Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01234

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 183/ШШ2020/01234

Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ж.Н,

 

Хариуцагч: А.Ж,

 

Хариуцагч: Ж ХХК /рд:5566398/-д тус тус холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 28 150 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ж ийн 11 050 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:...............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагч А.Ж ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Ж.Н  би 2016 оны 7 дугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Дөрвөн улирал хотхоны 53Б байрны 0000 тоот хаягт байрлах орон сууцыг худалдан авахаар А.Ж тэй харилцан тохиролцож, улмаар уг орон сууцанд хүүхдүүдийн хамтаар нүүж орсон бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 500 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 1 800 000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 оны 28-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний  өдөр 850 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 1 000 000 төгрөг, нийт 28 150 000 төгрөг төлсөн боловч А.Ж  нь би орон сууцаа өөр хүнд худалдахаар боллоо, та байр чөлөөлөөд өг, би таны мөнгийг 7 хоногийн дотор буцаан олгох болногэж орон сууцнаас гаргасан. Гэтэл өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрт авсан 28 150 000 төгрөгийг төлөхгүй Ж.Н  намайг хохироож байна. Орон сууцны төлбөрийг шаардах болгонд цайны цагийн дараа хийлээ та дансаа явуулчих одоохон, банк хаачихлаа маргааш, нөгөөдөр дараа долоо хоногт гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч дээрх орон сууцыг бусдад өндөр үнээр худалдах гэж байна гэж худал хэлэн орон сууцнаас гаргасан, гэтэл өөрөө уг орон сууцанд амьдарч байсан, улмаар уулзахаар гэрт нь очиход гэрийнхээ хаалга тайлахгүй гараашид нь хүлээж байгаад 2019 оны 6 дугаар сарын 15-ний өдөр уулзахад “маргааш бөөнд нь өгье гэж худал хэлж улмаар утсаа авахаа болиод байна. Нэхэмжлэгч би урьд нь амьдарч байсан байраа зарж уг орон сууцанд урьдчилгаа төлж орсон атал хөөгдөж, өнөөдрийг хүртэл 2 жилийн турш түрээсийн байранд амьдарч хохирч байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Б.Э , А.Ж нарын хооронд эрх зүйн харилцаанд оролцоогүй тул Б.Э т өгсөн 20 ширхэг суултуурыг Ж.Н т өгөх ёстой төлбөрөөс хасаж тооцох үндэслэлгүй, энэ талаар харилцан тохиролцоогүй. Б.Э , А.Ж  нар нь 2000 оноос барилгын чиглэлээр хамтран ажилладаг хүмүүс, тухайн 20 суултуур нь барилгын ажил хамтран гүйцэтгэж байх үеийн тооцооны төлбөрт өгсөн зүйл байхыг үгүйсгэхгүй. Мөн талууд уг орон сууцыг түрээслэхээр тохиролцсон, өгсөн мөнгийг түрээсийн төлбөрт харилцан тооцох талаар гэрээ байгуулсан зүйл байхгүй. Олох ёстой байсан орлогын тухайд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул тодорхой тайлбар хийх боломжгүй байна” гэв.

 

