Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 01729

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Оэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/001657 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Оэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нгазарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 772 дугаар магадлалаар Э.Оэнгээс 52 795 301 төгрөгийг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа.

Уг эд хөрөнгийг хураан авах ажиллагаа хийгдэж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд “үл хөдлөх эд хөрөнгийг 248 900 000 төгрөгөөр зах зээлийн үнийг үнэлгээчин тогтоосон болохыг мэдэгдье” гэсэн байна. Хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх эд хөрөнгө бөгөөд зэх зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайт болох “Unegui.mn” сайтад нийтлэгдсэн мэдээллээс үзвэл 800 000 000 төгрөгөөс 1 000 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна. Гэтэл хариуцагч байгууллага нь эд хөрөнгийг үнэлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлснийг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авах талаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 4/6554 дугаартай мэдэгдэл гаргасныг надад огт мэдэгдээгүй бөгөөд битүүмжилсэн болон хураасан эд хөрөнгийн талаар мэдэгдээгүй, хурааж авсны дараа үнийн санал аваагүй зэрэг хэд хэдэн ажиллагааг зөрчсөн.

Мэдэгдлийг би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсан ба 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд “Шинжээчийн тайланг хавсарган хүргүүлэв” гэсэн атлаа тухайн шинжээчийн тайланг хавсарган ирүүлээгүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасныг зөрчсөн бөгөөд шийдвэр гүйцэтгэгч надад эд хөрөнгийг маань хураан авсан тухайгаа мэдэгдээгүйгээс болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхээ эдэлж чадаагүй.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 772 дугаар магадлалаар төлбөр төлөгч Э.Оэнгээс 53 287 427 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-нд олгохоор, мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаартай, 146,6 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 19290861/01 тоот тогтоолоор битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 19290861/02 тоот тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч Э.Оэнд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналаа 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирүүлэхийг мэдэгдэн, мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн боловч заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй.

Төлбөр төлөгч “Капитрон банк” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 353 дугаар албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн. Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 109 дүгээр тогтоолоор шинжээчээр томилоход 248 900 000 төгрөгөөр үнэлсэн. Шинжээчийн тайланг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Э.Оэнд мэдэгдсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ажиллагаа хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлан хариуцагч Нгазарт холбогдох “Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэгч Э.Оэнгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Оэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01- ний одрийн 772 дугаар магадлалаар төлбөр төлөгч болох Э.Оэнгээс 52 795 301 төгрөгийг гаргуулан “Капитрон банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Уг магадлалын дагуу Хан-Уул дүүргийн, 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн У-2206021825 дугаартай, 146.6 м.кв тапбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй аялал жуучлалын зориулалттай үл хөдлөх хөрөнгөд гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа болно.

Хөрөнгийг хураан авах ажиллагаа хийгдэж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд “үл хөдлөх эд хөрөнгийг 248 900 000 төгрөгөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийи 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу зах зээлийн үнийг үнэлгээчин тогтоосон болохыг мэдэгдье” гэж миний хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг үл хөдлөх эд хөрөнгө нь хотын төвд байршилтай, ирээдүйд үнэ цэнэ нь өсөх үл хөдлөх хөрөнгө бөгөөд зах зээлийн үнэ нь Монголын худалдааны төв сайтад 800 000 000 төгрөгөөс 1 000 000 000 төгрөгийн үнэлгээтэй байна. Хөрөнгийг үнэлүүлэх талаар мэдэгдээгүй, хэт бага үнэлсэнийг зөвшөөрөхгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж, хөрөнгийг төлбөрт хураан авсан талаар 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 4/6554 дугаартай мэдэгдэл гарсан байдаг боловч шийдвэр гүйцэтгэгч нь албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгч надад нэг ч удаа мэдэгдээгүй, мэдэгдэх хуудас ирүүлээгүй, миний хөрөнгийг “битүүмжилсэн болон хурааж авч байгаа талаар мэдэгдээгүй, хурааж авсны дараа үнийн санал аваагүй" зэрэг хэд хэдэн ажиллагааг зөрчсөн байна. Мэдэгдлийг 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шуудангаар хүлээж авсан.

Мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 дугаартай мэдэгдэлд “Хувийг шинжээчийн тайланг хуулбарлан хавсаргав” гэж заасан боловч шууданд шинжээчийн дүгнэлтийг хавсаргаагүй. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч харөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш аэ/слын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж\ санач хусэлтийг авч, тэмдэглэл хотөлно." гэж заасныг зөрчиж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь миний хорөнгийг хурааж авсан талаар надад мэдэгдээгүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-т заасны дагуу 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхээ эдэлж чадаагүйд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Э.Оэн нь хариуцагч Нгазарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/00606 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 772 тоот магадлалаар Э.Оэнгээс зээлийн гэрээний үүрэгт 52 795 301 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 492 126 төгрөгийг гаргуулж “Капитрон банк” ХХК-нд олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд түүний өмчлөлийн, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрших, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаарт бүртгэлтэй, 146,6 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн хариуцагч байгууллага 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх 34-39/

Нгазар нь Э.Оэнгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2206021835 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 26/1 тоот хаягт байрших, 146,6 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр битүүмжилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. /хх45-46, 49-50/

 

Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоолын нэг хувийг сахиулд үлдээв” гэж, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийг хураасан тогтоолын нэг хувийг сахиулын эхнэрт үлдээв” гэж тус тус тэмдэглэл үйлдсэн байх ба эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаатай холбоотой гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол гаргаагүй байна. /хх48, 51/

 

Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч Э.Оэнд барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор ирүүлэхийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4/4158 тоот албан бичгээр мэдэгдэхэд, тэрээр тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч “Капитрон банк” ХХК 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 353 тоот албан бичгээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг үндэслэн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 109 тоот тогтоолоороо шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. /хх55/

 

Нгазраас томилогдсон шинжээч “Мөнх-Оргил трейд” ХХК уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 248 900 000 төгрөгөөр үнэлсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн хөрөнгийг дээрх үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор гаргах эрхтэй болохыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 4/6554 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Э.Оэнд мөн оны 03 дугаар сарын 03-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар Э.Оэн нь оршин суугаа хаяг өөрчлөгдсөн, эсхүл түр эзгүй тохиолдолд энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх үүргээ биелүүлээгүйд хариуцагч байгууллагыг буруутгах боломжгүй юм.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага ажиллагаагаа Э.Оэнд мэдэгдээгүй, тэрээр мэдэх боломжгүй байсан гэж нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд төлбөр төлөгчийн мэдэгдэлийг гардаж аваагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар 1 сарын хугацааг бие даан худалдан борлуулах санал гаргах боломжийг олгоогүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Төлбөр төлөгч Э.Оэн нь барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ нь 800 000 000-1 000 000 000 төгрөг байхад шинжээч хөрөнгийг хэт доогуур үнэлж, хотын төвд байрших, ирээдүйд үнэ цэнэ өсөх нөхцөл байдлыг тооцоолоогүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/001657 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА