Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1673

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 55 692 000 төгрөг, алданги 25 908 196 төгрөг, нийт 80 858 196 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Б” ХХК нь “Ш” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ” байгуулан бетон зуурмаг нийлүүлэхээр тохиролцсон. Уг гэрээний дагуу “Б” ХХК нь бетон зуурмаг нийлүүлснээс “Ш” ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн үлдэгдэл төлбөр 55 692 000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний төлбөр 55 692 000 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл алданги 20 216 196 төгрөг болсноос хариуцагч нь тус өдөр 5 692 000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөгөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл өдрийн алданги 4 950 000 төгрөг болсон. Иймд тус компаниас үндсэн төлбөр 50 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 55 692 000 төгрөгт ногдох нэг хоногийн 0.3 хувиар тооцож, нийт 121 хоногийн алданги 20 216 196 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн төлбөр 50 000 000 төгрөгт ногдох хоног тутам 0.3 хувийн, нийт 33 хоногийн алданги 4 950 000 төгрөг, нийт 75 166 196 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Хариуцагч компани хугацаандаа төлбөрөө төлсөн бол алданги төлөхгүй, бид ч гэсэн бусад байгууллагад алданги төлөхгүй байх байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бетон зуурмагны чанар муу байсан гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй, учир нь зуурмаг авах үедээ энэ асуудлыг огт яриагүй. Бид чанаргүй материал нийлүүлээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч “Б” ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ” байгуулан бетон зуурмаг худалдан авсан боловч тухай зуурмагны чанар муу байсан. Гэхдээ бид нэхэмжлэлийн үндсэн төлбөр 50 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги төлөх үндэслэлгүй байх тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Ш” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 50 000 000 төгрөг, гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн төлбөр 55 692 000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 121 хоногийн алданги 20 216 196 төгрөг, үндсэн төлбөр 50 000 000 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 33 хоногийн алданги 4 950 000 төгрөг, нийт 75 166 196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 562 241 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 533 780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. 2020 оны 6 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 тоот шийдвэрийн тухайд нэхэмжлэгч талд хариуцагч талаас 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 5 692 000 төгрөг төлсөн. Тухайн төлбөрийг төлснөөр талууд үлдэгдэл 50 000 000 төгрөгийн үндсэн үнийн дээр алданги тооцохгүй байхаар тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20 өдөр хүртэл 33 хоногийн алданги болох 4 950 000 төгрөгийг нэмж шаардсан ба үүнийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан тохиролцооны дараа дахин 33 хоногийн алданги тооцсон хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт гүйцэтгэлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 55 692 000 төгрөг, алданги 25 908 196 төгрөг, нийт 80 858 196 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад багасган, үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл үндсэн төлбөр 55 692 000 төгрөгт ногдох нэг хоногийн 0.3 хувиар тооцож, нийт 121 хоногийн алданги 20 216 196 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үндсэн төлбөр 50 000 000 төгрөгт ногдох хоног тутам 0.3 хувийн, нийт 33 хоногийн алданги 4 950 000 төгрөг, нийт 75 166 196 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “...50 000 000 төгрөгт алданги тооцохооргүй тохиролцсон тул 50 000 000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ”-ний дагуу хариуцагч нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд нийт 51 удаагийн буулгалтаар хүлээн авсан бетон зуурмагны төлбөр 55 692 000 төгрөгийг төлөөгүй болох нь “Бетон зуурмаг хүлээлгэн өгсөн баримт”-ууд, хоёр байгууллагын нягтлан бодогч нарын баталгаажуулсан “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, “Б” ХХК-аас 2019 онд “Ш” ХХК-д нийлүүлсэн бетон зуурмагийн тооцоо гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

Зохигчид Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан худалдах, худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй, гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн хэмжээний талаар маргажээ.

 

Хариуцагч “Ш” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлбөрийг төлөөгүй шалтгаанаа ”Бетон зуурмагны чанар муу байсан”-аас гэж тайлбарласан боловч доголдлын талаар нийлүүлэгчид мэдэгдэж байсан, доголдолтой болохыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

            “Бетон зуурмаг худалдах, худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ”-ний 2.1-т “Захиалагч тал үйлдвэрлэсэн бетон зуурмагийн үнэ, тээврийн зардлыг хугацаандаа төлж чадаагүй бол төлөгдөөгүй мөнгөний дүнгээс хоног тутам 0.3 хувийн алданги тооцож нийлүүлэгчид төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн анзын тохиролцоо байх тул нэхэмжлэгч төлбөрийн үлдэгдэлд алданги тооцож шаардах эрхтэй. Иймд хариуцагчийн алданги төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч “Ш” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 50 000 000 төгрөг, гэрээний 2.1-т заасны дагуу үндсэн төлбөр 55 692 000 төгрөгийн 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 121 хоногийн алданги 20 216 196 төгрөг, үндсэн төлбөр 50 000 000 төгрөгийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд ногдох 33 хоногийн алданги 4 950 000 төгрөг, нийт 75 166 196 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь зөв.

           

            Хариуцагч үндсэн төлбөрийн үлдэгдлийг 50 000 000 төгрөгөөр тэгшлэн тооцоо нийлэхдээ алданги төлөхгүй талаар талууд тохиролцсон гэх үндэслэлээр алдангийг зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдолдоо заасан ч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, мөн анхан шатны шүүхэд уг асуудлаар мэтгэлцээгүй байна.

 

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/01662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                                    Б.НАРМАНДАХ

 

А.ОТГОНЦЭЦЭГ