Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01590

 

 

 

 

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01590

 

 

                              ЗМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01755 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ЗМ ХХК-ийн хариуцагч ХС ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 200 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмардорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талууд 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэрээгээр ЗМ ХХК нь ХС ХХК-д ...хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж-26, Их хуралдай бизнес төвийн 6 давхарт байрлах 316 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 1 666 982 160 төгрөгөөр худалдах, ХС ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь хариуцагчид үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ хариуцагчийн нэр дээр гарсан. Гэрээний төлбөр 1 666 982 160 төгрөгөөс 668 272 800 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож үлдэгдэл 998 709 360 төгрөгөөс гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөгийг төлөхийг харилцан тохиролцсон.  Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 98 709 360 төгрөг, нийт 198 709 360 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж, гэрээний 4.4 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 668 272 800 төгрөг, нийт 866 982 160 төгрөгийн төлбөр төлөгдсөнд тооцогдож, 800 000 000 төгрөг төлөгдөөгүй. Гэрээний 4.5 дах хэсэгт зааснаар ХС ХХК 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг тус тус графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид гэрээний үүргээ биелүүлэх, үлдэгдэл төлбөр 800 000 000 төгрөг төлөх шаардлагыг удаа дараа хүргүүлсэн боловч төлж барагдуулаагүй. Гэрээний 4.6 дах хэсэгт заасны дагуу захиалагч нь төлбөрийг хугацаанд нь хуваарийн дагуу төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Гэрээний үлдэгдэл төлбөр 800 000 000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй 291 хоног хэтрүүлсэн тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар хуульд заасан анз, алдангийг тооцож нэхэмжилнэ. Иймд захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 800 000 000 төгрөг, алданги 400 000 000 төгрөг, нийт  1 200 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээж аваагүй учир шүүгчээс татгалзаж байна. Тайлбаргүй гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХС ХХК-аас 1 000 000 000 /нэг  тэрбум/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ЗМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 200 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 500 000 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч ЗМ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5 657 950 төгрөгийг гаргуулж улсын орлогод, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 5 157 950 төгрөгийг хариуцагч ХС ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ЗМ ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч компаниас Б.Намуундарьд 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, Ч.Батнасанд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр тус тус итгэмжлэл олгосон.  Тус төлөөлөгчид нь цаашид компанийг төлөөлөх боломжгүй болсон тул Г.Хд 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр итгэмжлэл олгосон. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өмгөөлөгч Б.Бтай "Эрх зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр оролцуулсан. Эрх зүйн туслалцаа үйлчилгээ үзүүлэх гэрээнд зөвхөн Б.Намуундарь, өмгөөлөгч Б.Б нар гарын үсэг зурсан ба итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарийн төлөөлөх эрх дуусгавар болсноор өмгөөлөгчийн эрх мөн адил дуусгавар болж, хариуцагч компани өмгөөлөгчгүй болсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хгийн зүгээс 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралд хэргийн материалтай танилцах, өмгөөлөгч авах хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүгч хэргийн материалтай танилцах 1 цагийн хугацаа олгож, мэтгэлцэх боломж олгоогүй, мөн өмгөөлөгч авах хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан хариуцагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад, бичгээр хариу тайлбар гаргаагүй боловч шүүх хуралдаанд биечлэн оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар байр сууриа илэрхийлсэн байдаг. Үндсэн хуулиар хамгаалагдсан өмгөөлүүлэх эрхийг нь зөрчсөн, хэргийн оролцогчид мэтгэлцэх боломж олгоогүйтэй холбоотойгоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хгаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс татгалзсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт хүсэлтийг шийдвэрлэх субъектийг заасан байхад шүүгч өөрөө хүсэлтийг шийдвэрлэж хуулийг буруу хэрэглэсэн. Шүүх материаллаг, эсхүл процессын эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг хууль ёсны бус гэж үздэг. Гэтэл шүүгч хэргийг шийдвэрлэхдээ процессийн эрх зүйн хэм хэмжээг буруу хэрэглэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хгийн Үндсэн хуулиар хамгаалагдсан хууль зүйн туслалцаа авах эрхийг ноцтой зөрчсөн. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан зарчмыг баримтлахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шинжийг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч ЗМ ХХК хариуцагч ХС ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 800 000 000 төгрөг, алдангид 400 000 000 төгрөг, нийт 1 200 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийж хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 800 000 000 төгрөг, алдангид 200 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцжээ.

