Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1763

 

МАГАДЛАЛ

2019.09.30                                            Дугаар 1763                                 Улаанбаатар хот

“Х Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/01423 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Х Т”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “МПМ групп” ХХК-д холбогдох,

Ашиглалтын гэрээний үүрэгт 5 559 563 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Базар, Б.Амгаланбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Х Т”ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Галакси тауэр 12 давхар үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2015 онд ашиглалтад оруулан, оффисын зориулалтаар бусдад түрээслэх, худалдан борлуулах зэргээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Уг объектод 24 албан байгууллага үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай байгууллагын зүгээс тухай бүрт нь ашиглалтын гэрээ байгуулан засвар үйлчилгээ, харуул хамгаалалт, лифт, цэвэрлэгээ, тог цахилгаан зэрэг 18 төрлийн зардлыг багтаасан ашиглалтын төлбөрийг гэрээт иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас авч, холбогдох төлбөрийг цааш нь төлж барагдуулан үл хөдлөх хөрөнгийг хэвийн ашиглахад шаардлагатай нөхцлөөр хангадаг. “МПМ групп”ХХК нь тус объектын 5 давхарт 56 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авч өмчлөгч болсон атлаа өнөөдрийг хүртэл ашиглалтын гэрээнд заасан нэр төрлийн үйлчилгээ, ашиглалтын төлбөр, цахилгааны төлбөр, дулааны төлбөр зэргийг төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй явсаар байна. Бидний зүгээс 2017 оны 7 дугаар сараас эхлэн энэ талаар мэдэгдэж, ашиглалтын гэрээ байгуулан төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж ирсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. “МПМ групп”ХХК нь манайхаас хүргүүлсэн мэдэгдэл, нэхэмжлэх зэрэгтэй танилцсан хирнээ төлбөрөө төлөхгүй гээд буцаадаг. Дээрх байдал үргэлжилсээр Галакси тауэр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ, түүнд үйл ажиллагаа явуулж буй бусад харилцагч, бусад гэрээт байгууллагын эрх, ашиг сонирхлыг хөндөж, төлөөгүйн улмаас төлбөр төлж байгаа бусад байгууллагууд хохирох зэрэг зөрчил удаа дараа гарч байна. Иймд хариуцагчаас 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын төлбөрт 5 559 563 төгрөг нэхэмжилсэн боловч         1 519 973 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 4 039 590 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч “Х Т”ХХК нь талуудын хооронд байгуулсан ашиглалтын гэрээний дагуу нэхэмжилж байна гэж дурдах боловч ашиглалтын гэрээний зорилгыг авч үзвэл ашиглалтын албаны хариуцаж байгаа 56 м.кв талбайг ашиглах, бусад нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын харилцааг зохицуулахад энэ гэрээний зорилго оршино гэсэн байдаг. Манай компани 5 давхарын 56 м.кв талбайн өмчлөгч. Үүнийг “Х Т”ХХК хариуцдаггүй, 56 м.кв талбайтай холбогдуулан нэхэмжилж байгаа мөнгө нь цахилгаан болон дулааны мөнгө гэж ойлгож байна. Цахилгаан дулааны хувьд бид өмчлөгч болохын хувьд УБЦТС-тай өөрсдөө гэрээ байгуулж, хэрэглэгчийн хувьд цахилгаан, дулаанаа шууд тэдгээр байгууллагуудтай гэрээ байгуулах замаар авах боломжтой гэж үзэж байгаа. Гэтэл “Х Т”ХХК нь бид нараар дамжуулж төлөх ёстой гэдэг маягаар ашиглалтын гэрээ байгуулж, төлбөрийг төлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбоотой “Х Т”ХХК нь дураараа авирлах байдлаар хариуцагчийн цахилгааныг 4 удаа хязгаарлаж тог тасалсан тохиолдол гарсан. Энэ үйлдэлтэй холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид хандаж, улсын байцаагч энэ талаар зөрчлийн тэмдэглэл үйлдээд явсаныг хэрэгт хавсаргасан. Хэдийгээр оффисын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга боловч хариуцагч компанийн захирал Г.