Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/50

 

 

 

 

2021  02   19                                                               2021/ШЦТ/50

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2019/0308/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч *******олор-Эрдэнэ, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                  Ж.Хонгорзул

Улсын яллагч                                                Ж.Батбаатар

Иргэдийн төлөөлөгч                                     Ц.Тэмүүлэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                               С.Нарангэрэл

Шүүгдэгч                                                       ******* нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж *******-д холбогдох 19....дугаартай эрүүгийн хэргийг  2021 оны 01 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч  ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны 96 айлын орон сууцны 2 тоотод  гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр А.Мийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь согтуугаар 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны 96 айлын орон сууцны 2 тоотод эхнэр А.Мийн хүсэл зоригийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн болох нь:

1. Хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед намайг гэртээ охинтойгоо унтаж байхад манай нөхөр Б гэрийн гадаа ирээд байшингийн цонхийг хүчтэй нүдээд Мөнхөө гээд миний нэрийг дуудаад хашгираад байсан. Тэгээд бүр цонх хагалчих гээд нүдээд байсан. Тухайн үед Б бид хоёр хамт амьдрахаа болиод 20 гаран хоног болж байсан. Б ер нь архи уухаараа агсам тавиад намайг зодож нүдээд алчих гээд байдаг болохоор тэр үед би их айсан. Тухайн үед манай охин ч  гэсэн уйлаад айгаад байсан. Тэгээд би Быг цонх нүдээд хагалчих гээд байхаар нь сандраад хэсгийн төлөөлөгч рүү утсаар залгаж дуудлага өгсөн. Тэгээд Баас айгаад хаалгаа тайлж өгөхгүй байж байтал удалгүй цагдаа ирээд Быг гаднаас аваад явсан. Би тухайн үйл явдлыг цонхоороо хараад гэртээ байж байсан. Тэгээд буцаж унтах гээд хэвтээд жаахан зүүрмэглээд байж байтал шөнийн 02 цагийн үед гэнэтхэн хаалга татаад түс тас хийх чимээ гараад Б ороод ирсэн. Тэгээд Б шууд гэрэл асаагаад над руу “чи муу намайг цагдаад өгдөг хэн юм бэ?, пизда минь” гээд дайраад байсан. Уг нь манай хаалга түгжээтэй байсан. Манай хаалга бүдүүн хадаасаар дэгээ хийсэн цоожтой байсан. Тэгэхэд тэрийг бүр тэнийтэл нь татаад ороод ирсэн байсан. Тэрийг нь би бүүр сүүлд бахиар засаж янзлаад буцаж махийлгаж хэвэнд оруулсан. Тэгээд Б гэрт орж ирээд намайг баахан хэл амаар доромжлоод чи надаас салчихаад Бямбалхагватай суух гэж байгаа юм уу муу пизда минь гээд л гичий пизда, гээд л баахан хараасан. Б тухайн үед нилээн согтуу байсан болохоор би бүр айгаад өөдөөс нь үг ч хэлж чадаагүй. Тэгээд Б чанга чанга хашгираад байхаар нь би дахиад цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь Б миний утсыг булааж аваад над руу цагдаа дуудлаа гээд юм яриад зогсоод байсан. Тэгсэн чинь гадаа машин ирэх чимээ гарсан чинь Б миний утсыг авсан чигээрээ гараад яваад өгсөн. Тэгсэн чинь нөгөө машин нь цагдаагийн биш Бын ээж дүү хоёр нь байсан юм билээ. Тэгээд Б ээжийнхээ машинд ороод суусан. Тэр үед цагдаа  ч гэсэн машинтайгаа ирж таарсан. Тэгээд би Бын дүү Батболдод Б миний утсыг авчихлаа аваад өг гэсэн чинь харин ашгүй миний утсыг аваад өгсөн. Тэгээд Бын ээж, дүү хоёр нь Быг аваад явсан. Цагдаа ч  гэсэн яваад өгсөн. Тэгээд буцаад унтах гээд байж байтал шөнийн 04 цагийн үед Б дахиад хүрээд ирсэн. Б шууд гэрэл асааснаа манай охин бид хоёрын гар утсыг хажуу талаас булааж авснаа үүдний амбаар руу гараад нэг газарт нуучих шиг болсон. Тэгээд би охинтойгоо унтмаар байна пизда минь гээд гадуур өмдөө тайлаад хувцастайгаа оронд ороод хэвтсэн. Тэгээд би Баас айгаад охиныхоо араар нь ороод охиноо голдоо оруулаад хэвтсэн. Тэгсэн чинь л Б охины дээгүүр гараа давуулаад миний хөх рүү гараа явуулаад базаж чимхээд байсан. Тэгэхээр нь би гартай нь ноцолдоод амьхандаа холдуулаад байсан. Тэгсэн чинь бүр сүүлдээ хүүхдийн   дээгүүр биеэрээ дарчихаад миний өмдийг тайлах гээд ноцолдсоор байгаад Б миний өмдийг тайлсан. Тухайн үед би хар өнгийн  зузаан ноосон трико өмссөн байсан. Тэрийг маань дотуур нь өмссөн байсан