Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/01662

 

 

 

 

 

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 183/ШШ2020/01662

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК-нд холбогдох,

2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 55.692.000 төгрөг, алданги 25.908.196 төгрөг, нийт 80.858.196 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Дэлгэрмаа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Б ХХК нь “Ш  ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ” байгуулан бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу “Б  ХХК нь бетон зуурмаг нийлүүлснээс “Ш  ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөр 55.692.000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний төлбөр 55.692.000 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл алданги 20.216.196 төгрөг болсноос хариуцагч нь тус өдөр 5.692.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөгөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өдрийн алданги 4.950.000 төгрөг болсон. Иймд хариуцагч “Ш ХХК-иас 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 55.692.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны алданги 20.216.196 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацааны үндсэн төлбөр 50.000.000 төгрөгт ногдох алданги 5.692.000 төгрөг, нийт 80.858.196 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: “Хариуцагч “Ш ХХК хугацаандаа бетон зуурмагны төлбөр төлөөгүйгээс болж манай харилцагч нараас шүүхэд нэхэмжлэл гаргаж, бид алданги нэмж төлөхөөр шийдвэрүүд гарч байгаа. Би тус компани дээр өдөр бүр очиж уулзаж байж 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5.692.000 төгрөгийг бэлнээр авсан. Одоо тус компаниас үндсэн төлбөр 50.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 55.692.000 төгрөгт ногдох нэг хоногийн 0,3 хувиар тооцож, нийт 121 хоногийн алданги 20.216.196 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн төлбөр 50.000.000 төгрөгт ногдох хоног тутам 0,3 хувийн, нийт 33 хоногийн алданги 4.950.000 төгрөг, нийт 75.166.196 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Эдний компани хугацаандаа төлбөрөө төлсөн бол алданги төлөхгүй, бид ч гэсэн бусад байгууллагад алданги төлөхгүй байх байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бетон зуурмагны чанар муу байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, учир нь зуурмаг авах үедээ энэ асуудлыг огт яриагүй. Бид чанаргүй материал нийлүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Хариуцагч “Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “Б  ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ” байгуулан бетон зуурмаг худалдан авсан боловч тухай зуурмагны чанар муу байсан. Гэхдээ бид нэхэмжлэлийн үндсэн төлбөр 50.000.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги төлөх үндэслэлгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б  ХХК нь хариуцагч “Ш  ХХК-нд холбогдуулан “2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 55.692.000 төгрөг, алданги 25.908.196 төгрөг, нийт 80.858.196 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан “Үлдэгдэл төлбөр 50.000.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 55.692.000 төгрөгт ногдох нэг хоногийн 0,3 хувиар тооцож, нийт 121 хоногийн алданги 20.216.196 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн төлбөр 50.000.000 төгрөгт ногдох хоног тутам 0,3 хувийн, нийт 33 хоногийн алданги 4.950.000 төгрөг, нийт 75.166.196 төгрөгийг гаргуулах тухай” шаардлага гаргасан ба шүүх нэхэмжлэлийн энэхүү шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “Б ХХК болон хариуцагч “ш  ХХК-ийн хооронд 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ” байгуулагдсан байх ба хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд нийт 51 удаагийн хүлээн авсан бетон зуурмагны төлбөр 55.692.000 төгрөгийг төлөөгүй болох нь хэргийн 6-7 дугаар хуудаст авагдсан гэрээ, хэргийн 11-61 дүгээр хуудаст авагдсан “Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт”-ууд, хэргийн 8-9 дүгээр хуудаст авагдсан хоёр байгууллагын нягтлан бодогч нарын хийсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, ““Б  ХХК-иас 2019 онд “Ш  ХХК-нд нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоо” гэх баримтуудаар тогтоогдож байна.

 Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, хууль болон гэрээний дагуу “Б ХХК нь төлбөрийн үлдэгдэл болон алдангийг хариуцагч байгууллагаас шаардах эрхтэй байна.

Харин хариуцагч “Ш ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ”Бетон зуурмагны чанар муу байсан” хэмээн маргасан.  

Гэвч талууд тооцоо нийлэх үедээ худалдан авсан барааны чанар, доголдлын талаар ярилцах боломжтой байсан, нөгөө талаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т зааснаар тухайн бетон зуурмагийг хүлээн авах үедээ доголдлын талаар мэдэх боломжтой байхад хүлээн авсан, шалган авах үүргээ хариуцагч “Шинэ өнгө төрх” ХХК биелүүлээгүй, мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.  

Талуудын хооронд байгуудагдсан гэрээний 2.1-т “Захиалагч тал үйлдвэрлэсэн бетон зуурмагийн үнэ, тээврийн зардлыг хугацаандаа төлж чадаагүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0,3 хувийн алданги тооцож нийлүүлэгчид төлнө” гэж заасан байх ба хэргийн хэргийн 10 дугаар хуудаст авагдсан алдангийн тооцоо нь дээрх гэрээний заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч “Ш ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 50.000.000 төгрөг, гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн төлбөр 55.692.000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 121 хоногийн алданги 20.216.196 төгрөг, үндсэн төлбөр 50.000.00 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 33 хоногийн алданги 4.950.000 төгрөг, нийт 75.166.196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б    ХХК-нд олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562.241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш  ХХК-иас 75.166.196 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 533.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-нд олгох нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д зааснаар хариуцагч “Ш  ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 50.000.000 төгрөг, гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн төлбөр 55.692.000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 121 хоногийн алданги 20.216.196 төгрөг, үндсэн төлбөр 50.000.00 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 33 хоногийн алданги 4.950.000 төгрөг, нийт 75.166.196 /далан таван сая нэг зуун жаран зургаан мянга нэг зуун ерэн зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б  ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562.241 /таван зуун жаран хоёр мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 533.780 /таван зуун гучин гурван мянга долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА