Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/шш2020/01657

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/01657

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , Н.Л , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Дэлгэрмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Э.О  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 772 дугаар магадлалаар төлбөр төлөгч Э.О надаас 52.795.301 төгрөгийг гаргуулан “К    ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 000 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа. Хөрөнгийн хураан авах ажиллагаа хийгдэж, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд “Үл хөдлөх эд хөрөнгийг 248.900.000 төгрөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин тогтоосон болохыг мэдэгдье” гэж, миний хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд зэх зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох “Unegui.mn” сайтад нийтлэгдсэн мэдээллээс үзвэл 800.000.000 төгрөгөөс 1.000.000.000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй байгаа юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авах талаар 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 4/6554 дугаартай мэдэгдэл гаргасныг надад огт мэдэгдээгүй бөгөөд битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгийн талаар мэдэгдээгүй, хурааж авсны дараа үнийн санал аваагүй зэрэг хэд хэдэн ажиллагааг зөрчсөн. Мэдэгдлийг би 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан. Мөн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд “Шинжээчийн тайланг хавсарган хүргүүлэв” гэсэн атлаа тухайн шинжээчийн тайланг хавсарган ирүүлээгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч надад эд хөрөнгийг маань хураан авсан тухайгаа мэдэгдээгүйгээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхээ эдэлж чадаагүй. Иймд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 248.900.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Н  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00000 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ,0000 дугаар магадлалаар төлбөр төлөгч Э.О 53.287.427 төгрөгийг гаргуулж “Ка ХХК-нд олгохоор, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19290861/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19290861/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Э.О  үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ирүүлэхийг мэдэгдэн, шуудангаар хүргүүлсэн боловч заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр төлөгч “К ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 353 дугаар албан бичгээр шинжээч томилуулах хүсэлтээ ирүүлсэн. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний “М ХХК-ийг 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинжээчээр томилоход 248.900.000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тайланг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Э.О мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.     

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О  нь хариуцагч Н  холбогдуулан, “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Хэрэгт авагдсан төлбөр төлөгч Э.О холбогдох 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 19290861 дугаар бүхий “Ш тухай” тогтоолтой хувийн хэргээс үзэхэд тус шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00000 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 000 тоот магадлалаар хариуцагч Э.О  зээлийн гэрээний үүрэгт 52.795.301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492.126 төгрөгийг гаргуулж “К ХХК-нд олгох, мөн үүргийн гүйцэтгэлийг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 000 тоотод байрлах, 146,6 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна.  

            Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 19290861/01 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор төлбөр төлөгчийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, мөн 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 19290861/02 тоот “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хураан авч, төлбөр төлөгч Э.О  хаяглан 2020 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 4/4158 тоот албан бичгээр “Хөрөнгийн үнэлгээний санал”-аа 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр ирүүлэхийг мэдэгдсэн, мөн төлбөр авагч “Капитрон банк” ХХК нь 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 353 тоот албан бичгээр хөрөнгийн үнэлгээний талаар шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн байна.

            Хэдийгээр нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээний санал ирүүлэх тухай албан бичгийг мэдэгдээгүй гэх боловч тэрээр энэ талаарх нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Ингээд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 140 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 109 тоот тогтоолоор шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “М  ХХК-ийг томилж, тухайн өдрөө шинжээч Б.Э  холбогдох хуульд заасан эрх, үүргийг танилцуулжээ.

            Хэргийн 57-90 дүгээр хуудаст авагдсан “М  ХХК-ийн үнэлгээний тайланд “... Э.О  өмчлөлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 000 тоотод байрлах, аялал жуулчлалын зориулалттай 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө гэж улсын бүртгэлийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 000507468 тоот гэрчилгээнд тусгагдсан боловч хөрөнгийн байдалтай газар дээр нь очиж танилцахад нийт 14 айлын “Таун хаус”-ын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байсан болно. Энэ үнэлгээнд үл хөдлөх эд хөрөнгийн одоогийн байгаа зориулалт буюу “Таун хаус”-ын чиглэлээр төсөөлж үнэлгээний тооцооллыг хийсэн” гээд “248.900.000 төгрөгөөр үнэлгээг тодорхойлов” гэжээ.

            Шинжээч нь дээрх үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудтай танилцсан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу тайланг гаргасан байх тул дүгнэлтийн хувьд хууль зөрчигдөөгүй байна.

            Нэхэмжлэгчийн зүгээс “Хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур, бодит байдалд нийцээгүй гаргасан” хэмээн тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн бодит үнээс хэт доогуур үнэлэгдсэнийг нотлох, мөн харьцуулан судлах баримтыг шүүхэд ирүүлээгүй.

            Мөн “... “Unegui.mn” сайтаас авсан мэдээллээр 800.000.000-1.000.000.000 төгрөгөөр үнэлэгдэхээр байна” гэж нэхэмжлэлд дурдсан байх боловч үнэлгээний тайланд тухайн сайтаас авсан мэдээллийг харьцуулан дүгнэсэн байгаа тул нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

            Нөгөө талаар, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Үнийн санал ирүүлэх болон үнэлгээний талаар бидэнд танилцуулж, мэдэгдээгүй” гэх боловч уг нөхцөл байдлаа нотлох баримтаар нотлоогүйгээс гадна хариуцагчийн ирүүлсэн баримтыг няцаасан баримт, нотолгоог гаргаагүй.

            Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4-т зааснаар эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг хянан хэлэлцэх хүрээ тухайн гомдол гаргасан асуудлаар хязгаарлагдах тул бусад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хүлээн авах боломжгүй, мөн төлөөлөгчөөс шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан асуухад “Үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргасан” гэсэн тул бусад асуудлыг энэ шийдвэрээр шийдвэрлэх боломжгүй байна.

            Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Э.О  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б  нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаан дээр өмгөөлөгч авч оролцуулах талаар хүсэлт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгч авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй, мөн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдааны үеэр даргалагчаас “Шүүх хуралдааны ирцтэй холбоотой санал, хүсэлт байгаа эсэх”-ийг тодруулан асуухад “Санал, хүсэлт байхгүй” гэж хариулсан тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3,  116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Э.О  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.О улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА