Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01656

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/01656

 

Хгийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01884 дугаар шийдвэртэй

Хгийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Дид холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Д 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 960 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийн FT-200 маркийн хадлангийн иж бүрдлийг урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөгийг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр, мөн 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар 2523 тоот гэрээгээр 5 000 000 төгрөгийн FT-250 маркийн тракторыг анжисны хамтаар урьдчилгаа 50 хувь болох 2 500 000 төгрөг төлөн үлдэгдэл 50 хувь болох 2 500 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлөхөөр тус тус гэрээ байгуулсан. Гэвч өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 5 000 000 төгрөг байна. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл нь биелэгдээгүй байгаа тул гэрээний 3.3-т заасны дагуу алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би хадлангийн иж бүрдэл техник хэрэгслийг Хэнтий аймаг, 4 дүгээр баг, Баянзүрх 2 дугаар баг малчин н.О, н.Н нарт намрын хадлангийн ажил оройтох гээд байна туслаад өгөөч гэхээр нь иргэний үнэмлэх холбогдох бичиг баримтаараа гэрээ байгуулж авч өгөхөд уг техникийг н.О, н.Н нар өөрсдөө ирж хүлээн авсан. Эхний болон сүүлийн төлөлтийг гэрээний хугацаанд дуусгасан гэж надад хэлсэн гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хгийн хариуцагч М.Дид холбогдуулан гаргасан 7 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Сумъяасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагч М.Д нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй нь хуулийн дагуу давуу эрх олгосон, улсыг хохироосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хууль ёсонд таарахгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний талууд адил эрх эдэлж үүрэг хүлээдэг атал өөрийн үүргээ биелүүлээгүй зээлдэгч талд илүү боломжийг олгосон шийдвэр гаргаж төрийн байгууллага татвар төлөгчдийн эрхэнд ноцтойгоор халдсан шийдвэр гарсан. Гэрээний 5.3-д түрээслүүлэгч нь түрээсийн зүйлээ зориулалтаар нь ашиглаагүй, түрээслэгчийн санхүүгийн байдал доройтож зээлийг буцаан төлөх чадваргүй болсон тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, түрээсийн зүйлийг үл маргах журмаар буцаан авах эс бөгөөс шүүхээр шийдвэрлүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж заасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон заалтын дагуу сангийн зүгээс хохирлоо барагдуулах боломжтой. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан тул санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж татвар төлөгчдийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х хариуцагч М.Дид холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь М.Дтай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 960 тоот, 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 2523 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй тул FT200 маркийн хадлангийн иж бүрдэл, FT250 маркийн трактор, анжисны үнэ 5 000 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөг нийт 7 500 000 төгрөгийг гаргуулна гэж,

хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...н.О, н.Н нар туслаад өгөөч гэхээр нь иргэний үнэмлэх холбогдох бичиг баримтаараа гэрээ байгуулсан, н.О, н.Н нар өөрсдөө ирж уг техникийг хүлээн авсан гэж тус тус тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т Хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэг хүлээнэ гэж, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно гэж тус тус заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гаргасан тайлбараас үзэхэд талууд гэрээ байгуулагдсан эсэх үйл баримтын талаар маргасан байхад шүүх уг байдлыг анхаараагүй нь учир дутагдалтай болжээ. Хариуцагч маргааны зүйл болж буй FT200 маркийн хадлангийн иж бүрдэл, FT250 маркийн трактор, анжис зэргийг нэр бүхий өөр хүмүүс авсан талаар тайлбарласан байгааг шүүх тодруулаагүй байна. Тухайлбал, хариуцагч М.Дийн эзэмшилд тухайн эд хөрөнгө хэзээ шилжиж ирсэн эсхүл, түүний хүсэлтээр эд хөрөнгө буюу гэрээний зүйлийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн эсэхийг тодруулах шаардлагатай.

Талууд хөөн хэлэлцэх хугацааны асуудлаар маргаагүй, ямар хүсэл зоригтой байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчим болон мөн хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх эрхийг зөрчсөн байна гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхээс талуудын маргааны зүйлийг зөв тогтоож, хөөн хэлэлцэх хугацааны асуудал энэ маргааны зүйл мөн эсэхийг тодруулснаар зохигчдын хооронд үүссэн маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглэх нөхцөл бүрдэх болно.

Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэх, талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахаар тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01884 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ц.ИЧИНХОРЛОО