Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/01644

 

 

 

Ш.Д, Б.С нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/02134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.Д, Б.С нарын хариуцагч Б.Бөд холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 4 239 816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Б нь Ш.Дын эзэмшлийн Тоёота приус 20 маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас Б.Батбаярын жолоодож явсан Дэү маркийн, 49-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч Б.Солонгын биед хөнгөн гэмтэл учирсан. Шүүх эмнэлгийн 8722 дугаар дүгнэлтээр Б.Солонгын биед тархи доргилт, гэмтэл тогтоогдсон.

Мөн нэхэмжлэгч Ш.Дын эзэмшлийн дээрх тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийн хохирол учирсан. Тээврийн прокурорын газрын прокурорын 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 535 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан боловч иргэний нэхэмжлэгч Ш.Д өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлоо, Б.Солонгын хувьд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй талаар дурдсан. Ослын улмаас нэхэмжлэгч Б.Солонгын тархи доргиж, улмаар мэдрэлийн судал болон тархины бор гадаргад өөрчлөлт орж, байнгын айдас, цочролын эмгэгтэй, цаашид нарийн шинжилгээ хийлгэх шаардлагатай талаар эмчийн дүгнэлт гарсан. Нэхэмжлэгч Б.Сос ослын улмаас эм тарианы зардалд 1 609 816 төгрөг, оношилгооны зардалд 1 120 000 төгрөг, мөн эмнэлэгт үзүүлэхэд автомашины шатахууны зардалд 80 000 төгрөг, нийт 2 809 816 төгрөгийн зардал гарсан. Нэхэмжлэгч Ш.Дын тээврийн хэрэгсэлд 1 430 000 төгрөгийг хохирол учруулсан. Иймд хариуцагч Б.Бөөс 2 809 816 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд, 1 430 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд тус тус олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буюу зам тээврийн осол болох үед 99-78 УБХ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн автомашин нь нэхэмжлэгч Ш.Дын эзэмшилд бус Авто прайм ХХК-ийн эзэмшлийнх байсан тул Ш.Д нь 1 430 000 төгрөгийг шаардах эрхгүй. Мөн хариуцагчийн зүгээс Ш.Дд тухайн автомашины засварын зардалд 205 000 төгрөгийг хэрэг бүртгэлийн шатанд өгсөн тул 1 430 000 төгрөгөөс хасагдах ёстой. Нэхэмжлэгч Б.Солонгын эмчилгээнд зарцуулсан гэх эм тарианы зардал 1 609 816 төгрөг, мөн оношилгооны зардал 1 120 000 төгрөг, автомашины шатахуунд 80 000 төгрөг зарцуулсан нь баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Дулмаа дүгнэлтдээ: Хариуцагч Б.Б нь гэм буруутай байх тул нэхэмжлэгч нарт учирсан хохирлын 80 хувийг төлж барагдуулах нь зүйтэй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бөөс 1 225 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Дд олгож, үлдэх 205 000 төгрөгийг, хариуцагч Б.Бөөс 990 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Сд олгож, үлдэх 1 819 816 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 50 390 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэгч нараас 28 957 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс 990 000 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч байна. Учир нь нэхэмжлэгч Б.Солонгын 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Энх-Ундарга эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн, бүх төрлийн шинжилгээ оношилгоо хийлгэсэн зардлыг хариуцагч төлсөн. Үүнээс хойш 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гранд мед эмнэлэгт 410 000 төгрөгийн үнэтэй толгойн, 480 000 төгрөгийн үнэтэй нурууны дүрс оношилгооны шинжилгээнд орсон байна.

Гэтэл дахин шинжилгээнд орох болон нурууны дүрс оношилгоо хийлгэх шаардлагагүй байсан. Шүүхээс 130 000 төгрөгийн оношилгооны зардлыг баримтаар тогтоогдохгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нуруу болон толгойн дүрс оношилгооны төлбөр нийт 890 000 төгрөг болсон байхад 100 000 төгрөгийн зардлыг юунд үндэслэсэн нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх өөрийн санаачилгаар Тээврийн прокурорын газраас Б.Бөд холбогдох 1001 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн материалаас зарим баримтуудыг хуулбарлан авсан. Ингэхдээ нэхэмжлэгч Б.Солонгын эрүүл мэндэд учирсан гэм хорыг тогтооход шаардлагатай гол баримт болох гэмтлийн зэрэг тогтоосон шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийн хуулбарыг авч, хэрэгт хавсаргалгүйгээр Б.Солонгын эрүүл мэндэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс 990 000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, талуудын маргааны үйл баримтыг зөв тогтоож хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ш.Д, Б.С нар нь хариуцагч Б.Бөд холбогдуулан эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол хохиролд нийт 4 239 816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 37/

 

Хэрэгт цугларсан Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаар тогтоол /хх 69/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 70-73/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх 74/ зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу харьцуулан үнэлвэл, 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16 цаг 15 минутын үед Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нефтийн замд гарсан зам тээврийн осолд хариуцагч Б.Б гэм буруутай буюу Ш.Дын эзэмшлийн Тоёота приус-20 маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг зөрчсөний улмаас Б.Батбаярын жолоодон явсан Дэү маркийн, 49-14 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота приус-20 маркийн, 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол, мөн тухайн автомашины зорчигч Б.Солонгын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн осол хариуцагч Б.Баянмөнхийн гэм буруутай буюу тухайн үед замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг зөрчсөн үйлдлийн улмаас болсон нь тогтоогдсон тул тэрээр уг зам тээврийн ослын улмаас бусдад учирсан эд хөрөнгийн болон эрүүл мэндийн гэм хорыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч нь өөрийн гэм буруугийн талаар болон тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг тогтоосон үнэлгээний талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу эсрэгээр нотлох талаар маргаагүй. Харин ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй этгээд нь Ш.Д мөн эсэх, улмаар Б.Солонгын эрүүл мэндэд учирсан хохирол баримтаар нотлогдоогүй гэх үндэслэл заан маргажээ.

 

Нэг. Нэхэмжлэгч Ш.Д нь зам тээврийн ослын улмаас эд хөрөнгөд учирсан 1 430 000 төгрөг бүхий гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй болно.

 

Хэрэгт цугларсан Авто прайм ХХК болон Ш.Д нарын хооронд байгуулагдсан зээл болон фидуцийн гэрээ /хх85-89/, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээ /хх 84,91/ гэсэн бичгийн нотлох баримтыг харьцуулан үнэлбэл, Тоёота Приус 20 маркийн 99-78 УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн эрхийг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасны дагуу Авто прайм ХХК шилжүүлэн авсан байх боловч нэхэмжлэгч Ш.Д нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар уг автомашиныг хууль ёсоор мэдэлдээ авсан байх тул түүнийг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Д нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 1 225 000 төгрөгийг хариуцагч Б.Бөөс шаардах эрхтэй. Учир нь хариуцагч Б.Б нь зам тээврийн ослын хэрэг бүртгэлтийн шатанд автомашины засварын зардал гэж 205 000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Дд төлсөнд талууд маргаагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг 1 225 000 төгрөгийн хэмжээгээр хангаж, үлдэх 205 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хоёр. Нэхэмжлэгч Б.Солонгын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулахаар эм тарианы зардал 1 609 816 төгрөг, оношилгооны зардал 1 120 000 төгрөг, шатахуун авсан зардал 80 000 төгрөг, нийт 2 809 816 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд, анхан шатны шүүх хариуцагч Б.Бөөс 990 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Тодруулбал, Тээврийн прокурорын газрын Прокурорын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 319 дугаар тогтоол /хх 69/, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн санал /хх 82/ гэсэн баримтууд нь хохирогч Б.Солонгын биед хийгдсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн 8722 дугаартай дүгнэлтэд үндэслэгдэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна. Үүнд зохигчдын хэн алины зүгээс зохих журмаар гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон байх бөгөөд үүгээр хариуцагч Б.Бийн гэм буруу тогтоогдсон. Тухайлбал, дээр дурдсан баримтад замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-д заасныг Б.Б зөрчсөний улмаас тухайн автомашинаар зорчиж явсан Б.Солонгын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон байна. Иймд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй байхад Б.Солонгын эрүүл мэндэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн, хэргийн 30 дахь талд авагдсан баримтуудаас үзвэл, Б.С нь зам тээврийн осол болсон 2020 оны 07 дугаар сарын 25-ны өдөр СТМ мед ХХК-д 100 000 төгрөгийн үнэ бүхий, 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Гранд мед эмнэлэгт нийт 890 000 төгрөгийн үнэ бүхий толгойн болон нурууны дүрс оношилгоо хийлгэсэн нь тогтоогдсон байна. Эдгээр зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоо бүхий зардал байх тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд 100 000 төгрөгийн хохирлыг тодорхой бус, үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин эм тарианы зардал 1 609 816 төгрөг, оношилгооны зардлаас 130 000 төгрөг, шатахуун авсан зардал 80 000 төгрөг, нийт 1 819 816 төгрөгийн зардлын баримт нь дээрх зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчид учирсан гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үэх үндэслэлгүй тул уг үнийн дүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн тухайн иргэний хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг зохих журмын дагуу оролцуулж, түүний гаргасан Б.Б гэм буруутай байх тул нэхэмжлэгч нарт учирсан хохирлын 80 хувийг төлөх шаардлагатай гэсэн дүгнэлт /хх 105/-ийг хэрэгт авагдсан баримттай харьцуулан үнэлсэн нь Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6, 66.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2021/02134 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 310 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ц.ЧЭНД

 

Д.ЦОГТСАЙХАН