Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/01625

 

 

 

 

 

 

 

 

 

З- СӨХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01895 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч З- СӨХ-ны хариуцагч Ж.Б-д холбогдуулан гаргасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон бусад зардалд нийт 4 782 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Х нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З- СӨХ нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Могул таун хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажилладаг. Тус хотхоны 97-р байрны 5 тоотод оршин суух Ж.Б- нь 2016 оны 10 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сар хүртэл буюу нийт 48 сарын төлбөр 4 782 343 төгрөгийг өнөөдрийг хүртэл барагдуулаагүй. Тус СӨХ-с төлбөрийн хуудсыг сар бүр өгдөг бөгөөд удаа дараа төлбөрөө төлж барагдуулах талаар холбогдоход СӨХ нь үйл ажиллагаа явуулах эрхгүй, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас эрхийг нь сунгаж өгөөгүй гэдэг тайлбар хэлдэг. Иймд дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрт 4 782 343 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжилж буй 4 782 343,40 төгрөгийн төлбөрт СӨХ-ны төлбөр болон Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-тай байгуулсан дулаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний төлбөр, Эй жи зэт ХХК-тай байгуулсан ЦТП, дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болон горим тохируулга, ашиглалт үйлчилгээг хариуцах гэрээний төлбөр, хог ачих тээвэрлэх гэрээ, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний төлбөрүүд тус тус багтсан юм гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З- СӨХ нь оршин суугчдаас үндэслэлгүй төлбөр нэхсэн. Энэ нь Эрчим хүчний зохицуулах хорооноос гаргасан ус, дулааны төлбөрийг нэхэмжлэх эрхгүй тухай албан бичгийг хавтаст хэрэгт хавсаргасан. СӨХ нь албан ёсны бус СӨХ гэж үзэж байгаа тул нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх үндэслэлгүй. 2018, 2019 онд СӨХ-г татан буулгах хүсэлт гаргасан боловч хурлаа зарлаагүй. 2016 оноос хойш нэг ч удаа хурал хийгээгүй, тайлан тавиагүй учраас хууль ёсны бус СӨХ гэж үзэж байна. СӨХ-ны төлбөрийг тогтоохдоо бүх нийтийн хурал зарлаж тогтоох ёстой гэтэл нэг ч удаа хурал хийж байгаагүй, тайлан тооцоо тавиагүй. Миний бие иргэний үүргээ биелүүлж СӨХ-ны төлбөрийн 39 000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. 2017 он хүртэл би бүх төлбөрөө төлсөн байдаг. Төлөхгүй болсон шалтгаан нь оршин суугчдаас шалтгаангүйгээр 200 000-300 000 мянган төгрөг хуримтлуулж байсан. Бид энэ байрыг худалдаж авсан болохоос түрээсэлж амьдраагүй. Манайх 200 000 гаруй төгрөг төлөхөөр тооцоо гардаг. Үндэслэлгүй төлбөрийг шаардаж байгаа учраас төлөх боломжгүй. Төлбөрөө хааш нь яаж зарцуулж байгаа талаар тайлан тавьдаггүй. Ямар үндэслэлээр СӨХ-ны төлбөрийг удаа дараа өөрчилдөг нь тодорхойгүй, нэхэмжлэх эрх бүхий этгээд биш гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2, 148.2.3, 75 дугаар зүйлийн 75.2.3, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ж.Б-аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1 437 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З- СӨХ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 345 343 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 91 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 37 942 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. З-" СӨХ-с нэхэмжлэлд хавсаргаж өгсөн /хавтаст хэргийн 10-16 дугаар хуудаст авагдсан/ төлбөрийн баримтаар хариуцагч Ж.Б- нь З- СӨХ-ны Хаан банк ХХК-ийн 5041425838 дугаар дансанд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 900 000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200 000 төгрөгийг 97-5 тоот Ж.Б- гэсэн утгатайгаар, нийт 1 100 000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн хариуцагч 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хурал дээр 1 100 000 төгрөгийг СӨХ-нд төлсөн гэдгээ тайлбарласан. Энэ нь хавтаст хэргийн 149 дүгээр хуудасны 2 дахь нүүрэнд, мөн СӨХ төлбөрөө төлөхийг шаарддаг байсан талаар хариуцагч, өмнө нь хаалганд хавчуулдаг байсан, одоо утсанд ирдэг гэх тайлбарыг тус тус гаргасан. /энэ баримт нь хавтаст хэргийн 151 дүгээр хуудасны 2 дахь нүүрэнд авагдсан багш/ Ж.Б- нь 2017 оны 7, 9 саруудад дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт засвар үйлчилгээний төлбөр төлж байгаа үйлдэл нь өөрөө хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан учраас тус төлбөр төлөгдсөн үеэс хөөн хэлэлцэх хугацааг дахин тоолох нөхцөлийг бүрдүүлж байна. Нэхэмжлэгчийн зүгээс ч, Ж.Б-ыг төлбөрөө төлж байсан талаарх тайлбар, үүнтэй холбоотой баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. З- СӨХ, Ж.Б- аль аль нь 2017 оны 7, 9 саруудад дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт засвар үйлчилгээний төлбөр төлсөн, СӨХ-ны зүгээс төлбөрийн мэдэгдлийг сар бүр хариуцагчид хүргүүлдэг талаарх тайлбар, баримтыг гаргаж өгсөн атал 2018 оны 01 сараас өмнөх хугацаанд хамаарах ашиглалтын зардлыг нэхэмжлэгч шаардах эрхгүй болсон, өөрөөр хэлбэл 2016 оны 10, 11 сар, 2017 оны 01 сараас 12 дугаар сард хамаарах хугацааны ашиглалтын зардал шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хариуцагч уг үүргээс татгалзах эрхтэй гэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. З- СӨХ нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдан, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, Могул таун хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт засвар үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн хариуцан ажиллаж байгаа. Хариуцагч Могул таун хотхоны 97-р байрны 5 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх анх 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048925 дугаарт Ж.