турсиктэй маань хамт давхар тайлчихсан. Би уг нь амьхандаа л болиулах гээд гар хурууг нь түлхэж холдуулж байсан боловч дийлээгүй. Тэгээд надтай ноцолдож  байхдаа миний толгой руу хоёр ч удаа дэлсээд авсан. Тэгээд л чи муу Бямбалхагватай яасан гээд л шүдээ зууж яриад цохиод байсан. Тэгж байснаа Б гэнэт орон дээр босоод суучихсан. Тэгэхээр нь би ч бас айгаад зэрэг босоод суусан. Тэгсэн чинь над руу дайраад чамайг ална муу пизда гээд миний ам руу хоёр хуруугаа хийж байгаад завьжнаас хоёр тийш нь татаад бараг задалчих шиг л болсон. Тэр үед нь би гарыг нь тавиулах гээд базалж чимхээд гартай нь нилээн ноцолдож байгаад гарыг нь тавиулсан. Тэгсэн чинь миний аманд цус амтагдаад, яг амны хэсэг мэдээгүй болчихсон. Нүүр эвгүй оргиод байсан. Тэгснээ Б миний цээжин дээр гараараа дараад өвдгөөрөө миний ташаан дээр дарж өвдөглөөд ахиад намайг дээш харуулаад миний дээрээс дарж хэвтсэн. Тэр үед би Быг болиоч дээ чи гэж хэлээд гарыг нь цохиж, базалж байж нэг юм өөрийнхөө дээрээс босгосон. Тэгсэн чинь шууд миний хоёр хөлийг барьж аваад өөрөө орны урд талд босож зогссоноо миний хоёр хөлийг шилбэн дээрээс нь хоёр гараараа барьж байгаад дээш нь өргөж хоёр хөлийг маань салгаад “би энийг чинь харах гээд байна” гээд орилоод байсан. Тэр үед манай охин сэрүүн бүх үйл явдлыг хараад, бүр уйлаад айчихсан байсан. Тэгээд би Бад чи хүүхдийн дэргэд болиоч гээд уйлаад хэлсэн чинь миний хөлийг тавьснаа ахиад миний дээрээс дарж орон дээр хэвтээд нэг гараараа миний хоёр гарыг нийлүүлж бариад нэг хөлөөрөө миний хоёр хөлийг дарчихаад миний дөрвөн мөчийг хөдөлгөөнгүй болгосон. Тэгээд Б нөгөө гараараа миний бэлэг эрхтнийг оролдоод, бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж оролдоод, бэлэг эрхтнийг маань аймар хүчтэй чимхэж базаад, хурууныхаа хумсыг шигтгээд л бараг төрөх гэж байгаа юм шиг л  өвтгөж тарчлаасан. Тэгээд би бүр Быг чи болиоч гээд бараг гуйгаад уйлсан. Тэгээд намайг орилж уйлаад байсан болохоор манай охин бүр айгаад хөдөлж чадахгүй болоод хажууд уйлаад зогсоод байсан. Тэгэхээр нь би охиныгоо хажуу талын айлын хүмүүсийг дуудаад цагдаа дууд гээд охиндоо хэлсэн. Тэгтэл манай охин бүр айчихсан хөдлөхгүй зогсоод байсан. Тэгээд би Быг холдуулах гээд баахан ноцолдож байгаад нэг юм холдуулсан. Тэгсэн чинь манай хаалгыг тогших чимээ гарсан. Тухайн үед гэрийн гэрэл унтраастай байсан болохоор хэн гэдгийг мэдээгүй. Тэгсэн чинь Б орилж хашгирч байснаа хаалга тогших чимээнээр чимээгүй болчихсон. Би юм дуугарч чадахгүй уйлаад байж байсан. Тухайн үед би ашгүй цагдаа орж ирж байгаа юм байх гэж бодоод байж байсан чинь хэсэг байж байснаа чимээгүй болчихсон. Тэгсэн чинь Б босоод үүд рүү очоод цонхоор харснаа буцаад хүрээд ирсэн. Бодвол манай хаалгыг тогшсон хүн нь манай байрны л нэг хүн байсан байх. Тэгээд Б миний хажууд ирж сууснаа бас л намайг баахан харааж доромжилсон. Тэр үед би охиноо тэвэрчихсэн орны буланд буруу хараад уйлаад сууж байсан. Б хэсэг чимээгүй болчихоор нь би гайхаад Б руу харсан чинь Б орны буланд  хөлний хэсэгт суучихсан нөгөө өмссөн байсан саарал өнгийн дотуур өмдөө өвдгөө хүртэл шувталчихсан бэлэг эрхтнээ бариад гар хангалга хийгээд байсан. Би бүр тухайн үед Бад юу ч хэлээгүй, бүр арай ч дээ л гэж бодсон. Тэгж байснаа Б ахиад босч ирээд миний хажууд сууснаа чи муу Бямбалхагватай унтаа биз дээ гээд л миний толгойг сугандаа хавчуулаад миний хүзүүг хавчаад амьсгал боогоод байсан. Тэгээд намайг тэр чигт нь мушгиад миний толгойгоор орон дээрээс газарт унагаасан. Тэгээд миний хүзүү эвгүй болчихоод газарт уначихсан уйлаад хэвтэж байсан чинь Б миний дээрээс хөнжлөөр бүтээгээд дээрээс дараад байсан. Тэгсэн чинь манай охин Бөртэ-Үжин аав аа болиоч гээд бид хоёрын дундуур ороод аавыгаа надаас холдуулах гээд л үзээд байсан. Тэгээд нэг юм хөнжлийг нь холдуулаад би охиныгоо хана нүдээд Халиунаа эмчийгээ дууд гэж хэлсэн. Тэгсэн охин хана нүдсэн. Тэгээд би охиныгоо Халиунаа эмчийг дуудаад ир гэж хэлэн чинь охин хаалга руу явах гэтэл Б босоод охиныг татаад “угаасаа аав нь цагдаа руу явна” энэ тэр гэсэн юм охин руу хэлж хашгираад байсан. Тэгээд охиныг орон дээр суулгасан. Тэгээд Б өөрөө үүд рүү яваад өгсөн. Тэгээд тэндээ хэсэг чимээгүй болчихсон. Харин би газар хэвтэж байсан....  ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 25-31 тал/

