Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2016/0145

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн нарыг оролцуулан хийж, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/461 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдолдоо: “1. Аймгийн Засаг даргын 2016 оны А/229 дүгээр захирамжийн "Цагаан хөшөө трейд" ХХК-д холбогдох заалт, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь тус аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан, нэг өдрийн дотор хээрийн болон суурин судалгаа хийж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг давуу байдал олгосон, хувийн хэрэгт байх зарим бүрдэл дутуу зэрэг хуульд заасан зөрчилтэй байсныг "Захирамж хүчингүй болгох тухай" 2016 оны А/461 дүгээр захирамж гаргаж хүчингүй болгох арга хэмжээ авч хуульд нийцүүлж ажиллахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 /Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө өөрчлөх буюу хүчингүй болгоно/, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 /Аймаг …-ын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно/, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 /Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэрээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө ... хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно/ дэх хэсгийг үндэслэл болгож нийгмийн харилцааны зохицуулах чиг үүргийнхээ хүрээнд хуулийг нэг мөр хэрэгжүүлж ажилласан байхад шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагчийн талаас шүүгчээр шинжлэн судлуулсан боловч хэтэрхий нэг талыг баримталж, нэхэмжлэгч талын нотлох баримтуудад анхаарсан, хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа үндэслэл бүхий тайлбараа шийдвэртээ тодорхой дурдаагүй.

2. Газар эзэмшүүлэх эрх олгох үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараах журмыг баримтлан шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд тус хэсгийн 33.1.2 дахь заалтыг, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг бүхэлд нь зөрчиж "Цагаан хөшөө трейд" ХХК нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж тухайн үед тус газрын даргаар ажиллаж байсан Г.Отгонболд нь газрын кадастрын асуудал хариуцсан мэргэжилтэн Х.Түрүүдөлд судалж шийдвэрлэхийг даалгаж 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр цохилт хийж өгсөн /хавтаст хэрэгт авагдсан/ байхад аймгийн Засаг дарга нь 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 тоот захирамжаар орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн төдийгүй гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдож хэргийн материалд нотлох баримтаар авагдсан байхад шүүгч энэ талаар шинжлэн судлаагүй шүүхийн шийдвэрт энэ тухай огт дурдаагүй. Мөн дээрх үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль, Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 2012 оны 151 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралт /Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааны жагсаалт/-ыг тус тус зөрчсөн байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй....” , мөн хуулийн 11 дүгээр зүйлд заасан хууль хэрэглэх зэрэг зарчмыг алдагдуулж, Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын албан тоотоор хязгаарлагдан тус хэргийг шийдвэрлэлээ. Цаашлаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Наранмандахын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт дурдагдсан Х.Түрүүдөл гэж хүний нэрийг Пүрэвдорж гэж буруу бичсэн, хуулийн цэг таслал, үг үсэг алдаж буруу бичсэн зэрэг алдааг гаргасан. Газар эзэмших хүсэлт нь эрх бүхий байгууллагад ирээгүй, журмын дагуу судлагдаагүй байхад аймгийн Засаг дарга нь "Цагаан хөшөө трейд" ХХК-нд орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь Монгол улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн актуудыг илт зөрчсөн байхад шүүгч шийдвэр гаргахдаа анхаарч үзээгүй.

3. 2016 оны 4 дүгээр сард тухайн үеийн аймгийн Засаг даргаар ажиллаж байсан
Д.Цэндсүрэн нь газар хүссэн хүсэлт ирээгүй, олгосон газар нь тухайн жилийн газар
зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад "Цагаан хөшөө трейд" ХХК-нд
орон сууцны зориулалтаар газар олгож Газрын тухай хууль, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох журам"-ыг бүхэлд нь зөрчиж газар эзэмшүүлсэн нь Газрын кадастрын мэдээллийн санд орсон баримтаар нотлогдож байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, геодези зураг зүйн газар нь 850160009319 нэгж талбарын дугаар бүхий 1000 м.кв газрыг 2643693 регистрийн дугаартай "Цагаан хөшөө трейд" ХХК-ийн эзэмшлийн газар гэж илт хууль бус үйлдлийг баталгаажуулсан. Шүүх илэрхий зөрчилтэй байгаа асуудлыг анхааралгүйгээр газрын кадастрын нэгдсэн мэдээллийн санд баталгаажжээ хэмээн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын албан тоот үндэслэснээрээ нийтийн албанд хуулиар зөвшөөрснөөс бусад нь хориглогдох зарчмыг алдагдууллаа.

4. Тус компани нь Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг үндсэн хэмжээгээр хуваан улирал бүрээр сарын эхний 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан заалтыг зөрчсөн байхад энэ талаар мөн л үндэслэх хэсэгтээ шинжлэн судалж тайлбарлаагүй, шүүх хурлын үеэр авч хэлэлцээгүй.

5. Улаангом сумын 3 дугаар багийн нутагт "ТОСК" ТӨҮГ-т аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар захирамжаар орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн 26000 м.кв газар нь маргаантай байгаа газартай хамааралгүй байхад газар дээр нь очиж тодруулах зэргээр маргаан бүхий газар дээр очиж үзлэг хийгээгүй, нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэсэн.

