Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2021/01895

 


 

 

2021 оны 09 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2021/01895 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хураоролдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхон хаягт байрлах, ЗДӨ СХ/РД:000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 00 байр, 00 тоот хаягт оршин суух, ЖЖБ /РД:000/-д холбогдох,

 

Дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 782 343.40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Жавхлантөгс, хариуцагч Ж.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...ЗДӨ СХнь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул таун хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг.Тус хотхоны 97 байрны 5 тоотод оршин суух Ж.Баярсайхан нь 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар буюу нийт 48 сарын төлбөр 4 782 343,40 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй байна. Тус СӨХ-с төлбөрийн хуудсыг сар бүр өгдөг бөгөөд удаа дараа төлбөрөө төлж барагдуулах талаар холбогдоход СӨХ нь үйл ажиллагаа явуулах эрхгүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас эрхийг нь сунгаж өгөөгүй гэдэг тайлбар хэлдэг. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 782 343,40 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжилж буй 4 782 343,40 төгрөгийн төлбөрт СӨХ-ны төлбөр болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан Дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний төлбөр, Эй Жи Зэт ХХК-тай байгуулсан ЦТП, дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болон горим тохируулга, ашиглалт үйлчилгээг хариуцах гэрээний төлбөр, хог ачих тээвэрлэх гэрээ, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний төлбөрүүд тус тус багтсан юм гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлартаа: ...ЗДӨ СХнь оршин суугчидаас үндэслэлгүй төлбөр нэхсэн. Энэ эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан ус, дулааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй тухай албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан. Энэ СӨХ нь албан ёсны бус СӨХ гэж үзэж байгаа тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй. Энэ нь 2018, 2019 онд СӨХ-г татан буулгах хүсэлт гаргасан боловч хурлаа зарлаагүй. 2016 оноос хойш нэг ч удаа хурал хийгээгүй, тайлан тавиагүй учраас хууль ёсны бус СӨХ гэж үзэж байна. СӨХ-ны төлбөрийг тогтоохдоо бүх нийтийн хурал зарлаж тогтоох ёстой гэтэл нэг ч удаа хурал хийж байгаагүй, тайлан тооцоо тавиагүй. Миний бие иргэний үүргээ биелүүлж СӨХ-ны төлбөрийн 39 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 2017 он хүртэл би бүх төлбөрөө төлсөн байдаг. Төлөхгүй болсон шалтгаан нь оршин суугчдаас шалтгаангүйгээр 200 000-300 000 мянган төгрөг хуримтлуулж байсан. Бид энэ байрыг худалдаж авсан болохоос түрээсэлж амьдраагүй. Манайх 200 000 гаруй төгрөг төлөхөөр тооцоо гардаг. Үндэслэлгүй төлбөрийг шаардаж байгаа учраас төлөх боломжгүй. Төлбөрөө хааш нь яаж зарцуулж байгаа талаар тайлан тавьдаггүй. Ямар үндэслэлээр СӨХ-ийн төлбөрийг удаа дараа өөрчилдөг нь тодорхойгүй, нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЗДӨ СХнь хариуцагч Ж.Баярсайханд холбогдуулан 2016 оны 10 сараас 2020 оны 09 дүгээр сард хамаарах хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал болон ус, дулааны төлбөр, ЦТП-ийн цахилгаан, ашиглалтын төлбөрт нийт 4 782 343,40 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Могул таун хотхоны оршин суугчид 2016 оны 10 сарын 02-ны өдөр хуралдаж, холбоог зохин байгуулахаар шийдвэрлэн, мөн өдрийн 01 тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны 96, 97, 98, 2А, 2Б байрнуудыг хамруулан Зайсан дулаан өргөө оноосон нэртэйгээр СӨХ-г байгуулж, дүрмээ бүх гишүүдийн хуралдаанаар хэлэлцэн баталсан болох нь хурлын тэмдэглэл, хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурж баталгаажуулсан тогтоол, СӨХ байгуулах хуралд оролцож дэмжсэн оршин суугчдын гарын үсэг бүхий баримт зэргээр тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ЗДӨ СХнь 2016 оны 10 сарын 12-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэгдэн гэрчилгээ авсан байх ба 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 18/125 дугаар гэрчилгээг дахин олгожээ.

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд нэхэмжлэгч ЗДӨ СХнь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 5 дугаар зүйлийн 5.4, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасны дагуу байгуулагдсан байх тул хариуцагчийн ...ЗДӨ СХнь хууль ёсны дагуу байгуулагдаагүй тул шаардах эрхгүй... гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ж.Баярсайхан нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж 97 дугаар байрны 5 тоот орон сууцны өмчлөгч болох нь 2016 оны 09 сарын 28-ны өдөр олгосон Үл хөдлөх эд хөрөнгийн 000532906 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул СӨХ-ны гишүүн гэж үзнэ.

