Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2019/02030

 

 

2019 оны 09 сарын 27 өдөр Дугаар 183/ШШ2019/02030 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 20 хороо, Толгойт Найрамдлын зам, 00 тоот хаягт байрлах, О ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 хороо, Дэнжийн 00-00а тоот хаягт байрлах, С ХХК /РД:0000000/-д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 29 004 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани тодорхой байгууллагуудтай бизнесийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн. Хариуцагч байгууллагатай 2016 оноос хойш Монгол Улсын стандартад нийцсэн барилгын материалыг нийлүүлж хамтран ажиллах болсон бөгөөд тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухай бүр асуудлыг тохиролцсон шаардлагатай бараа, бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. 2016 оны 07 дугаар сарын 07-ний өдөр Бикрост Экп хуйлмал хар цаасыг ширхэг нь 38000 төгрөгийн өртөгтэйгөөр 350 боодлыг 13.300.000 төгрөгөөр, 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдөр Бикрост ЭКП хуйлмал хар цаасыг ширхэг нь 45000 төгрөгийн өртөгтэйгөөр 225 боодлыг 10.125.000 төгрөгөөр праймер 21,5 л хувин нэг бүрийн 49450 төгрөгийн өртөгтэйгөөр 63 тоо ширхэгийг 3.115.350 төгрөгөөр, 2016 оны 07 дугаар сарын 16-ний өдөр Мастика 21.5л хувин нэг бүрийн 51600 төгрөгийн өртөгтэйгөөр 20 тоо ширхэгийг 1.032.000 төгрөгөөр, 2016 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр Мастика 21.5 л хувин нэг бүрийн 51600 төгрөгийн өртөгтэйгөөр 1 тоо ширхэгийг 51.600 төгрөгөөр, Бикрост ЭКП хуйлмал нэг бүрийн 38000 төгрөгийн өртөгтэйгөөр 1 тоо ширхэгийг 38.000 төгрөгөөр нийт 27.661.950 төгрөгийн бараа материал худалдан борлуулснаас хариуцагч байгууллага 1.137.350 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 26.524.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож тооцоо нийлэх актад гарын үсэг зурсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ний өдрийн 184/Ш3000000000 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2019 оны 05 сарын 14-ны өдрийн 30ш-5/0000тоот албан бичгээр хаягийг тодруулсан. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 26 524 000 төгрөг хамтран ажиллах, бараа материал нийлүүлэх тухай гэрээний 5.1-т заасны дагуу 935 хоног хэтэрсэн гэрээний үнийн дүнгийн 0.01%-ийн алданги 2 480 050 төгрөг нийт 29 004 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ө шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал нэхэмжлэгчээс гэрээний үндсэн дээр нэхэмжлэлд дурдсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. 2018 оны 6 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл манай үйлдвэрийн урд талын яармагийн шинэ гүүрийг хаасантай холбоотойгоор бусад газруудтай байгуулсан зарим гэрээ цуцлагдаж алдагдал үүссэний улмаас дээрх төлбөрийг барагдуулж чадахгүй өнөөдрийг хүрсэн нь үнэн болно. Хариуцагч тал нэхэмжлэгч байгууллагыг хохиролгүй болгож өгөх үүргээ бүрэн ухамсарлаж байгаа хэдий ч эдийн засаг санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бэлэн мөнгөөр төлөх боломжгүй байна. Иймд бетон зуурмаг оролцуулан бараа бүтээгдэхүүнээр төлбөрийг барагдуулах хүсэлт гаргаж байна гэжээ.

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 29 004 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч талаас гэрээ байгуулагдсан буюу гэрээнд дурдсан барааг хүлээн авсан гэж хүлээн зөвшөөрч, мөн үнийн дүнгийн хувьд ч маргаагүй болно. Харин төлбөрийг төлөхөд санхүүгийн хүндрэлтэй байгаагаас бараа бүтээгдэхүүнээр төлөх хүсэлтэй байна гэжээ.

Шүүхэд нэхэмжлэгч талаас эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигч талуудаас гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтган үзэж хэргийг хянан шийдвэрлэв.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

Нэхэмжлэгч О ХХК нь нийт 26 540 350 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хариуцагч С ХХК-д 2016 оны 7 сарын 5-ны өдөр гэрээгээр худалдаж, худалдан авагч тал болох С ХХК нь 2016 оны 11 сарын 2-ны дотор барааны үнийг худалдагчид төлөх үүргийг хүлээн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байна. /хх6-р хуудас/

Энэхүү гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу талууд тооцоо нийлж, С ХХК иас барааны үнэ 26 524 600 төгрөгийг 2018 оны 12 сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохирсон ч хариуцагч үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зарлагын падаан талуудын тооцоо нийлсэн баримт, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагч хэдийгээр санхүүгийн хүндрэлтэй байгаагаас барааны үнийн оронд өөр бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байна гэх хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тохиролцоогүй байх тул шүүхээс гэрээ болон хуулиар хүлээсэн үүргийг өөрчлөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч тал худалдах худалдан авах гэрээний 5.1-т зааснаар гэрээний үнийн дүнгийн 0,01 хувийн алданги болох 2 480 050 төгрөгийг гаргуулахыг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 232.6 ...гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай нийцэж байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд зааснаар худалдсан барааны үнэ 26 524 600 төгрөг, алданги 2 480 050 төгрөг, нийт 29 004 650 төгрөгийг хариуцагч С ХХК-иас гаргуулан, нэхэмжлэгч О ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, төлсөн тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-иас бараа бүтээгдэхүүний үнэ, алдангийн хамт нийт 29 004 650 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 302 974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 302 974 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ц.УРАНГУА