2. Насанд хүрээгүй гэрч *******өртэ-Үжингийн мөрдөн шалгах ажиллаагааны явцад өсгөн: “... Би одоо аав, ээжийг зодсон өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан 1 сард тэр өдөр аав, ээж, бид хоёрыг шөнө унтаж байхад гэрийн гадаа ирчихээд гэрийн цонхыг хүчтэй нүдээд байсан. Тэгээд ээж бид хоёр сэрээд ээж аавыг согтуу байна гээд айгаад утсаар цагдаа дуудсан. Тэгээд аавыг гэрийн гадаа байхад цагдаа ирээд аавыг аваад явсан. Тэрний дараа намайг унтаж байхад эрэгтэй хүн чанга чанга дуугараад байхаар нь сэрээд харсан чинь аав ахиад ирчихсэн гэрт ээжтэй хэрэлдээд байсан. Тэгээд аав ээжийг зодсон. Тэгээд ээжийг орон дээр дээрээс нь дараад байсан. Тэгээд ээжийн үснээс зулгаагаад байсан. Ээж чи чимхээд байна ш дээ гээд аав руу орилоод байсан. Дараа нь ээжийн нүүрийг хөнжлөөр дараад газар унагаагаад аав өөрөө дээрээс нь хэвтээд байсан. Тэгсэн чинь ээж намайг Халиунаа эмчийг дуудаад ир гэж хэлсэн. Тэгээд би Халиунаа эмчийг дуудаж ирэх гээд хаалга руу гүйсэн чинь аав босож ирээд намайг түлхээд цагдаа угаасаа маргааш аймаг руу намайг авч явахаас хойш гээд над руу хэлсэн. Тэгээд би ааваас айгаад буцаад орон дээр гарсан. Тэгсэн чинь аав ээжийг газар байхад нь өмдийг нь тайлаад байсан. Тэгээд ээж болиоч ээ гээд орилоод байсан. Тэгээд аав ээж хоёр газар хэрэлдээд ноцолдоод байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 тал/

 

Насанд хүрээгүй гэрч *******өртэ-Үжингийн мөрдөн шалгах ажиллаагааны явцад дахин өсгөн: “...   2019 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед манай аав Б согтуу ирж манай байшингийн цонхийг маш хүчтэй цохиж намайг айлгасан. Мөн шөнө унтаж байгаад сэрсэн чинь манай аав Б согтуу орж ирээд ээжтэй нэг зураас гарсан марсан гээд хэрэлдэж байгаад орон дээр гарч ирээд ээжийг дээрээс нь дараад ээжийг орьлуулаад байсан. Мөн гэрлээ унтраа гээд намайг загнаад байсан. Би өглөө 05 цагаас 06 цагийн хооронд жоохон унтсан. Өөр ерөөсөө унтаж чадаагүй... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 41 тал/

 

3. Гэрч Н.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Миний мэдэж байгаагаар бол Б нь эмч Мт 2 удаа ажил дээр агсам согтуу тавьсан тохиолдлыг мэдэх юм байна. 2018 оны 11 дүгээр сард юм даг. Яг хэдний өдөр гэдгийг нь бол сайн санахгүй байна. Нэг өдөр 13 цагийн үед шиг санаж байна. Намайг ажил дээрээ байх үед манай эмч М намайг дуудаад өөрийнхөө өрөөнөөс хашгирсан. Тэгэхээр нь би яваад ортол Мийн нөхөр Б нь манай ажил дээр согтуу ирчихсэн М эмчид агсам тавиад гичий, нохой, гэж хэлэх хэлэхгүй үгээр хараагаад чанга, чанга хашгираад байсан. Тэгсэн М эмч та энэ Быг гаргаад өгөөч гэж надаас гуйсан. Тэгэхээр нь би Быг М эмчийн өрөөнөөс чирээд гаргасан. Б тухайн үед бас нилээн согтолттой байсан. Тэгээд тэр өдөр ахиж эргэж ирээгүй. Тэрний дараа бас хэдхэн хоногийн дараа намайг ажил дээрээ ээлжтэй байх үед бас л  адилхан М эмч намайг өрөө рүүгээ дуудсан. Тэгсэн чинь Б ахиад ирчихсэн М эмчийг харааж дайрч, давшлаад байсан. Бас л гичий, нохой гээд хараагаад байсан. Тэр өдөр энэ үйл явдал цайны цагийн дараа 14-15 цагийн үед болсон. Тэгээд би Быг эмнэлэг дотор чанга хашгираад агсам тавиад байхаар нь эмнэлгээс гаргаж явуулсан. Миний хувьд бол энэ хоёр тохиолдлыг л мэдэж байна... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал/

 

4. Гэрч Б.Тэмүүжингийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын сүүл үеэр шиг санаж байна. Манай хамт ажилладаг эмч болох М нь манай хажуу талд амьдардаг юм. Манайх М эмчийн яг хажуу талынх нь байранд байдаг. Шөнө гэртээ унтаж байхад М эмчийн гэрт хэрүүл шуугиан болоод түс, тас хийх чимээ гараад байсан. Яг хүмүүс зодолдож байгаа юм шиг. Тэгээд тэр өдрийн маргааш өглөө нь намайг ажил дээрээ ирээд байж байхад сумын хэсгийн төлөөлөгч намайг дуудаад М эмчийг нөхөртөө зодуулсан байна. Чи Мийн биед үзлэг хийгээд тодорхойлолт бичээд өг гэж байсан. Тэгээд тэр өдөр эмнэлэг дээр М эмчийн биед үзлэг хийх үед баруун талын ташааны хэсэгт хурууны уртын хэмжээтэй талбайд хөхөрч, няцарсан, баруун гарынх нь алганы доод талд, гарын сарвууны гадна хэсэгт зулгарсан шарх байсан. Тэгээд би тэр гэмтлүүдийг нь бичээд бичгээ сумын хэсгийн төлөөлөгчид өгсөн... Ер нь л үе үе давтамжтай тэдний гэрт хэрүүл, шуугиан, түс тас хийх чимээ байнга шахуу л болдог байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ хажуу талд нь байдаг болохоор хэрүүл шуугиан болох бүрт нь л мэддэг байсан. Гэхдээ юу  болж байгааг нь гэрт нь орж харж байгаагүй... “ гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 45-46 тал/

 

5. Гэрч Д.Болортунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б нь сүүлийн үед нилээн их архи дарс уух болсон. Би уг нь хуучин Бын ангийнх нь багш байсан юм. Тийм байхад хүртэл одоо намайг хүн тоохоо больсон, ажлын цагаар ч бай,  амралтын цагаар ч бай архи ер нь нилээн уух болсон. Б нь Мт гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг асуудлын хувьд бол миний мэдэж байгаагаар 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр М бид хоёр хамт аймгийн төв рүү хамтарсан багийн чадавхжуулах сургалтанд явсан. Тэгсэн сургалт явагдаж байх үед Мийн утас руу залгаад л  байлгаж суулгахгүй байсан. Тэгээд М утсаа авахгүй байсан. Тэгээд байж байтал удалгүй Б миний утас руу байн байн залгаад л Мтэй яръя гээд согтуу яриад байсан. Тэгээд бүр тэр сургалтын үеэр М бид хоёрын утас руу ээлжилж залгаад байлгаж суулгахгүй, тэгээд утсаа авахгүй байсан чинь над руу баахан мессэж бичиж дарамталсан. Тэр мессэжийнх нь зургийг би аваад М ррүү чатаар явуулсан байгаа... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 тал/

 

6. Гэрч Д.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... манай хамт ажилладаг эрхлэгч эмч А.Мийн гэр нь манай хажуу талын хаалганд амьдардаг юм. 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн үед манай хажуу айл болох эрхлэгч эмч А.Мийн гэрт нь олон хүмүүс шуугилдаад байсан. Тухайн үед би юм бодолгүй наргиж цэнгэж байгаа юм байлгүй гэж бодоод унтаад өгсөн. Тэгээд үүрээр 05 цагийн үед М эмчийн гэрт нь Б, М нар хоорондоо хэрэлдэж маргалдаад хашгиралдаад байсан. Тухайн үед би өөрөө бие давхар байсан болохоор тэдний гэр рүү ороогүй. Бага эмч Г.Энхтунгалагийн утас руу залгаад: “ *******, А.М нар хорондоо хэрүүл маргаан үүсгээд зодолдоод байх шиг байна, та нэг гэр рүү нь ороод үзээдэх ” гэж хэлсэн. Тэгээд Г.Энхтунгалаг эмч А.Мийн гэрийнх нь хаалгыг тогшсон чинь нөгөө хэрэлдэж зодолдож байсан хоёр чив чимээгүй болсон. Тэгээд Г.Энхтунгалаг над руу утсаар яриад хаалгаа тавихгүй байна гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51 тал/

 

7. Гэрч Г.Энхтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны үдээс өмнө Б Мийн гар утсыг аваад миний өрөөний үүдэнд таараад Б Мийн утсан дээр М хүнтэй мессежлээд байгаа юм байна та хардаа гэсэн. Тэгэхээр нь би тэр мессежийг нь хараагүй. Ямарч байсан их урт мессеж байсан. Тэгээд эмч нь яаж мэдэх вэ, чи Мтэйгээ л учраа ол гэсэн... М гарч ирээд хоорондоо хэрэлдэж манай өрөөнөөс гарсан юм . Тэгээд хорондоо коридорт хэрэлдээд байсан. Тэгсэн шөнө 23 цагийн үед Б нь хаалгаа чанга чанга нүдээд байсан. Тэгснээ цонхоо тогшоод Мөнхөө гээд л  хашгираад байсан. Тэгээд цонхон дээр нь нэг хүн ирээд дүнгэр дүнгэр хийгээд яриад байсан. Тэгснээ ээж нь яваад байсан. Өглөө 05 цаг 50 минутын үед Халиунаа эмч миний утас руу залгасан. Тэгээд би эмнэлэг дээр юм болсон юм  байлгүй гээд утсаа авсан чинь Б нь гэртээ ирсэн юм шиг байна. Мөнхөө эмч Бөртөө хоёр уйлаад байх шиг байна. Тэгээд ханаа нүдээд байна. Яах вэ? Гэж хэлэхээр нь би гэрт нь оръё гээд би босоод гарсан чинь гал тогоо нь харанхуй, гэр нь дотроосоо цоожтой байсан. Эргэж орж ирээд Халиунаа руу гэрэлгүй байна шүү дээ унтчихсан юм болох уу, эсвэл гараад явчихсан юм болов уу, гэсэн чинь уйлаад л байна даа... гэсэн. Тэгсэн би цагдаад хэлэх үү гэсэн чинь 10-д жил ханилсан юм байна... арай ч алчихгүй байлгүй гэсэн. Тэгээд би буцаад хаалгыг нь тогшсон байхгүй болохоор нь би гэр рүүгээ ороод Бын ээж рүү нь залгаад та Быг ирж аваач Мөнхөө эмчид агсан тавиад байна гэсэн чинь харин тийм, ширээтээс найзууд нь ирээд Бад архи өгсөн байсан юм. Гэртээ авчирсан чинь надаас зугтаагаад явчихсан юм гэсэн... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 52-53 тал/