6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Орон сууцны хороолол барихаар хотын хөгжлийн хэтийн зорилтонд тусгаж 1000 айлыг орон сууцжуулах зорилтыг аймгийн Засаг даргаас дэвшүүлэн хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуульд заасны дагуу "Цагаан хөшөө трейд" ХХК-д орон сууцны зориулалтаар газар эзэмшүүлсэн нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байна гэж дүгнэлээ” гэсэн нь тухайн орон сууцны зориулалтаар олгосон газар нь 1000 айлын орон сууцжуулах зорилтонд туссан гэдгээ хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар нотолж байгаа тухайгаа дурдаагүй, захиргааны байгууллага нь уг зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийг зөрчиж газар эзэмшихийг хүссэн хүсэлт нь эрх бүхий захиргааны байгууллагад ирээгүй байхад газар эзэмших эрх олгож болно гэсэн буруу дүгнэлт гаргасан. Мөн үндэслэх хэсэгт "Увс аймгийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө /хх-ийн 40-46 дугаар хуудас/-нд Улаангомд 29500 м.кв газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар орон сууцны зориулалтаар олгохоор заагджээ. Иймд хариуцагчийн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж тайлбарласан нь нийтийн албанд хуулиар зөвшөөрснөөс бусдыг хориглоно гэсэн хууль хэрэглээний ерөнхий зарчмыг мөн л илтэд зөрчин, үүгээрээ нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гэдгээ нотлон харууллаа. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2016 оны "Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 10 дугаар тогтоолоор баталсан журмыг анхаарч үзээгүй.

7. Хариуцагч талаас "Цагаан хөшөө трейд" ХХК-нд газар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дугаар захирамжийн үндэслэл болгосон хуулийн заалт нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалт, 33.1.2 дахь заалтыг тус тус зөрчиж байгаа учраас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг үндэслэн илт хууль бус үйлдлийг таслан зогсоох арга хэмжээ авсан байхад нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хариуцагч захиргааны байгууллага зөрчсөн буруутай, өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан зургийн үнэ, барилга барих газрын геологи судалгааны үнэ, техникийн нөхцөлүүдийг хийлгэхэд төлсөн үнэ зэрэг нь банкны баримт, зарлагын баримт зэргээр тогтоогдно гэж үзсэн нь тухайн банкны баримт, зарлагын баримт нь үнэн мөн эсэхийг шалгаагүй, тодруулаагүй байж шийдвэр гаргах гол үндэслэл болгосонд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Цагаан хөшөө трейд" ХХК нь эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох эрх бүхий байгууллагууд, тухайлбал, “Конконсалтинг” ХХК-тай зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ, “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн техникийн нөхцөл, “Чандмань-Ув”с ХХК-ийн техникийн нөхцөл, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн техникийн нөхцөл, Увс дулаан 2 дугаар станц ОНӨААТҮГ-ын техникийн нөхцөл, “Цагаан хөшөө” ХХК-ийн орон сууцны зураг төсөл боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт зэргийг гаргуулж үүнд тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, банкны баримт, зарлагын зарим баримтаар тогтоогдож байна" гэсэн нь үндэслэлгүй дээрх үйл ажиллагаа нь Барилгын тухай хууль, Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтанд оруулах дүрэм"-ийг тус тус зөрчсөн нь дараах хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан “Цагаан хөшөө трейд” ХХК нь “Конконсалтинг” ХХК-тай байгуулсан "Зураг төсөл боловсруулах гэрээ"-ний 1.2 дахь заалтанд "5 давхар 40 айлын орон сууцны барилгын зураг төсөв боловсруулах" гэж заасан байхад “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК, “Чандмань-Увс” ХХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, Увс дулаан 2 дугаар станцын ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудаас авсан техникийн нөхцөлүүдэд 54 айлын орон сууцны барилгын техникийн нөхцөл гэж илт зөрүүтэй мэдээлэл байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байна. Барилгын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу техникийн нөхцөл олгогдоогүй.

2. Хэргийн материалд авагдсан "Цагаан хөшөө трейд" ХХК-ийн захиалсан “Таван үндэс” ХХК-иар гүйцэтгүүлсэн "Орон сууцны барилгын зураг төсөв боловсруулахад зориулсан инженер-геологийн судалгааны ажлын дүгнэлт" нь 2016 онд хийгдээгүй 2013 оны 07 дугаар сард Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бурхан багшийн хөшөөний ар талын газарт хийгдсэн дүгнэлтийг хуурамчаар 2016 онд Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бөхийн өргөөний хойд талын газарт хийгдсэнээр үйлдэж шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн, шүүх илэрхий хуурамч материал ирүүлсэн байхад судлан шинжлээгүй шийдвэр гаргасан. Уг хуурамч дүгнэлтийн хавсралт зураг-1 /Төлөвлөж буй барилгын талбай ба өрөмдсөн цооногийн байршлын зураг/-д заасны дагуу тухайн газарт 2016 онд цооног өрөмдөөгүй, дээж авсан эсэх нь нотлогдоогүй байхад шүүх хэргийн газрын үзлэг хийгээгүй илт хуурамч бичиг баримт байхад анхаарч авч үзээгүй. Инженер геологийн судалгааны ажлыг захиалан хийлгэхэд “Цагаан хөшөө трейд” ХХК нь 800,000 /найман зуун мянган/ төгрөгийг зарцуулсан гэж шүүхэд зарлагын баримтыг нотлох баримтаар ирүүлсэн нь мөнгө авсан өгсөн нь тогтоогдохгүй байна.