Б-ы өмчлөлд бүртгэгдэж энэ цагаас тус хотхонд амьдарсан. Тус хотхонтой холбоотой бүхий л асуудлыг маш сайн мэдэж байгаа. Төвийн шугамд холбогдоогүй, гүний худгаас хэрэглээний ус хангагддаг, уурын зуухаар халаалтаа шийдсэн, хэрэглээний халуун усыг байрны доод давхарт байрлуулсан бойлуур халаадаг, тус хотхоныг хариуцан авах орон сууцны контор байгаагүй, шийдвэрлэх, сайжруулах зайлшгүй шаардлагатай маш олон асуудлууд байсан үүнийг ч хариуцагч маш сайн мэддэг. Могул таун хотхон нь 2017 оны өвлийн улирал болж дулаан хүлээн авах болоход ямар ч дулаангүй болсон. Хотхоныг дулаанаар хангах дулааны шугамд хөрөнгө оруулсан гэх хоёр компани хооронд үүссэн маргааны улмаас 1200 гаруй оршин суугчид хохирч, эхнээсээ хөлдөлтийн байдалтай болж онцгой байдал үүсэх нөхцөл бүрдсэн учраас гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд, шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэрээр ажлын хэсэг байгуулж тус хотхоныг дулаанд холбох шийдвэр гарган Улаанбаатар дулааны сүлжээ болон холбогдох газруудад үүрэг өгч ажиллан яаралтай арга хэмжээ авснаар онцгой байдал үүсэх нөхцөл байдлаас сэргийлсэн. Нэг ёсондоо хотхонд үүсээд байсан онцгой байдлын асуудлыг улсаас хүчээр шийдэж төвийн шугаманд холбосон. Тус асуудалтай холбоотойгоор 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр З- СӨХ-с сууц өмчлөгчдийн хурлыг зарласан. Хуралд Улаанбаатар хот захирагчийн ажлын албаны дарга, Улаанбаатар хотын ерөнхий менежер Л.Гантөмөр, Эрчим хүчний яам, УБДС ТӨХК, ОСНААУГ, Хан-Уул дүүргийн хэрэглэгчид үйлчлэх төв-1 Могул скай ХХК-ны захирал Д.Болд, Тэргүүн чансаа ХХК-ийн захирал н.Ундрахбаяр болон бусад албаны хүмүүс оролцож шийдвэрлэсэн хамгийн гол асуудал нь ЦТП-н зардлыг оршин суугчид хариуцан төлөх үүрэггүй ч одоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан айл бүрт шударгаар хуваарилж барагдуулахыг одоогоор дулаан хангамж, төлбөр тооцоо хариуцан ажиллаж байгаа СӨХ-г, хариуцан ажиллах даатгасан. /холбогдох баримт нь хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас, 62 дугаар хуудаст тус тус авагдсан байна/ Дээрх баримтуудаас үзэхэд тухайн үед хотхонтой холбоотой асуудлыг хариуцан ажиллах ямар ч аж ахуйн нэгж, байгууллага байгаагүй тийм ч учраас З- СӨХ үндсэн үйл ажиллагаа хотхоны дундын өмчлөлийн эд хөрөнгө ашиглалт засвар үйлчилгээг хариуцахаас гадна "Улаанбаатар дулаан сүлжээ" ТӨХК-тай байгуулсан дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ, Ус сувгийн удирдах газар-тай байгуулсан цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ. Эм Пи Ди ХХК, Эй Жи Зэт ХХК, Одод групп ХХК-тай байгуулсан "ЦТП-д 30 гкал-ийн хүч чадалтай дулааны цогц төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянах болон горим тохируулж ашиглалт үйлчилгээг хариуцсан гэрээ, Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-тай байгуулсан хог хаягдал ачиж, тээвэрлэх гэрээ зэргийг тус тус байгуулж, холбогдон гарах зардлыг төвлөрүүлэн гэрээний дагуу төлөх үүргийг хүлээн үүргээ ч биелүүлсээр ирсэн. Хэдийгээр З- СӨХ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан төлбөрийг шаардах эрхтэй байгууллага биш ч гэсэн хотхонд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхэд тус СӨХ-г оролцуулах, түүнд хариуцуулах зайлшгүй шаардлага үүссэн нь дээр дурдсан баримтуудаас тодорхой харагдана. Тийм ч учраас холбогдох байгууллагууд СӨХ-тэй гэрээ байгуулсан. З- СӨХ-ны гэрээгээр хүлээсэн хамгийн гол үүрэг нь оршин суугчдаас хэрэглэсэн хэрэглээний зардал төвлөрүүлэн авч, холбогдох байгууллагад төлөх бөгөөд энэ үүргээ ч биелүүлсээр ирсэн. Түүнээс гэрээний төлбөрүүдийг оршин суугчдаас аваад сууц өмчлөгчдийн холбоонд хэрэглээд байгаа зүйл огт байхгүй. З- СӨХ нь Ж.Б-ы өмнөөс Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.3, 491.4, 491.6 дах хэсэгт зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Дээрх гэрээнүүдийн төлбөрийг цаг тухайд нь төлөөгүй тохиолдолд алданги тооцох, цахилгаан дулааны хязгаарлалтанд орох, хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэх гэсэн мэдэгдлийг З- СӨХ-д удаа дараа ирүүлдэг байсан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн энэ хэсэгт, дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн, шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүрт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч З- СӨХ нь хариуцагч Ж.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр болон бусад зардалд нийт 4 782 343 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ж.Б- нь 2016 оны 10 сараас хойш дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг төлөөгүй, мөн СӨХ нь үндсэн үйл ажиллагаанаас гадна оршин суугчдыг ус, дулаанаар хангах ажлыг зохион байгуулж, зардлыг төвлөрүүлэн холбогдох этгээдүүдэд төлөх үүргийг хүлээдэг тул тоолуулаар баталгаажсан төлбөрийг гаргуулна гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч няцаан З- СӨХ нь хуулийн дагуу бүх гишүүдийн хурал хийж байгуулагдаагүй, санхүүгийн тайлан тавьдаггүй, мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос СӨХ-г ус, дулааны төлбөр нэхэмжлэх эрхгүй гэж дүгнэсэн гэх тайлбар гаргажээ.

 

Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 94-98 дугаар байрны оршин суугчид 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж, З- СӨХ-г байгуулсан байх бөгөөд тус холбоог 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн болох нь Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, оршин суугчдын гарын үсэг бүхий баримт, Гэрчилгээ зэргээр тогтоогджээ. /хх-ийн 4-5, 95-102-р тал/

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.

 

Хариуцагч Ж.Б- нь нэхэмжлэгч З- СӨХ-ны 97 дугаар байрны, 5 тоотын оршин суугч болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч З- СӨХ нь дээрх хуульд зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. /хх-ийн 30-р тал/

 

Нэхэмжлэгч З- СӨХ-ны бүх гишүүдийн 2016 оны12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрийг /СӨХ-ны төлбөр/ 39 000 төгрөгөөр, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар 49 000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хх-ийн 35-36, 66-75-р тал/

 

Сууц өмчлөгчдийн холбоо нь 2016 оны 10 сараас 2020 оны 9 сар хүртэлх хугацааны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөр шаардаж, нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан байна. Нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, 2018 оны 01 сараас 2020 оны 9 сар хүртэлх хугацааны төлбөрт хариуцагч Ж.Б-аас 1 437 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З- СӨХ-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2016, 2017, 2018 оны СӨХ-ны төлбөрийг зохих журмын дагуу шаардаж байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

 

Нэхэмжлэгч З- СӨХ нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрөөс гадна цэвэрлэгээ 20 000 төгрөг, хог 5 000 төгрөг, харуул 17 000 төгрөг, гарааш 5 000 төгрөгөөр тооцож шаардсан. Гэвч Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт Дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг хуваарилах асуудлыг хуралд оролцож буй гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн саналаар шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд дээрх төлбөрүүдийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний төлбөрөөс тусад нь тооцохоор бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч З- СӨХ нь Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэх үндэслэлээр цэвэр, бохир ус, дулаан болон ЦТП-ын зардал нэхэмжилсэн. Иргэний хуулийн 491 дүгээр зүйл нь гэрээний бус үүргийн хүрээнд бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэх үүргийн төрөл бөгөөд бусдын ашиг сонирхлыг хамгаалах үйлдлийг хийх, нэн даруй хийсэнтэй холбоотой эрх ашиг нь хамгаалагдсан этгээдэд үүрэг үүсдэг. Үүнд бусад этгээдийн үйлдлээр ашиг сонирхол нь хамгаалагдсан байхаас гадна уг үйлдлийг хийх зайлшгүй шаардлагатай, нэн даруй буюу хойшлуулшгүй нөхцөлд хийгдсэн байдаг онцлогтой. Иймд нэхэмжлэгч З- СӨХ-г Иргэний хуулийн 491 дүгээр зүйлд зааснаар бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн гэж үзэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 183/ШШ2021/01895 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 476 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

Г.ДАВААДОРЖ