Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/01755

 

2021 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2021/01755

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн ................ тоотод байрлах З ХХК/РД: 0000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ..... тоотод байрлах Х ХХК/РД:00000000/-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.200.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.М, хариуцагчийн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч З ХХКнь хариуцагч Х ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр =18/15 дугаартай захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр манай З ХХКнь гүйцэтгэгч тал болж захиалагч Х ХХК-д Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж-26, Их хуралдай бизнес төвийн 6 давхарт орших 316 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1.666.982.160төгрөгөөр Х ХХК-д худалдан борлуулах, хариуцагч Х ХХКнь захиалагч тал болж гэрээний 4.5 дахь хэсэгт заасан нөхцөлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнийг гүйцэтгэл З ХХК-д төлж барагдуулах үүргүүдийг харилцан хүлээсэн. Нэхэмжлэгч З ХХК-ийн зүгээс талуудын дунд байгуулсан гэрээ болон захиалагч Х ХХК-аасгэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж-26, Их хуралдай бизнес төвийн 6 давхарт орших 316 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгсөн бөгөөд тус үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Х ХХК-ийг тогтоосон өмчлөх эрхийн Ү-000000000 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ улсын бүртгэлийн байгууллагаас гарсан. Гэрээний 4.4 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үндсэн үнэ 1.666.982.160 төгрөгөөс 668.272.800 төгрөгийг талуудын дунд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 0000 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож үлдэгдэл 998.709.360 төгрөгөөс гэрээ байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөгийг гүйцэтгэгч талд төлөхийг харилцан тохиролцсон бөгөөд гэрээний 4.5 дахь хэсэгт заасан хувиар, нөхцөлийн дагуу үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу төлөх үүргийг захиалагч Х ХХКтус тус хүлээсэн. Гэрээний 4.3, 4.5 дахь хэсгүүдэд заасан хуваарийн дагуу захиалагч Х ХХК-ийн зүгээс гэрээ байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100.000.000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 98.709.360 төгрөг, нийт 198.709.360 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлсөн бөгөөд гэрээний 4.4 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 668.272.800 төгрөгийг оролцуулаад нийт 866.982.160 төгрөгийн төлбөр тооцогдож, үлдэгдэл 800.000.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй үлдсэн. Дээрх үлдэгдэл 800.000.000 төгрөгийн төлбөрийг талуудын дунд байгуулсан гэрээний 4.5 дахь хээгт заасны дагуу захиалагч Х ХХК-ийн зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 200.000.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200.000.000 төгрөгөөр тус тус графикийн дагуу гүйцэтгэгч З ХХК-д төлөх үүргийг хариуцагч Х ХХКнь гэрээний дагуу хүлээсэн боловч хариуцагчийн зүгээс дээрх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэлгүй, талуудын дунд байгуулсан гэрээний үүргээ ноцтой зөрчсөөр ирлээ. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Х ХХК-д гэрээний үүргээ биелүүлж% үл хөдлөх эд хөрөнгийн үлдэгдэл төлбөр 800.000.000 төгрөгийг төлөх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хүлээн авч төлбөрийн үлдэгдлийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Талуудын дунд байгуулсан захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.6 дахь хэсэгт заасны дагуу захиалагч нь төлбөрийг хугацаанд нь хуваарийн дагуу төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцно гэх заалтын дагуу хариуцагч Х ХХКИргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэх зохицуулалтын дагуу 400.000.000 төгрөгийн алданги төлөх, дээрх алдангийг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Х ХХК-аас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Зүй нь талуудын дунд байгуулсан гэрээний 4.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зүгээс үлдэгдэл 800.000.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төлж барагдуулан дуусгах үүрэг хүлээсэн боловч дээрх хугацаанаас хойш өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэлгүй 291 хоног хэтрүүлсэн байх бөгөөд дээрх хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас давсан тооцоолол гарч байгаа тул нэхэмжлэгчийн зүгээсхуульд заасан анз, алданги тооцох хувь хэмжээнд нийцүүлэн алдангийг тодорхойлон нэхэмжилж байгаа болно. Иймд талуудын дунд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан =18/15 дугаартай захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 800.000.000 төгрөг, алданги 400.000.000 төгрөг, нийт 1.200.000.000 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч З ХХК-д олгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байна. Манай шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн аваагүй учир шүүгчээс татгалзах саналтай байна. Би шүүх хуралдааны аль ч шатанд хүсэлт гаргах эрхтэй. Тайлбар өгөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З ХХКнь хариуцагч Х ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1.200.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000.0000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 200.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдэрлэлээ.

