Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00700

 

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2017/00700

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, Хөнгөн хүнсний үйлдвэр 2/30 байрны 30 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, Халхын Заягэгээн овогт*******/рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 4 дүгээр гудамжны 178 тоотод оршин суух, 1943 онд төрсөн, 74 настай, эрэгтэй, Боржигон овогт Дамдингийн Шараа/рд:ШГ43070378/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37 200 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч******* /ШТЭҮД:1788/, гэрч Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 20 дугаар гудамж, 353 тоотод оршин суух, 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Монгол овогт Дагвадоржийн Эрдэнэбаатар /РД:ШБ75030210/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж,*******д 20 000 000 төгрөгийг сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хэрэв гэрээний хугацаа хэтэрвэл өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож, барьцаанд нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м2 талбайтай Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг барьцаалж зээлдүүлсэн. Гэвч иргэн******* нь зээл анх авсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүргээ үл биелүүлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.*******г гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хоёр тал нотариат дээр уулзаж, тооцоо нийлж акт үйлдаж баталгаажуулсан.******* нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний дотор бүрэн төлж дуусгана гээд баталгаа бичиж өгсөн. Гэтэл энэ хугацаа өнгөрсөн ч мөн л үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч*******гаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, 3 сарын хүүн 4 800 000 төгрөг, алдангид 12 400 000 төгрөг нийт 37 200 000 төгрөгийг хариуцагч*******гийн барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн******* болон******* нар нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож 20,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар сарын 8 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд хуульд зааснаар алданги тооцох нөхцөлтэйгээр барьцаат зээлийн гэрээг байгуулсан байдаг. Энэхүү зээлийн гэрээгээр зээлдэгч тал нь өөрийн өмчлөлийн 44 м2 бүхий хоёр өрөө байрныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг зээлдүүлэгч талд барьцаалуулан зээл гаргуулан авахаар тохиролцжээ. Талууд зээлийн гэрээг анх байгуулахдаа хуулийн хүрээнд чөлөөтэй, шударгаар, бодитоор байгуулах зарчмыг удирдлага болгон хэрэгжүүлэн баримталж зээлдүүлэгч******* болон зээлдэгч нь зээлийн гэрээнийхээ агуулга, нөхцлийг хүлээн зөвшөөрч байгуулсан байдаг. Гэрээний заалтуудаас иш татан авч үзэхэд зээлдүүлэгч******* болон зээлдэгч******* нарын хооронд хийгдсэн барьцаат зээлийн гэрээ нь байгуулагдсан мөчөөсөө буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний зорилго, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэхээр харилцан тохиролцсоны зэрэгцээ гагцхүү зөвхөн зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодиттойгоор гардуулан өгснөөр хүчин төгөлдөр үйлчилэхээр харилцан тохиролцсон байдаг. Иймд зээлдүүлэгч******* нь зээлдэгч*******д бодитоор зээлийн мөнгөө шилжүүлэн өгөөгүй харин гуравдагч этгээд буюу Д.Эрдэнэбаатарт зээлдүүлсэн байдаг. Иймд иргэн******* энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд гэрээг анх байгуулахдаа хуулийн хүрээнд шударга байгуулж, гэрээний 1.1-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Харин зээлдэгч нь мөнгийг хугацаандаа төлөхөөр тохирсон байдаг. Гэрээний 2-т, гэрээний 3.2-т зааснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж заажээ. Гэтэл энэ гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр гэрээ биш байна. Гагцхүү зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид өгснөөр, шилжүүлснээр хүчин төгөлдөр болох байсан гэрээ юм. Иргэн******* нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан барьцаат зээлийн гэрээгээр халхавчлан иргэн*******гийн хуульд зааснаар шударгаар олж авсан эд хөрөнгө, өмчлөх эрхэд халдаж, түүний хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг дордуулж байгаа нь Үндсэн хууль, Олон улсын гэрээ конвенц, Иргэний хуулийг ноцтой зөрчиж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж*******,******* нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэн*******,******* нар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Талууд зээлийн гэрээг хуулийн дагуу байгуулсан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ гол шаардлагыг******* нь гэрээнийхээ үүргийг бодитоор биелүүлээгүй гэж үзэж байгаа юм байна. Үнэхээр биелүүлээгүй бол шаардах эрх байсан ч хоёр жилийн дараа шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Зээлийн гэрээ байгуулснаас хойш хоёр тал уулзаж тооцоо нийлж,******* гуай баталгаа гаргаж өгсөн байдаг. Үүнээс харахад бол үүргээ биелүүлсэн байгаа юм. Гэрээнд бол хэрхэн яаж зээлийг зарцуулах талаар дурдаагүй байдаг. Зээлдэгч нь зээлсэн мөнгөө яаж ашиглах, юунд зарцуулах нь зээлдэгчид хамаагүй байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь хариуцагч*******д холбогдуулан үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 12 400 000 төгрөг нийт 37 200 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулааар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигчид 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 20 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлдүүлэхээр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги бодохоор тус тус харилцан тохиролцож, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м2 талбайтай, Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалах нөхцлөөр барьцаат зээлийн гэрээ байгуулжээ. /хх6/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд юмсыг шилжүүлэхийг шаарддаг бөгөөд хариуцагч ...нэхэмжлэгч******* нь зээлдэгч*******д бодитоор зээлийн мөнгөө шилжүүлэн өгөөгүй харин гуравдагч этгээд буюу Д.Эрдэнэбаатарт зээлдүүлсэн гэх тайлбараа гэрчийн мэдүүлгээр нотолж, тэрээр зээлийг хувьдаа захиран зарцуулаагүй нь тогтоогдох боловч шилжүүлсэн эд хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах нь зээлдэгчийн эрх байхаас гадна тэрээр зээлийн мөнгийг хүлээн авах эрхийг Д.Эрдэнэбаатарт олгосон болох нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Д.Эрдэнэбаатарын мэдүүлэг болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаярын шүүх хуралдаанд гаргасан ...Д.Шараад мөнгөний шаардлага байгаагүй. Д.Эрдэнэбаатарын шаардлагаар******* гэж хүнээс мөнгө орж ирэхийг л хүлээгээд байсан. Гэрээ байгуулсны дараа ...чи надад 40,000,000 төгрөгөө өгөө гэхэд******* надад одоо бэлэн мөнгө байхгүй байна. Тодорхой хугацааны дараа өгнөө гэж хэлж байсан юм байна лээ. Д.Эрдэнэбаатар руу мөнгө шилжсэнийг он гарсны дараа, 2-3 сарын үед мэдсэн гэх тайлбараар тогтоогдож байх тул хариуцагч нь зээлийн төлбөрийг эгүүлэн төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй юм.

 

Түүнчлэн зохигчид 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж, дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 40 000 000 төгрөгийг хариуцагч******* 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төлж дуусгахаар талууд тохиролцож, уг актыг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд авталгүй хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн болохоо дурдан гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино гэж заасантай нийцэж байна.

 

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгчийн хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Хариуцагч дээрх зээлийн гэрээ нь Д.Эрдэнэбаатартай байгуулсан гэрээг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан

хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргасан.

 

Хариуцагч дээрх гэрээг байгуулахдаа гэрээний талуудын чөлөөт байдал зөрчигдсөн гэдгээ баримтаар нотлоогүй, нөгөөтэйгүүр хариуцагч нэхэмжлэгчээс зээл авахаар хандаж, гэрээ байгуулах үед талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурж, гэрээ байгуулснаа баталгаажуулан нотариатаар гэрчлүүлж, барьцааны гэрээг улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх аливаа нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцон алданги 12 400 000 төгрөг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн байх боловч шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээг 4 400 000 төгрөгөөр багасгаж, 8 000 000 төгрөг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд хариуцагчаас үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 4 800 000 төгрөг, алданги 8 000 000 төгрөг нийт 32 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч*******тай байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн барьцаат зээлийн гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан тул хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч*******гийн өмчлөлийн нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м2 талбайтай, Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн заримыг ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 321 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******гаас 32 800 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 400 000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Шараагийн өмчлөлийн нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м2 талбайтай, Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Шараагаас 321 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баттулгад олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