Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01683

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2020/01683

 

 

 

Ж.Н ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01234 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Н ийн хариуцагч А.Ж ,Ж.Э.П ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан шилжүүлсэн 28 150 000 төгрөгийг буцаан гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Ж ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 050 000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч А.Ж ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д , Б.Т , хариуцагч А.Ж ийн өмгөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ж.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Ж тэй харилцан тохиролцож 2016 оны 7 дугаар сард Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 53Б байр, 1007 тоот орон сууцыг худалцан авахаар харилцан тохиролцож улмаар уг орон сууцанд хүүхдүүдийн хамтаар нүүж орсон. 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн сарын 09-ний 500 000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 1 800 000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 8 дугаар сарын 16-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн сарын 19-ний өдөр 1 000 000 төгрөг, мөн сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, 30-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн 10 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг, 16-ны өдөр 1 000 000 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр 850 000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сард 1 000 000 төгрөг, нийт 28 150 000 төгрөг төлсөн боловч А.Ж нь таны мөнгийг 7 хоногийн дотор буцаан олгоно гэж хэлж орон сууцнаас гаргасан боловч өнөөдрийг хүртэл орон сууцны төлбөрт авсан 28 150 000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагчаас 28 150 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Э.П ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: А.Ж нь орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг байгуулж, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Дөрвөн улирал хотхоны 53Б байр, 1007 тоот, 85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг бүрэн барагдуулсан. А.Ж нь орон сууцыг Ж.Н т худалдахаар тохиролцсон, орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг Ж.Н ийн нэр дээр шилжүүлж байгуулах шаардлагатай гэсэн учир 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ж.Н тэй гэрээ байгуулсан. ХариуцагчЖ.Э.П ХХК нь нэхэмжлэгч Ж.Н ээс гэрээний дагуу ямар нэгэн төлбөр авч байгаагүй бөгөөд гэрээг А.Ж ийн хүсэлтээр байгуулсан тул хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Ж.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч А.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч болон түүний нөхөр Б.Э нар нь орон сууцанд нүүн орсон даруй төлбөрийн 20 хувийг төлнө гэсэн боловч элдэв шалтаг хэлж хойшлуулж байгаад 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1 000 000 төгрөгийг өгсөн болно. Нэхэмжлэгч Ж.Н , нөхөр Б.Э нар нь харилцан тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тул 2017 оны 02 дугаар сард орон сууц чөлөөлж өгөхийг шаардсан боловч тэдний зүгээс мөн оны 8 дугаар сар хүртэл байрандаа амьдрахыг хүссэн бөгөөд орон сууцны урьдчилгаанд төлсөн төлбөрөөс сарын 850 000 төгрөгөөр тооцож 13 сарын түрээсийн төлбөр суутгахыг зөвшөөрч, мөн 02 дугаар сарын 23-ны өдөр түрээсийн барьцаанд 1 000 000 төгрөгийг өгсөн. Ингээд 2017 оны 9 дүгээр сар хүртэл орон сууцанд амьдарч байгаад чөлөөлж өгсөн болно. Хариуцагч миний бие нэхэмжлэгчийн нөхөр Б.Э т 2018 оны 5 дугаар гарын 06-ны өдөр 5 660 000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг суултуур хүлээлгэн өгч орон сууцтай холбоотой тооцоог дуусгасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч А.Ж шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: А.Ж нь Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Дөрвөн улирал хотхоны 53 Б байр, 1007 тоот, 85 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг сарын 850 000 төгрөгөөр 10 сарын хугацаатайгаар түрээслэхээр бусадтай харилцан тохиролцсон байх үед хариуцагч Ж.Н болон түүний нөхөр Г.Энхбаяр нар орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдан авах санал тавьж орон сууцны барилгыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Ж.Н ээс удаа дараа орон сууцны төлбөрийг шаардсаны дагуу тэрээр нийт 17 000 000 төгрөгийг өгсөн. 2017 оны 02 дугаар сард Ж.Н нь орон сууцанд мөн оны 8 дугаар сар хүртэл үргэлжлүүлэн амьдрах, А.Ж өд төлсөн төлбөрөөс сарын 850 000 төгрөгөөр тооцож, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэл буюу 13 сарын түрээсийн төлбөрт 11 050 000 төгрөгийг суутгаж тооцохоор харилцан тохиролцож, 2017 оны 9 дүгээр сар хүртэл амьдарч байгаад орон сууцыг чөлөөлсөн болно. Иймд Ж.Н ээс орон сууцанд 13 сар амьдарч байсны түрээсийн төлбөрт 11 050 000 төгрөг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Н сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Б.Э А.Жавхлөнтөгс нарын хооронд эрх зүйн харилцаа үүссэн зүйл байхгүй. Эрх зүйн харилцаанд оролцоогүй Б.Э т өгсөн 20 ширхэг суултуурыг Ж.Н т өгөх ёстой төлбөрөөс хасаж тооцох нь үндэслэлгүй. Ж.Н т өгөх ёстой төлбөрөөс 20 ширхэг суултуурын төлбөр хасагдаж тооцох тухай харилцан тохиролцсон зүйл байхгүй. Б.Э , А.Ж нар нь 2000 оноос барилгын чиглэлээр хамтран ажилладаг хүмүүс, тухайн 20 суултуур нь барилгын ажил хамтран гүйцэтгэж байх үеийн тооцооны төлбөрт өгсөн зүйл тул Ж.Н т өгөх ёстой төлбөрөөс хасагдахгүй. Түрээсийн төлбөрийн тухайд талууд орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, Ж.Н нь гэрээний дагуу тус байранд амьдарч байгаад цааш гэрээг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас Ж.Н нь орон сууцнаас гарсан байдаг. Талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүсээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байна. Олох ёстой байсан орлогын тухайд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх тул тодорхой тайлбар хийх боломжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч А.Ж өөс 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Н т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10 150 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч Жи эс би проперти ХХК /РД:5566398/-д холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хариуцагч А.Ж ийн 11 050 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 322 900 төгрөг, хариуцагч А.Ж ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Ж өөс 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэжээ.

 

Хариуцагч А.Ж давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжпэгч Ж.Н -т А.Ж ийн зүгээс удаа дараа орон сууцны төлбөр төлөх боломжит цаг хугацаа олгож байсан боловч элдэв шалтаг хэлж хойшлуулж байгаад 2017 оны 02 дугаар сард орон сууцны төлбөр төлөх боломжгүй болсон тул орон сууцанд мөн оны 8 дугаар сар хүртэл үргэжлүүлэн амьдрах, хариуцагчид орон сууцны төлбөрт төлсөн 17 000 000 төгрөгөөс нэг сарын 850 000 төгрөгөөр тооцож 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сар хүртэл буюу 13 сарын түрээсийн төлбөрт 11 050 000 төгрөгийг суутгахаар харилцан тохиролцож 2017 оны 9 дүгээр сар хүртэл амьдарч байгаад орон сууцыг чөлөөлж өгсөн болно.

Нэхэмжлэгч Ж.Н ийн нөхөр Б.Э т 2018 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 5 660 000 төгрөгийн үнэ бүхий 20 ширхэг суултуур хүлээлгэн өгч орон сууцны төлбөртэй холбоотой төлбөр тооцоог дуусгасан. Тухайн үед нэхэмжлэгчийн нөхөр Б.Э нь төлбөр тооцоотой этгээд буюу Г.Энхтуул гэх хохирогчдоо өр төлбөртөө тооцож өгч байсан талаар хэлж байсан талаар шүүхэд гэрч Н.Эрдэнэбат тайлбар мэдүүлэг гаргасан.

Хариуцагч Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Б.Э , Т.Л нарт холбогдох шийтгэх тогтоолыг Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн архиваас гаргуулах хүсэлт гаргасныг 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 183/Ш32020/04727 дугаартай захирамжаар ханган шийдвэрлэсэн боловч шүүх захирамжийн биелэлт хангагдаагүй байхад 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байгаа болно. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдсан тохиолдолд хариуцагч орон сууцны төлбөр тооцоонд 20 ширхэг суултуурыг Б.Э ын өр төлбөртэй этгээд болох Г.Э хүлээлгэн өгсөн болох нь нотлогдох ач холбогдолтой байсан. Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх боломжийг хязгаарлаж, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох, нотлох баримт гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх зарчмыг зөрчсөн болно. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс худалдагчид учирсан хохирол, зардлыг худалдагч тал худалдан авагчаас шаардах эрхтэй. 2016 онд Баянгол дүүрэг, 2 хороо, Дөрвөн улирал хотхоны ойролцоо 3 өрөө орон сууцны түрээсийн төлбөр 875 000 орчим төгрөгийн дундаж ханштай байсан талаар Монголбанктай хамтран статистикийн судалгаа гаргадаг "Тэнхлэг зууч ХХК-ийн үнийн мэдээллээр тогтоогддог. Энэхүү түрээсийн дундаж үнийн талаар нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй байдаг атал анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ж.Н нь хариуцагч А.Ж ,Ж.Э.П ХХК нарт холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан шилжүүлсэн 28 150 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 11 050 000 төгрөгийг гаргуулахаар сөргөөр нэхэмжилжээ.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

А.Ж , Ж.Н нар 2016 оны 6 дугаар сард аман хэлцэл хийж, хэлцлээр Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 53Б байр 1007 тоот орон сууцыг 185 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцоод худалдагч А.Ж орон сууцыг 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр худалдан авагч Ж.Н т шилжүүлсэн үйл баримт талуудын тайлбараар нотлогдсон байна. /хх27,103/

Мөн А.Ж ,Ж.Э.П ХХК нарын хооронд байгуулагдсан 2013 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Орон сууцны барилгыг захиалгаар барих нэртэй гэрээний дагуу дээрх орон сууцыг худалдан авч, үнийг төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон, тус компани нь А.Ж ийн хүсэлтээр Ж.Н тэй 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч эрх зүйн үр дагавар үүсэхгүй, энэ талаар маргаангүй болох нь талуудын тайлбар, хэргийн 42 дах талд авагдсан Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ. /хх-83-86/

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг үндэслэн Ж.Н , А.Ж нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн заасантай нийцэж байна.