3. “Цагаан хөшөө трейд” ХХК нь Барилгын тухай хуулийн 22, 23 дугаар зүйл, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 204 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөх, магадлал хийх дүрэм"-ийн 3 дугаар зүйл /Зураг төсөл боловсруулах бэлтгэл ажил/, 4 дүгээр зүйл /Зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага/-ийг, Засгийн газрын “Дүрэм батлах тухай” 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм", уг дүрмийн 5 дугаар хавсралт /Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааны жагсаалт/-ыг тус тус зөрчиж, "Архитектур төлөвлөлтийн даалгавар", Орон сууцны барилгын "Эскиз зураг"-ыг төрийн эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байж шугам, сүлжээ хариуцсан мэргэжлийн байгууллагуудаас техникийн нөхцөл авч, зураг төсөл боловсруулж хохирол учирсан гэсэн нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдсон болох нь ойлгомжгүй.

4. Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 /эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх/-д заасны дагуу барилгын зураг боловсруулагдсан байх шаардлагыг биелүүлээгүй хуурамч инженер геологийн судалгааны ажлын дүгнэлт, тоон мэдээлэл нь зөрүүтэй техникийн нөхцөл, зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ зэргийг тус тус үндэслэн төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явагдсан нь баримтаар тогтоогдож байх тул "Цагаан хөшөө трейд" ХХК-иас нэхэмжлэлд дурдсан 30 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэх тайлбар ямар ч үндэслэлгүй бөгөөд хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэх боломжгүй байна.

Иймд Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Увс аймгийн Засаг дарга нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/461 дүгээр захирамжаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус баримталж, 2016 оны аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газарт газар эзэмшүүлсэн гэх үндэслэлээр мөн аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч энэхүү захиргааны актыг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ. Учир нь,

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга нь анх 2012 онд Монгол Улсын Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор олгогдсон 4.6 га газраас Улаангом сумын 3 дугаар багийн нутагт байрлах 1200 м.кв газрыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэж “Тэс загал” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлжээ. Тус компани газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй учир газар эзэмших эрхийг хүчингүй болгож, улмаар аймгийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/229 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “Цагаан хөшөө трейд” ХХК-д маргаан бүхий газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон болно.

Нэгэнт 2012 онд тухайн үеийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд “Тэс загал” ХХК-д орон сууцны зориулалтаар эзэмшүүлсэн боловч хүчингүй болсон газар эзэмших эрхийг мөн зориулалтаар 2016 онд нэхэмжлэгч “Цагаан хөшөө трейд” ХХК-д эзэмшүүлсэн байх тул “газар эзэмшүүлэх 2016 оны төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад уг газрыг эзэмшүүлж Газрын тухай хууль зөрчсөн” гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Мөн Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж зааснаар төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйлдэл газрын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байхын зэрэгцээ бусад газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нөхцөлд тухайн шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй. Гэтэл маргаан бүхий 1000 м.кв газрыг нэхэмжлэгч “Цагаан хөшөө трейд” ХХК-д эзэмшүүлсний улмаас бусдын газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байхад хариуцагчаас “Цагаан хөшөө трейд” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэрээ хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа болон давж заалдах гомдлын үндэслэлээ “...газар эзэмших тухай хүсэлт гаргаагүй байхад газар эзэмшүүлэх тухай захирамж гаргасан, хуурамч инженер геологийн судалгааны ажлын дүгнэлт, тоон мэдээлэл нь зөрүүтэй техникийн нөхцөл, зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ зэргийг үндэслэж эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч эзэмшсэн газраа зориулалтын дагуу ашиглахаар тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулсан болох нь баримтаар тогтоогдоогүй...” гэж тодорхойлон маргах боловч маргаан бүхий захирамжид нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т заасныг зөрчиж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг олгосон” гэх үндэслэлээр хүчингүй болгосон атлаа захирамжид заагаагүй шалтгаан, үндэслэлийг нэмэгдүүлэн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр Увс аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн А/461 дүгээр захирамжийн “Цагаан хөшөө трейд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин улсын тэмдэгтийн хураамж гэж төрийн эрх бүхий байгууллагаас хуульд заасан үйлчилгээ үзүүлсний төлөө иргэн, хуулийн этгээдийн төлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд улсын тэмдэгтийн хураамжийн талаарх асуудал Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдэнэ. Өөрөөр хэлбэл, улсын тэмдэгтийн хураамжийг захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ “...хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлоо шаардах эрх Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчид үүссэн, харин хохирлыг барагдуулахдаа мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу тэмдэгтийн хураамжийн төлбөрийг хариуцагчаар төлүүлж байгаа болно” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийснийг цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 42 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.   

            ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН

            ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН