Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2022/02134

 

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2021/02134

Улаанбаатар хот

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Х.Энхзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Д

 

Нэхэмжлэгч: Б.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 4 239 816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, иргэдийн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.С 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эх Ш.Д-мын эзэмшлийн, “Тоёота приус” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явахад уг тээврийн хэрэгсэл нь Б.Батбаярын жолоодож явсан, “Дэү” маркийн, 49-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, түүний биед хөнгөн гэмтэл учирсан.

 

Нэхэмжлэгч Б.С-гын зорчиж явсан дээрх тээврийн хэрэгслийг хариуцагч Б.Б жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас дээрх осол гарсан. Шүүх эмнэлгийн 8722 дугаар дүгнэлтээр Б.С биед тархи доргилт гэмтэл тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч Ш.Д-мын эзэмшлийн “Тоёота приус” маркийн,  99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийн хохирол учирсан.

 

Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 535 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Тогтоолд иргэний нэхэмжлэгч Ш.Д өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй талаар, Б.С-гын хувьд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорооны хохирлоо нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан.

 

Ослын улмаас нэхэмжлэгч Б.С-гын тархи доргиж, улмаар мэдрэлийн судал болон тархины бор гадаргад өөрчлөлт орж, байнгын айдас, цочролын эмгэгтэй, цаашид нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж эмчийн дүгнэлт гарсан.

 

Нэхэмжлэгч Б.С-с ослын улмаас эм тарианы зардалд 1 609 816 төгрөг, оношилгооны зардалд 1 120 000 төгрөг, мөн эмнэлэгт үзүүлэхэд автомашины шатахууны зардалд 80 000 төгрөг, нийт 2 809 816 төгрөгийн зардал гарсан.

 

Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Ш.Д-мын эзэмшлийн “Тоёота приус” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, тухайн тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийг гэмтэл учруулсан.

 

Иймд хариуцагч Б.Б-өөс 2 809 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д, 1 430 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д тус тус олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр буюу зам тээврийн осол болох үед 99-78 УБХ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашин нь нэхэмжлэгч Ш.Дорждуламын эзэмшилд байгаагүй. Өөрөөр хэлбэл, тухайн автомашин нь “Авто прайм” ХХК-ийн эзэмшлийнх байх тул нэхэмжлэгч Ш.Дорждулам нь 1 430 000 төгрөгийг шаардах эрхгүй. Мөн хариуцагчийн зүгээс тухайн автомашины засварын зардалд 205 000 төгрөгийг хэрэг бүртгэлтэй шатанд нэхэмжлэгч Ш.Д-д өгсөн тул уг мөнгө нь 1 430 000 төгрөгөөс хасагдах ёстой.

 

Нэхэмжлэгч Б.С-гын эмчилгээнд зарцуулсан гэх эм тарианы зардал 1 609 816 төгрөг, мөн оношилгооны зардал 1 120 000 төгрөг, автомашины шатахуунд 80 000 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Б.Б нь гэм буруутай байх тул нэхэмжлэгч нарт учирсан хохирлын 80 хувийг төлж барагдуулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Б-д холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 1 430 000 төгрөг, нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Б-д холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохиролд 2 809 816 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1. 1 430 000 төгрөг гаргуулах тухай Ш.Д-мын нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Ш.Д нь хариуцагч Б.Б-д холбогдох 1 430 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэгчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хариуцагч жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийн хохирол учруулсан” гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлага болон үндэслэлийг “...тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч нь нэхэмжлэгч Ш.Д биш тул хохирол шаардах эрхгүй, ...тээврийн хэрэгслийн засан сайжруулалтад 205 000 төгрөг төлсөн” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх Ш.Д нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефтийн замд “Тоёота приус-20” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15-9 дэх заалтыг зөрчин, Б.Батбаярын жолоодон явсан “Дэү” маркийн, 49-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота приус-20” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийн эвдрэл учруулсан нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 535 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, “Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй. /хх 5-7, 69, 75-77 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын прокурорын дээрх тогтоолоор тухайн зам тээврийн осол нь зөрчлийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд харин хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.

 

 “Тоёота приус-20” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь улсын бүртгэлд “Авто прайм” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй байх боловч нэхэмжлэгч Ш.Д болон “Авто прайм” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн, фидусийн гэрээнээс үзвэл уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийг Ш.Д гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн гэрээний үндсэн дээр тухайн тээврийн хэрэгслийн улсын бүртгэл нь “Авто прайм” ХХК-д бүртгэлтэй боловч эзэмших эрх нь нэхэмжлэгч Ш.Дорждуламд байна. Иймд хариуцагч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас буюу замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, нэхэмжлэгч Ш.Д-ын эзэмшлийн дээрх тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй.

