Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/1348

 

 

 

 

 

 

 

 

 

     2018 оны 05 сарын 30 өдөр

         Дугаар 183/ШШ2018/01348

                 Улаанбаатар хот

          

                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүгч Ж.Сэмжид, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух, Э... овогт М... Б.. /РД:.../-ны нэхэмжлэлтэй,

 

Төрөөс гэм хорын хохиролд 283 633 083 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б.., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ж.., прокурор Д.Т.., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

            Нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б-ы шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ба 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагийн үед 0010 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркын авто машиныг жолоодон Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ... дугаар байрны грашид орж ирэх үед унаж явсан авто машинаас гал гарч эхэлсэн бөгөөд гал гарч эхлэнгүүд машины граашаас гаргах гэсэн боловч ямар нэгэн үйлдэл хийх боломжгүй байсан тул граашны усны гидрант хоолойг дарсан боловч усгүй байсан, машинаас утаа гарч эхлэнгүүт галын дохио мөн ажиллахгүй байсан тул гэрт гүйж ороод донопон системээр СӨХ рүү залгаж грашд гал гарч байгаа талаар мэдэгдэж дуудлага өгж 9 настай дүүгээ айлуудад гал гарч байгаа талаар мэдээлэл тараалгаж, гэрээс 20 литрын боллонтой ус авчирсан энэ хугацаанд Сөх-өөс ямар нэгэн хүн ирээгүй байж байтал галын машин ирж гал унтраасан юм. Энэхүү хэрэгт нэхэмжлэгч намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Г.Гнь 2013 оны 03 дугаар сарын 11 өдөр эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр санал гаргаж 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 201301060210 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн билээ. Улмаар 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 1150 дугаар шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн 1531.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэнийг давж заалдах журмаар гомдол гаргасаны дагуу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 892 дугаар магадлалаар надад холбогдох хэргийг цагаатгаж сулласан юм. Хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасаны дагуу Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 459 дүгээр тогтоолоор нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан юм. Ингээд надад холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаж мөрдөн байцаалты ажиллагааг хийсэн боловч 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Дүүргийн 2 дугаар прокурорын газрын 17 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэх үндэслэлээр, 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 444 дүгээр тогтоолоор гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэх үндэслэлээр, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын 743 дугаар тогтоолоор гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болж байсан. Нэхэмжлэгч болон өмгөөлөгчдийн зүгээс энэхүү хэрэг нь эрүүгийн хэрэг биш гэж мөрдөн байцаагч болон прокурорт удаа дараа хэрэгийг хэрэгсэхгүй болгуулах талаар хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэдэг байсан. Миний бие хууль зөрчсөн төрийн албан хаагч нарын улмаас 2013 оны 03 дугаар сарын 11-ны өдрөөс эхлэн 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл бүтэн 3 жил 4 сар 11 хоногийн хугацаанд гэмт хэрэггэн нэр зүүж явсан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг 30 хоногийн хугацаанд намайг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн хууль бус үндэслэлгүй шийдвэрийн дагуу хорьж, миний үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж бие мах бодь, сэтгэл санаа, эдийн засгийн ихээхэн хохирол учруулан, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгасны улмаас учирсан сэтгэл санааны үр дагаврыг мөнгөн хэлбэрээр сэргээлгэх, эрүүгийн гэмт хэрэгт шалгагдсаны улмаас өөрт учирсан гэм хор, сэтгэл санааны хохирлоо төлүүлэхийг хүсэж байна. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоолоор хөдөлморийн хөлсний доод хэмжээг 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөос эхлэн сард 192,000 тогрогоор тогтоосон байх тул нэг өдөрт ногдох орлогыг /192,000: 30 хоног/ 6,400 төгрөгөөр тооцож, цагдан хоригдсон 30 хоногт ногдох орлогыг /6,400 х 30 хоног/ 192 000 төгрөгөөр тогтоож нэхэмжлэж байна. Тухайн үед миний бие БНХАУ-ын Бээжин хотын Их сургуулийн 3 дугаар курсэд суралцаж байсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдсоны улмаас БНХАУ-ын Бээжин болон Улаанбаатар хотын хооронд ирж очих онгоцны билетэнд 6 378 600 төгрөгийг зарцуулсан болно. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж гэмт хэрэг үйлдэж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан хүндэвтэр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн учир Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн хуульч өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 50 000 000 төгрөгийг төлж хууль зүйн туслалцаа авсан. Улмаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өмгөөлөгчийн зүгээс хэрэгсэхгүй болгуулахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэж 3 жил 4 сар 11 хоногийг хугацаанд гэмт хэрэгтэний адил мөрдөн шалгагдаж 30 хоногийн хугацаагаар цагдан хорьж үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтойгоор зөрчсөн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153.1.1 зүйлд зааснаар 3 жилийн хорих ял оноох хууль бус шийдвэрийг гаргаж 30 хоног цагдан хорихоор болсон тул хохирогч гэх А.А-д 195 000 000 төгрөг, М.Б-д 8 242 483 төгрөг, Б.Ц-д 3 820 000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд дээрх үндэслэлээр Улаанбаатраас Бээжин, Бээжингээс Улаанбаатар хооронд явсан онгоцны билетны зардал болох 6 378 600 төгрөг, Өмгөөллийн хөлс 50 000 000 төгрөг, үндэслэлгүйгээр хоригдсоны улмаас сэтгэл санааны хохирол 20 000 000 төгөрг, Хохирогч гэх А.А-д төлсөн 195 000 000 төгрөг, М.Б-д төлсөн 8 242 483 төгрөг, Б.Ц-д төлсөн 3 820 000 төгрөг нийт 283 633 083 төгрийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол улсын Үндсэн хуульд зааснаар гэм буруугүйд тооцох зарчим өмнөх Эрүүгийн хууль болон шинээр батлагдсан Эрүүгийн хуулиар зохицуулагдсан. Гэм буруу нь шүүхээр нотлогдсон тохиолдолд тухайн этгээдийн гэм буруутайд тооцож шүүхээс яллана. Тухайн үеийн нөхцөл байдлууд дээр ялласан, цагаатгасан, мөрдөн байцаалтад буцаасан, эцэс сүүлд нь Хан-Уул дүүргийн Прокурорын газраас М.Бад холбогдох Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тухайн Прокурорын тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж талуудын хэн аль нь гомдол гаргаагүй гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэгт шалгагдах хангалттай үндэслэл байсан гэдэг үндэслэлээр хуульд заасан ажиллагааг мөрдөгч, прокурорын зүгээс ажиллагааг хийж яллах дүгнэлт үйлдсэн гэх зүйлийг ярьж байна. Эцсийн дүнд нөхцөл байдал нь юу байсан бэ гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулаагүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг, зөрчлийн асуудал хоорондоо тусдаа ойлголт. Нэхэмжлэлийн шаардлагыг төр хариуцахгүй, харин буруутай субъектүүд буюу гуравдагч этгээд болох СӨХ-оос холбогдох хохирлуудаа нэхэмжлэх эрх нь нээлттэй гэдэг тайлбаруудыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хууль, хуучин үйлчилж байсан Эрүүгийн хууль, одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулинд төрийн үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын буруутай үйл ажиллагааны улмаас бусдын эд хөрөнгө, эдийн бус хууль ёсны ашиг сонирхолд гэм хор, хохирол учирсан тохиолдолд нөхөн төлүүлэх эрхийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааж өгсөн. Хохирлыг нөхөн төлөх хэлбэрүүдийг зааж өгсөн. Тухайн үеийн нөхцөл байдлыг үзэхээр М.Ба нь БНХАУ-д суралцдаг байсан. Эрүүгийн хэрэгт холбогдож цагдан хоригдсон гадагшаа зорчих эрхүүдийг бүхэлд нь хаасан баривчлагдсан нөхцөл байдлууд байгаа. Шүүхийн тогтоолыг арга буюу биелүүлж шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан бусдад учруулсан хохирлуудыг төлсөн. Энэ хохирол төлсөн баримтууд дээр прокурор маргахгүй байна. Хавтаст хэрэгт хохирлын мөнгийг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан баримтууд хавсрагдсан байгаа. Давж заалдах шатны цагаатгах магадлал дээр бусдад төлөх хохирлыг дурдаж өгсөн. Хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсний асуудал байгаа. Эрүүгийн хэрэг нь 3 жил гаруй хугацаанд үргэлжилж шат шатны шүүх хурлаар орсон, буцаж мөрдөн байцаалтын шатанд шилжсэн нэлээд сунжирсан. Энэ бүх ажиллагааны явцад Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн Цолмон-Эрдэнэ гэж өмгөөлөгч эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу холбогдох төлбөрүүдийг төлсөн тул тухайн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага дээр дурдагдсан хохирогч А.А-д хохирол барагдуулсны төлбөр 195 000 000 төгрөг, М.Б-д төлсөн 8 242 483 төгрөг, Б.Ц-д төлсөн  3 820 000 төгрөг тус тус төлсөн. Шүүхийн шийтгэх тогтоол дээр дурдагдсан тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй. Шүүхийн хууль бус ажиллагаа гэдэг нь тогтоогдсон. Хэдий мөрдөн байцаагч, прокурор мөрдөн байцаах ажиллагаа явуулах хэрэгтэй байсан ч гэсэн энэ ажиллагааныхаа явцад Эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон бол энэ нь өөрөө төрийн хууль бус үйл ажиллагаа гэж үзэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т зааснаар төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас цагдан хоригдсоны улмаас тухайн иргэн, хувь хүнд учирсан гэм хорын хохирлын бүрэлдэхүүн нөхцөлийг бүхэлд нь хангасан гэдэг нь Прокурорын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор нотлогдож байгаа. Энэ гэм буруутай үйл ажиллагааны явцад М.Баас нийтдээ 283 633 083 төгрөг гарсан. Мөн сэтгэл санааны хохирлын асуудал яригдаж байгаа. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т зааснаар эдийн бус гэм хорын асуудал таслал тавиад сэтгэл санааны гэм хорын хохирлыг шаардах хуулийн зохицуулалттай. Тухайн хуулийн зохицуулалт нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлд заасанчлан мөнгөн хэлбэрээр тухайн үнэлэмжээр сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх бүрэн боломжтой учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Ба нь 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эцэг Манлайбаатарын эзэмшлийн 0010 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодож яваад өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны грашид тавих үед автомашинаас гал гарч тухайн грашид байсан 3 иргэний машин шатаж СӨХ-ны грашид онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл гарсан. Үүнд хуучин Эрүүгийн хуулийн 1531.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Тухайн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад галын шинжээчийн дүгнэлт 3 удаа гарсан. Галын дүгнэлтээр М.Б-ы унаж явсан автомашины урд талын хянах самбарын утаснаас гал гарч эхэлсэн бүрэн бус тээвэр жолоодон явсан. Гал гарч эхлэхэд автомашинд галын хор байгаагүй. Мөн тухайн СӨХ-ны грашид гал унтраах багаж, хэрэгсэл байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг тогтоосон ба 1, 2 дугаар галын шинжээчийн дүгнэлт зөрүүтэй байсан тул 3 дахь шинжээчээр галын дүгнэлтийг дахин гаргуулж хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгч Алтанцэцэг хэрэгт цугларсан нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлж М.Б-ыг Эрүүгийн хуулийн 1531.1 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай гэж тооцож ял оногдуулсан. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдаж гомдол гаргаж Давж заалдах шатны шүүхээс хэргийг цагаатгасан. Оролцогч буюу хохирогчийн тал тухайн СӨХ-ны төлөөлөгч Наранцэцэг хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж хэргийг хэлэлцээд хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцаасан үндэслэлийг би юу гэж үзэж байна вэ гэхээр хэргийг цагаатгах хэмжээнд нотлогдоогүй, нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай байна гэдэг үндэслэлээр хэргийг мөрдөн байцаалтын шатанд буцааж дахин мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Мөрдөн байцаах ямар ажиллагаа явуулсан бэ гэхээр 2012 оны 12 сард Нийслэлийн Онцгой байдлын газраас бүх авто гражийн галын аюулгүй байдлыг шалгасан. Тухайн шалгалтаар Грийн вилла СӨХ-ны гражид шалгалт хийхэд хангалтгүй гэсэн дүгнэлт гарч тухайн гражид усны шланк байгаа боловч тухайн шланкт даралттай ус ирдэггүй, наад захын гал унтраах багаж хэрэгсэл байгаагүй гэсэн зөрчил илэрсэн. Иймд тухайн СӨХ-г хэрэгт буруутай эсэхийг шалга гэж хэргийг буцаасан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын зүгээс нэмэлт ажиллагаа хийснээр яллах болон цагаатгах талын нотлох баримтад дүгнэлт өгч яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэсэн. Энэ үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа. Төрийг төлөөлж гуравдагч этгээдээр тус шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэсэн дүгнэлтэд хүрч байна. Учир нь гал гарч иргэдийн эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд зайлшгүй Эрүүгийн хэрэг үүсгэж шалгах шаардлагатай. Тухайн орон сууцны 6 давхарт гал гарсны улмаас дээшээгээ хөө тортог цохиж тухайн айлуудад засвар хийх шаардлагатай болж их хэмжээний хохирол учирсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу баримтжуулсан. Гэрч, хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан. Шүүх нотлох баримтын хүрээнд хэн нэгний нөлөөлөлд авталгүй хэргийг шийдвэрлэсэн. Гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас Улаанбаатар-Бээжин, Бээжин-Улаанбаатар чиглэлийн онгоцны билетийн зардал болон нэр бүхий 3 хохирогчид өгсөн төлбөрийг Иргэний журмаар тухайн СӨХ-с нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь тухайн СӨХ-д шалгалт хийх явцад галын аюулгүй байдлыг хангаагүй зөрчил илэрсэн. Нийслэлийн онцгой байдлын байдлын газраас СӨХ-д шаардлага хүргүүлж сарын дараа дахин шалгалтаар явахад тухайн зөрчлийг арилгаагүй байсан. Мөн өмгөөллийн хөлс 50 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Иргэний хэргээс харахад Хаан банкны 2014 оны 02 сарын 01-ний өдөр 500 000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 09 сарын 17-ны өдөр 40 500 000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан байна. Эхний 500 000 төгрөгийг Наранжаргал гээд Б-ы ээжээс шилжүүлсэн байдаг. 40 500 000 төгрөгийг хэнээс өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ гэдэг хүний данс руу орсон нь тодорхойгүй. Хавтаст хэрэгт нэмэлт нотлох баримтаар өгсөн тухайн дансыг Б.Цолмон-Эрдэнэ гэдэг хүн эзэмшдэг нь үнэн гэсэн Хаан банкны тодорхойлолтыг авчирсан байна. Гэхдээ тухайн 40 500 000 төгрөгийн гүйлгээний утга дээр хэнээс гэдэг нь тодорхойгүй зүгээр орлого гээд орчихсон байна. Гэтэл урьд нь Наранжаргал гэдэг хүн 500 000 төгрөг шилжүүлэхдээ Наранжаргалаас гээд тодорхой бичсэн байдаг. Иймд тухайн 40 500 000 төгрөгийг өөр үйл ажиллагаа явуулсны төлбөр үү гэдэг нь тодорхойгүй байгаа тул өмгөөллийн хөлсний 50 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нотлогдоогүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ба нь өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар төрд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Дүүргийн 2 дугаар Прокурорын газраас нэхэмжлэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 1531 .1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлж байжээ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн зүгээс шийтгэх болон цагтаатгах тогтоол гаргасныг Улсын Дээд шүүх 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 459 дүгээр тогтоол гаргаж, М.Бад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2016 оны 7 сарын 22-ны өдрийн 743 дугаар прокурорын тогтоолоор М.Бад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Дээрх байдлыг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна./хх-ийн 12-36/

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий байгууллагын хууль ёсны ажиллагаа явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Эрүүгийн байцаан шийтгэх тухай 2002 оны хуулийн 388 дугаар зүйлийн 388.1.-д, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 2017 оны хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “хууль зөрчсөн ажиллагаа”-ны эрх зүйн үр дагаврын талаар заасан боловч энэхүү ажиллагаанд холбогдох албан тушаалтны хууль бус үйлдэл бүхий ажиллагаа хамаарахаас гадна яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсхүл шүүгдэгч, ял шийтгүүлсэн этгээдийг цагаатгасан бол хуулийн дагуу явагдсан ажиллагаа ч мөн адил хамаарна.

 

Ийнхүү төрөөс эрх олгогдсон тусгай албан тушаалтан, байгууллага эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хуулийн дагуу шалгах, хуульд заасан эрхийн хязгаарлалтыг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй хэдий ч ийнхүү зохих журмын дагуу явуулсан ажиллагааны үр дүнд тухайн этгээдийн гэм буруу нотлогдоогүй тохиолдолд дээрх эрхийн хязгаарлалт хууль бусад тооцогддог болно. Улмаар үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хуульд “хууль бус ажиллагаа”-нд хамааруулдаг.

Түүнчлэн эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон, цагаатгагдсан этгээдэд гэм хор учирсан явдал нь маргаангүй хүлээн зөвшөөрөгдөх үйл баримт болдог хэдий ч уг гэм хор эрх бүхий этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас учирсан байдаг тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д заасан үндэслэлээр энэ хэрэгт хариуцагчаар уг үйл ажиллагааг явуулсан этгээд оролцох үндэслэлгүй болно.

 

Харин хүсэлт гаргаж буй нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4.-т зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь өөрт эд хөрөнгийн болон эдийн бус гэм хор учирсан гэж дараах хохирлыг тус тус шаардсан байна. Үүнд:

-М.Б-ы хорих ял эдэлсэн 30 хоногт оногдох цалин хөлсийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцон 192 000 төгрөг,

-БНХАУ-ын Бээжин хотын их сургуульд суралцаж байсан бөгөөд эрүүгийн хэрэгт холбогдож шалгагдаж явцад ирж очих онгоцны тийзны зардалд 3 678 600 төгрөг

-өмгөөлөгчид төлсөн нийт хөлс 50 000 000 төгрөг

-үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хязгаарлагдсан үед татварт төлсөн 2 512 800 төгрөг

-сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг,

-анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хохирогч гэх А.А-д 195 000 000 төгрөгийн, М.Б-д 8 242 483 төгрөгийн, Б.Ц-д 3 820 000 төгрөгийн төлбөр төлсөн, нийт 283 633 083 төгрөг гэж нэхэмжилснийг хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч М.Баны нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон хэмжээнд буюу хорих ял эдэлсэн 30 хоногт оногдох цалин хөлсийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл тооцон 192 000 төгрөг, уг гэмт хэргийг шалгах үед М.Ба нь БНХАУ-ын Бээжин хотын Их сургуульд суралцаж байсан байх ба түүний 13 удаагийн ирж, явсан онгоцны зардлын 6 378 600 төгрөг, 3 жил 4 сар 11 хоногийг хугацаанд гэмт хэрэгтэний адил мөрдөн шалгагдаж 30 хоногийн хугацаагаар цагдан хорьж үндсэн хуулиар олгогдсон эрхийг минь ноцтойгоор зөрчсөн үндэслэлээр сэтгэл санааны хохиролд 20 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 10 000 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 16 570 600 төгрөгийг төрөөс гаргуулан нэхэмжлэгч М.Бд олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 50 000 000 төгрөг төлж хууль зүйн туслалцаа авсан гэж тайлбарлан, уг мөнгийг төрөөс гаргуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 8-10 дугаар талд 2013 оны 2 сарын 27-ны өдрийн Өмгөөлөл эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнийн ХААН банкын дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байх ба уг гэрээ Б.Цолмон-Эрдэнэ М.Манлайбаатар нарын хооронд байгуулагдаж, дансны хуулгаар өмгөөлөгчид орж ирсэн орлого нь хэнээс шилжсэн, юуны төлбөр болох нь тодорхойгүй байна.

Эдгээрээс дүгнэхэд уг гэрээ нэхэмжлэгч М.Батай байгуулагдсан, түүнчлэн уг өмгөөллийн хөлс түүнээс төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хохирогч гэх А.А-д 195 000 000 төгрөгийн, М.Б-д 8 242 483 төгрөгийн, Б.Ц-д 3 820 000 төгрөгийн, нийт 207 062 483 төгрөгийг төрөөс гаргуулахаар шаардсан нь дараах үндэслэлгүй байна.

 2013 оны 2 дугаар сарын 16-ны өдөр М.Ба нь өөрийн эцэг Манлайбаатарын эзэмшлийн 00-10 УБС улсын дугаартай Ланд крузер-200 маркийн автомашиныг жолоодож яваад өөрийн амьдардаг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Грийн вилла хотхоны 206 дугаар байрны грашид тавих үед автомашинаас гал гарч тухайн грашид байсан 3 иргэний машин шатаж СӨХ-ны граш болон бусдад онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэл гарсан болох нь тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч М.Ба нь дээрх үйлдлийн улмаас бусдад учирсан хохиролд  А.А-д 195 000 000 төгрөгийн, М.Б-д 8 242 483 төгрөгийн, Б.Ц-д 3 820 000 төгрөгийн, нийт 207 062 483 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан үндэслэлээ анхан шатны шүүхээс хууль бус шийдвэрийг гаргаж 30 хоног цагдан хорихоор болсон тул уг төлбөрүүдийг төлсөн гэж тайлбарласан байна.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч М.Ба нь эрүүгийн хэрэгт тогтоогдсон үйл баримтын хүрээнд хохирогч нарт хохирол төлсөн байдал нь хуульд заасан эд хөрөнгийн хохирол нөхөн төлүүлэхэд хамаарахгүй байна.

Тодруулбал,  2017 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.5-д эд хөрөнгийн хохиролд... “шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж гаргуулсан мөнгөн төлбөр, хүн, хуулийн этгээдээр төлүүлсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон бусад зардал” зэргийг оруулахаар заажээ.

Үүнээс үзэхэд дээрх гал гарсны улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирч, учирсан хохирлыг нөхөн төлсөн асуудал нь төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид үүссэн хохирол биш ба энэ нь дээрх мөнгөн төлбөр болон бусад зардлын аль алинд хамаарахгүй байна.

 

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагаас 16 570 600 төгрөгийг хангаж,  үлдэх 267 062 483 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 498 дугаар зүйлийн 498.4 дэх  хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас 16 570 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.Бад олгож, илүү нэхэмжилсэн 267 062 483 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ                             Б.МӨНХЖАРГАЛ

 

                              ШҮҮГЧИД                              Ж.СЭМЖИД

                                     

                                                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