Зохигчдын хооронд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч З ХХКнь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 тоот хаягт баригдаж буй 14 давхар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын 6 давхрын нийт 750 м.кв талбайгаас нийт 316 м.кв талбайг өөрийн материалаар барьж гүйцэтгэн 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх, хариуцагч Х ХХКнь ажлын үр дүнг хүлээн авч, ажлыг хөлсөнд 1.666.982.160 төгрөг төлөхөөр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ болон нэхэмжлэгчийн тайлбараарнотлогдож байна.

Талууд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр дээрх захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж, гэрээний 7.3 дахь заалтын захиалагч нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бол гэснийг захиалагч нь урьдчилгаа 100.000.000 төгрөгийг төлснөөр гэж өөрчилжээ.

Дээрх ажил гүйцэтгэх гэрээ болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгасан, хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх ба гэрээний гол болон ердийн нөхцөлүүд зэрэгт дүгнэлт хийвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Хариуцагч Х ХХКнь ажлын хөлсөнд нийт 198.709.360 төгрөгийг төлсөн байх бөгөөд мөн захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн АГ/201701/16 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу 668.272.800 төгрөгийн ажлыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор багтаан хийж гүйцэтгэн энэхүү гэрээний төлбөрт тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх ба талууд энэ талаар маргахгүй байна.

Харин хариуцагч Х ХХКнь ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч З ХХК-аас Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, 26 тоот хаягт баригдаж буй 14 давхар оффис, үйлчилгээнийзориулалттай барилгын 6 давхрын нийт 316 м.кв талбайг хүлээн авч, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн атлаа ажлын хөлсний үлдэгдэл болох 800.000.000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З ХХКнь дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалан бариулсан үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид хүлээлгэн өгсөн тул төлбөрийн үлдэгдэл 800.000.000 төгрөгийг гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс тооцсон алдангийн хамт шаардах эрхтэй.

Захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д захиалагч нь төлбөрийг хугацаанд нь хуваарийн дагуу төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж алдангийн талаар талууд тохиролцсон байна.

Хариуцагч Х ХХКнь захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд үлдэгдэл төлбөр болох 800.000.000 төгрөгийг сар бүр 200.000.000 төгрөгөөр төлж барагдуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Х ХХК-аас үлдэгдэл төлбөр 800.000.000 төгрөгийг зохигчдын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д зааснаар тооцсон алданги 400.000.000 төгрөгийн хамт нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хэтэрч болохгүй гэсэн заалтад нийцсэн байна.

Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан тул хэргийн нөхцөл байдал болон Коронавирус (Ковид-19)-ын цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг харгалзан үзэж, алдангийн хэмжээг хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн дээд хэмжээнээс 50 хувиар тооцож, хариуцагч Х ХХК-аас алдангид 200.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нөгөөтэйгөөр, хариуцагч Х ХХКнь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэстэй.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Х-аас гаргасан шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангахаас татгалзажшийдвэрлэсэнтэйгээр холбоотойгоор хариуцагчийн төлөөлөгч Г.Х-гаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээтэй гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч шүүгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагааг хэргийн оролцогчидтой хувийн харилцаатай, хэргийг шударгаар шийдвэрлэх үндэслэл бүхий эргэлзээ гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн шүүх хуралдааны явцад шүүгчийн татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжгүй юм.

Иймд хариуцагчийн төлөөлөгчийн шүүгчийг татгалзах гаргах тухай хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд хүлээн аваагүй бөгөөд үүнтэй хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хариу тайлбар гаргах, нотлох баримт шинжлэн судлах зэргээр оролцож, мэтгэлцэх үүргээ биелүүлэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5.657.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5.157.950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 1.000.000.000 /нэг тэрбум/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч З ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5.657.950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5.157.950 төгрөгийг хариуцагч Х ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч З ХХК-д тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР