Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2017/01079

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00700 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1189 дүгээр магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Д.Ш-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 37.200.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнөөс хангуулах тухай үндсэн,

2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагч Д.Ш-, өмгөөлөгч С.Санжаажамц, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Ш-тай 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, хэрэв гэрээний хугацаа хэтэрвэл өдрийн 0.5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцож зээлдүүлсэн ба Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м2 талбайтай Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий орон сууцыг барьцаалсан. Д.Ш- нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй. Иймд үндсэн зээл 20.000.000 төгрөг, 3 сарын хүү 4.800.000 төгрөг, алдангид 12.400.000 төгрөг нийт 37.200.000 төгрөгийг барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ш- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр харилцан тохиролцож 20.000.000 төгрөгийн барьцаат зээлийн гэрээг байгуулсан. Гэрээний заалтуудаас үзэхэд уг  гэрээ нь байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байсан. Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэрээний зорилго, гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар, бодитоор, зохих ёсоор биелүүлэхээр харилцан тохиролцсоны зэрэгцээ гагцхүү зөвхөн зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодиттойгоор гардуулан өгснөөр хүчин төгөлдөр үйлчлэхээр харилцан тохиролцсон байдаг.

Иймд зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй харин гуравдагч этгээд буюу Д.Эрдэнэбаатарт зээлдүүлсэн байдаг. Иймд энэ хэрэгт хариуцагчаар татагдах үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талууд гэрээг анх байгуулахдаа хуулийн хүрээнд шударгаар  байгуулж, гэрээний 1.1-т зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгөхөөр тохирсон. Гэтэл энэ гэрээ нь байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр биш байна. Гагцхүү зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид өгснөөр, шилжүүлснээр хүчин төгөлдөр болно.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Б.Б-а, Д.Ш- нарын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Б.Б-а, Д.Ш- нар 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан. Б.Б-а гэрээнийхээ үүргийг бодитоор биелүүлээгүй гэж үзэж байгаа бол шаардах эрх байсан ч хоёр жилийн дараа шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд зээлийг хэрхэн яаж зарцуулах талаар дурдаагүй байдаг. Зээлдэгч зээлсэн мөнгөө яаж ашиглах, юунд зарцуулах нь зээлдүүлэгчид хамаагүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00700 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ш-гаас 32.800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.400.000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Ш-гийн өмчлөлийн нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 84 дүгээр байрны 11 тоот 44 м2 талбайтай, Ү-2205059108 улсын бүртгэлийн дугаар бүхий 2 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ш-гаас 321.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-ад олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1189 дүгээр магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00700 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1189 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хуралд гэрчээр оролцсон Б.Эрдэнэбаатар нь  Б.Б-а надад өгсөн гэдгийг гэрчилсэн зүйл биш бөгөөд харин хариуцагчийн мөнгийг авсан үүнийгээ төлнө гэдгийг гэрчилсэн, мөн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан баталгаа нь хариуцагч Д.Ш-д гаргасан баталгаа бөгөөд өөрөөр хэлбэл  Д.Ш-гийн өмнө төлбөр төлөхийг мэдэгдсэн баримт. Гэтэл давж заалдах  шатны шүүх үүнийг Б.Б-ад баталгаа гарган өгсөн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагч Д.Ш- нь зээлийн гэрээг дүгнэсэн акт, мөн Б.Б-ад авсан зээлийн төлбөрөө хэрхэн яаж төлөх тухай баталгаа гаргаж барьцаа хөрөнгөө  бүртгүүлсэн байхад үүнийг нотолж чадаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэлээ гэж үзэж байна.

Иймд магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Б-а нь хариуцагч Д.Ш-гаас 37.200.000 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зээл, хүү, алданги гэж тодорхойлжээ. Хариуцагч нь мөнгийг хүлээн аваагүй гэж марган, улмаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.Ш- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, 84 дүгээр байрны 11 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалан нэхэмжлэгч Б.Б-аас 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаагаар сарын 8 хувийн хүүтэй зээлэх, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  0.5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцож 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулжээ /хэргийн 5-6 дугаар тал/.

Талууд хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн  нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 232 дугаар зүйлийн 232.3, 282 дугаар зүйлийн 282.3-т заасан шаардлагад нийцсэн тул гэрээ хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч гэрээний зүйл болох мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээнд заасан мөнгийг шилжүүлэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн “Баталгаа” болон “Тооцоо нийлсэн акт”-д хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 12 дугаар сарын 1-нд 20.000.000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч улмаар зээл, хүү, алдангийн хамт 40.000.000 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрчээ /хэргийн 7-8 дугаар тал/.

Хариуцагч уг мөнгийг Б.Эрдэнэбаатарт өгсөн байх ба тэрээр Д.Ш- болон Б.Б-а нарын хэн алинд буцааж өгөөгүй байна.  

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6.-д зааснаар үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээдэг учир хариуцагч Д.Ш- зээлийг өөр хүнд авч өгсөн байх нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь  зөв боловч сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль баримтлаагүй байна.

Харин хариуцагч өөрт учирсан хохирлоо шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ хэргийн шийдвэр саад болохгүй болно.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1189 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2017/00700 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “мөн” гэсний дараа “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан үндэслэл тогтоогдохгүй тул” гэснийг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 321.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                   

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