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн автомашин техникийн үнэлгээний тайлангаар зэм тээврийн ослын улмаас  “Тоёота приус-20” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нийт 1 430 000 төгрөгийн шууд хохирол учирсан нь нотлогдож байх бөгөөд хариуцагч уг үнэлгээний талаар маргаагүй. Уг шууд хохирол болох 1 430 000 төгрөгөөс хариуцагч нь 205 000 төгрөгийн үнэ бүхий эвдрэлийг засан сайжруулах зардалд нэхэмжлэгчид төлсөн нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх 51 дүгээр тал/

 

Иймд нэхэмжлэгч Ш.Д Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийн хохиролд 1 225 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

2. 2 809 816 төгрөг гаргуулах тухай Б.Солонгын нэхэмжлэлийн тухайд:

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч Б.Б-д холбогдох 2 809 816 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “...эм тарианы зардалд 1 609 816 төгрөг, оношилгооны зардалд 1 120 000 төгрөг, ...бензиний зардалд 80 000 төгрөг тус тус гаргуулах” гэж тодорхойлсон. Хариуцагч уг шаардлага болон үндэслэлийг “...баримтаар тогтоогдохгүй” гэж үгүйсгэн маргажээ.

 

Шүүх Б.С-ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас буюу хариуцагч Б.Б “Тоёота приус-20” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон авахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 15-9 дэх заалтыг зөрчин, бусдын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Тоёота приус-20” маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Солонгын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 535 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол болон талуудын шүүхэд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байхаас гадна зохигч дээрх үйл баримтын талаар маргаагүй. /хх 5-7, 69, 75-77 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, Тээврийн прокурорын газрын прокурорын дээрх тогтоолоор хариуцагчийн замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэл тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй боловч эмчилгээний зардал болон бусад зардал нь баримтаар тогтоогдсон байхыг шаардана.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ болгосон эм тарианы зардалд 1 609 816 төгрөгийн, шатахууны зардалд 80 000 төгрөгийн баримтуудаар дээрх хэмжээний хохирол нэхэмжлэгчид учирсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь, зам тээврийн ослын улмаас тухайн баримтуудад бичигдсэн эм, шатахуун, бараа, үйлчилгээг нэхэмжлэгч нь худалдан авсан эсэх, улмаар нэхэмжлэгчээс дээрх хэмжээний зардал гарсан эсэх, мөн тухайн эд зүйлийг зам тээврийн ослын улмаас зайлшгүй худалдан авах шаардлагатай байсан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна зарим баримт нь уншигдахгүй буюу нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Харин нэхэмжлэгч Б.С нь 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр “Гранд мед” эмнэлэгт толгойн болон нурууны дүрс оношилгооны шинжилгээнд нийт 990 000 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд уг зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д заасан зайлшгүй зардалд тооцох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 990 000 төгрөгийг шаардах эрхтэй. /хх 9-10, 30 дугаар тал/ Харин үлдэх 130 000 төгрөгийн оношилгооны зардал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруутай гэж үзэж, нэхэмжлэгч Б.Солонгод учирсан эмчилгээний зардлын 80 хувийг хариуцагч хариуцах үүрэгтэй талаар дүгнэлт гаргасан. Иргэдийн төлөөлөгчийн хариуцагчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасантай нийцэж байх боловч нэхэмжлэгч Б.С-д учирсан эмчилгээний зардлын 80 хувийг хариуцагч хариуцах талаар хийсэн дүгнэлт нь баримтад үндэслэгдээгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 1 225 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д олгож, үлдэх 205 000 төгрөгийг, 990 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, үлдэх 1 819 816 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нэхэмжлэгч нар нь нийт 4 239 816 төгрөг гаргуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид 82 787 төгрөг төлөхөөс 53 830 төгрөг буюу 28 957 төгрөг дутуу төлсөн байх тул уг 28 957 төгрөгийг нэхэмжлэгч нараар нөхөн төлүүлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Б-өөс 1 225 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Д-д олгож, үлдэх 205 000 төгрөгийг, хариуцагч Б.Б-өөс 990 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгож, үлдэх 1 819 816 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас 28 957 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн  төлөөлөгч  буюу  өмгөөлөгч  эс  зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

                          

                          ШҮҮГЧИД                                     Ч.МӨНХЦЭЦЭГ

 

                                                                                     Х.ЭНХЗАЯА