Ариунжаргалын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байдаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар энэ нөхцөлд 56 м.кв талбайн өмчлөгч нь Г.Ариунжаргал учраас халаалт, цахилгааны төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх хуулийн заалттай. Гэрээний зорилгод нийтийн эзэмшлийн талбайн ашиглалтын харилцааг зохицуулна гэсэн. “Х Т”ХХК нь бидний эзэмшиж буй м.кв тутмыг 5 000 төгрөгөөр тооцож, сар бүр 280 000 төгрөгийг нэхэмжилдэг. Төлбөрийн санд гэрээнд зааснаар тус барилгын харуул хамгаалалт, цэвэрлэгээ, шуурхай дуудлагын үйлчилгээ, хоол хүргүүлэх үйлчилгээ, нийтийн эзэмшлийн талбайн засварын хөлс, цахилгаан шат, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, барилгын дотор инженерийн шугам сүлжээний халуун, цэвэр бохир усны засвар, хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийн урсгал зардлыг санхүүжүүлэхэд зарцуулагдана гэж гэрээ байгуулагдсан. Гэвч бодит байдалд хариуцагч компанийн зүгээс хураан авч буй 5000 төгрөг эдгээр зүйлд зарцуулагдаж байгаа эсэх мэдээлэл байхгүй, тайлантай танилцаж чаддаггүй. Нэхэмжлэгчийн зүгээс танилцах боломжийг хангаж өгдөггүй учраас талуудын хооронд маргаан үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс 2017, 2018 оны задаргаа гэсэн баримт гаргаж хавтаст хэрэгт өгсөн байсан. 2017 оны баримтын задаргааг харахад гэрээнд тусгагдаагүй зүйлс багтсан байдаг. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлдээ бид оффисын барилгыг ашиглалтад оруулсан, ашиглалтын үйл ажиллагааг хариуцах бүрэн эрхтэй гэсэн учраас нэхэмжлэл гаргах эрхтэй гэж тайлбарладаг. Гэвч “Х Т”ХХК нь бидний нэгэн адил талбайн өмчлөгч, биднээс ялгаатай зүйл нь арай илүү том талбай эзэмшдэг. Нэг өмчлөгч нөгөө өмчлөгчтэй гэрээ байгуулж ашиглалтын үйлчилгээ нэрийн дор нийтийн эзэмшлийн ашиглалттай холбоотой цахилгааны, дулааны мөнгийг шаардаж байгаатай санал нийлэхгүй байгаа. Бид нийтийн эзэмшлийн талбайн ашиглалттай холбоотой асуудлаар СӨХ буюу сууц өмчлөгчдийн холбоо дундаасаа байгуулж энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэд хэдэн компани уулзаж санал бодлоо илэрхийлсэн, энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Бид ч гэсэн зарим зардлуудыг төлөхгүй гэж маргаагүй, гол нь тодорхой байлгахыг хүсч байгаа. Нэхэмжлэгч компани нэхэмжлэлдээ 2017 оны 7 дугаар сараас 2018 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны ашиглалтын төлбөрийг нэхэмжилсэн. Зохигчид ашиглалтын гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ба гэрээний 8.1 дэх заалтыг харвал энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарснаар гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан. Хэрэв энэ гэрээг байгуулагдсан гэж үзвэл 2017 оны 7, 8 дугаар сарын төлбөрийг нэхэмжлэх эрхгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “МПМ групп”ХХК нь Халиун төгөл ХХК-д холбогдуулан талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан ашиглалтын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дээрх гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасныг зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж байна. Тухайлбал 56.1.1-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго, талууд хоорондын харилцан тохиролцсон зүйлийн хамрах хүрээг авч үзвэл Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан шинжтэй. Энэ тохиолдолд ашиглалтын гэрээг бидний нэгэн адил өмчлөгч бидэнтэй байгуулж байгаа нь хууль зөрчиж байна. Энэ асуудлаар хариуцаж ажиллах субъект нь өмчлөгч нарын дундаас хурлаар