Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/2018/01615

 

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 183/ШШ2018/01615

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

                    

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...тоотод байрлах И... ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

 

  Хариуцагч: .. тоотод байрлах Ца. ТӨХК /РД:.../-д холбогдох,

 

  Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 89 315 950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С...., хариуцагчийн төлөөлөгч Г..., нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

Нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч И... ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И... ХХК нь ЦДҮС ТӨХК-тай 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус компанийн Говийн бүсийн салбарын барилгын засварын ажлыг гүйцэтгэх 209 652 043 төгрөгийн үнийн дүн бүхий №Т-2015/07 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх хугацаанд И... ХХК нь хариуцагчаас гэрээнд заасны дагуу ажлын гүйцэтгэлийг үндэслэн нийт 131 985 999 төгрөгийг авсан. Үлдэгдэл 77 666 044 төгрөг нь захиалагч тал ажлыг хүлээн авч гэрээг дүгнэснээр олгогдох ёстой. Гэвч Ц.. ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2016 оны 01 сарын 06-ны өдрийн албан бичгээр холбогдох дүгнэлтүүд, хяналтын байгууллагын шийдвэрүүдийг эцэслэн гартал уг барилгын засварын ажлыг хүлээн авах, санхүүжилт хийх боломжгүй гэсэн байдаг. Хариуцагч Ц.. ТӨХК нь Иргэний хуулийн 343.1, 351.1.2-т засны дагуу ажил гүйцэтгэх гэрээгээр тохирсон ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэгтэй байтал хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр ажлыг хүлээн авах, гэрээгээр тохирсон хөлсийг төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрлээ.Манай компани нь уг ажлыг банкнаас зээл авч хэрэгжүүлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг өөрийн компанийн бусад орлогоор барагдуулж байна. Мөн энэ хугацаанд барилгын ажил эрхлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан зэргээр манай компанид хохирол учруулаад байна. Иймд манай компанийн зүгээс хариуцагч Ц.. ТӨХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл 77 666 044 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 11 499 066 төгрөг, нийт 89 315 950 төгрөг гаргуулаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц... ТӨХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Тус компанийн гүйцэтгэх захирал Ж.Р... нь 2015 онд Г... ХХК-иас 300 000 000 /гурван зуун сая/ төгрөгөөр Дундговь аймгийн төв Мандалговь хотод байрлах 1200 м2 талбай бүхий обьектыг худалдан авч Алтай бригад ХХК-тай уг барилгын халаалтын зуух инженерийн шугам сүлжээний ажлыг 149 537 094 төгрөгөөр, И... ХХК-тай барилгын гадна фасад, буулгалт, дотор засал, цонх хаалга солих ажлыг 209 652 043 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулан ажилласан байна. Тухайн үеийн гүйцэтгэх захирал байсан Ж.Р... нь нэхэмжлэгч И... ХХК-тай 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр дээрх гэрээг байгуулаад маргааш нь буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа халагдсан байна. Гүйцэтгэх захирал Ж.Р...  нь Го... р ХХК-иас тухайн үеийн зах зээлийн ханшнаас өндөр үнээр дээрх обьектыг шууд гэрээгээр худалдан авч, мөн тэр обьектдоо их хэмжээний үнийн дүнтэй засвар хийлгэхээр гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг илт зөрчсөн, мөн ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй гэсэн үндэслэлээр Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 65.1.8-д заасны дагуу уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул энэ хэргийг шалгаж дуусах хүртэл Итгэл төгөлдөр ХХК-ийн нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй байна. Мөн талуудын байгуулсан гэрээнд гүйцэтгэсэн ажлыг хоёр талаасаа акт үйлдэж хүлээлгэн өгөх талаар тохиролцсон байдаг. Гэтэл манай байгууллагад хэрэгт ирүүлсэн байгаа акт ирээгүй, уг актад гарын үсэг зураагүй тул ажлаа дуусгаж өгөөгүй, уг ажлын гүйцэтгэл нь манай тайлан балансад тусгагдаагүй. Иймд нэхэмжлэгч нь завсарын ажлыг хэнд хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, мөн ямар үндэслэлээр алданги шаардаж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И... ХХК нь хариуцагч Ц.. /Ц.../...д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын дутуу хөлс 77 666 044 төгрөг, гэрээгээр тохиролцсон алданги 11 499 066 төгрөг, нийт 89 315 950 төгрөг гаргуулахаар шаардсныг зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хариуцагч компанийн Говийн бүсийн салбарын барилгын засварын ажлыг гүйцэтгэх №Т-2015/07 тоот гэрээнд үндэслэн гэрээний дагуу ажлаа гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул дутуу авсан ажлын хөлсийг, хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт гаргуулна гэснийг хариуцагч байгууллага зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