Хариуцагч А.Ж  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: ”...Нэхэмжпэгч Ж.Н ийн нөхөр Б.Э  нь хариуцагч миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Дөрвөн улирал хотхоны 53 Б байрны 0000 тоот хаягт орших 3 өрөө орон сууцыг 180 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Улмаар Б.Э  нь орон сууцны төлбөрийг 2016 оны 12 дугаар сард багтаан төлөх, төлөөгүй тохиолдолд орон сууцны төлбөрийн урьдчилгаанд төлсөн төлбөрийг амьдрах хүртэл хугацааны түрээсэнд тооцохоор тохиролцож, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нүүж орсон. Гэвч нэхэмжлэгч болон түүний нөхөр Б.Э  нар орон сууцанд нүүн орсон даруй төлбөрийн 20 хувийг төлнө гэсэн боловч элдэв шалтаг хэлж хойшлуулсаар 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгч Ж.Н , нөхөр Б.Э  нар харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2017 оны 02 дугаар сард орон сууц чөлөөлж өгөхийг шаардахад 2017 оны 8 дугаар сар хүртэл байрандаа амьдруулахыг хүссэн бөгөөд орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс сарын 850 000 төгрөгөөр тооцож 13 сарын түрээсийн төлбөр суутгахыг зөвшөөрч, 2017 оны 02  дугаар сарын 23-ны өдөр түрээсийн барьцаанд 1 000 000 төгрөгийг өгсөн. Ингээд 2017 оны 9 дүгээр сар хүртэл орон сууцанд амьдарч байгаад чөлөөлж өгсөн болно. Хариуцагч миний бие нэхэмжлэгчийн нөхөр Б.Э т 2018 оны 5 дугаар гарын 06-ны өдөр 5 660 000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг суултуур хүлээлгэн өгч орон сууцтай холбоотой тооцоог дуусгасан. Гэтэл нэхэмжлэгч Ж.Н  нь 2018 оны сүүлчээр “...нөхөр Б.Э  цагдаагийн ажилтны аминд хүрсэн хэрэгт холбогдоод мөнгө төгрөг хэрэг болоод байна” гээд надаас түрээсийн барьцааанд өгсөн 1 000 000 төгрөгөө нэхсэн байдгаас бус нэхэмжлэлд дурьдагдсан шиг хариуцагч миний бие нэхэмжлэгчээс зугтсан зүйл огт байхгүй. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгч А.Ж  нь өөрийн ажилладаг Ж ХХК-иас маргаан бүхий орон сууцны гэрээний дагуу 185 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан худалдан авсан. Улмаар уг орон сууцыг түрээслэхээр зар тавьж, сарын 850 000 төгрөгөөр 10 сарын хугацаатайгаар түрээслэхээр бусадтай харилцан тохиролцсон байх үед Ж.Н , Г.Энхбаяр нар худалдан авах санал тавьсан. Гэтэл төлбөрөө төлөлгүй, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэл буюу 13 сарын хугацаанд амьдарсан, сарын 850 000 төгрөгийн түрээсийн үнээр тооцож, 11 050 000 төгрөгийг суутгаж тооцохоор харилцан тохиролцож, 2017 оны 9 дүгээр сар хүртэл амьдарч байгаад орон сууцыг чөлөөлсөн тул дээрх мөнгийг гаргуулна. Б.Э ыг урьд нь танихгүй, тухайн орон сууцыг худалдаж авах үед танилцсан, Б.Э т өгсөн 20 ширхэг суултуур нь Ж.Н ийн орон сууцны урьдчилгаа төлбөрт төлөгдсөн” гэв.

 

Хариуцагч Ж ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Ж ХХК-ийн ажилтан А.Ж  нь Орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Дөрвөн улирал хотхоны 53Б байрны, 0000 тоот хаягт байрлах 85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд хариуцагч Ж ХХК-д орон сууцны төлбөрийг бүрэн барагдуулсан болно. Хариуцагч А.Ж  нь дээрх орон сууцыг Ж.Н т худалдахаар тохиролцсон гээд Ж ХХК-тай байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг Ж.Н ийн нэр дээр шилжүүлж байгуулах шаардлагатай байна гэсний дагуу 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг Ж.Н тэй байгуулсан. Хариуцагч Ж ХХК нь нэхэмжлэгч Ж.Н тэй байгуулсан орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээний дагуу ямар нэгэн төлбөр огт авч байгаагүй бөгөөд гэрээг А.Ж ийн хүсэлтээр байгуулсан тул хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

             

Нэхэмжлэгч Ж.Н  нь хариуцагч А.Ж , Ж ХХК-д тус тус холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 28 150 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч А.Ж  нь түрээсийн төлбөрт 11 050 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ. 

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт Ж ХХК болон хариуцагч А.Ж  нарын хооронд 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдөр, мөн Ж ХХК болон нэхэмжлэгч Ж.Н  нарын хооронд 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр тус тус байгуулагдсан “Орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ” авагдсан байх бөгөөд дээрх гэрээнүүдээр Ж ХХК нь маргаж буй, Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах, GS4 В блокны 0000 тоот, 85 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Ж , Ж.Н  нарт 1 м2-ыг 2 176 471 төгрөг, нийт 185 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон байна.   

 

Зохигчид буюу Ж.Н , А.Ж  нар, маргаан бүхий орон сууцыг Ж ХХК болон А.Ж  нарын хооронд байгуулагдсан дээрх гэрээгээр хариуцагч А.Ж  захиран зарцуулах эрхтэй байсан, улмаар талуудын хооронд уг орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдах, худалдах тухай аман хэлцэл 2016 оны 6 дугаар сард байгуулагдсаны дараа Ж ХХК болон нэхэмжлэгч Ж.Н  нарын хооронд орон сууцны барилгыг захиалгаар барих гэрээ байгуулагдаж, талууд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр” гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар орон сууцыг Ж.Н ийн эзэмшилд шилжүүлсэн, Ж.Н  орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдаж, 2017 оны 9 дүгээр сард орон сууцыг чөлөөлж өгсөн зэрэг үйл баримтад талууд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь “...нийт 28 150 000 төгрөгийг төлсөн боловч А.Ж  нь би орон сууцаа өөр хүнд худалдахаар боллоо, та байр чөлөөлөөд өг, би таны мөнгийг 7 хоногийн дотор буцаан олгох болногэж орон сууцнаас гаргасан” гэж,  