байгуулагдсан СӨХ байх ёстой. Гэтэл “Х Т”ХХК хариуцагч компанитай гэрээ байгуулж, гэрээний дагуу шаардах эрхийг хэрэгжүүлж байгаа нь хууль зөрчиж байна. Сөрөг нэхэмжлэлийн хувьд хариуцагч тал уг барилга орон сууцны зориулалттай биш оффисын зориулалттай барилга гэж тайлбарладаг. Орон сууц эсхүл оффисын зориулалтаас үл хамааран энэ талбайг дангаараа өмчилж бусдад түрээслүүлж байгаа хэрэг биш. “Х Т”ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн лавлагаа, дүрмээс авч үзвэл тус компани нь үл хөдлөх худалдаа, цайны газар, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн. Гэтэл ийм компани бидэнтэй орон сууц ашиглахтай холбоотой гэрээ байгуулсан нь хууль зөрчин өөрсдийн үйл ажиллагааны зорилго, чиглэлд нийцээгүй гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д хамаарах тул талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Барилгын тухай хууль 16 дугаар, 46 дугаар зүйлийг үндэслэж тухайн байрыг ашиглалтад оруулсан компани ашиглалтыг хариуцах зохицуулалт бий. Эндээс үзвэл “Х Т”ХХК нь тухайн барилгын ашиглалтад оруулсан, байрны ашиглалтыг хариуцаж байгаа нь хууль зөрчсөн зүйл биш юм. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 болон СӨХ-ийн тухай хууль нь нийтийн зориулалттай орон сууцны байранд зориулсан заалт бөгөөд Нийтийн зориулалттай орон сууц, байр гэдэг нь гэр бүлийн амьжиргаанд зориулж, хэд хэдэн өрөө, цогцолборыг хэлнэ гэсэн хуулийн заалт байдаг. Энэ заалтаас үзвэл гэр бүлийн амьжиргаанд зориулсан байрыг зохицуулсан хуулийг үндэслэж, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна гэдэг нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасны дагуу хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл байхгүй, уг хуулийн тайлбарт тухайн компани нь өрсөлдөхүйц чөлөөт зах зээлд эдийн засгаа өргөжүүлэхэд нь хаалт хийж болохгүй гэж тайлбарласан. Барилгын тухай хуульд заасан зөвшөөрсөн зохицуулалт байдаг. Халиун төгөл ХХК нь ашиглалтыг хариуцахад Улсын бүртгэлд тусгайлан бүртгүүлж, үйл ажиллагааны чиглэл авах шаардлагагүй, ашиглалтыг хариуцахад тусгайлан авдаг чиглэл байхгүй учраас хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 488 дугаар зүйлийн 488.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч “МПМ групп”ХХК-иас 3 261 658 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х Т”ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 777 932 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-т зааснаар “Х Т”ХХК-д холбогдох гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай “МПМ групп”ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдгийн хураамжид төлсөн 103 910 төгрөг, сөрөг нэхэмжлэлээр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 67 136 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хуулийн 487 дүгээр зүйлийн 487.1, 488 дугаар зүйлийн 488.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, уг иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож байгаа “МПМ групп”ХХК нь Галакси тауэр барилгын 5003 тоот барилгын “өмчлөгч” биш, “Х Т”ХХК-тай ямар нэгэн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчилдөггүй. Гэтэл шүүх хариуцагч хуулийн этгээдийг өмчлөгч мэтээр тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Иргэний хуулийн дундын өмчөөс үүсэх үүргийн зохицуулалтыг буруу хэрэглэж шийдвэрээ гаргасан. “МПМ групп”ХХК нь “Х Т”ХХК-тай байгуулсан Ашиглалтын гэрээ гэх хэлцлийн улмаас энэхүү хэрэгт хариуцагчаар татагдан оролцсон гэж ойлгож байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс энэхүү хэлцлийг Иргэний хуулийн 143 дугаар зүйл болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуульд нийцээгүй гэж үзэн маргаж байгаа.

