Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2021/01597

 

2021 оны 06 сарын 22 өдөр         Дугаар 183/ШШ2021/01597                             Улаанбаатар хот

 

                          

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Чингисийн өргөн чөлөө, A сервисийн байр, Х. М ХХК /РД:5349079/-ийн гомдолтой,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 14253, өөрийн байранд байрлах, /РД:5368138/-т холбогдох,

 

Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ж , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Н  нар оролцов.                                                   

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Хан- Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банканд 411,535,732 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Түүнээс хойш 2019 онд 2 үл хөдлөх хөрөнгийг хураан аваад худалдан борлуулах ажиллагаа явагдаж байна. 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан. Энэ дуудлага худалдааг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байна вэ гэхээр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ нь нэмэгдсэн 6 сар өнгөрсөн бол үл хөдлөх эд хөрөнгөд нь үнэлгээ хийлгэх боломжтой гэсэн хуулийн заалт байна. Ингээд хууль зүйн боломж үүсчихээд байхад яагаад зөвхөн төлбөр төлөгчийн өрийг барагдуулна гэдэг байдлаар нэг талд ажиллаад байгааг ойлгохгүй байна. Нэг талаас худалдан авагч хохироод байгаа юм шиг харагдаж байгаа ч нөгөө талаас төлбөр төлөгчийн эрх ашиг зөрчигдөөд байна, төлбөр төлөгч нь 500,000,000 төгрөгийн алдагдалд орох  эрх зүйн үр дагавар үүсээд байна. ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.5-д анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сарын дараа тухайн хөрөнгө нь тухайн үнэлсэн үнийн 30 хувиас дээш үнэ өссөн бол үнийг дахиж тогтооно гэж заасан байна. Иймд анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хаммер Монголиа ХХК-иас 411,535,732 төгрөг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэгдсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн хураагдсан төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлэхийг 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр мэдэгдэхэд үнийн саналыг ирүүлээгүй учраас төлбөр авагч санал өгөөгүй байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлэн Сэлэнгэ эстимейт ХХК-ийг томилоод 1,500,690,460 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд талуудад мэдэгдэхэд төлбөр төлөгч Хаммер монголиа ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргахад Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2054 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2066 дугараатай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 547 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хангахаас татгалзсан. Иймд ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр эсвэл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн болон арбитрын хүчин төгөлдөр шийдвэр байгаа, мөн ШШГТХ-ийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдолтой байгаа бол 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана гэсэн заалттай. Мөн ШШГТХ-ийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсгийг яриад байна энэ нь ямар ч үндэслэлгүй юм. 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт  зааснаар шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа  гэж байна энэ нь дуудлага худалдаа хийснээс хойш биш анхны үнэлгээг тогтоосноос хойшхи 6 сар, энэ хэрэгт анхны үнэлгээг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр тогтоочихсонТэгэхээр манайхаас 55 дугаар зүйлийн 55.5-ыг  барих хууль зүйн үндэслэл байхгүй. 3 шатны шүүхээр явчихсан хангалттай хугацаа авчихсан өөрсдөө 6 сарын хугацаагаа тухайн үедээ авах боломжтой байсан одоо ийм зүйл яриад байгаа нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Ж  шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Хариуцагчтай санал нэг байна. 2017 онд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  409,000,000 төгрөгийн авлага авах шийдвэр нь хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 6 дахь жил рүүгээ орж байна. Манайх гомдолтой байна нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

 

            Шүүх Х.М ХХК-ийн гаргасан гомдолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо “...2021.03.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/17 дугаар хууль бус тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр гомдолыг хүлээн зөвшөөрөөгүй болно.

 

Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.03.27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрээр хаммер Монголиа ХХК-иас 409,295,305 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2,240,427 төгрөгийг гаргуулж Т.б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, тэрээр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 м/кв талбайтай 7 өрөө хувийн сууц, 630 м/кв 607 дугаар гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017.10.13-ны өдрийн 001/ХТ/2017/01170 дугаар тогтоол хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд тус шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж болон 2018.01.12-ны өдрийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2018.10.08-ны өдрийн 18291166 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор төлбөр төлөгч Х.М ХХК-д холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ.  

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй байх тул үүргийн гүйцэтгэлд дурдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 м/кв талбайтай 7 өрөө хувийн сууц, 630 м/кв 607 дугаар гэрчилгээтэй газрыг  2018.12.07-ны 18291166/02 тогтоолоор битүүмжилж, 2019.04.26-ны өдрийн 18291116/03 дугаар, 2019.05.20-ний өдрийн 18291166/05 дугаар тогтоолоор тус тус хураасан байна.

Төлбөр төлөгчид үнийн санал ирүүлэхийг 2019.04.29-ний өдрийн 4/10359 дүгээр, 2019.05.06-ны өдрийн 4/10949 дүгээр албан бичгээр мэдэгдсэн байх боловч үнийн санал ирүүлээгүй тул Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнэлгээчний тогтоосон үнэ 1,005,602.460 төгрөгийн 70 хувь буюу 703,921,722 төгрөгөөр албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021.03.19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдсэн 2021.03.04-ний өдрийн мэдэгдэл, 2021.03.02-ны өдрийн 3/17 дугаар тогтоол анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан байна.

Төлбөр төлөгч Х.М ХХК үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2019.06.04-ний өдөр шүүхэд гаргасан боловч тус шүүхийн 2019.10.01-ний өдрийн 02054 дугаар шийдвэр, 2019.12.09-ний өдрийн 2066 дугаар Нийсллэийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2020.09.24-ний өдрийн 001/хт2020/00574 дүгээр тогтоолоор Х.М ХХК-ийн   гомдолыг хангахгүй орхисон байна.

            Х.М ХХК-ийн төлөөлөгч “...2021.03.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/17 дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн үндэслэлээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь заалтыг ноцтой зөрчсөн, 2019 онд үнэлгээ хийлгэснээс хойш Нүхтийн ам Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбогдсон, мөн ам долларын ханш өссөн, үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш 35-45 хувиар өссөн гэжээ.

       

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д “үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно55.6-д “энэ хуулийн 55.5-д заасан үнэлгээний зардлыг хүсэлт гаргасан тал хариуцан гаргана” гэж тус тус заажээ.

           Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2019.05.24-ний өдрийн дүгнэлтээр  анхны үнэлгээг тогтоосон байх бөгөөд түүнээс хойш 6 сараас багагүй хугацааны дараа хариуцагч дээрх хүсэлтийг гаргах байсан, тухайн үед шүүхэд гаргасан үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн үндэслэл нь “...зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж, хөрөнгийг үнэгүйдүүлсэн” гэжээ.   

           Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн  63.4-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болно.

 

Түүнчлэн анхны дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй байх тул шинжээчийн тогтоосон үнэ 1,005,602,460 төгрөгийн 50 хувь буюу 502,801,230 төгрөгөөр албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021.04.16-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар 2021.03.30-ны өдрийн 4/08 дугаар хоёр дахь дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсан байна.

Иймд 2021.03.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/17 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул төлбөр төлөгч Хаммер Монголиа ХХК-ийн гаргасан гомдолыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 Гомдолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэртэй иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны  өдрийн 05538 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэлийг дуусгавар болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон                                                                                                                     

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2021.03.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/17 дугаар хууль бус тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Х.М ХХК-ийн гомдлыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05538 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдсугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       Д.ЭНХЦЭЦЭГ