хариуцагч А.Ж  нь “...нийт 17 000 000 төгрөгийг л хүлээж авсан. ...Үлдэгдэл төлбөрөө төлөөгүйн улмаас гэрээ цуцлагдсан. Нэхэмжлэгчийн нөхөр Б.Э т 5 660 000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг суултуур хүлээлгэн өгсөн” гэж,

хариуцагч Ж ХХК “...Тус компанийн ажилтан А.Ж  маргаан бүхий орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдан авч, төлбөрийг бүрэн барагдуулсан. А.Ж  нь дээрх орон сууцыг Ж.Н т худалдахаар тохиролцсоны дагуу Ж.Н ийн нэр дээр шилжүүлж байгуулах хүсэлт гаргасны дагуу дээрх гэрээг байгуулсан, Ж.Н ээс гэрээний дагуу төлбөр мөнгө аваагүй” гэж тус тус тайлбарлан маргасан.

  

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ж.Н , хариуцагч А.Ж  нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагч Ж ХХК-иас гэрээний үүргийг шаардах эрхгүй, мөн уг гэрээ Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл гэж шүүх дүгнэв.  

 

Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэж үзэх бөгөөд хариуцагч А.Ж  нэхэмжлэгч Ж.Н ийг төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж буйгаа мэдэгдэж, улмаар Э.Н  уг орон сууцыг 2017 оны 9 дүгээр сард суллаж өгсөн нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасантай нийцжээ.

 

Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Н  нь урьдчилгаанд төлсөн төлбөрөө шаардах эрхтэй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх гэж заасан үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл урьдчилгаа төлбөрт 28 150 000 төгрөг төлснөө нотолж чадаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан “...2018 оны 5 дугаар сарын 06...Энхбаярт ...суултуур 20ш*283000=5 660 000 ...хүлээн авсан Г.Энхтуул, хүлээлгэн өгсөн Эрдэнэбат” гэх баримтыг дээрх гэрээний үүрэгтэй хамааралтай гэж үзэх боломжгүй, 5 660 000 төгрөгийн эд зүйлийг буцаан өгсөн болохоо хариуцагч А.Ж  нотолж чадаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд 18 000 000 төгрөгийг хариуцагч А.Ж өөс гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 150 000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Ж ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

Хариуцагч А.Ж  сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Уг орон сууцыг сарын 850 000 төгрөгөөр 10 сарын хугацаагаар түрээслүүлэх зар тавьсны дагуу Ж.Н  холбогдож, 185 000 000 төгрөгөөр худалдан авахаар, нүүж ороод төлбөрийн 20 хувийг, үлдэгдэл төлбөрийг 2016 онд багтаан төлөхөөр тохиролцсон. Гэтэл төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэгчийн нөхөр Б.Э  “...1 жил амьдарсаны төлбөрийг түрээсийн хэлбэрээр төлөх болно, яаж хүний байранд үнэгүй амьдрах билээ” гэж тайлбарлан ам нь хэлцэл хийсэн. Иймд 2016 оны 7 дугаар сараас хойш түүний амьдарсан 13 сарын хугацааг сарын түрээсийн төлбөр 850 000 төгрөгөөр тооцож 11 50 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасны дагуу олох байсан орлого гэж шаардаж байна” гэж тайлбарласан,

Нэхэмжлэгч “...Талууд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан, нэхэмжлэгч гэрээний дагуу тус байранд амьдарч байгаад цааш гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас чөлөөлж өгсөн, уг орон сууцыг түрээслэх талаар тохиролцсон зүйл байхгүй. Олох ёстой байсан орлогын тухайд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул тайлбар хийх боломжгүй” гэж маргасан.

 

А.Ж  нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар хариуцагч гэрээний үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч түүнд 11 050 000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар нотлогдохгүй, мөн талууд сарын 850 000 төгрөгийн түрээс төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 900 төгрөг, хариуцагч А.Ж ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж өөс 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А.Ж өөс 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 150 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Ж ХХК-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч А.Ж ийн 11 050 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 900 төгрөг, хариуцагч А.Ж ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж өөс 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.     

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.МӨНГӨНТУУЛ