Нийтийн эзэмшлийн талбайн ашиглалт, түүний хэвийн байдлыг хангах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үүргийг сууц өмчлөгчид дундаасаа хурлаар хэлэлцэн байгуулах, улмаар хурлын үндсэн дээр байгуулагдсан байгууллага нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн “шуурхай дуудлагын үйлчилгээ, хог тээвэр, нийтийн эзэмшлийн талбайн засварын хөлс, цахилгаан шат, гэрэлтүүлгийн засвар, барилгын дотор инженерийн шугам сүлжээний халуун, цэвэр, бохир усны засвар, хөргөлт ба агааржуулалтын тоног төхөөрөмжийн урсгал зардал”-ыг хариуцан ажиллах ёстой. Гэтэл Галакси тауэр барилгын өмчлөгчид дундаасаа ийнхүү сууц өмчлөгчдийг төлөөлөн ажиллах байгууллага болох сууц өмчлөгчдийн холбоог байгуулаагүйн улмаас “Х Т”ХХК нь дураар үнэ тогтоон бусад эзэмшигч, өмчлөгч нартай Ашиглалтын гэрээ гэх хэлцлийг байгуулж зардлын зарцуулалт нь тодорхойгүй, ил тод бус төлбөрийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “Х Т”   ХХК-ийн энэхүү хууль бус үйл ажиллагааг Галакси тауэр барилгад үйл ажиллагаа явуулдаг “Датаком” ХХК, “Монголиан стар дистрибюшн” ХХК, “Алтан засал инженеринг” ХХК, “Тэмүүлэн гэсэр” ХХК гэх мэт аж ахуйн нэгжүүд бүгд хүлээн зөвшөөрдөггүй, энэ талаарх баримтыг хариуцагчийн зүгээс хэрэгт гаргаж өгсөн. Мөн “Х Т”ХХК нь хариуцагч компанийн тог цахилгааныг дураар хязгаарлан тасалж, компанийн хэвийн үйл ажиллагаа явуулхад саад, өмч хөрөнгөд хохирол учруулдаг. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд Ашиглалтын гэрээ хуулийн хүрээнд байгуулагдаагүй, “Х Т”ХХК нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчин энэхүү хэлцлийг байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг    бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “Х Т”ХХК нь хариуцагч “МПМ групп”ХХК-д холбогдуулан “Ашиглалтын гэрээ”-ний үүрэгт 4 039 590 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тус гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчтай байгуулсан ашиглалтын гэрээний үүрэгт 4 039 590 төгрөг гаргуулах гэж тайлбарласан боловч хариуцагч нь уг гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Ашиглалтын гэрээ” байгуулагдаж, уг гэрээ нь хариуцагчийн байгаа 56 м.кв талбайг ашиглах, ашиглалт, үйлчилгээтэй холбоотой гарах зардал болох нэг м.кв тутамд 5 000 төгрөгийг сар бүр ашиглалтын албанд төлж байхаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

Гэрээнд талууд харилцан хүлээх эрх, үүргийн талаар зааж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгджээ.

Нэгэнт хүчин төгөлдөр, хуулийн шаардлага хангасан гэрээ байх тул хариуцагч гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1, 2.2, Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1 дэх хэсэг, 488 дугаар зүйлийн 488.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу ашиглалтын зардлыг гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Давж заалдах гомдолд дурдсанаар ““Ашиглалтын гэрээ” хуулийн хүрээнд байгуулагдаагүй, “Х Т”ХХК нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчин энэхүү хэлцлийг байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл” гэж тайлбарладаг боловч Галакси тауэрын өмчлөгч, эзэмшигч нарын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар ороцогчдын 75 хувийн саналаар “Х Т”ХХК-д ашиглалтыг хэрэгжүүлэх эрхийг олгосон нөхцөл байдал тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн, хариуцагч байгууллага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэгт авагдсан баримтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2019/09/01423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 340 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

                ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

                                                               М.НАРАНЦЭЦЭГ