Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
Хэргийн индекс | 183/2021/01400/И |
Дугаар | 183/ШШ2021/02365 |
Огноо | 2021-10-25 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 183/ШШ2021/02365
2021 оны 10 сарын 25 өдөр Дугаар 183/ШШ2021/02365 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х
Хариуцагч: Н.ш ш гг-т холбогдох,
хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н түүний өмгөөлөгч З.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б, шинжээч Н.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...миний өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 46 дугаар байрны 1005 тоот (Баруун дөрвөн зам ГРАНД ПЛАЗА-ийн 10 давхарт) хаягт байрлах 190 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 524 '00 000 (таван зуун хорин дөрвөн сая нэг зуун мянга) төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулах гэж байгаа талаарх мэдэгдлийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ц.Б 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр дуудан мөн өдрийн 4-140/6093 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгч Б нь “Та өөрийнхөө хөрөнгийг энэ үнээс багагүй үнээр зарж төлбөрөө төлнө гэвэл бичгээр өргөдөл гаргаж өг. Тэгвэл таны хөрөнгийг зарахгүй 1 сарын хугацаа олгоё” гэж бичүүлж авч хугацаа тогтоосон 4-140/6114 мэдэгдлийг бас өгсөн. Цар тахлын үед компаний үйл ажиллагаа зогссон үед 1 сарын хугацаа олгож байна гэж ойлгож, өргөдөл бичүүлж авч байна гэж бодож байсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийг судалж үзэхэд үнэлгээнд гомдол гаргаагүй байх гэсэн гол санаатай байсныг шийдвэр гүйцэтгэгч хууль танилцуулаагүй бичүүлж аван гомдол гаргах эрхийг хаах гэж байсныг мэдсэн. НШШГГ-ын Хан-Уул дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Д.М болон шийдвэр гүйцэтгэгч Б нараас “дуудлага худалдаанд оруулах хугацааг 1 сараар сунгаж өгөх тухай” өргөдлөө буцаан авъя гэсэн хүсэлтийг тухайн өдөрт нь багтан очин авах гэтэл “өгөхгүй” гэсэн тайлбарыг хэлж гаргасан. Шийдвэр гүйцэтгэгч Б нь надад хуулийг дутуу тайлбарлан танилцуулж үнэлгээнд гомдол гаргах эрхийг хааж, иргэн миний 1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг үнэгүйдүүлэн зарах гэж байгаад гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 4 4-140/6093 дугаар албан бичгээр мэдэгдсэн миний өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 46 дугаар байрны 1005 тоот (Баруун дөрвөн зам ГРАНД ПЛАЗА-ийн 10 давхарт) хаягт байрлах 190 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 524 100 000 (таван зуун хорин дөрвөн сая нэг зуун мянга) төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа: БГД-ийн 2 дугаар хороо Үнэлгээний гудамж 46 дугаар байрны 5 тоот байнгын офиссын зориулалттай 190 мкв талбайтай үл хөдлөх хөрөнгийг 524,000,000 төгрөгөөр буюу зах зээлийн үнэлгээнээс маш багаар үнэлсэн. Дуудлага худалдааны 70 хувиар гэхээр 366,000,000 төгрөгөөр Ж.С 1,000,000,000 төгрөгийн үнэлгээтэй офиссыг үнэлсэн үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд хариу тайлбарлахдаа: Төлбөр төлөгч Ж.С 435,518,950 төгрөгийг гаргуулж Хаан Монгол инвест ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба тус шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо 49 дүгээр байрны 1005 тоо хаягт байрлах 190 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Ж.Сайнбилэгт төлбөрөө сайн дураараа төлж барагдуулах боломжит хугацааг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас удаа дараа гаргасан боловч төлбөрөө төлж барагдуулаагүй. Тийм учраас үүргийн гүйцэтгэлд барьцаалсан түүний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж хурааж талуудад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр Файн эстимейт ХХК-ийг томилсон ба уг хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээч Н.Ц тус үл хөдлөх эд хөрөнгийг 524,100,000 төгрөгөөр үнэлсэн ба уг үнэлгээний тайланг талуудад 2021 оны 04 дүгээр сарын 05-ны танилцуулсан. Хөрөнгийн үнэлгээний тухай 8 дугаар зүйлийн 8.1-д тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар шийдвэр гүйцэтгэгч миний зүгээс хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээчийн төлбөрт хураагдсан эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн зах зээл, хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийг үнэлгээг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн үнэлгээний харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц хийц, төв шугам сүлжээ, ашиглалтад орсон он гадна тохижилт, байршил болон ойролцоо худалдаалахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулан зах зээлийн үнэлгээг тогтоосон нь хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д анхны албадан дуудлага худалдаагаар шинжээчийн үнэлгээний 70 хувиар тооцож дуудлага худалдаанд оруулна гэж хуульд заасан. Гэхдээ одоо дуудлага худалдаа явагдаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би төлбөр авагч ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг дэмжиж оролцож байна. Үнэлгээний асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Энэ шийдвэр нь маш их удаж байж гарсан. Манайх банк бус санхүүгийн байгууллага учраас татварт өртэй гэж явдаг. Өндөр дүнтэй зээл байсан учраас банк бус санхүүгийн байгууллагаас гаргадаг зохистой харилцааны үзүүлэлт нь буураад Санхүүгийн зохицуулах хорооноос манай зээлийн эрхийг хаалгана, татвар болон бусад газарт өртэй гарч байгаа. Иймд үнэлгээний компанийг хуулийн дагуу үнэлсэн гэж үзэж байна, энэ үл хөдлөх хөрөнгө нь 430,000,000 төгрөг хүрэхээргүй байр байгаа гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх Ж.С гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч 2021.04.07-ны өдрийн нэхэмжлэлдээ “... миний тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгийг үнэгүйдүүлэн зарах гэж байгаад гомдолтой, 190 м.кв талбайтай офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 524 100 000 төгрөгөөр үнэлсэн...” гэх үндэслэлээр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгохыг хүссэн байна.
Хариуцагч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хэргийн баримтаас үзэхэд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.08.10-ны өдрийн 183/ШШ2020/02118 дугаар шүүхийн шийдвэрээр Ж.С433,200,000 төгрөгийг гаргуулж олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 116,640,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шийдвэр, 2020.09.18-ны өдрийн 183/ГХ2020/00977 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Ж.С холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2020.10.08-ны өдрийн 20291212 тоот тогтоол гарсан, төлбөр төлөгч Ж.С шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул Ж.С өмчлөл, эзэмшлийн дээрх эд хөрөнгийг 2021.03.24-ний өдрийн 20291212/01 тогтоолоор битүүмжилж, улмаар 2021.03.29-ний өдрийн 20291212/02 дугаар тогтоолоор хураасан байна.
Талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2021.03.30-ны өдрийн 3/41 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр хөрөнгийн үнэлгээний ХХК-ийг томилсон байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 524,100,000 төгрөгөөр үнэлсэн болохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.6-д заасны дагуу 2021.04.05-ны өдрийн 4-140/6093 дугаар мэдэгдэх хуудсаар төлбөр төлөгч Ж.С мэдэгдсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан, төлбөр төлөгч нь хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.5-д “энэ хуулийн 62.2-т заасан хугацаанд төлбөр төлөгч хөрөнгөө худалдан борлуулаагүй бол хөрөнгийг хуульд заасан журмын дагуу албадан худалдан борлуулна” гэсэн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх талаар нотолсон баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй болно.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж заажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн Ж.С нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