 

8. Гэрч Х.Лхагвагарамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө намайг гэртээ унтаж байхад манай сумын хэсгийн төлөөлөгч Наранбат манай хүү Быг дагуулаад ирсэн. Тэгээд Наранбат цагдаа надад Мийн хаалга гэрийн үүдийг нь тогшоод байна гээд М дуудлага өгсөн. Ахиж Мийн гэр рүү битгий явуулаарай гээд Барыг манай гэрт орхичихоод буцаад яваад өгсөн. Тэгээд Б унтах гээд хэвтчихсэн байсан. Би ч  тэрүүхэн хооронд унтаад өгсөн. Тэгсэн чинь нэг сэрээд харсан чинь Б байхгүй болчихсон байсан. Тэгэхээр нь би хүү Батболдын хамт шөнө 02 цагийн үед Быг хайгаад Мийн гэр рүү очсон байх гээд Батболд бид хоёр алхаад Мийн гадаа очиж байсан чинь сумын цагдаа дахиад ирчихсэн Быг Мийн гэрээс гаргаж байсан. Тэгээд Батболд бид хоёрт Быг хүлээлгэж өгсөн. Б тухайн үед нилээн согтуу байсан. Тэгээд Батболд бид хоёр  Быг дагуулаад буцаад гэр рүүгээ харьсан. Тэгээд Бын зүрх нь өвдөөд байна гээд цээжээ нүдээд орилоод байхаар нь 1 ширхэг зүрхний эм өгөөд унтуулсан. Тэгээд уг нь Б унтчих шиг болсон. Би ч гэсэн унтаад өгсөн. Тэгээд өглөө сэрээд харсан чинь Б байхгүй байсан... ” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-58 тал/

 

9. Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...  Би Мийг хүчирхийлж бэлгийн ажил хийсэн асуудал болоогүй...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-97 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүний эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь өмгөөлөл явуулахдаа хэргийг хэрэгсэхгүй болгох байрь суурьтай оролцсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу өөрийн эхнэр А.Мийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Тэгээд би Бад чи хүүхдийн дэргэд болиоч гээд уйлаад хэлсэн чинь миний хөлийг тавьснаа ахиад миний дээрээс дарж орон дээр хэвтээд нэг гараараа миний хоёр гарыг нийлүүлж бариад нэг хөлөөрөө миний хоёр хөлийг дарчихаад миний дөрвөн мөчийг хөдөлгөөнгүй болгосон. Тэгээд Б нөгөө гараараа миний бэлэг эрхтнийг оролдоод, бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж оролдоод, бэлэг эрхтнийг маань аймар хүчтэй чимхэж базаад, хурууныхаа хумсыг шигтгээд л бараг төрөх гэж байгаа юм шиг л  өвтгөж тарчлаасан...” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл гэдэг нь хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан,  хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгох ба шүүгдэгч ******* нь хохирогчийн бэлэг эрхтнийг гараараа оролдож, бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Мийн биед гэмтэл учраагүй бөгөөд шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэн өөрчилсөн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно...” гэж зааснаар байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тухайн үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  бичлэг бүхий 1 ширхэг СD-г  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял шийтгэлийг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Быг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  хүний эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндсэн  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр  зүйлийн 2 дахь  хэсгийн 2.3 дахь заалтад  зааснаар шүүгдэгч *******ыг  2 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  бичлэг бүхий СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган  үлдээсүгэй.

 

5. Энэ хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй,  бусдад төлөх төлбөргүй,  түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******ад  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              Д.ГАНЗОРИГ

                                                                ШҮҮГЧИД                         *******ОЛОР-ЭРДЭНЭ

                                                                                                            Э.ОДХҮҮ