Талуудын хооронд 2015 оны 5 сарын 20-ны өдөр ЦДҮС ТӨХК-ийн Говийн бүсийн салбар /ГБС/-ын барилгын засварын ажлыг гүйцэтгэх Т-2015/07 тоот гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч Итгэлт төгөлдөр ХХК нь Ц...ТӨХК-ийн ГБС-ын барилгын засварын ажлыг 209 652 043 төгрөгт 2015 оны 5 сарын 20-ны өдрөөс 6 сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэж, хүлээлгэн өгөх, захиалагч Ц...ТӨХК нь ажлын гүйцэтгэлийг 100% өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тохиролцсон байна./хх-ийн 7-10/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч И... ХХК нь засварын ажлаас тодорхой хэсгийг гүйцэтгэж, ажлын гүйцэтгэлд хариуцагч Ц... ТӨХК нь 131 985 999 төгрөгийг өгсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба зохигчид уг асуудлаар маргаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын дутуу авсан ажлын хөлсөө шаардах эрхтэй байна.

Хариуцагч нь төлбөрийг төлөхгүй шалтгаанаа ажил хүлээлгэн өгсөн актгүй, мөн ажил хариуцсан албан тушаалтан нь эрүүгийн хэрэгт шалгуулж байгаа тул зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргаж маргаж байгаа нь дараах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Ит...ХХК нь хавтаст хэрэгт 2015 оны 8 сарын 29-ний өдрийн ажил хүлээлцэж, гэрээ дүгнэсэн акт болон барилгын дотор заслын ажлын гүйцэтгэлийг мэргэшсэн төсөвчинөөр дүгнэлт гаргуулан ирүүлсэн байх ба хариуцагч нь уг баримтуудыг үндэслэлгүй гэж маргаагүйн дээр уг барилгыг худалдаж авсан асуудлаар холбогдох албан тушаалтан эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа тул Говийн бүсийн салбарын барилгыг одоогоор ашиглаагүй байгаа гэж тайлбар гаргасан байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч нь төлбөр төлөхгүй шалтгаанаа хэн нэгэн албан тушаалтантай холбоотойгоор тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч компани нь гэрээний 9.4-т зааснаар 11 499 066 төгрөгийн алданги гаргуулна гэсэн нь дараах үндэслэлгүй байна.

 

Талуудын байгуулсан гэрээний 10 дугаар зүйл, 17.1-д алданги оногдуулах талаар тохиролцсон хэдий ч гэрээний талуудын хэний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн гэдгийг хэрэгт авагдсан баримтаар тогтоох боломжгүй тул алдангийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч Ц...ТӨХК-иас 77 666 044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11 499 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч И... ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Баттулга нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлд заасан ийн 64.2.1-д ...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх гэсэн шаардлагыг хангасан итгэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А... олгосон байх ба уг итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул хариуцагчийн төлөөлөгчийн Итгэлт төгөлдөр ХХК-иас төлөөлөгчдөө олгосон итгэмжлэлд зурагдсан гарын үсэг нь тус компанийн захирал Д.Б...гэдэг нь эргэлзээтэй гэж тайлбар гаргасан нь үндэслэлгүйг дурдав.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц... ТӨХК-иас 77 666 044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И...ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 11 499 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 604 530 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц... ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 546 280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Итгэлт төгөлдөр ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