Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01496

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01496

 

 

 

Х.М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2021/01364 дүгээр шийдвэртэй, Х.М ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хан- Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Төрийн банкинд 411 535 732 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Улмаар 2019 онд 2 үл хөдлөх хөрөнгийг хураан аваад худалдан борлуулах ажиллагаа явагдаж байна. 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр анхны дуудлага худалдаанд оруулсан. Энэ дуудлага худалдааг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах гэж байна вэ гэхээр барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэ нь нэмэгдсэн, 6 сар өнгөрсөн бол үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ хийлгэх боломжтой гэсэн хуулийн заалттай. Хууль зүйн боломж үүсчихээд байхад яагаад зөвхөн төлбөр төлөгчийн өрийг барагдуулна гэсэн байдлаар нэг талд ажиллаад байгааг ойлгохгүй байна. Төлбөр төлөгчийн эрх ашиг зөрчигдөж, 500 000,000 төгрөгийн алдагдалд орох эрх зүйн үр дагавар үүсээд байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сарын дараа тухайн хөрөнгө нь тухайн үнэлсэн үнийн 30 хувиас дээш үнэ өссөн бол үнийг дахиж тогтооно гэж заасан тул энэ ажиллагааг хийгүйгээр явагдаж буй анхны дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.М ХХК-иас 411 535 732 төгрөг гаргуулж Төрийн банкинд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж битүүмжлэн хураагдсан, төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийсэн. Үнийн санал ирүүлэхийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр албан бичгээр мэдэгдэхэд үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч санал өгөөгүй, шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн тул Сэлэнгэ-Эстимейт ХХК-ийг томилоод 1 500 690 460 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч Х.М ХХК үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргахад Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2066 дугараатай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 547 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг хангахаас татгалзсан. Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа гэж байна энэ нь дуудлага худалдаа хийснээс хойш биш анхны үнэлгээг тогтоосноос хойшхи 6 сар, энэ хэрэгт анхны үнэлгээг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тогтоочихсон, 3 шатны шүүх шийдвэрээ гаргасан. Хангалттай хугацаа авчихсан, өөрсдөө 6 сарын хугацаагаа тухайн үедээ авах боломжтой байсан одоо ийм зүйл яриад байгаа нь хуульд нийцэхгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Жавхлантөгс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчтай санал нэг байна. 2017 онд Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 409,000,000 төгрөгийн авлага авах шийдвэр нь хүчин төгөлдөр болсон боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа 6 дахь жил рүүгээ орж байна. Манайх гомдолтой байна нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5, 63 дугаар зүйлийн 63.4-т зааснаар НШШГГт холбогдох 2021.03.02-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/17 дугаар хууль бус тогтоолыг хүчингүй болгуулахыг хүссэн Х.М ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 05538 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болсоныг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2019 онд 1 005 602 460 төгрөгөөр үнэлсэн бөгөөд одоогийн байдлаар уг эд хөрөнгийн үнэ ханш 1 335 000 000-1 500 000 000 төгрөгийн хооронд байгаа. 2019 оны үнэлгээтэй харьцуулахад 35-45 хувиар өссөн. Гэтэл шийдвэр гүйцэтгэх байгууллага талуудад адил, тэгш хандах учиртай байтал төлбөр авагчийн ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавьж дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангажээ.

 

Нэхэмжлэгч Х.М ХХК нь НШШГГт холбогдуулан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3/17 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх 1-2, 31-32/

 

Хэрэгт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2017/00683 дугаар шийдвэрээр Х.М ХХК-иас 409 295 305 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 2 240 427 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 17090, Нүхтийн Зам 27/4-2 тоот, 260 м/кв талбайтай 7 өрөө хувийн сууц, 630 м/кв 607 дугаар гэрчилгээтэй газар зэрэг үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн баримт авагджээ. /хх 34-39/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гомдол гаргасан. Төлбөр төлөгч Х.М ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 02054 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 2066 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 001/хт2020/00574 дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхижээ. /хх 40-52/

 

Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн тогтоосон үнэ 1 005 602 460 төгрөгийн 70 хувь буюу 703 921 722 төгрөгөөр албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн мэдэгдэл, 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3/17 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол хэрэгт авагджээ. /хх 79/

 

Талууд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт зааснаар үнийг дахиж тогтоох эсэх, энэ нь 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 3/17 дугаар тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болох эсэхэд маргаантай байна.

 

Нэхэмжлэгч нь 2019 онд үнэлгээ хийлгэснээс хойш Нүхтийн ам Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжид бүрэн холбогдсон, мөн ам долларын ханш өссөн, үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн ханш 35-45 хувиар өссөн гэж маргаж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болно гэжээ.

 

Нэхэмжлэгч нь үнэлгээний асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ба шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон. Иймд анхан шатны шүүхийн Сэлэнгэ-Эстимэйт ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлтээр анхны үнэлгээг тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацааны дараа хариуцагч дээрх хүсэлтийг гаргаагүй, өөр үндэслэлээр маргасан гэх дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55.7-д заасны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэжээ.

Нэхэмжлэгч нь хэдийгээр анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 3/17 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсан хэдий ч агуулга нь хөрөнгийн үнэлгээний талаархи гомдол байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 22ы өдрийн 183/ШШ2021/01364 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Ш.ОЮУНХАНД