Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02059

 

 

2019 оны 10 сарын 01 өдө

Дугаар 183/ШШ2019/02059

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 24б-103 тоотод оршин суух, Б овогтой М.М-Э /РД:УП00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Хансвилл их монгол улс гудамж, 000 байр, 000 тоотод оршин суух хаягтай, Сонгинохайрхан дүүрэг 29-р хороо, Москва хороолол 131/4 байрны 70 тоотод оршин суух Б овогтой О. Х /РД:УЗ00000000/-д холбогдох,

     Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.М-Э, хариуцагч О.Х, нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.М-Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Х-тай 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаанд 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүү Х.Т, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х.Т нар төрсөн. О.Х- утсаа авахгүй гэнэт оройн цагаар алга болдог байсан. Хоёрдахь хүүхдээ төрүүлээд засрах байх гэж бодож байсан боловч урьдын адил байсан. Хадам аав ээж хоёртой хамт амьдарч байх хугацаандаа удаа дараа хүүхдүүдээ аваад яв гэж байсан. 2016 онд би булчирхайн хорт хавдар гэдэг өвчтэй болсон. Эмчилгээ хийлгэхээр Бээжин, Солонгос улсруу явах хугацаанд хадам талаас ямар ч дэмжлэг үзүүлж байгаагүй. О.Х- хүүхэд харах болон хүүхдүүдээ асрах тал дээр маш сайн мөн хүүхдүүддээ сайн аав байдагт хэн ч маргахгүй. 2019 оны 6 дугаар сард болсон шүүх хуралдаан дээр бэлгийн харилцаанд ордоггүй гэж хэлсэн. Бид 2 хүүхдүүдтэйгээ хамт унтдаг байсан болохоор ямар ч боломж байдаггүй байсан. О.Х- надтай огт ярилцалгүй нэг өдөр эрэгтэйчүүдийн хагалгаанд орсноос болж бэлгийн харилцаанд ороход өвдөөд байна гэдэг байсан. 2016 оноос 2017 оны хооронд ажлын хамт олонтойгоо яваад ирэхэд утсанд нь хайраа москва орж хоноё гэсэн мессеж ирэхэд ажлын газрын хүмүүс тоглосон байна гэж хэлсэн. Нэг удаа машинаас нь хэрэглэсэн бэлгэвч олж байсан. Ажлын газрынхаа н.Э гэх хүүхэнтэй уулздаг байсныг мэдсэн. 2018 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч эхлэхэд О.Х- надаас нэг ч удаа уучлалт гуйж байгаагүй. О.Х- надад биш миний хувийн эмнэлэгт болж хамт амьдарч байгааг мэдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Х- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оноос хойш өөр хүнтэй болсон гэдэг нь худлаа. Би М.М-Эд худлаа хэлж байгаагүй. Бид нар 21 настайдаа аав ээж болж байсан. Тухайн үед би ямар ч мөнгөгүй байсан гэхдээ М.М-Э эд хөрөнгөнд нэг ч удаа шунаж байгаагүй. Мөн хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна гэжээ.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.М-Э нь хариуцагч О.Х-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар С.Марал-Эрдэнэ, О.Х- нар нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсон бөгөөд тэдний дундаас 2012 оны 5 сарын 9-ний өдөр хүү Х.Т, 2015 оны 2 сарын 07-нд хүү Х.Т нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, 0000000 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар нотлогдож байна.

Зохигчийг эвлэрүүлэх арга хэмжээ авч, 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хэргийг түдгэлзүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх бөгөөд нэхэмжлэгч М.М-Э хариуцагч О.Х-гаас тусдаа амьдраад жил гаран болж байгаа, энэ хугацаанд түүнийг гэр бүлээс гадуур харилцаатай болсныг мэдсэн, мөн үргэлж хэрүүл гарч байдаг тул үр хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлнө, цаашид тайван амьдрах хүсэлтэй байх тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэснийг хариуцагч О.Х- хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.М-Э, О.Х- нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Тэдний дундаас төрсөн 7 настай Х.Т, 4 настай Х.Т нарын асрамжийн тухайд хариуцагч би өөр дээрээ хүүхдүүдээ авна гэж тайлбараар татгалзлаа илэрхийлж байгаа ч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, мөн бага насны хүүхдүүдийг эхээс нь салгах ноцтой үндэслэлийг хариуцагч шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагын дагуу Х.Т, Х.Т нарыг эх М.М-Э-ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

Мөн Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Т, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Х-гаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч О.Х- нь эцэг хүний хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, эх М.М-Э нь үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахгүй байхыг анхааруулбал зохино.

Зохигчийн хооронд хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаан байхгүй дурдав.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс төлсөн хураамжийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогтой М. М-Э, Б овогтой О. Х нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б овогтой Х.Т, Б овогтой Х.Т нарыг эх М.М-Э-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Х.Т, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Х.Т нарыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Х-гаас тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч О.Х- нь зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй бол гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

  5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар охин Б.Болорсувдыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг О.Х-, эх М.М-Э нарын үүрэг хэвээр үлдэх болохыг анхааруулсугай.

6. Зохигч хамтран өмчлөх дундын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.М-Ээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Х-гаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.УРАНГУА