Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 183/ШШ2021/01884

 


 

 

2021 оны 09 сарын 06 өдөр Дугаар 183/ШШ2021/01884 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, ажилчдын гудамж, Хөдөө аж ахуйг дэмжих сан өөрийн байранд байрлах, ХХААДС /РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Сонсголон 000 тоот оршин суух, СМД/РД:0000/-д холбогдох,

 

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: МД2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 960 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөгийг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр, мөн 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 2523 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийн FT-250 маркийн тракторыг анжисны хамтаар урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тус тус гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 5 000 000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие хадлангийн иж бүрдэл техник хэрэгслийг Хэнтий аймаг, 4 дүгээр баг, Баянзүрх 2 дугаар баг малчин Очирпүрэв, Нандинжаргал нарт намрын хадлангийн ажил оройтох гээд байна туслаад өгөөч гэхээр нь иргэний үнэмлэх холбогдох бичиг баримтаараа гэрээ байгуулж авч өгөхөд уг техникийг Очирпүрэв, Нандинжаргал нар өөрсдөө ирж хүлээн авсан. Эхний болон сүүлийн төлөлтийг гэрээний хугацаанд дуусгасан гэж надад хэлсэн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хариуцагч МДхолбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзсан тайлбараа шүүхэд ирүүлжээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01 сарын 08-ны өдрийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 16 дугаар тогтоолыг үндэслэн Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 04 сарын 24-ний өдрийн А-134 тоот тушаалаар Тариалан эрхлэлтийг дэмжих санг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн байна.

 

Хэрэгт, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон МДнарын хооронд 2012 оны 07 сарын 30-ны өдрийн 960, 2523 дугаар бүхий Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ гэх нэртэй гэрээ нотлох баримтаар авагдсан ба уг гэрээгээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан буюу түрээслэгч нь 5 000 000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн хадлангийн иж бүрдэл нэг ширхэг, 5 000 000 төгрөгийн үнэ бүхий FT-200 маркийн тракторыг анжисын хамт түрээслэгч М.Дашийн өмчлөлд нь шилүүлэх, МДнь тухайн эд хөрөнгүүдийг хүлээн авахдаа үнийн 50 хувь буюу 2 500 000 төгрөг, нийт 5 000 000 төгрөгийг төлөх , үлдэгдэл 50 хувь буюу 5 000 000 төгрөгийг 5 жилийн хугацаанд хуваан төлөхөөр, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алдангийг хоногт төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Талууд дээрх гэрээг санхүүгийн түрээсийн гэрээ гэж нэрлэсэн боловч эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдах авах гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч МДнь 960, 2523 тоот гэрээний урьдчилгаанд тус бүр 2 500 000 төгрөг шилжүүлсэн болох нь Төрийн банкны орлогын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь тухайн гэрээний зүйл болох эд хөрөнгийг өөр бусад этгээд хүлээн авсан, төлбөрийн үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж байх боловч тайлбараа баримтаар нотлоогүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хариуцагч МДнь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх боловч хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т хөөн хэлэлцэх хугацаа шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно, 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т төлбөр төлж дуусгах эцсийн хугацаа 2017 оны 12 сарын 31-ний өдөр гэж тодорхойлсноос дүгнэхэд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 сарын 31-ны өдөр дууссан байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т зээлдэгч хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувиар алданги төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэх боловч мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д үндсэн үүргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар нэмэгдэл үүрэг буюу анзын хөөн хэлэлцэх хугацаа нэгэн зэрэг дуусахаар заасан.

 

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шаардах эрхээ хэрэгжүүлж байсан талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцагч МДхолбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн ба хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зохигч талуудаас шүүхэд урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбартай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн хариуцагч МДхолбогдуулан гаргасан 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