Нэхэмжлэгч ЗМ ХХК хариуцагч ХС ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр захиалгаар оффис, үйлчилгээний зориулалттай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ...баригдаж байгаа 14 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгын 6 давхрын нийт 750 м.кв талбайгаас 316 м.кв талбайг өөрийн материалаар барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлж, ажлын хөлсөнд 1 666 982 160 төгрөг төлөх, ажлыг гүйцэтгэлийг 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Зохигчид 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр дээрх гэрээний 7.3 дах заалтын “захиалагч нь гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бол ...” гэснийг “захиалагч нь урьдчилгаа 100 000 000 төгрөгийг төлснөөр” гэж өөрчилжээ. /хх11-14/

Талуудын хооронд үүссэн Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох ...байршилтай 14 давхар оффис үйлчилгээний зориулалттай барилгын 6 давхрын 316 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэн, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх63, 67/

Гэрээний 4.2-4.5 дах хэсэгт 1 м.кв талбайн ажлын хөлс 5 275 260 төгрөг, нийт 1 666 982 160 төгрөг байх, захиалагч нь гэрээ байгуулах үед урьдчилгаанд 100 000 000 төгрөг төлөх, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн АГ/201701/16 тоот ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 668 272 800 төгрөгийг энэхүү гэрээний төлбөрт оруулан тооцох, үлдэгдэл 998 709 360 төгрөгийг хуваарийн дагуу буюу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 98 709 360 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 200 000 000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцсон байна. Хариуцагч нь маргаан бүхий гэрээний төлбөр 998 709 360 төгрөгөөс 198 709 360 төгрөг төлсөн, 800 000 000 төгрөг төлөгдөөгүй байгаа нь талуудын тайлбараар тогтоогдсон, уг тооцооллыг зохигчид харилцан зөвшөөрч байна.

Нэхэмжлэгч нь дээрх тохиролцооны дагуу үүргийн гүйцэтгэлийг тооцоолж төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Гэрээний 4.6-д зааснаар хариуцагч тал төлбөрийг хугацаанд нь хуваарийн дагуу төлөөгүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээжээ. /хх12/

Шүүх хэргийн болон ковид-19 цар тахал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас алдангид 200 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу биш, үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

  1. Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн эсэх талаар

Хариуцагч ХС ХХК 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Б.Намуундарьд, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Ч.Батнасанд, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Г.Хд тус компанийг төлөөлөх итгэмжлэлийг олгожээ. Б.Ннь 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч компанийг төлөөлж өмгөөлөгч Б.Бтай эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан, уг гэрээний нэг тал нь ХС ХХК байна. Шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон ажиллагаа нь хариуцагч компанийн өмгөөлөгчтэй байгуулсан дээрх гэрээг дуусгавар болгох үндэслэлд хамаарахгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дах хэсэгт зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарийн өмгөөлөгч Б.Бтай байгуулсан эрх зүйн туслалцаа, үйлчилгээ үзүүлэх гэрээний үр дагавар төлөөлүүлэгч буюу компанид үүссэн. Шүүх хариуцагчид өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах боломжийг олгож хуралдааныг удаа дараа хойшлуулж байжээ. /хх48, 97-99, 104, 116/

  1. Шүүгчийг татгалзах гаргах хүсэлтийн талаар

2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн шүүх  хуралдаан эхлэхийн өмнө шүүгчээс талуудад шүүгчийг татгалзан гаргах үндэслэлийг тайлбарлан өгч, татгалзал байгаа эсэхийг асуухад зохигчдын хэн аль нь татгалзахгүй гэжээ. Шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчээс татгалзан гаргах үе шат дуусаж хэргийг хэлэлцэж эхэлснээс хойш хариуцагч тал шүүгчийг хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан татгалзан гаргах хүсэлт гаргах хүсэлт гаргаж хуулиар тогтоосон шүүх хуралдааны нийтлэг журмыг зөрчсөн байна. Шүүгч хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлгийн анхан шатны шүүх хуралдааны дэгийн талаарх зохицуулалт, мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцсэн.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг баримталсан эсэх талаар

Нэхэмжлэгч нь 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр анх шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шүүх хуралдааныг товложээ. Хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгчтэй эвлэрэн хэлэлцэх, 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хөл хорионд орсон, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хэргийн материалтай танилцах, 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр тусгаарлалтад байгаа, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгчийн хурал давхацсан, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцах, 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцах зэрэг үндэслэлээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргаж байжээ. Шүүх хариуцагчийн гаргасан дээрх хүсэлтүүдийг хүлээн авч, тухай бүрт нь хуралдааныг хойшлуулж, хариуцагч талд мэтгэлцэх боломжийг олгосон байна. Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 32 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй, мэтгэлцэх боломжоо эдлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх гомдлыг хангахгүй орхив. /хх 1-3, 34, 45, 55-56, 58-59, 70-71, 77-78, 90-91,100-101, 106-108, 120-121/

                Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2021/01755 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 157 950 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

        ШҮҮГЧИД                             Д.ЦОГТСАЙХАН

­                                                                                                        А.МӨНХЗУЛ