яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь “тогтоолыг надад танилцуулж гардуулаагүй, зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй” гэсэн гомдол гаргасны дагуу анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 дугаартай тогтоол гарч “оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ /2хх-н 201-202х/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Оролцогч хэргийг хэрэгсэхгүй болгосон, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгосон прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч С.Нарангэрэл нь хэргийг мөрдөн байцаалтын шатанд байх хугацаанд прокурорт гомдол гаргаагүй байхад анхан шатны шүүх мөн үндэслэлээр хэргийг дахин прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 2020/ШЗ/490 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож,  хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэргийг шүүхэд очтол Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

                                ШҮҮГЧИД                                           О.БААТАРСҮХ

                                                                                              Б.ДЭНСМАА