 

Сууц өмчлөгчдийн 2016 оы 12 сарын 16-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээс үзэхэд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Онцгой байдлын Ерөнхий газрын гамшгаас урьдчилан алба, Эрчим хүчний яам болон бусад газруудаас албаны хүмүүсийг ороцуулан оршин суугчдын 60 хувийн ирцтэй хуралдсан хуралдаанаар, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хэлэлцэн төлбөрийн хэмжээг 39 000 төгрөгөөр тогтоожээ. Уг төлбөрийн хэмжээг 2019 оны 06 сарын 30-ны өдрийн бүх гишүүдийн хуралдаанаар 49 000 төгрөг болгон өөрчилсөн нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байх ба дээрх шийдвэрүүд нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7 дугаар зүүйлийн 7.1, 9 дүгээр зүйлийн 9.5-д заасанд нийцэх тул нэхэмжлэгч нь тогтоосон хэмжээгээр хариуцагчаас дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч Зайсан дулаан өргөө СӨХ-ны төлбөрийн баримтаас үзэхэд бүх гишүүдийн хурлаар тогтоосон дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон тогтоосон зардлаас гадна цэвэрлэгээ 20 000 төгрөг, хог 5 000 төгрөг, харуул 15 000 төгрөгийн тогтмол зардлыг давхардуулан шаардаж байгаа нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлнө гэж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т Орон сууцны байшингийн нэг буюу хэд хэдэн сууцанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн эд хөрөнгийг ашиглаж байгаа сууц өмчлөгчид хувааж төлнө гэж тус тус заасан ба зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ж.Баярсайхан нь 2016 оны 10 сараас ашиглалтын зардал төлөөгүй, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэгч ЗДӨ СХнь 2019 оны 10 сарын 05-ны өдөр хариуцагчид бичгээр мэдэгдэл хүргүүлсэн, 2020 оны 12 сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2.3-т тогтсон хугацааны туршид гүйцэтгэх үүрэгтэй холбогдон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Зайсан дулаан өргөө СӨХ-ны төлбөрийн нэхэмжлэхийг үндэслэн нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн 2018 оны 01 сараас өмнөх хугацаанд хамаарагдах ашиглалтын зардалыг нэхэмжлэгч шаардах эрхгүй болжээ. Өөрөөр хэлбэл 2016 оны 10, 11 сар, 2017 оны 01 сараас 12 дугаар сард хамаарагдах хугацааны ашиглалтын зардал шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байна.

 

Харин 2018 оны 1 сараас хойших хугацааны төлбөрийг хариуцагч нь Сууц өмчлөгчдийн бүх гишүүдийн 2016 оы 12 сарын 16-ны өдрийн, 2019 оны 06 сарын 30-ны өдрийн хурлаар тус тус тогтоосон хэмжээгээр дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал төлөх үүрэгтэй тул 2018 оны 01 сараас 2019 оны 06 сар хүртэл 18 сарын төлбөрийг 39 000 төгргөөр тооцон 702 000 төгрөг, 2019 оны 07 сараас 2020 оны 09 сар хүртэл 15 сарыг 49 000 төгрөгөөр тооцон 735 000 төгрөг, нийт 1 437 000 төгрөгийн хариуцагч Ж.Баярсайханаас гаргуулан нэхэмжлэгч Зайсан дулаан өргөө СӨХ-нд олгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлнө. гэж, Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйл, Хот суурины усан хангамж, ариутгал татуургын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар цахилгаан, дулаан, цэвэр ус дамжуулан түгээх, бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэнэ гүйцэтгэхээр хуульчилсан бөгөөд нэхэмжлэгч ЗДӨ СХнь тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш байх тул халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.

 

Хэрэгт 2017 оны 10 сарын 25-ны өдрийн Эй Жи Зэт ХХК, Одод групп ХХК, Эм Эс Пи Ди ХХК, ЗДӨ СХнарын хооронд байгуулагдсан, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн аманд байрлах хувийн өмчлөлийн ЦТП-д 30 гкал-ийн хүчин чадалтай дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болон горим тохируулга, ашиглалт үйлчилгээг хариуцах гэргээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр А тал буюу ЗДӨ СХнь В тал буюу Эм Си Пи Ди ХХК-ийн өмчлөлийн ЦТП-д холболт хийж Могул таун орон сууцны хороололыг дулаанаар хангахаар 2016.12.01-ны өдөр холболт хийсэн бөгөөд 2017.10.25-ны өдрөөс ЦТП-г дахин ажиллуулж, дулаанаар хангагдаж эхэлсэнтэй холбогдуулан В талын ЦТП-г ашигласны төлбөрийг төлж барагдуулах, Б тал буюу Эй Жи Зэт ХХК нь В-ын ЦТП-ны ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллуулах, Г тал буюу Одод групп ХХК нь мөн В талын ЦТП-г ашигласны төлбөрийг төлж барагдуулахтай холбоотой харилцааг зохицуулна гэжээ.

 

Дээрх гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч ЗДӨ СХнь ЦТП-г ашигласны төлбөрийг сууц өмчлөгч нараас татан хураах эрх үүргийг уг гэрээгээр зохицуулаагүй байх ба нэхэмжлэгч нь сууц өмчлөгч нараас уг төлбөрийг ямар үндэслэлээр, хэрхэн хувааж ногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмэлэгч нь ЦТП-ны цахилгаан ашиглалтын төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Ж.Баярсайханаас 1 437 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зайсан дулаан өргөө СӨХ-д олгон, нэхэмжлэлийн үлдэх шаардлага 3 345 343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Баярсайханаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 437 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Зайсан дулаан өргөө СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 345 343 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 37 942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан иргэнээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