Зохигчид дээрх үйл баримтад маргаангүй, харин гэрээгээр шилжүүлсэн мөнгөн дүн, гэрээнээс татгалзсан үндэслэл, орон сууцыг чөлөөлсөн хугацааны талаар маргажээ.

Нэхэмжлэгч Ж.Н орон сууцны үнэд 28 150 000 төгрөг шилжүүлсэн, А.Ж өөр хүнд худалдахаар болсон, шилжүүлсэн мөнгийг 7 хоногт буцаан өгнө гэхээр нь 2017 оны 3 дугаар сард орон сууцнаас гарсан гэж, хариуцагч А.Ж нь орон сууцны үнийг тохирсон хугацаанд төлөөгүй учир 2017 оны 2 дугаар сард байр чөлөөлж өгөхийг мэдэгдэхэд 8 сар хүртэл амьдруулахыг хүсч, урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөнөөс түрээсийн төлбөр суутгахыг зөвшөөрсөн, ингээд 9 сард байрнаас гарсан гэсэн тайлбарыг тус тус гаргадаг./хх 1,27, 103/

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчийн данс руу 18 000 000 төгрөг шилжүүлсэн, мөн эзэмшиж байсан орон сууцны СӨХ-ны 2017 оны 10 сар хүртэлх хугацааны төлбөрийг төлж байсан гэдэг нь тогтоогдсон байх тул хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзлээ. Иймд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийн зааснаар гэрээнээс татгалзсан гэх үндэслэлтэй тул хэн алинд нь гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүрэг үүссэн.

Хариуцагч тал нэхэмжлэгчийн гэр бүлийн хүн болох Б.Э ын хүсэлтээр иргэн Г.Э өгсөн 20 ширхэг суултуурын үнийг гэрээний гүйцэтгэлээс хасч тооцно гэж маргаж, энэ талаар баримт шүүхэд гаргаж өгчээ. /хх-48/

Анхан шатны шүүх уг баримтыг Ж.Н , А.Ж нарын хооронд үүссэн харилцаанд хамааралгүй гэж дүгнэн хариуцагчаас 18 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг буюу 11 150 000 төгрөгийг хариуцагчид нэхэмжлэгч төлсөн үйл баримтаа нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийн заасантай нийцсэн байна. Энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Анхан шатны шүүх А.Ж ийг гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс татгалзсанаас өөрт учирсан хохирлоо арилгуулахаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч хохирлоо нотлоогүй гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Хариуцагч А.Ж нь нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс хохирол учирсан, орон сууцанд амьдарч байсан хугацааг түрээсэлсэнд тооцож, 11 150 000 төгрөг гаргуулахаар шаардахдаа Тэнхлэг зууч ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 20/12 дугаартай Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Дөрвөн улирал хотхоны 53б байрны 3 өрөө орон сууцны зах зээлийн түрээсийн дундаж үнийн талаарх мэдээллийг нотлох баримтаар шүүхэд гарган өгчээ. /хх-47/

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн СӨХ-ны төлбөр төлсөн талаарх Төрийн банкны депозит дансны хуулга, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудаар хариуцагч нь нэхэмжлэгчид гэрээнээс татгалзсан тухай 2017 оны 02 дугаар сард мэдэгдсэн, тэрээр 2017 оны 9 сард орон сууцыг чөлөөлж өгсөн үйл баримт нотлогдож байна. Тэнхлэг зууч ХХК-ийн үнийн мэдээлэлд орон сууцны түрээсийн төлбөр сарын 875 000 төгрөг байсан гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч тал уг баримтыг үгүйсгээгүй, хэн аль нь шинжээч томилох хүсэлт гаргаагүй тул хэрэгт байгаа баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ. /хх47/ Хариуцагч А.Ж нь түрээсийн сарын төлбөрийг 850 000 төгрөгөөр тооцон хохирол шаардсан учир уг хэмжээгээр тооцон нэхэмжлэгчээс 6 800 000 төгрөг /8 сар х 850 000/ гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 4 350 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн заасанд нийцэж байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч А.Ж ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/01234 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дах заалтын 287 дугаар зүйлийн 287.1 гэснийг хасч, баримтлан гэсний дараа нэхэмжлэгч Ж.Н ээс 6 800 000 төгрөг гаргуулж, хариуцагч А.Ж өд олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 200 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн нэмэлт, 3 дах заалтын олгосугай гэснийг олгон нэхэмжлэгч Ж.Н ээс 123 750 төгрөг гаргуулан хариуцагч А.Ж өд олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагч А.Ж өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 439 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД